Categories
мэдээ нийгэм

Морь уралдах газрын зай өөрчлөгдөөгүй

Хурдан морины салбар хорооны Нарийн бичгийн дарга Ц.Галбадрахтай ярилцлаа.

-Өнөө жил газрын өнгө гандуу байна. Хол газраас морь тавихад туурай нь гэмтэх аюултай гэж уяачид яриад байгаа. Мөн хоёр км-ийн наанаас уралдуулах болов уу гэсэн яриа гарсан. Энэ хэр бодитой вэ?

-Уяачид хоорондоо л яриад байгаа байх. Түүнээс одоогоор уралдааны замыг богиносгох шийдэл гараагүй байна. Баяр наадам болох цаг хугацаа ч дөхчихлөө. Хурдан морины уралдах газрыг багасгах, сунгах асуудлыг уралдаан болохоос 20 хоногийн өмнө зарлах тухай дүрэмд заасан эрхзүйн баримт бичиг бий. Тиймээс зайг богиносгох нь Хурдан морины салбар хороо дангаараа шийддэг асуудал ч биш юм. Тухайн морин уралдаан болох цаг үеийг харгалзаж, мэргэжлийн байгууллагын саналыг үндэс­лэн Хурдан морины салбар хороо эсвэл тухайн наадмыг зохион байгуулж байгаа комисс газрыг наашлуулах эсэхийг шийдэж болно гэсэн заалт бий. Өнөөдөр Хурдан морины салбар хороонд газрыг нь наашлуулж, багасгаж өгөөч гэж Монголын морин спорт уяачдын холбоо, Мал зүйч, үржүүлэгчдийн холбоо, Малын удмын сангийн үндэсний төв гэх зэрэг олон газраас алинаас нь ч хандсан зүйл байхгүй. Уяачид хоорондоо багасгах байх гэж ярьж байгаа талаар сонссон. Хэрвээ уралдааны зайг багасгах хүсэлтэй бол түүнийгээ Монголын морин спорт уяачдын холбоогоороо дамжуулаад явбал өөр асуудал. Түүнээс бид хууль эрхзүйн хүрээнд зааснаас нааш 25-28 км уралдах байхад 22 км болгоё гээд татах эрх байхгүй шүү дээ.

-Хурдан морь уралдуулах газраа ус цацах зэргээр бэлдэх үү. Энэ жил гантай байна. Сая дунд сунгаанд уяачид мөнгө нийлүүлж уралдуулах газраа усалж байна билээ?

-Морь уралдах газрын гараан дээр усалгаа хийнэ. Түүнээс 25 км газрыг усална гэдэг бидний хувьд хүндрэлтэй асуудал. Төрийн байгууллага учраас юун түрүүнд төсөв хөрөнгийн асуудал гарна. Хавар төсөв батлахад тэр талаар яригдаагүй. Харин гарааны зурхайн дээр нь хүүхдийг гарахад тоосгүй байлгаж аюулгүй байдал хангах талаар хийх юм бий.

-Дагаж давхих машинуу­дыг жилийн жилд шүүмжилдэг. Энэ талаар?

-Үүнийг ярихаар л би өөрийгөө хамгаалсан болчих гээд байгаа юм. Олон түмэн харахдаа машины уралдаан болж байна гэж их шүүмжилдэг. Гэтэл аль наадамд машинууд морьтойгоо хамт уралдаад байна гэдгийг ялгаж салгаж ярихгүй байгаа шүү дээ. Дүнжингаравын наадам, бүсийн наадмууд дээр өчнөөн машин явж байдаг. Харин Үндэсний баяр наадам дээр Цагаан хөтөлөөс нааш дээд тал нь найман машин л явдаг. Хамгийн түрүүнд даамал, араас нь морь тайлбарлагчийн машин явна. Мөн телевизийн дөрвөн машин явдаг. Хэрвээ ажигласан бол улсын наадмаар хүн эмнэлэг, мал эмнэлгийн машин уралдаан дагахгүйгээр өртөөлөөд зогсчихсон байгаа. Энэ жил бороо ороогүй хуурайшилт ихтэй, өвс ногооны гарц муу байгааг бид ойлгож байгаа. Үүнийг харгалзаад нас насан дээр нь явах машиныг цөөлөөд явуулах бодол бий. Харин гараа руу явахад бид машин явуулахаас аргагүй. Хөөрсөн морьд замаас гарвал оруулах хэрэгтэй. Хүүхдүүд ч бушуухан гараандаа очихын тулд морио хайрлахгүй хоёр талд уралдчих гээд байдаг тал бий. Тэгэхээр урд нь хашиж явах шаардлагатай. Түүнийг олон машин гэж хэлж байж магадгүй юм.

-Эрлийз морьдыг оруулахгүйн тулд өндрийг нь багасгая гэсэн яриа гардаг. Энэ талаар журам гарсан гэсэн?

-Сэрвээний өндрийг хэмжих тухай асуудал яригд­сан. Хүнс, хөдөө аж ахуйн яам харьяа байгууллагынхаа эрдэмтдийн санал хүсэлтийг аваад Монголын морин спорт уяачдын холбоотой зөвшилцөн Хурдан морины сал­бар хороонд санал ирүүл­сэн. Уг саналыг манай салбар хороо авч хэлэлцээд Үндэсний баяр наадмыг зохион байгуулах хороонд хүргүүлсэн. Үүгээр сэрвээний өндрийг тогтоож байгаа юм. Үндэсний баяр наадмыг зохион байгуулах хорооны энэ сарын 1-ний өдрийн 05 тоот тогтоолоор журмыг нь баталсан. Уг жу­р­амд баталснаар ХХААЯ, Мон­голын морин спорт уяачдын холбооноос ирүүлсэн санал хүсэлтийг үндсэн үзүүлэлт болгож аваад хоёр зүйлээр ялгахаар болж байгаа.

-Тодруулбал?

-Эхнийх нь сэрвээний өндөр. Сэрвээний өндөр гэдэг маань мундаанаас туурайны амсар хүртэлх зай шүү дээ. Сэрвээний өндрийн азарга, соёолонгийнх 140 см, их нас 141 см, хязаалан 137 см, шүдлэн 132 см, даага 127 см байхаар баталгаажууллаа. Энэ хэмжээнээс сэрвээний өндөр давсан тохиолдолд тухайн морийг эрлийз гэж үзнэ. Мөн дээр дурдсан хэмжээнд сэрвээний өндөр нь хүрээгүй атлаа биеийн ерөнхий галбир, цогцсын хувьд эрлийз нь тодорхой адууг монгол морьтой хамт уралдуулахгүй.

-Намхан атлаа эрлийз гэдгийг нь хэн шинжих юм?

-Журамд нь бий. Хурдан морины салбар хороо Үүлдэрлэг байдлыг шинжих ажлын хэсэг томил­но гэж байгаа. Бид томилчих­сон. Үүнийг Малын удмын сангийн үндэсний төвийн захирал ахална. Тэгээд улсын мал эмнэлгийн үрж­лийн газар, Малын удмын сангийн үндэсний төвийн мэргэжилтнүүд, ХХААЯ-ны Мал аж ахуйн бодлогын хэргийг зохицуулах хэлтсийн ахлах мэргэжилтэн малын эмч, зоотехникч нарын мэргэжлийн хүмүүс ажлын хэсэгт орсон. Энэ улсууд шинжээд “Эрлийз адууны хүзүүний суулт, дэл сүүл, биеийн ерөнхий харьцаа нь ийм байдаг” гээд аваад үлдэнэ гэсэн үг.

-Хүүхдийн аюулгүй байд­лыг яаж хангаж байна?

-Манай уяачид, наадамчид эрлийз, монгол хоёрын талаар л сонирхоод байгаа болохоос хүүхдийн аюулгүй байдлын талаар хэдэн сурвалжлагчаас өөр хүн огт асуудаггүй. Хүүх­дийн аюулгүй байдлыг хангах нь Хурдан морины салбар хорооны анхаарлын нэг номерт байгаа зүйл. Уг асуудлыг олон жилийн турш хөндсөн. Хүүхдийг гэнэ­тийн ослын даатгалд даат­гуулдаг болсон. Мөн хүүх­дийн хамгаалах хувцас гэж байгаа. Стандартаар хүү­хэд заа­вал хамгаалалтын малгай, цээживч, тохойвч, өвдгөвчтэй байна. Тэр нь ийм жинтэй байна гэдгийг бүгдийг тодорхой заасан бай­даг. Зарим уяач алга болго­чихдог юм уу өвдөг, тохойвч мартчихсан ирэх нь бий. Түүнийг манай салбар хороо, Хүүхдийн төлөө үндэсний газартай хамтран шалгана. Хамгаалах хэрэг­сэлгүй хүүхдийг уралдаанд оролцуулахгүй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *