Categories
мэдээ цаг-үе

Их сургуулийн цахилгааны инженерийн хагас зуун жилийн өмнөх анхны сурагчид

Монгол Улсын их сургуулийн Политехникийн дээд сургуулийн цахилгааны инженерийн ангийн анхны төгсөгчдийг “Нэг ангийнхан” буландаа урилаа. Нэгэн мянга есөн зуун жаран таван оны намар Монгол орны дөрвөн зүг, найман зовхисоос чуулалдан ирсэн охид, хөвгүүд далан онд сургуулиа төгсчээ. Их сургуулиа дүүргэснээс хойш өдгөө 45 жил болсон байна. Дөчин таван жилийнхээ ойг тэд саяхан тэмдэглэж, их хотынхоо төв талбайд хөөр баяртай уулзах цаг мөчид манай сурвалжлах багийнхан таарсан юм. Цахилгааны инженерийн анхны ангийнхан хэмээн Их сургуулийн үе үеийн төгсөгчдийн түүчээ болсон тэд хорин зургуулаа цуглаж байсан гэнэ. Хорин зургаан анхдагчдаас 23 нь хөвгүүн, гурав нь охид байжээ. Цахилгааны инженерийн анхдагчдаас бүр тодруулбал, нэг тасгийн нөхдөөс эрчим хүчний сургуулийн гурван захирал төрсөн нь энэ ангийнхны бас нэгэн бахархал ажээ.

Тодруулбал, тус ангийн 23 хөвгүүний нэгэн болох техникийн шинжлэх ухааны доктор Загирын Цэрэндорж, Ринченгийн Лхагвасүрэн, Монгол Улсын зөвлөх инженер Алтангэрэлийн Нацагдорж нар мэргэжлийнхээ буюу Монгол Улсын эрчим хүчний гурван суурь, том сургуулийг удирдаж, мянга мянган шавь нар төрүүлэн, ангийнхныхаа нэр хүндийг өндөрт өргөсөн гавьяатай. З.Цэрэндорж доктор бас бөхөд сонирхолтой, барилдана. Түүнд нөхөд нь “хэвтэж цохидог” гэдэг хоч өгсөн байгаа юм. Тэрээр сургуулиа дүүргээд багш болж өнөөг хүртэл Шинжлэх ухаан техникийн их сургуулийн Эрчим хүчний сургуульд багшилж байна. Эрчим хүчний сургуулийн захирлаар ажиллаж байсан нэртэй профессоруудын нэгэн. Гурван захирлын нөгөөх нь Ринченгийн Лхагвасүрэн доктор. Дарханы Политехникийн их сургуулийн захирлаар олон жил үр бүтээлтэй ажилласан нэгэн. Арын хангай нутгийн оюунлиг сайхан нөхрөө ангийн нөхөд нь хайрлан дурссаар байна. “Ид хийж бүтээх, эрдмийн оргил руу тэмүүлэх насандаа хорвоог орхисон доо” гэж харамсангуй өгүүлнэ.

Энэ ангиас тодорсон дараагийн захирал нь Төв аймгийн Баянцагаан сумын уугуул А.Нацагдорж инженер. Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат Түлш эрчим хүчний сайд байх буюу 1984 онд Налайхын эрчим хүч, геологийн дунд сургуулийн захирлаар томилогдож байсан нэгэн. Монгол Улсын зөвлөх инженер А.Нацагдорж өгүүлэхдээ “Нэг ангиас улсын гурван том сургуулийн захирал төрнө гэдэг бас л бахархал юм даа. Бид гурав яг нэг үед буюу 1984-1991 онуудад захирлын албыг хашиж байлаа” гэв. Тэрээр гурван захирал төрөхөөс гадна ангийнхныхаа нэг том бахархлыг хэлсэн. “Манай ангид эрх чөлөөгөө хасуулж шоронд орсон хүн байхгүй. Тушаал хэргэм ахиж төрийн сайд болсон хүн байхгүй. Бүгд л хувь хувийн ажлыг хөөж, өөрт оногдсон тавилан заяагаараа дутах зүйлгүй, мөрөөрөө жаргалтай сайхан амьдарч явцгаана. Нэг нэгнээ дурсаж, уулзаж учирч, ярьж хөөрч явна гэдэг хүний амьдралын үнэт чанар юм даа” хэмээн амьдрал таньсан хүний ухаалаг хариултыг өгсөн юм.

“Гурван гал” компанийн захирал Ц.Ганхуяг мөн энэ ангийнх. Тэрээр цахилгааны инженерийн ангийн хуваарь авчихаад анх уйлах дээрээ тулж байснаа дурссан юм. Малчны хотонд өссөн хүүхэд учир хөдөө аж ахуйн чиглэлээр суралцаж, малын зоотехникч болох хүсэлтэй байж л дээ. Гэтэл юун зоотехникч, цахилгааны инженерийн хуваарь ирчихсэн байна. Түүнийгээ солиулах санаатай үзээд бараагүй гэсэн. “Энэ сайхан хамт олонтой нэгэн ангид суралцаж, энэ он жилүүдэд хамдаа явах хувь тавилан, заяа төөрөг байсан юм байлгүй дээ. Бид Монголын айл өрх бүрийн галыг нь асаадаг, илч гэгээ гэрэл нэмдэг сайхан мэргэжил эзэмшсэн хүмүүс. Эрдэм номтой олон багш нарын хүчинд өдий зэрэгтэй яваа байх” гэж өгүүлсэн юм. Ганхуяг захирал ангийнхнаасаа бараг л ганцаараа бизнес эрхэлдэг нэгэн гэсэн.

Тус ангийн дарга байсан Ц.Ганболд сургуулиа төгссөн ч даргын зангаргаа алдаагүй байна. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Стандарт хэмжил зүйн газраас тэтгэвэртээ гарчээ. Ганболдын хувьд Улсын цаг давтамжийн албыг бий болгоход гар бие, оюун ухаан оролцсон хүндтэй хүмүүсийн нэгэн юм.

Улс орныхоо илч гэрлийг түгээгч түүчээ болсон ангийнхнаас Д.Нохойжав, Б.Чулуунбат гээд халуун залуу наснаасаа эрчим хүчний салбарын төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэсэн “нэргүй баатар”-ууд олон. “Миний гар бие, хүчин зүтгэл оролцоогүй барилга байгууламж ховор доо” гэж Нохойжав гуай ам бардам хэлээд авсан. Нийтдээ 1200 гаруй барилгын цахилгаан, эрчим хүчийг хариуцсан байна гэж тоо баримттай нь хэлж байна. Чулуунбат гуай гэхэд мэргэжлийнхээ салбарт 40 жил ажиллаж байна. Улаанбаатар хотод болоод Дархан, Эрдэнэтийн цахилгаан шугам сүлжээний салбарт бүхий л насаараа ажиллахдаа энгийн нэг диспетчерээс тэргүүн дэд захирал хүртэлх он жилүүдийг туулсан нэгэн. “Энэ хамт олны дундаас ажил амьдралын гараагаа эхэлж 45 жилийн дараа эргээд уулзахад ярих юмтай, туулсан замналтай байгаадаа баяртай байна” гэж даруухан өгүүлнэ билээ.

Улаанбаатар хотноо хагас зуун жилийн нүүрийг үзсэн ч тэгтлээ их хотжоогүй юм гэж ангийнхандаа егөөдүүлэх Л.Рагчаадорж хуучнаар Эрчим хүчний яаманд ажиллаж байгаад дараа нь нэгдүгээр цахилгаан станцад мөн л хариуцлагатай алба хашиж байсан аж. Одоо мөн мэргэжлийнхээ салбарт захирлын алба хашиж буй нэгэн юм. 23 бандийн хамгийн ахмад нь Н.Цэвээн байжээ. Өнөө хэдээсээ арван насаар ах байсан гэнэ. Ангийн ахмад сурагч тэрээр Нефть баазыг тохижуулахад хувь нэмрээ оруулсан гавьяатан.

Ангийн үзэсгэлэнт гурван охины нэг болох Цэдэндамба “Ердөө гурван охинтой учир манай хөвгүүд их тусална. Цаг үргэлж анхаарал халамж тавина шүү дээ” гэж он жилүүдийн хойно ч сэтгэл ихэд таатай байдгаа нүүрэндээ инээмсэглэл тодруулаад илэрхийлсэн юм. Мөн тэрээр “Дандаа эрчүүдтэй найзлаж хамт байсаар бүр дасчихдаг юм билээ. Ийш тийшээ ганцаар явахдаа тооно гэж байхгүй.Баахан банди нартай дунд нь ороод л алга болоод өгнө. Банди нарынхаа хэнтэй нь ч ажил хөдөлмөрт хамт зүтгэсэн тэд тухтай. Архи дарс ууна гэсэн ойлголт байхгүй, журамтай байжээ” гэж хөвгүүдээрээ бахархаж явдгаа хэлээд авсан.

Тэд бусдын жишгээр намрын ногоо, тариа хураалт, сангийн аж ахуй явах, худаг ус гаргах гээд оюутан ахуй цагаасаа улс эх орныхоо төлөө зүтгэцгээсэн байна.

“Их сургуулийн үүднээс 30 машины чиргүүл дээр суугаад л замдаа гардаг байлаа” хэмээн дурсамж дурдатгалаа дэлгэж байлаа. Жаргалантын сангийн аж ахуйд ажиллаж байсан оюутан цагийнхаа хөгтэй хөөртэй дурсамжаас Чулуунбат гуай хуваалцсан. “Дашдаваа, Нямсүрэн, Жадамбаа бид нийлж зоорь ухдаг ажилд үргэлж түрүүлдэг байв. Тэгсэн хажуугийн зоорь түрүүлээд эхлэхгүй юу. Энэ юу болов гэсэн чинь Нямсүрэн өнөөдөр орой лаа дуусна гэж тэдний ярьж байхыг нь сонссон байна. Эд нар шөнө ирж ухаж байгаа юм байна гэж мэдээд бид ч бас лаа авч шөнө ухдаг болсон. Тэгээд ахиад түрүүлээд эхэлсэн” гэж дурслаа. “Юундаа тэгж их түрүүлэхийн төлөө хичээдэг байна. Шагнал урамшуулал байдаг байсан юм уу” гэж үгийн далимд асуухад “Өглөөний хүүхдийн нэвтрүүлгээр бид дөрөв яригдсан, манай зоорины үүдэн дээр түрүүлсэн гээд туг хатгадаг. Самбар дээр зураг гаргадаг байсан, тэр нь л шагнал байлаа” гэв.“Оюутны намрын ажил нэг нэгнийхээ сайхан чанарыг олж харж, нөхөрлөх боломжийг олгодог” гэж Л.Мөнхболд ярьсан. Мань хүн Борнуурын сангийн аж ахуйд хөдөө орон нутгийг цахилгаанжуулна гэж байх үед очиж ажиллаад тэндээсээ тэтгэвэртээ гарсан байна. Эрчим хүчний салбарт суралцахаасаа өмнө буюу 1964 онд спортын мастер болсон Э.Гантөмөр төгсөөд МҮОНР-д ажилд орсон гэнэ. Тэрээр ангийнхаа даргыг егөөдөж дөрвөн мөрт зохиосноо уншиж сонирхуулаад бөөн инээдэм болсон.

Эрх танхи охидын нэг Г.Цэдэндамба гуай Улсын хэвлэлийн үйлдвэрт 30 жил тасралтгүй ажилласан байна. “Бид хичээлээ нийлээд давтана. Нийлээд хичээл давтсан байхад амжилттай дүн авах нь мэдээж. Ганцаараа давтвал жаахан тааруухан байна. Хөдөөний сурлага сайтай хүүхдүүд их байсан. Жишээ нь, Цэрэндорж, Ганхуяг, Нохойжав, Гантөмөр, Мягмар, Лхамсүрэн гээд олон хүнийг нэрлэж болох юм. Төгсөх болоход нэг нэгнийхээрээ зочлоод л, хөдөө явах хүүхдээ үдэж өгдөг байлаа. Эд нарынхаа буянд насаараа инженер гэж дуудуулж явна” хэмээсэн юм. Ангийн бас нэг гишүүн Г.Борхүү нь төгсөөд анх Шугам сүлжээний ашиглалтын албанд ажиллаж байсан ба дараа нь Биокомбинатад мэргэжлийнхээ ажлуудыг хийж байгаад тэтгэвэртээ гарчээ. Тэрээр “Манай ангийнхан нэг тогооноос таван жил хоол идсэн хамт олон. Нэгнийхээ жаргал зовлонг байнга хуваалцдаг. Уг нь бид 26-лаа төгссөн,гэвч одоо 10-ааднь бурхан болсон. Тэд маань таван жил мөн ч сайхан явсан нөхөд байгаа юм” гэж уяралтайхнаар хэлсэн болУлаанбаатар хотын цахилгаан шугам сүлжээний газарт 30 жил ажилласан О.Бямбадорж “Элсэлтийн шалгалтан дээр би Черчиллийн зургийг их олон хүүхдэд зурж өгч байсан нь санаанаас гардаггүй. Цэрэндоржийн тоог би бодож өгч байсан гэсэн. Ийм мундаг хүний элсэлтийн шалгалтын тоог бодож өгч байсан гэхээр сайхан байгаа биз дээ” гэж дурсамжааа хуваалцсан юм. Их сургуулийн цахилгааны инженерийн ангийнхны хагас зуун жилийн нүүр үзсэн бахархалт он жилүүд, хүүхэд бүрийнх нь алдар замналын тухай товчхон өгүүлэхэд ийм байна.

Ө.МАНЛАЙ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *