“Өдрийн сонин”-ы зургадугаар сарын 29-ний дугаар 24 нүүрээр хэвлэгдэн уншигчдадаа хүрлээ.
Өнөөдрийн дугаарын нийтлэл, ярилцлага, сурвалжлага, мэдээ мэдээллээс онцолж тоймлон хүргэе. Нэгдүгээр нүүрт долоо хоног бүрийн даваа гаригт гардаг “Танайд өнжье” буланд “Удам дамжсан сайн малчин Д.Батмөнхийнх ” хэмээх сурвалжлага хэвлэгдлээ. Төв аймгийн Сэргэлэн сумаас бэлтгэсэн энэхүү сурвалжлагын үргэлжлэлийг нь 12, 13 дугаар нүүрээс уншаарай.
“Эх сурвалжийн мэдээллийн мөрөөр үнэнийг хайсан нь” буланд “Энэ цагийнхны гарт устсан 130 жилийн түүхтэй Эх дагинын дуган” эрэн сурвалжлах нийтлэл хэвлэгдэв. Өмнөх дугаартаа бид шатаж, сүйдсэн циркийн сургуулийн үүх түүхийг тоймлон хүргэж байсан бол энэ удаад юуны учраас улсын өмч эзэнгүйдэж хаягдав гэдгийг нэхэн сурвалжиллаа. Нэг, долдугаар нүүрээс дэлгэрэнгүй хүлээн авна уу.
Харин улс төрийн мэдээллийн хоёрдугаар нүүрт УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнтэй хийсэн “Засгийн газар тогтворгүй байх нь эерэг зүйл авч ирдэггүй” ярилцлага гарлаа. Б.Чойжилсүрэн гишүүн Шийдлийн Засгийн газар, АН, МАН-ын гэрээний асуудал дээр байр сууриа илэрхийлэв. Мөн С.Дэмбэрэл гишүүний ярилцлага болон “Халх голд хөдөө аж ахуйн чөлөөт бүс байгуулах төслийг дэмжсэн” тухай мэдээлэл улс төрийн нүүрт нийтлэгдлээ.
“Өдрийн сонин”-ы нийтлэлийн гол бодлогыг тодорхойлж байдаг гуравдугаар нүүрт нийтлэлч Ц.Баасансүрэнгийн “Монголчуудын гарамгай хийж чаддаг ажил” нийтлэл гарлаа. Монголчууд бидний гарамгай хийж чадаад байгаа ажил яг үнэндээ ихэд явуургүй ажлууд болчихоод буйг дээрх нийтлэлээс уншиж мэдээрэй.
Энэ удаагийн дугаарын нэгэн онцлох ярилцлага бол УИХ-ын гишүүн асан, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын албыг хашиж явсан Г.Занданшатартай хийсэн ярилцлага юм. Тэрбээр АНУ-д Стэнфордын их сургуульд сурахаар явж байгаад хүнд осолд орж, удаан хугацаанд эмчлүүлж байгаад эх орондоо ирээд байна. Түүний ярилцлагыг нэг, 19 дүгээр нүүрт хэвлэлээ.
Түүнчлэн Соёл урлагийн буланд “Марко Поло” кинонд Монгол талаас хэдэн хүн ямар ямар дүрд тоглох талаарх мэдээллийг тус киноны Монголын талыг хариуцаж буй продюсер М.Оргилтой хийсэн ярилцлагаас унших боломжтой.
Эдгээр болон “Хүмүүс”, “Боловсрол”, “Дэлхийн мэдээ”, “Цонхоо нээе” зэрэг булангуудыг хүлээн авч уншаарай.
“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАМТ