Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Гарамгайбаатар: Бүлгийн гишүүд МАН-тай байгуулсан гэрээг хэлэлцээд 100 хувь хангалтгүй гэж үзсэн

АН-ын бүлгээс өчигдөр МАН-ын бүлэгт албан мэдэгдэл хүргүүллээ. Мэдэгдэлд “АН-ын Гүйцэтгэх зөвлөл зургадугаар сарын 23-ны тогтоолоороо Засгийн газарт хамтран ажиллахаар улс төрийн намуудтай байгуулсан гэрээний хэрэгжилтийг хэлэлцээд эргэн танилцуулахыг бүлэгт даалгасан. АН-ын бүлэг зургадугаар сарын 29-ний хуралдаанаараа АН, МАНын хооронд байгуулсан Харилцан итгэлцэл, хамтын ажиллагааны гэрээний хэрэгжилтийг хэлэлцээд биелэлт хангалтгүй гэж үзлээ. Засгийн газраас өргөн барьсан эдийн засаг, нийгэм, хууль эрх зүйн чухал ач холбогдолтой хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэж шийдвэрлэхийн төлөө танай бүлэгт олон удаа санал тавьж ажилласан хэдий ч тодорхой үр дүн гарсангүй гэж АН-ын бүлгийн гишүүд үзэж байна” гэсэн. Энэ асуудлаар АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатараас өчигдөр сэтгүүлчид дараахь тодруулгыг авлаа.

-АН-ын бүлэг яг ямар шийдвэр гаргачихаад байна вэ?

-Бүлэг өчигдөр хуралдсан. Хурлаар Гүйцэтгэх зөвлөлөөс өгсөн чиглэлийг ярилцаж шийдвэрээ гаргасан. Ингээд Гүйцэтгэх зөвлөлд буцаан хариугаа өгсөн байгаа. Харин яг ямар шийдвэр гаргахыг Гүйцэтэх зөвлөл шийднэ. МАН-тай байгуулсан хамтын ажиллагааны гэрээний хэрэгжилтийг хангалтгүй гэж дүгнэсэн. Ийм мэдээлэл гарч байгаа нь үнэн.

-МАН-ын зургаан сайд солигдох нь тодорхой боллоо гэсэн үг үү?

-МАН-ынхан мэдээлэл хийж гүйгээд байна гэнэ.

Гэхдээ МАН-ын гишүүдийг солино, хална гэсэн яриа байхгүй. Одоохондоо хамтарч ажиллаж байгаа намууд ажлаа сайжруулах, богино хугацаанд хэлэлцэх хууль, тогтоолын шийдвэрүүдийг яаралтай гаргах, ямар нэгэн саад учруулахгүй байх асуудлыг л ярьж байгаа. Гэтэл МАН-ын гишүүд яагаад сандралдаад байгааг мэдэхгүй байна.

-Тэгэхээр МАН-ыг Засгаас хөөнө гэсэн яриа АН-ын бүлэг дээр огт яригдаагүй гэсэн үг үү?

-Огт тийм зүйл яриагүй. Ажлаа сайжруулах тухай л асуудлыг хөндөж байгаа гэсэн үг.

-МАН-аас яг юу хүсээд байгаа юм бэ. МАН-ыг өөрсдийг нь Засгаас гарахыг хүлээгээд байгаа юм биш үү?

-Мэдээж хаврын чуулган завсарлах хугацаа долдугаар сарын 10-н гэж байгаа. Үүнээс наана зайлшгүй гарах ёстой буюу эдийн засагтай холбоотой, улс орны чухал асуудлуудаар гарах шийдвэрүүд хүлээгдэж л байна шүү дээ.

-Тэгвэл ямар тохиолдолд гэрээ биелж байна гэж үзэх юм?

-Намуудтай хамтран ажиллах гэрээнд туссан зүйл гэвэл бидний ярьж заншсанаар Эдийн засгийн өршөөлийн хууль буюу Ил тодын хууль гэх мэтээр байна. Төрийн өмчийн хувьчлал, бусад Эрүүгийн хууль ч байгаа. Саяын ярианаас харахад хэн нь ямар

ажил хийж байгаа вэ гэдэг нь тодорхой харагдаж л байгаа байх. Сангийн сайд бүхий л ажлыг явуулахын төлөө хичээн зүтгэж байгаагаа хэлж байна. Харамсалтай нь намынхаа бүлгийн хатуу эсэргүүцэлтэй тулгарч байгаа нь ил харагдаж байгаа биз дээ.

-Засагт орж магадгүй байгаа хөдөлгөөнийг АН-ын дотоод асуудлаас болсон гэх яриа сүүлийн үед гарч байна?

-Асуудлыг намууд өөр өөрсдийнхөө өнцгөөс л тайлбарлаж байгаа. Түүнээс биш гэрээ гэдэг хууль биш. Өөр хоорондоо ажлаа уялдуулах, урт хугацаанд хамтран ажиллах боломж юу байна гэдэг санамж бичиг л бидэнд байгаа.

-Танай бүлгийн хэдэн гишүүн МАН-ынхныг Засгаас гаргая гэж байгаа юм?

-Манай бүлгийн 35 гишүүний 25 нь бүлгийнхээ хуралд оролцсон. Ирсэн гишүүд бараг бүгдээрээ гэрээний хэрэгжилт хангалтгүй гэж үзсэн. Энэ тухайгаа албан ёсоор Гүйцэтгэх зөвлөлдөө танилцуулсан. Гүйцэтгэх зөвлөл бүлгийн дүгнэлтийг хэлэлцээд ямар шийдвэр гаргахыг мэдэхгүй. Бүлэг дүгнэлтээ Гүйцэтгэх зөвлөлдөө танилцуулахаас гадна МАН-д албан бичгээр өгсөн.

-МАН-д ямар хугацаа өгч байгаа хэрэг вэ?

-Ажил сайжруулахаар бүлэгт хандсаныг мэдэж байгаа байх. Асуудлыг МАН-ын бүлэг авч үзэх байх. Бидэнд чуулган завсарлатал хугацаа байна.

– Засгийн газрын дараагийн бүрэлдэхүүн тодорхой болсон гэх юм?

-Та бүхний дунд гарч байгаа л яриа. Засгийн газарт тэр орно гэх мэтээр хэн ч, хаана ч яриагүй байна.

Л.МӨНХӨӨ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *