Нийгмийн
эрүүл мэндийн хүрээлэнгээс цуврал лекц зохион байгуулж буй. Өнгөрсөн долоо
хоногийн онцолсон сэдэв нь цус ойртолт байлаа. Цус ойртолтын хамгийн сүүлийн
үеийн мэдээллийг анагаах ухааны доктор, хүний их эмч Ц.Энхмаа өгсөн юм.
Монголчууд өмнө нь ургийн бичиг хөтөлж цус ойртолтоос сэргийлж байж. Малаа
дагаж нүүдэллэж, оторлож явдаг ахуй нь ч цус ойртолтын аюулаас холдуулж байсан
гэж Ц.Энхмаа доктор ярилаа. Урьд цагт отор нүүдэл хийж явдаг залуус өөр аймгийн
бүсгүйчүүдтэй танилцаж гэр бүл болох явдал их байсан аж. Засаг захиргааны
нэгжийн хувьд өнөөдрийнх шиг хэтэрхий жижиг олон аймаг биш дөрвөн аймгийн
тогтолцоотой байсан нь эерэг нөлөө үзүүлж байж. Гэвч 1925 онд Засгийн газрын
нууц тогтоол гарч, монгол хүн угийн бичгээ хөтөлж овгоо хэрэглэхийг хаажээ. Энэ
талаар Ц.Энхмаа “Ямар учиртайгаар тийм шийд гарсныг мэдэхгүй. Эрдэмтэн
судлаачийн хувьд ухаад бодохоор эртэй, бяртай хэдэн монголыг цус ойртуулах,
хүчийг нь сулруулах харь гүрний бодлогын нэг илрэл юм болов уу гэж хардаг”
хэмээн ярьсан юм. Ингээд монголчуудын цус ойртолтоос хамгаалах ухаан гээгдэж
эхэлжээ.
Монголчууд
аав, ээжийн удмаас есөн үеэс дотогш хүнтэй гэрлэхийг хориглосоор ирсэн нь
шинжлэх ухааны үндэстэй байж. Хүн 32040 генийнхээ 16020 буюу 50 хувийг
ааваасаа, үлдсэнийг нь ээжээсээ авдаг аж. Өвөө, эмээгийн хувьд энэ хамаарал
хоёр дахин багасна. Тодруулж хэлбэл 8010 генээ өвөөгөөсөө авдаг байна. Үлдсэн
8010 нь эмээгийнх. Энэ мэтээр хамаарал нь багассанаар 10 дахь үедээ бараг хамааралгүй
болж харь элгийн хүнийх шиг болдог юм байна. Генийн сангийн тодорхой хувиар
ижил хүмүүс хоорондоо гэр бүл болох нь гажиг төрөлтөөс эхлээд олон үр дагавар
авчирдаг гэнэ. Цус ойртолтыг шууд болон алсуур гэж хоёр ангилдаг байна. Цусан
төрлийн улс шууд цус ойртолт болдог бол нэг нутаг усныхан хоорондоо гэрлэх нь
алсуур цус ойртолт болдог аж. Монголчуудын цус ойртолтыг судлаад үзэхээр нийт
цус ойртолтын 97.24 хувийг шууд цус ойртолтын хэлбэр эзэлж байгаа юм байна.
2.74 хувь нь алсуур цус ойртолт гэсэн судалгааны дүн гарчээ.
НЭМХ-ийн
судлаачид цус ойртолтыг аймаг бүрээр гаргажээ. Цус ойртолтгүй аймаг гэж алга.
Гэхдээ алслагдсан, хүн ам цөөхөн газруудад цус ойртолтын тохиолдол өндөр
байгааг тэдний гаргасан статистикаас харж болохоор байв. Монголчууд өнөөдөр
өөрсдөөсөө дээш гурав дахь үеэ мэдэхгүй байгаа нь гашуун нь ч гэлээ үнэн гэж
судлаачид хэлж байна. Элэнцийн түвшнээс хуланц өвөг эмгийн түвшний хоорондох үр
удам өөр зуураа гэрлэх үзэгдэл түгээмэл ажиглагдаж байгаа аж. Тэр дундаа
хуланцын түвшний үр удмууд олноороо гэрлэх болж. Монголчууд гурав дахь үеэ
элэнц, дөрөв дэх үеэ хуланц хэмээн нэрийддэг. Тэгэхээр гурваас дөрөв дэх үеийн
ах дүү нар гэрлэхэд илэрдэг түвшний цус ойртолт манайд давамгайлж байгаа гэсэн
үг. Залуус “Чи бид хоёр цусан холбоогүй” гэсэн ерөнхий таамгаар гэрлэж байгаа
гэж судлаачид сануулж байна.
Гэрлэлтийн
бүтэц цус ойртолтод нөлөөлж байгаа гэнэ. Хөдөөгийн багийн хүн амын нийт
гэрлэлтийг судалж үзжээ. 85.4 хувь нь тухайн багийн уугуул хүмүүс хоорондоо
гэрлэж байгаа гэнэ. Нэг сумын уугуул хүмүүс хоорондоо гэрлэх нь мөн өндөр
хувьтай байна. Сумын нийт гэрлэлтийн 73 хувийг нэг сумын гэр бүлүүд эзэлж
байна. Нэг аймгийнхан ч хоорондоо гэрлэх нь ихэсчээ. Аймгийн хэмжээний
гэрлэлтийн хувийг тандаад үзэхэд 86.1 хувь нь нэг аймгийнхан гэр бүл болж байж.
Энгийнээр хэлбэл өөр баг, өөр сум, өөр аймгаас гэр бүл болох явдал маш цөөхөн
хувьтай гарч байгаа аж.
Цус ойртолтын тод хэлбэр нь
аминч үзэл
Цус
ойртолт ямар хор уршигтайг хүний генетикийн шинжлэх ухаан аль хэдийнэ
тогтоожээ. Цус ойртолтын хэд хэдэн шинж тэмдгийг Ц.Энхмаа доктор нэрлэлээ. Оюун
ухаан сэтгэхүйн чадавхийн түвшин буурах, оюуны төрөлхийн болон гүнзгий
хомсдолтой төрөх хүүхдийн тоо өсөх нь цус ойртолттой холбоотой юм байна. Мөн
дархлаа буурах, аминчхан бодолтой хүмүүсийн тоо өсөх нь ч цус ойртолтын тод
хэлбэр гэнэ. Бие бялдрын өсөлт давжаарах ч цус ойртолттой шууд хамааралтай аж.
Ц.Энхмаа доктор цус ойртолтын жишээ зургуудыг сонирхуулав. Шүд нь давхарлаж
ургасан хүүхэд, хөгшин хүний төрхтэй ураг, хэл нь салаалсан хүн гээд нүд
хальтрам өчнөөн зураг байна. Цагаан сормуус, үстэй альбиносууд ч цус ойртолтын
үр дагавар юм байна. Цус ойртолтоос болж хаан угсаа мөхсөн жишээг ч тэрээр
ярьсан юм. Испанийн Хабсбургийн хаан угсаа мөхсөн шалтгааныг Сантъяго хотын их
сургуулийн эрдэмтэд судалж үр дүнгээ шинжлэх ухааны томоохон сэтгүүлд гаргажээ.
Хабсбургийн хаан угсааны нэгэн үеийн түүхийг харуулсан кино ч байдаг. “Хатан
хаан Си Си” гэхээр уншигчид андахгүй. Хабсбургийнхан 1500-1700-гаад он хүртэл
200 гаруй жил хаан төр барьсан хүчирхэг угсаа аж. Энэ хаан угсааны мөхөлд цус
ойртолт нөлөөлсөн эсэхийг эрдэмтэд судлаад тийм гэсэн дүгнэлтэд хүрчээ.
Хабсбургийн угсааныхны хувьд дандаа ойр төрлийнхөн хоорондоо гэрлэдэг байж.
Филипп I гэдэг хаанаас Хабсбургийн хаан угсаа эхэлжээ. Хамгийн сүүлчийн хаан нь
Чарльз II аж. Энэ хооронд 11 цус ойртсон гэрлэлтийг судлаачид илрүүлжээ. Найм
нь дандаа үеэлүүдийн гэрлэлт байсан гэнэ. Чарльз II хүртэл цус ойртолтын
коэффициент арав дахин өссөн гэсэн тооцоо гарчээ. Сүүлийн хаан Чарльз II 39
насандаа өөд болсон юм байна. Үр хүүхэдгүй, удамшлын хоёр төрлийн эмгэгээр
тарчилж байсан, данхар толгойт гэсэн хочтой энэ хаан цус ойртолтын жинхэнэ
золиос болсон гэж судлаачид дүгнэжээ.
Цус ойртолтоос үүдсэн
гажгийн хэлбэр улам хүндэрч эхэлжээ
Эрүүл
мэндийн сайдын 2005 оны 77 тоот тушаалаар ЭНЭШТ-ийн дэргэд төрөлхийн согог
гажигтай хүүхдийг бүртгэдэг болжээ. Улсын хэмжээнд бүртгэж эхэлсэн гэсэн үг.
Төрөлхийн гажиг, согогтой хүүхдүүдийг бүртгэдэг хүмүүс улсын хэмжээнд ямар
гажиг согогтой хүүхдүүд төрж байгаа судлаад бүртгэчихэж. Зүрхний гажигтай,
уруул сэтэрхий, уруул, тагнай хоёулаа сэтэрхий, зөөлөн тагнай, хүүхэн хэл
сэтэрхий, зөөлөн тагнайгүй, өтгөний сүв битүү, хэвлийн урд талын хана
хөгжөөгүй, тархи устай, нугас эвэрхий, олон эрхтэн тогтолцооны гажиг хавсарсан
хэлбэрээр гэсэн арван төрлийн гажиг бүртгэгджээ. 2005-2009 оны эхний зургаан
сарын байдлаар гэхэд л улсын хэмжээнд 689 хүүхэд гажигтай төрсөн байна. Гэхдээ
ихэнх аймгийн мэдээлэл бүрэн бус байж. Тэгэхээр үүнээс олон гажигтай хүүхэд
төрсөн гэсэн үг. Төрөлхийн согог гажигтай хүүхэд төрөөгүй аймаг байхгүйг
судлаачдын гаргасан тооноос харж болохоор байв. “Хоёр, гурван аймагт л согог
гажиг илрээд бусдад нь хоосон бол агаарын бохирдол, химийн бодис, хүнсний
аюулгүй байдал гэх мэт тохиолдлын шинж чанартай байхыг үгүйсгэхгүй. Гэтэл бүх аймагт
илэрч байгаа нь айхтар дэвсгэр хүчин зүйл байгаа хэрэг” гэж Ц.Энхмаа доктор
ярилаа.
Судлаачид
цус ойртолтыг уртраг, өргөргөөр нь судлаад гаргаад ирж. Өргөргийн дагуу
Хөвсгөлөөс Өмнөговь руу урагшаа явах чиглэлд цус ойртолт нэмэгдэж байжээ. Согог
гажигтай хүүхдийн тоо ч үүнийг дагаад өсч байгааг судалгаагаар тогтоожээ. “Хүн
амыг цус ойртолтоос гаргах, хамгаалах арга хэмжээг яаралтай авч хэрэгжүүлэхгүй
бол согог гажигтай төрж буй хүүхдийн тоог цөөрүүлнэ гэж зүүдлээд ч хэрэггүй
болсон” хэмээн Ц.Энхмаа доктор онцолж байв.
Сүүлийн
үед илэрч байгаа гажгийн хэлбэр хүнд болж байгаа аж. Наад захын жишээ гэхэд л
улаан хоолой, цагаан хоолой хоёр нь нийлсэн хүүхэд төржээ. Уруул сэтэрхий,
тагнай цоорхойг мэс заслаар аргалж болох ч энэ тохиолдолд яаж ч болохгүй гэнэ.
Нүдний төрөл бүрийн хүнд гажигтай хүүхдүүд олноор төрөх болжээ. Хоёр нүдний
алим нь төрөлхийн жижигхэн, нүднийх нь алим дотор хальс бий болсон хүүхдүүд ч
олноор төрж байгаа гэнэ. Ямартай ч төрөлхийн согог гажигтай төрж буй хүүхдийн
тоо цус ойртолттой шууд шугаман хамааралтай өсч байгааг судлаачдын гаргасан
дүгнэлтээс харж болохоор байна.
Цус ойртолттой шууд
хамааралтай өсч буй өвчний 13 бүлэг бий
Монгол Улс
хүн амынхаа өвчлөл нас баралтыг 1996 оноос өвчний олон улсын аравдугаар
ангиллын статистик руу оруулжээ. Өвчлөлөө үүний дагуу бүртгэдэг болсон гэсэн
үг. Энэ статистикаар бол бүх өвчлөлийг 19 том бүлэгт хуваадаг байна. Цусны
эргэлтийн тогтолцооны өвчин гэхэд л дотроо даралт ихсэх, судас хатуурах гээд
задраад явчихдаг аж. Энэ өвчнүүдийг арван жилийн хугацаанд судлаад үзэхэд нийт
аймаг, суманд ялгаагүй шахуу жигд тархсан байж. Эндээс хүн амын өвчлөлд сүүдэр
шиг мөнхөд дагаж явдаг суурь шалтгаан үүссэнийг харж болно гэж судлаачид онцолж
байна. Сүүдэр шиг дагаж яваа шалтгаан нь тэднийхээр цус ойртолт аж. 95 хувиас
дээш түвшинд цус ойртолт, хүн амын нийт өвчлөл хоёр шууд хамааралтай байна
гэсэн цочирдмоор дүгнэлт гарчээ. Цус ойртолттой шууд хамааралтай өсч байгаа
өвчний бүлэг гэхэд л 13 байна.
Цус
ойртолтоос сэргийлэхийн тулд угийн бичгийг зөв хөтлүүлж заншуулах, засаг
захиргааны хэт жижиглэн хуваасан тогтолцоог шинэчлэн томсгох, нягтрал сийрэг
сум багад анхаарах зэрэг зөвлөмжийг НЭМХ-гийн судлаачид гаргажээ.
Ц.Баасансүрэн