Categories
мэдээ цаг-үе

Мөнх цаст Отгонтэнгэр хайрхан

Монгол орны тусгай хамгаалалттай газар нутгийг цувралаар танилцуулж байна.

Оройд нь дүнхийх мөнх цасаа жилийн дөрвөн улиралд гялалзуулж, огторгуйн чимэг мэт дүнхийх гоёмсог, эрхэмсэг уулыг Отгонтэнгэр гэдэг. Тэнгэрийн нэг хэсэг газарт буусан мэт сүрлэг учраас Отгонтэнгэр хэмээн нэрлэсэн болов уу гэмээр. Энэ цаст уулын түүх домгийг хүүрнэвэл нэлээд эртний улбаа хөөх бөгөөд галав юүлж, дэлхий усан далайгаар бүрхэгдсэн гурван тэрбум жилийн өмнө усан доороос Отгонтэнгэр хайрханы орой цухуйжээ. Ингэж Монголд анх эх газар үүссэн гэдэг домогтой.

Энэ тухай “Хаадын сан” цувралын Чингис хааны ботид түүхч, академич Н.Ишжамц, Х.Намсрай нар дурдаж баталгаажуулсан байна. Өнө эртнээс цаст цагаан Очирваань хайрханыг монголчууд шүтэж мөргөж, хувь заяагаа даатгаж ирсэн түүхтэй. Хүн, байгалийн харилцан шүтэлцээний хамгийн утга учиртай холбоог цаст уулаа тахиж тайж ирсэн уламжлалт ёсноос мөн харж болно. Монголын түүхэн сурвалжуудад тэмдэглэснээр одоогоос 230 гаруй жилийн тэртээ буюу 1779 онд Богд Очирваань хайрханыг тахиж эхэлжээ.

Эртний Хятадын Тан улсын бичиг сударт манай эриний VII зуунд Орхон мөрний хөвөөнөө мандаж асан Түрэгийн хаад Очирваань хайрханыг тахиж, рашаан усыг нь эм эмнэлэгт ашиглаж байсан тухай дурдсан байдаг аж. Отгонтэнгэрийг 1818 оноос дархан цаазат уул болгож байжээ. 1911 оноос Богд хааны зарлигаар жил бүр шашны ёсоор тахиж, мөн “Халхын бишрэлт түшээ гүн” цол өргөмжилсөн түүхтэй. 1992 онд дархан цаазат уул болгон улсын тусгай хамгаалалтад авч, 1995 онд төрийн тахилгатай болгох зарлиг гарч, түүнээс хойш дөрвөн жилд нэг удаа тахиж ирэв. 2015 онд Юнеско-гийн дэлхийн өвийн урьдчилсан жагсаалтад бүртгэсэн байна.

Завхан аймгийн төв Улиастай хотоос зүүн тийш 45 км-т, Улсын нийслэл Улаанбаатар хотоос 1000 км алслагдмал байх Отгонтэнгэр хайрхан үнэхээр байгалийн үзэсгэлэн төгс бүрдсэн газар бөгөөд хамгийн халуун улиралд ч мөнх цастай орой нь дүнхийн цайвалзаж байх авай.

Монгол Улсын улаан номд орсон олон зүйлийн болон дэлхий дахинд устах аюулд ороод байгаа амьтан ургамлаар элбэг. Энэ бүс нутагт 30 гаруй зүйл хөхтөн, 50 гаруй зүйл шувуу, зургаан зүйл нэн ховор ургамал ургана. Мөн вансэмбэрүү, ванжингарав, юмдүүжин, чихэр өвс, цэнхэр, шар дэгд, согоон сүмэн, алтан гагнуур зэрэг 70 төрлийн эмийн ургамал ургадгийг судлаачид судлан тогтоожээ. Бор гөрөөс, буга согоо, аргаль, янгир гэхчилэн хангайн сүрлэг амьтад уулын асга хаданд сүрэглэн оршдог. Уул орчимд ан ав хийхийг цээрлэдэг учир амьтдын тоо толгой жилээс жилд үржин олширсоор байгаа ажээ. Завхан аймгийн Отгон сумын нутагт далайн түвшнээс дээш 4031 метр өндөрт орших Отгонтэнгэр хайрханыг 108 төрлийн халуун, хүйтэн рашаан, 108 булаг шанд, нуур, цөөрөм тойрон мэлтийж байдаг.

Мөн 108 гол горхи эх авч, эргэн тойрондоо Их, Бага Богд Мандалт Даян, Их мянган, Хатан бэйл, Дуут нуур, өвөр Бадархундага, Мөнгөт цохио, Гэрэлт ам зэрэг байгалийн үзэмжит сайхан тогтоц цогцлон байдаг билээ. Уулын ам жалга бүрээс олон зуун гол ундран урсах бөгөөд уулын хархираа хүрхрээ ихтэй, түргэн урсгалт голуудын хамгийн том нь ар суганаас эх авч урсах Идэрийн гол.

Идэрийн гол хойд мөсөн далайн ай савд цутгах бол өвөр талаас Завхан, Буянт голууд эх авч, Их нууруудын хотгорын ай савыг сэлбэдэг юм. Уулын урд өврийн алдарт Бадархундага нуур 1000 орчим метрийн өндөрт байрлана. Хөлгүй их усан мандал Бадархундага нууранд монголчууд эртнээс хамгийн үнэтэй цайтай мөнгөн ембүү, мөнгөн аяга гэх мэт зүйлсийг өргөж иржээ. Отгонтэнгэр уулын орчим бүхэлдээ эртний сөнөсөн галт уулын үлдэгдэл, асар өндөр, эгц, цавчим хад байц бүхий гүдгэр, хотгор, хавцал, мөсөн голын ул мөр элбэг бөгөөд байгалийн өвөрмөц нэн сонин тогтоцтой.

Уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалан оройн мөнх цас доороосоо шуугдсаар байгаа гэх ч зуны цагт 2000 метрээс доош бороо, 2000 метрээс дээш цас ялгаран буудаг хэвээрээ. Отгонтэнгэр уулын эргэн тойронд 13-55 хэмийн халуунтай 50 орчим рашаан байх бөгөөд эмчилгээний чанартайг нь аль XIII зууны үеэс олж мэджээ. Халуун рашаан бүхий Отгоны амралтанд Завхан аймгийн төдийгүй бусад аймаг, ОХУ, Тувагаас хүртэл хүмүүс ирж амарч сувилуулдаг.

Мөн Бага Отгонтэнгэр, Даянхайрхан, Хөх нуур, Бадархундага нуур, Ногоон нуур, Алтан элс зэрэг байгалийн нэн үзэсгэлэнтэй өвөрмөц тогтоц бүхий газар нутгаар баян. Даян хайрханыг мөргөлчдийн газар гэх бөгөөд жилд дунджаар 2000 орчим хүн очиж, Эндээс Отгонтэнгэр уул болон өндөр уулын бүсийн байгалийн сайхныг, холбоо нууруудыг харж болно.

Эдүгээ Отгонтэнгэрийн дархан цаазат газрыг Отгонтэнгэрийн Улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаа хариуцан хамгаалж байна. Уг хамгаалалтын захиргаа нь Отгонтэнгэр уулын хамгаалалтын менежментийг хариуцахаас гадна Тарвагатайн нурууны байгалийн цогцолборт газрын Идэр, Алдархаан сумдын хэсгийн 200.000 га талбайг, Улаагчины хар нуурын байгалийн цогцолборт газрын 253.300 га талбайг тус тус хариуцан хамгаалдаг.

Байгаль орчны сайдын 1994 оны гуравдугаар сарын 22-ны өдрийн 40 дүгээр тушаалаар анх байгуулагдсан уг хамгаалалтын захиргаа өнөөдөр дарга, дөрвөн мэргэжилтэн, есөн байгаль хамгаалагч, нягтлан бодогч, нярав-бичиг хэрэг, жолооч, үйлчлэгч гэсэн 18 хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна. Уг хамгаалалтын захиргааны даргаар 11 жил ажиллаж байгаа Д.Батдэлгэр сүүлийн үед эко системийн өөрчлөлттэй холбоотойгоор байгаль хамгаалалд шинэ бэрхшээл тулгарч байгааг хэлсэн юм.

Том газар нутгийг цөөн хүн хамгаалдаг учраас байгаль хамгаалагчийн орон тоог нэмэх зайлшгүй шаардлагатай ажээ. Мөн тахилга тайлга болдог, уулчид ирдэг, сүүлийн үед аялагчдын тоо нэмэгдэж байгаа тул Отгонтэнгэр уулын дархан цаазат газрын хилийн цэс, аяллын маршрут дагуу тэмдэг тэмдэглэгээ хийх, тохижуулах хэрэгцээ байгаа юм.

БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол үзэсгэлэнт байгаль, анагаах ариун ид шидтэй бүхнийг олон хүнд хүртээх, их уулаа түшин байгаль дэлхийгээ хамгаалж байгаа нутгийн ард иргэдийн амьжиргааг тэтгэх зорилгоор Отгонтэнгэр хайрханыг аялал жуулчлалын томоохон бүс нутаг болгохоор ажиллаж байна.

Цаст цагаан уулын домог өнө мөнх үргэлжлэх болтугай.

Т.Үлэмж

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *