Categories
мэдээ цаг-үе

Аль рашаан сувиллыг зорих вэ?

Монгол оронд олон улсын рашааны эмчилгээний зориулалтын шалгуурыг хангаж чадах 130 гаруй халуун,хүйтэн рашааны орд байдаг юм байна. Халуун рашаан 42, халуун уур нэг, нүүрсхүчлийн хүйтэн рашаан 60 гаруй, рашаан төстэй усны үелэл 30 орчим, эмчилгээний онцгой бүрэлдэхүүнгүй боловч эмчилгээнд тустай 10 орчим усны илрэл байгаа аж. Гидрокарбонат, кальци, магнийн төрлийн рашаан 32, үлдэх 38 нь хий ихтэй боловч найрлага тогтоогдоогүй эсгэлэн, дунд зэргийн эрдэсжилтэй бага ундрагатай булгууд орж байна гэж албаны ёсны мэдээлэлд дурджээ. Мөн 270 гаруй рашаан төстэй харз булгууд байдаг аж.

Ингээд зуны цагт монголчуудын олноороо зорин очдог рашаан сувиллын газруудыг танилцуулж байна.

“ХАСУ ШИВЭРТ” РАШААН СУВИЛАЛ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЦОГЦОЛБОР ТӨВ

Архангай аймгийн Батцэнгэл сумын Дарьхинтын хөндийд байрладаг. Архангайн Цэцэрлэг хотоос зүүн хойшоо 35 км, Улаанбаатар хотоос 465 км-ийн зайд оршдог. Жилийн дөрвөн улиралд үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд шавар болон рашаан эмчилгээ, зүү төөнүүр, бариа засал, физик эмчилгээтэй. Байгалийн ундарга бүхий 68 градусын хүхэрлэг, халуун рашаантай. Мөн “Нохой унадаг” нуурын халуун шавраар мэдрэл, үе мөч, арьсны харшил болон бусад өвчнийг анагаадаг.

Утас: 98007314, 08003212

ОРГИЛ РАШААН СУВИЛАЛ

Оргил рашаан сувилал нь Богдхан уулын ар хормойд, Улаанбаатар хотын өмнөд хэсэг Хан-Уул дүүрэгт Удирдлагын Боловсролын Академийн хажууд байрладаг. Гидрокарбонат-кальци-натрийн найрлагатай, сул эрдэсжилттэй, сул хүчиллэг, нүүрсхүчлийн хий, төмөртэй хүйтэн рашаан юм. Уухаас гадна орох, шавших угаах зэргээр хэрэглэнэ. Уух рашаан нь ходоодны архаг, 12 нугалаа гэдэсний хүндрэлгүй шархлаа, гэдэсний архаг үрэвсэл, элэг цөсний архаг өвчин, төмөр дутсан цус багадалтыг эмчлэхэд сайн үйлчилгээтэй. Шавар эмчилгээг хорт хавдар, хурц үрэвсэлт өвчнүүд, архаг өвчний сэдрэлийн үе, сүрьеэ, декомпенсацийн шатанд байгаа зүрхний гажиг, зүрхний цус хомсрох өвчин, даралт ихдэх өвчин, бронхийн багтраа, гломерулонефрит, элэгний хатуурал өвчний үед хэрэглэхэд тохиромжгүй. Оргил рашаан сувилал байнгын ажиллагаатай.

Утас: 341152, 342093, 342096, 342092

ЗАДГАЙ ЦАГААН РАШААН СУВИЛАЛ

Улаанбаатар хотоос 76 км зайд Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт байрлана. Энэхүү рашаан сувилалд шавар, физик, уламжлалт, европ гээд бүхий л төрлийн эмчилгээ хийдэг байна. Эдгээр эмчилгээнүүд нь элэг, цөс, ходоод, гэдэс, дотрын өвчинд тустай.

Утас: 99156155

“АВАРГА ТОСОН” СУВИЛАЛ

Хэнтийн Дэлгэрхаан сумын нутагт байрладаг. Улаанбаатар хотоос 203 км-ийн зайтай. Ходоодны архаг үрэвсэл, 12 нугалаа гэдэсний хүндрэлгүй шархлаа, гэдэсний архаг үрэвсэл, элэг цөсний архаг өвчин, нойр булчирхайн архаг үрэвсэл, бодисын солилцооны өвчин, төмөр дутсан цус багадалтыг эмчлэхэд тохиромжтой. Шавар эмчилгээ хорт хавдар, үрэвсэлтэй өвчнүүд, архаг өвчний сэдрэлийн үе, сүрьеэ, деканпенсацийн шатанд байгаа зүрхний гажиг, даралт ихдэх өвчин, бронхийн багтраа, элэгний хатуурал өвчинд зохимжгүй гэдгийг анхаарах хэрэгтэй ажээ.

Утас: 96363032, 70003034

“АР ЖАНЧИВЛАН” РАШААН

Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт байрладаг уг рашааны газар Улаанбаатар хотоос 70 км-ийн зайтай. Эмчилгээний хувьд ходоодны архаг үрэвсэл 12 нугалаа гэдэсний хүндрэпгүй шархлаа, гэдэсний архаг үрэвсэл, элэг цөсний архаг өвчин, нойр булчирхайн архаг үрэвсэл, бодисын солилцооны өвчин, төмөр дутсан цус багадалтын үед хэрэглэдэг. Харин тархины судасны хатуурлын гүнзгийрсэн хэлбэр, хүнд хэлбэрийн зүрхний шигдээсийн дараахь үе, артерийн даралт ихдэлтийн өвчин ба II түүнээс дээш шат, зүрхний бахын байнгын болон хүнд хэлбэрийн илэрлийн үед энэ рашаан зохимжгүй юм байна.

Утас: 99041639, 99889891, 88119252

МОЙЛТЫН ТОХОЙН СУВИЛАЛ

Улаанбаатар хотоос засмал замаар 40 км яваад Тэрэлжийн хөндийн Хан Хэнтийн Дархан цаазат байгалийн үзэсгэлэнт газар Туул голын хөвөөнд байрладаг.

Гүүний саам, бөөр үе мөчний элсэн шарлага, бүх төрлийн бариа засал, хийн бясалгалын дасгал, хүчилтөрөгчийн коктейль, бумба эмчилгээ зэргийг танд үзүүлнэ.

Утас: 99615749, 95955807

“ӨӨШ МАНХАН” ЭЛСЭН СУВИЛАЛ

Дундговь аймгийн Өлзийт сумын нутагт байрлах сувилал нь Улаанбаатар хотоос 420 км-ийн зайтай оршдог. Бөөрний төрөл бүрийн архаг өвчин, үе мөчний архаг өвчин, цусны зарим төрлийн өвчтэй хүмүүс, хөл гар, нуруу нь татсан хүмүүсийг байгалийн хүчин зүйл болох нар, агаар, ингэний сүү, хоормогоор эмчлэн сувилдаг. Элсэн хучлага, наран шарлага, ингэний хоормог уулгах, бариа засал хийх, зүү төөнүүр тавих аргуудаар эмчилдэг. Мөн нарны халуун энерги бүхий элс, ингэний хоормогоор таван цул, дотор, гадна хаванг эмчилдэг. Үүний зэрэгцээ бие дээгүүр гарсан элдэв тууралт зэргийг эдгээхэд тустай ажээ. Энэхүү элсэн сувиллын элс нь баруунаас зүүн тийш таван км урт сунаж тогтсон. Элс нь нарны энергийг ихээр шингээдэг, маш нарийн ширхэгтэй, эрдэс баялгийн олон бодистой ажээ. Уг элсийг хэлнийхээ хонхорт тавихаар хайлдаг бөгөөд барилгын ажилд хэрэглэж болдоггүй гэдэг.

Утас: 99118191, 633449, 96061971

ГУРВАННУУРЫН РАШААН, СУВИЛАЛ

Онон, Балж голын сав газар, Дэлүүн болдогийн өвөрт нарсан ойгоор хүрээлэгдсэн Холбоо гурван нуурын хойно буюу Хэнтийн Дадал суманд байдаг энэхүү рашаан, сувиллын газар нь Улаанбаатар хотоос 540 км зайтай. Амьсгалын эрхтний архаг өвчин, уушгины хагалгааны үлдэц, мөгөөрсөн хоолойн багтраа, мэдрэлийн сульдаа, үе мөчний өвчинд онцгой тохиромжтой. Тархины судасны хатуурлын гүнзгийрсэн хэлбэр, зүрхний шигдээсийн дараахь үед тохиромжгүй.

Утас: 99378342, 0156226524

ЗАРТЫН РАШААН, СУВИЛАЛ

Завханы Их-Уул сумын Зарт багийн Халуун усны ам хэмээх газар байрладаг рашаан, сувилал нь нийслэл хотоос 760 км-ийн зайтай оршдог. Нийтдээ 15 төрлийн рашаантай бөгөөд хоёр нь халуун. Үе мөч, ядаргаанд сайн. Ходоод, таван цул, сав, хий шар, бөөр, зүрх, шүд, мэдрэл, элэг цөс, нойр булчирхайн өвчнийг эмнэхэд тустай. Мөн Алаг нуурын шавраар янз бүрийн харшлын өвчнийг анагаадаг.

Утас: 93032805, 99837210, 99111307

“МОГОЙТ” РАШААН, СУВИЛАЛ

Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын III багийн нутаг, Могойтын аманд байрладаг. Мэдрэл, үе мөч, умай, нуруу, ходоод гэдэс, олгой, элэг цөс, уушги, зүрхний өвчнийг анагаахад сайн. Рашааны ойролцоо хүсэл биелүүлдэг Цагаан хайрхан хэмээх аварга том цагаан чулуу байдаг.

Утас: 99065023, 93065032

“ОТГОНТЭНГЭР” РАШААН, СУВИЛАЛ

Завхан аймгийн Алдархаан сумын нутагт, Улиастай сумаас зүүн тийш 78 км, Отгонгэнгэр уулнаас 20 орчим км зайтай, өндөр уулс, ой мод бүхий газарт байрладаг. Үе мөчний зарим өвчин, эмэгтэйчүүд, мэдрэлийн өвчний үед онцгой сайн нөлөөтэй. Тархины судасны хатуурлын гүнзгийрсэн хэлбэр, зүрхний шигдээсийн дараахь үе, зүрхний хүнд хэлбэрийн илэрлийн үед зохимжгүй.

Утас: 01462-21620, 99059022, 99468182

ӨВӨР ЖАНЧИВЛАНГИЙН РАШААН, СУВИЛАЛ

Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт байрлах бөгөөд нийслэлээс 78 км-ийн зайтай. Эмчилгээний хувьд ходоодны архаг үрэвсэл, 12 нугалаа гэдэсний хүндрэлгүй шархлаа, гэдэсний архаг үрэвсэл, элэг цөсний архаг өвчин, нойр булчирхайн архаг үрэвсэл, бодисын солилцооны өвчин, төмөр дутсан цус багадалтын эмчилгээнд хэрэглэдэг. Тархины судасны хатуурлын гүнзгийрсэн хэлбэр, хүнд хэлбэрийн зүрхний шигдээсийн дараахь үе, артерийн даралт ихдэлтийн өвчин ба II түүнээс дээш шат, зүрхний бахын байнгын болон хүнд хэлбэрийн илэрлийн үед энэ рашаан зохимжгүй юм байна.

Утас: 88001511, 322075

ХУЖИРТЫН ХАЛУУН РАШААН

Өвөрхангай аймгийн Хужирт сумын нутагт байрлах бөгөөд нийслэл хотоос 290 км-ийн зайтай. Үе мөч, арьсны өвчин, ясны гэмтэл, эмэгтэйчүүд, мэдрэлийн өвчний үед голдуу хэрэглэнэ. Мөн эмчилгээний хүчин зүйлийн нэг бол лаг хар шавар бөгөөд үе мөч болон арьсны зарим өвчинд нэн тустай. Тархины судасны хатуурлын гүнзгийрсэн хэлбэр, хүнд хэм алдагдал, зүрхний шигдээсийн дараахь үе, артерийн даралт эхлэх өвчин, зүрхний бахын байнгын болон хүнд хэлбэрийн илэрлийн үед энэ рашаан зохимжгүй.

Утас: 01322-26507, 91913860, 99093324

“ШАРГАЛЖУУТ” РАШААН, СУВИЛАЛ

Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын нутагт буюу Улаанбаатар хотоос 650 км-ийн зайтай байдаг. Шаргалжуутын гол руу түрж орсон Хатад толгойн энгэрт байх боржин чулуун дундаас оргилон урсах халууны хэмжээгээрээ өөр хоорондоо харилцан адилгүй 100 гаруй булаг, рашаан ундаргаас бүрддэг. Арьсан дахь мэдрэлийн судсыг цочроож мэдрэлийн цусны хөдөлгөөн, бодисын солилцоо, дотоод шүурлийн ажиллагаанд өөрчлөлт үзүүлдэг тул үе мөчний архаг үрэвсэл, эмэгтэйчүүдийн болон арьсны зарим өвчин, амьсгалын замын өвчнийг эмчлэхэд зохимжтой. Рашааны халууны хэмжээ их, сул эрдэсжилттэй тул биеийн дулааныг дээшлүүлэх, үрэвслийг түргэн илааршуулах, үе, булчин, ясны архаг өвчнийг эмчлэхэд тохиромжтой.

Утас:70003032, 95829918

ОНОНГИЙН ХАЛУУН РАШААН

Хэнтийн аймгийн Батширээт сумын төвөөс баруун тийш 120 километрт, Хэнтийн нурууны салбар Дуут Яаны хойд талд Онон голын эрэг дээр оршдог. Ононгийн рашаан нь Их, бага гэж хоёр хэсэгт хуваагддаг. Бага халуун рашаан нь Их халуун рашаанаасаа зүүн тийш найман километр буюу Дуут Яаны өвөр хөндийд жижиг толгодын ар талд байрладаг. Энэ рашаанд Монголын Анхдугаар богд Занабазар, Халхын цэцэн хан Шолой, Арамба Нанзаддорж зэрэг түүхэн хүмүүс бараалхан ирж ордог байжээ. Уг рашаан үе мөчний үрэвсэл, бөөрний даралт, бруцеллёз, цусны даралт, хамуу болон арьс өнгөний төрлийн өвчнүүд, шижин, шар ус, хуян зэрэг өвчинг анагаан эдгэрүүлэх увидастай ажээ.

ТААЦЫН ГОЛЫН ХАЛУУН РАШААН

Өвөрхангайн Нарийнтээл сумын төвөөс зүүг хойш 23 км зайд далайн түвшнээс дээш 1938 метрт Таацын голын сав газар бий. Энд хүхэрлэг бүтэц бүхий халуун рашаан байх ба нэг км орчим урсч, Таац голд цутгадаг. Нутгийн хүмүүс зуны улиралд рашааны ойролцоо түр нүүдэллэн ирж, амрангаа рашааныг эмчилгээ болгон хэрэглэдэг.

ҮҮРТИЙН РАШААН

Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын төвөөс зүүн хойш 10 гаруй км зайд буюу Улаанбаатараас сумын төв орох замд Орхон голын өндөр тохойд Үүртийн рашаан байдаг. Рашаан Үүртийн тохойн эргийн доод хэсэгт, голынхоо захад орйхон байдаг учраас өндөр эргээс доош доош бууж хүрэхэд нэлээд бэрх. Энэхүү рашаанд эмчилгээний чухал хүчин зүйл болох радон, цахиур, бор зэрэг химийн нэгдэлтэй. Мөн рашааныг савлан эмчилгээнээс гадна унданд хэрэглэхэд ч зохимжтой.

ХАДАТЫН РАШААН

Архангай аймгийн Тариат сумын төвөөс зүүн тийш 40 км-т орших хүйтэн рашаан юм. Хадатын рашаан нь шар өвчин, элэг, цөс, савны архаг хуучин, хүйтэн, бөөр, нуруу, мэдрэл, хоол унд үл зохих, гэдэсний элдэв өвчинд сайн.

ЦАГААН ГОЛ

Булган аймгийн Хануй, Цагаан голын бэлчирээс холгүйхэн “Эмгэн булаг”-ийн рашаан байдаг. Энэ рашаан нь хол ойрын хүмүүст Цагаан голын рашаан хэмээн алдаршжээ. Энэ рашаан нь өвөл, зуны ямар ч үед нэмэх таван хэм байдаг. Элэг, цөс, гепатит, ходоод, хоолойн ангина, зүрх судасны өвчин зэргийг анагаадаг. Уг рашаан Эрдэнэт хотоос 180 км, Булган хотоос 125 км, Улаанбаатар хотоос 475 км зайтай оршдог.

Утас: 9534 5181

НАРИЙНЫ РАШААН

Баянхонгор аймагт Бүрэн хайрхан, Доной, Өлтийн нуураар хүрээлэгдсэн байгалийн үзсэгэлэнт тогтоцтой Өргөөтийн халуун рашаан гэж бий.Мөн ходоод, чих, хамар, хоолой, бөөр, ядаргаа, үе мөчний өвчнийг анагаадаг Үхэгийн халуун рашаан тус аймгийн Галуут сумын нутагт байдаг. Баянхонгорын рашаануудаас хамгийн сонирхолтой нь Гурванбулаг сумын нутагт оршдог Нарийны рашаан юм. Нарийны рашаан гурван хошуунаас салаалан урсах бөгөөд толгой, чих, хамар, ходоод, нүд, шүд, бөөрний гэх мэтээр ангилан хэрэглэсээр иржээ. Энэхүү рашааны бас нэг гайхалтай чанар нь зун хүйтэн байдаг атлаа өвөл нь бүлээсдэг ажээ.

Д.САРУУЛ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *