Цагдаагийн албан хаагчийн дүрэмт хувцастай залуу 45 орчим насны эмэгтэйг зодож буй бичлэг олон нийтийн сүлжээгээр цацагдав. Энэ бичлэгийг үзсэн хүнд тэр цагдаагийн хэрцгий балмад үйлдэл жигшил төрүүлмээр. Гэгээн цагаан өдөр олон нийтийн газар авто зам дээр түгжрэл үүсгэн эмэгтэй хүнд гар хүрч буй түүнийг хараад хэлэх муу үг олдсонгүй. Эмэгтэйн толгой руу хэд хэдэн удаа цохиод авав. Тэр тоолонгоор нь эмэгтэйн толгой дальжгас гээд савагдах аж. Нөгөө эмэг тэй нь яасан их тэвчээртэй юм, цохиулаад зогсоод байх. Тэгснээ нөгөө эмэгтэйг цагдаа машиныхаа арын суу далд чихэж харагдав. Машины хаалгыг нь хаахдаа эмэгтэйн баруун хөлийг хавччих юм. “Яргачин” шиг л санагдав. Нөгөө эмэгтэй үг хэлсэн бололтой. Дургүй нь хүрсэн цагдаа эмэгтэйг дахиад цохиж буй дүр зураг харагдах аж. Эцэст нь нэг юм өнөө цагдаа машиндаа сууж, түгжирч зогссон машинууд ч хөдөлгөөнд оров. Энэ бичлэгт төрийн цагдаа биш нэгэн хүчирхийлэгчийн үйлдлийг харуулах шиг. Энэ бичлэгийг хийхээс өмнө тэр цагдаа авто замын нөгөө талаас эмэгтэйг үсдэж чирээд авчирсан гэдгийг жиргээч онцолсон байна. Бичлэгийг үзэж дуусаад цагдаа эмэгтэйг хаа нэгтээ аваачаад бараг алахаас наахнуур зүйл болсон байх даа гэж бодогдмоор. “Цагдаа болно” гэж ярьдаг жаахан хүүхдүүд энэ бичлэгийг үзсэн бол яах вэ. Цагдаа болох хүсэл мөрөөдөлдөө автаж яваа сонсогчид үүнийг хараад юу гэж бодох бол. Төрийн тусгай албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээнээс хэтийдсэн тэр цагдаа хэнийг ийн бөх зүрхтэйгээр гэгээн цагаан өдөр зодов. Арай эхнэрээ зоддог нөхөр биш биз гэсэн болгоомжлол олон нийтийн дунд түгсэн юм.
Цагдаагийн дотоод хяналтын албаныхан түүнийг хэн болохыг нь тогтоов. Эх сурвалжаас авсан мэдээллээр тэр цагдааг Нийслэлийн цагдаагийн газрын Дотоод хяналтын албаныхан хэн гэдгийг нь тогтоож шалгаж эхэлжээ. Тэрбээр Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаагч, ахмад Э.Баасандорж гэнэ. Цагдаагийн байгууллагад олон жил ажиллаж байгаа бөгөөд эхнэр хүүхэдтэй юм байна. Түүнд зодуулж байсан эмэгтэй нь түүний шалгаж буй хэргийн сэжигтэн аж. Хэдий сэжигтэн байлаа ч төрийн цагдаа хэнд ч гар хүрэх ёсгүй. Төрийн цагдаад гар хүрэх эрх байдаггүйтэй адил төрийн цагдаа бас хэн нэгэнд гар хүрэх ёсгүй юм. Таны эрх чөлөө дараагийн хүний хамрын үзүүр хүртэл үргэлжилнэ гэсэн үг байдаг шиг санагдаж байна. Энэ бол танд эрх чөлөө бий ч бусад хүнд бас эрх чөлөө байгааг сануулсан үг юм. Цагдаа гэдэг бол хэн нэгнийг зодож дээрэлхэх бус нийгмийн хэв журмыг сахин хамгаалах үүрэг хүлээсэн төрийн тусгай албан хаагч. Төрийн тусгай албан хаагчийн хувцас өмсөнө гэдэг маш өндөр хариуцлага, үлгэр дуурайлал байдаг.
Сэжигтэнд ч эдлэх ёстой эрх гэж бий
Тийм ч учраас цагдаагийн албан хаагч болж буй хүн тангараг өргөхдөө “Монгол Улсын иргэн би цагдаагийн албанд орж ажиллахдаа төрийн хуулийг дээдлэн биелүүлж, хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэж, гэмт хэрэгтэй тэмцэх, нийгмийн хэв журам хамгаалах үйл хэрэгт чин шударгаар зүтгэж, шаардлага гарвал амь насаа үл хайрлахаа батлан тангараглая. Би цагдаагийн ажлын эрдэм ухаанд цуцалтгүй суралцаж, албан хаагчийн сахилга, ёс зүйг чанд сахиж ажиллахаа тангараглая” хэмээдэг. Ингэхдээ бас “Би энэ тангаргаасаа няцваас төрийн хуулийн цээрлэл хүлээнэ” гэж давхар тангараг өргөдөг. Сэжигтэн байлаа ч хүн. Түүнд эрх чөлөө, эдлэх ёстой эрх бий. Шүүх түүний гэм буруутайг тогтоосон ч түүнд эрх чөлөө бий. Гэмт хэрэг үйлдсэн байлаа ч түүнийг хэн нэгэн яллаж зодох ёсгүй. Ардчилсан нийгэмд хүний эрх, эрх чөлөөг дээдэлдэг учраас ийм байдаг. Ийм байх ч учиртай. Учир нь гэмт хэрэг хийсэн ч байлаа тэр бол хүн. Тийм учраас дэлхий дээр НҮБ бий болж, тэнд хүний эрхийг онцгойлон авч хэлэлцэж анхаарлаа хандуулж ирсэн юм.
Тэд хүний эрхийг хангаж ажиллах ёстой
Цагдаагийн алба хаагчийн сахилгын дүрэм гэж байдаг. Тэрхүү дүрмийн зорилго нь цагдаагийн албаны хэвийн үйл ажиллагаа. Захирах захирагдах ёс, хүний эрхийг хангах, алба хаагчийн сахилга, хариуцлагыг журамлан зохицуулах замаар тэдний эрх ашиг, цагдаагийн байгууллага, алба хаагчийн нэр хүндийг хамгаалахад оршино гэсэн байдаг. Энэ дүрмийн “1.9. Алба хаагч нь ёс зүйн нийтлэг болон цагдаагийн алба хаагчийн ёс зүйн хэм хэмжээг мөрдөн бусадтай зүй бус, хүндэтгэлгүй харилцах, хүнд суртал гаргах, хууран мэхлэх, бусдыг дээрэлхэх, өөрийн байр суурийг бусдаас илүүд үзэх, аливаад анхаарал, хайхрамжгүй хариуцлагагүй хандах, хүч хэрэглэх, шунахайрах, ая тал засах танил тал харах, аминчирхах үзлээс эрс татгалзвал зохино” гэсэн байдаг. Цагдаагийн албаны тухай хуулийн 41.1-д “Цагдаагийн албаны тухай хууль тогтоомж, өргөсөн тангаргаа зөрчсөн цагдаагийн алба хаагчид ял шийтгэл хүлээлгэхээргүй бол Хууль сахиулагчийн эрх зүйн байдлын тухай хууль, энэ хууль болон цагдаагийн албаны ёс зүйн дүрмийг баримтлан сахилгын хариуцлага ногдуулна” гэж бас заасан байдаг.
Иргэний сэтгүүл зүй хөгжиж, харин цагдаа нарын сэтгэл зүй өөрчлөгдөхгүй байна
Гэвч Нийслэлийн цагдаагийн газрын Дотоод хяналтын албаныхан энэ хэргийг шалгаж байгаа. Хэрэв энэ бичлэг олон нийтийн сүлжээгээр тараагдаагүй бол “Ийм явдал болсон гэдэг нь нотлогдохгүй байна” гэж хэвлэлийнхэнд хэлэх байсан биз. Харин дүрстэй, баримттай энэ явдлыг хэрхэн шийдэх бол. УЕП-ын дэргэдэх Мөрдөн байцаах алба байхгүй болсноор хүний эрх, эрх чөлөө зөрчигдөж, сэжигтэн яллагдагч нартай хуулийнхан зүй бусаар харьцаж, эрүү шүүлт эрс өссөн гэдэг баримтыг Хүний эрхийн үндэсний комиссынхон илтгэлдээ дурдсан байдаг. Дээрх албыг татан буулгаснаас хойш цагдаа нь цагдаагаа шалгадаг болж, цагдаагийн бусдын эрх чөлөөнд халдаж, танхайрсан эрүүдэн шүүсэн явдал тогтоогдохгүй болсоор удаж байна. Харин тус албаны үүргийг багахан ч болов жиргээчид нөхөж байна. Бусдын эрх зөрчсөн үйлдэл гаргавал тэр дор нь нийгмийн сүлжээгээр тараадаг, эргээд хариуцлага тооцуулдаг жишиг тогтож эхэлж байна. Энэ бол сайшаалтай хэрэг. Иргэний сэтгүүл зүй хөгжиж байна. Харин цагдаа нарын сэтгэл зүй өөрчлөгдөх цаг болжээ.
Яагаад цагдаа нарын эргэн тойрноос хүчирхийллийн хэрэг гараад байна вэ
Хэрэв уншигч та санаж байгаа бол саяхан дөрөвхөн настай жаахан охин хүчирхийл лийн бай болж нарт хорвоог орхисон. Түүний аав бас л цагдаагийн байгууллагад ажиллаж байсан. Энэ хэргийг цагдаа бус бас л олон нийтийн сүлжээнийхэн олон нийтэд гаргаж тавьсан байдаг. Ингэснээрээ гэр бүлийн хүрээнд байгаа далд бугшсан хүчирхийлэлтэй нийгмээрээ тэмцэх хэрэгтэй гэдгийг төр засгаас ч анхаарч эхэлсэн. Гэр бүлийн хүчирхийллийн тусгай хуультай болох гэж байна. Зарим судалгаагаар гэр бүлийн хүчирхийлэл хуулийн ажилтнуудын гэр бүлд их байдаг гэдгийг гаргаж ирсэн байдаг юм билээ. Байнга гэмт хэрэгтэн, сэжигтнүүдтэй харилцаж байдаг болохоор хуулийнхны ажил хүнд стресстэй байдаг л байх. Гэхдээ ажил, гэр бүлээ ялгаж сурах сэтгэл зүйн болоод холбогдох сургалтуудыг хуульчдын дунд ч явуулж байх хэрэгтэй гэдгийг сэтгэл судлаачид хэлдэг. Цаг үе өөрчлөгдөж байна. Харин цагдаа нь өөрчлөгдөх ёстой гэдгийг дээрх хүчирхийллийн хэргүүд харуулж буй бус уу. Хүмүүсийн ухамсар, үйлдэл, хуулийн мэдлэг ч өөрчлөгдсөн. Хуулийн байгууллагуудад эрх зүйн шинэчлэл хийгдэж байна. Гэвч тэнд ажилладаг зарим хүн нь балар эртний адгуусан авираасаа салж чадахгүй байгаа нь энэ нийгэмтэй хоршиж өгөхгүй байна.
Д.Маргад