Categories
мэдээ цаг-үе

Өнөө жилийн наадмаар Б.Пүрэвсайхан түрүүлж, Ц.Содномдорж үзүүрлэнэ (үргэлжлэл)

Өсөхөө аварга өнгөрсөн жил Тариатын хүрээнээс начин цолтон төрүүлсэн. Даанч тэр нь допингийн асуудлаас болж цолоо хураалган балраад байгаа. Тиймээс энэ жил баталгаатай нэг начин төрүүлнэ. Харин хэнийг вэ. Бөх сонирхогчид өөрөөс нь илүүтэй таамаглачихсан байгаа. “Бөхбилэгт” дэвжээ буюу галынхаа залуучуудаас нэгийг нь дэмжих байх. Дархан аваргын таалалд хэн нийцэж, аз нь шовойдог бол. Архангай аймгийн Булган сумын уугуул Ч.Ганзориг сүүлийн үед тун сайн барилдаж байгаа. Тэрээр 2006 онд Казахстаны Алма-Атад болсон чөлөөт бөхийн тэм­цээнээсАзи тивийн аварга болж байсан. Олон улсын хэмжээний мастер цолтой. Харин сүүлийн үед үндэсний бөхөөр дагнан хичээллэж байгаа. Түүнийг дөрөв даваад гараад ирвэл аварга авах магадлалтай. Д.Рагчаа гарьд, М.Батжаргал харцага нар аваргаас Ганзоригийг авчих гэж гуйна. Харин жилийн жилд үг дуугүй дээлийнх нь захыг мушгиад зогсож байдаг Хишигдорж заан Бадарчийгаа санал болгоно. Учир нь аймгийн арслан МягмарынБадарчийг Тэрхийн цагаан нуурын хөвөөнд сарлаг хариулаад явж байхад нь Хишгээ заан авчирсан байдаг. Бадарч өнгөрсөн жил Балжаа аваргаар дөрөв даваад начны даваанд гараад үзчихсэн. Мөнхбаатар арсланд унасан л даа. Түүнийг амлах магадлал үнэндээ өндөр юм.

Бадарчид Өсөхөө аваргын аав Гэлэгжамц гуай болон ээж Насантогтох нар нь Буур аваргын нэрэмжит шагналыг олгож байсан удаатай. Тэгэхээр аав нь “Миний хүү Бадарчийг нэг дэмжихгүй юу даа. Өвөөгийн чинь шаг­налыг авсан хүү шүү дээ” гэж шивнэхэд байдал өөрөөр эргэнэ. Харин түүний хувьд дөрөв давах л чухал. Аваргад өөр гаргалгаа бас байж болох юм. Батлан хамгаалах яамны “Алдар” спорт хорооны даргын хувьд өөрийн шавь нараас, “Алдар”-ынхаа тамирчдаас улсын цолтон төрүүлэх бо­дол төрөхийг үгүйсгэхгүй. Тухайлбал, Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын харьяат аймгийн хурц арслан Бат-Очирын Одгэрэл гэж начин цолны үзүүрээс хэдэнтээ атгаад алдсан залуу бий.

Сүхбат аварганачин цол­тон төрүүллээ гэж бодъё. Мань эр нутгаасаа гэж үзвэл Төв аймгаас дөрөв даваад ирэх бөх байхгүй. Хуучин хадмын нутаг Увс руу сурсан зангаараа хандаж нэг үзэх байх. Баянаа аварга экс хүргэнийхээ чихэнд үг хэлж магад. Хэрвээ Баянаа Сүхбатаас гуйх дээрээ тулбал Увсынхаа бөхийг хэлэхгүй.Дундговийн Эрдэнэдалай сумын харьяат А.Алтанхуягийн нэрийг нухацтай нь аргагүй цохож хэлнэ. Тэр жил Баянаа аварга Алтанхуягийг улсын цолонд хүрэхэд бүх анхаарлаа хандуулна гээд “Мон уран”-ы Б.Наранхүүгээс “Ланд-200” бэлгэнд авчихсан. Түүндээ бантаад 2011 онд наадмаар 70 насандаа зодоглосон түүхийг олон түмэн мартаагүй байгаа. Хорьдугаар зууны домогт аварга маань “Түүхт ойгоороо зодоглолоо” гэдэг ч ачир дээрээ Алтанхуягтай холбоотой л доо. 1024 бөх зодоглосон наадмын гурвын даваанд хамгийн түрүүнд Алтанхуягийг амлаж, цолоо дуудуулж байсан. Гэвч өнөөх нь цолонд хүрч чадаагүй л байна. Хоёр жилийн өмнө байна уу даа, Алтанхуяг дөрвийн давааны нугалаанд ус хонхрынхоо хүчтэн Л.Пүрэв­жавтай оноолт таардаг юм. Үүнийг сонссон наадамчид, ялангуяа Дундговийнхон бөөн хөөр боллоо. “Говь нутгаасаа оонын эвэр шиг гарч ирж байгаа хоёр амьтан ингэж таарах гэж. Алтанхуяг маань энэ жил л нэг юм дуулгах нь ээ” гэж хэлж дуусаагүй байтал өнөө Пүрэвжав гайхал чинь Алтанхуягийгаа шороотой хутгачихаж билээ. Хүмүүст Пүрэвжавыг жигтэйхэн буруутгадаг. Хүн чанаргүй, хэдэн зуун саяар худалдагдсан гээд есөн шидээр хэлдэг. Харин миний бие үнэн хүчийг үзэж барилдсан Пүрэвжавт талархдаг юм.

Нэгэн цагт Сүхбаттай хүр­гэн, хадмын хэлхээтэй явж, нэг айлын гал голомтод багтан, нэгэн дэвжээнд бэлтгэл сургуулилтаа хийж байсан Гантогтох нь Сүхбаттайгаа наадмын дэвжээнд уулзаж л таараа. “Увс нуур” галын маань бөхчүүдээс нэгийг нь аваадхаач гэж хэлэх байх. Гэхдээ Увсын залуу бөх дөрөв даваад гараад ирвэл начин болгочих хүн бэлэн байгаа. Тэр нь Б.Ганбат арслан л даа. Аймгийн хурц О.Гантулга, цэргийн арслан Б.Ганзориг нарт Б.Ганбат “Та хэдээс аль хоншоортой нь дөрөв даваад гараад ир. Ах нь начны босго алхуулъя” гэж бардам хэлж, шарыг нь малтаж байгаа.Хоёр жилийн өмнө байна уу, өнөө элдэвтэй Баасанхүүг дөрөв даваад гараад ирэхэд Ганбаа арслан үг дуугүй амлаад өгчихөж байсан. Өнгөрөгч жил Увсаас цолгүй бөх дөрөв даваагүй учир Завханы Бадамсүрэнг начин болгосон удаатай. Сүхбат аварга, хуучин хадам аав болоод Гантогтох найздаа “за” гэчихээд мурих магадлалтай. Тэрээр начин төрүүлнэ, тэрийг энийг авна гэж баахан залуучууд горьдоочихоод яг ам авахаар гарын даа нар дээр очихдоо бодлоо өөрчилнө. Ө.Даваабаатар, Л.Пүрэвжав өөр хэн байна, шавь нараасаа амлаж гар хөнгөн давахыг бодолгүй яахав. Нэгэнт зодоглож байгаа хүн, дархан аваргын зангараг гэж байна даа, төрийнхөө наадамд шөвгөрөх байлгүй. Тэгээд заан төрүүлнэ гээд үзчихнэ шүү дээ.

Сүхбат аваргаар заан авах магадлалтай бөх зөндөө. Яагаав, өнөө олон харцагууд чинь байна. Пүрэвсайхан, Бат-Орших, Содномдорж, Оюунболд гээд жагссан дөрвөн харцага бий. Тэд заан цолонд төдийгүй өнөө жилийн наадмын түрүү үзүүрт яригдаж буй энэ цаг үеийн шилдэг бөхчүүд. Тэднээс зургаа даваад гараад ирсэн аль нэгийг нь Сүхбат аварга амлаж таарна. Увсын Ө.Бат-Оршихыг Гантогтох санал болгох нь тодорхой. “Хадам, хүргэн явсан хувь тавилан яах вэ. Олон жилийн нөхөрлөл, их спорт, бөхийн дэвжээнд хоёргүй сэтгэлээр хамтдаа зүтгэж явсан он жилүүдээ бодоод авчихаач гэж Ганаа нь их л ултай суурьтай үг хэлнэ. Цаа­дах нь нэлээд бодно. Хүүгээ Сүхбатад сүжрээд, гуйлга туйлга болоод буйг Баянаа аварга гадарлаж таараа. Дэм тус болохоор тэр хоёр руу эрхгүй алхана. Тэгтэл Баянаа аваргаас түрүүлээд Мөөеө нь Сүхбат дээр очиж таарна даа. Нутаг нугынхаа яриа хөөрөөг дэлгээд суучихна биз дээ. Баянаа аваргын гэдэн нь гэнэт хөдлөөд, улаан шаргал дээлээ газар шүргүүлсхийгээд буцаад алхах нь олны нүдэн дээр илхэнхарагдана. “Мөөеө байгаа учир Баянаа очихгүй л дээ” гэж наадамч олон үнэнийг өгүүлнэ. Ийм л дүр зурагтайгаар өнөө жилийн наадам үргэлжлэх болов уу.

Бат-Оршихыг долоогийн даваанд амлах эсэх тухайд ийм. Өөр нэг гаргалгаа байна.

Тэр нь Ховдын Пүрэв­сайханыг амлахтай холбоотой. Ч.Батзориг заан Сүхбат аварга дээр мөн л гүйгээд очно. Нэгэн цагт бөхийн дэвжээнд барилдаж явснаа дурсч, Сүхбат аваргад олон удаа унаж байснаа ярьж, түүний уран хурц барилдааны тухай үүх түүх хуучилж болох талтай. Ярианыхаа дундуур Батзориг заан аваргад“Өнгөрсөн жил Өсөхбаярыг амладаг чинь их зөв. Бөхийн эрэмбэ гэдгийг тэгж л мэдрүүлэх хэрэгтэй”гэх утгатай үг хэлж байж ч магад. Мөн түүнийг өнгөрөгч наадмын дараа Ховдын даншигт очиж зодоглосныг нь онцолно. “Ховдынхон танд их хайртай, шүтдэг шүү” гэдгийг үгийн завсарт хавчуулахаа бас мэднэ. Бат-Орших, Пүрэвсайхан хоёрын цаана Ц.Содномдорж үлдэж буйг аварга өөрөө мэдэж байгаа. Түүнийг аймгийн цолтой байхад нь “Ирээдүйн аварга” шагналаа олгож байснаа бас санана. Ийм ийм зүйлээс улбаалж Сүхбат аварга долоогийн даваанд ам авахгүй нэлээдгүйудна. Энэ хэрээр заан цолны үнэ ханш тэнгэрт тулах нь дамжиггүй.

Тавын даваанд начин төрүүлэх магадлалтай бөхчүүдийн тоонд улсын арслан До.Ганхуяг, Д.Азжаргал, хүчит гарьд Д.Рагчаа нарын нэр зүй ёсоор бичигдэнэ. До.Ганхуягийн хувьд өнгөрсөн жил Завханы Лха-Очир, түүний өмнө Говь-Алтайн Амартүвшин гээд аймаг аймгийн залуусыгдэмжсэн. Энэ жил яах бол. Хэн нааштай дуугарна, түүнд “үйлчлэх” байх. Начин төрүүлэх бол яахав, хэн нэгэнд нь зовлонгүй тахимаа өгчихнө. Харин дөрвийн давааны оноолт гэж хэцүү бэрх зүйл бий. Тэр жил Хэнтийн Оюунболдод До.Ганхуяг арсланид үедээ тахимаа өгч байсан. Дөрвийн давааг гатлах Номхон далайг туулахаас амаргүй болсон. Рагчаагийн хувьд олимпийн аварга Н.Түвшинбаярыг начин болгож байв. Түүнийг нь бодохоор начин цолтон төрүүлэх магадлалтай санагдаад байгаа. Өөрийн унаган нутаг Архангайгаас бөх төрүүлэх үү, хадам аавын(Д.Цэрэнтогтох аварга)-хаа нутаг Өвөрхангайгаас начин төрүүлэх үү гэх хоёр сонголт түүнд ирнэ. Мөн шавь нар, дотнын дүү наргээдРагчаагийн ар өврөөс нүд нь бүлтэгнэн зүүгдэх нөхөд олон. Говь-Алтайн Ж.Бат-Эрдэнэ гарьд уламжлал ёсоороо Алтай нут­гийнхаа бөхчүүдээс нэгийг нь цолонд хүргэх байх. Өнгөрөгч жилүүдэд Л.Цэрэнтогтох, Б.Суманчулуун гээд “Хан­тайшир” дэвжээнийхээ бөхчүүдийг дараалан начин болгож байсан. Энэ жил Алтайгаас цойлоод гараад ирэхбөх ховор дуулдаад байгаа. Гэхдээ өөрийн хүчээр хоёр давчихсан нөхдөөс сонголт хийгээд гурав, дөрвийн даваанд дамжлаад гаргаад ирнэ биз дээ. Гурав дээр Ш.Тогтохбаяр юм уу, Л.Цэрэнтогтох начингууд аваад дөрөвт аягүй бол Б.Соронзонболд заантайоноолт таараад тав дээр Ж.Бат-Эдэнэ гарьд авах жишээний. Булганы Д.Баасандорж, М.Өсөхбаяр гээд ах дүү заанууд начин төрүүлдэг уламжлалтай. Булган хангайн дэвжээнээс А.Отгонбаатар юм уу, Б.Амарсайхан нараас дөрөв давбал тэд авна. Мөн “Хилчин” спорт хорооныхоо залуусаас дэмжиж таарна. “Хилчин”-гийн захирлаар Ц.Мягмарсүрэн заан ажиллаж байгаа. Тэгээд Баасандорж, Өсөхбаяр хоёрт юун түрүүнд Ховдынхоо залуусыг санал болгох байх. Тухайлбал, ул­сын цолонд хамгийн дээгүүр яригдаж байгаа Хангай болоод өөрийн шавь Баян-Өлгийн Баатарцол нарын хэн дөрөв давсныг нь санал болгох нь мэдээж. Мягаа заан зөвхөн Ховд гэж амиаталгүй “Хилчин”-гийнхээ бөхчүүдээс цол­тон төрүүлэхийг бас бодно. Өвөр­хангайн Чимэддорж тун сайн байгаа. Түүнийг Ганбаатар арслангийн шахалтаар Өсөхөө, Баасандорж хоёрын нэг авах магадлалтай.

Тавын даваанд Г.Өсөхбаяр, А.Сүхбат, С.Мөнхбат, Г.Эрхэмбаяр нарын дөрвөн аварга, Х.Мөнхбаатар, Б.Ганбат, До.Ганхуяг, Н.Батсуурь, П.Бүрэнтөгс, Д.Ажаргал нарын зургаан арслан, Н.Ганбаатар, Д.Рагчаа, Б.Гончигдамба, Ж.Бат-Эрдэнэ нарын дөрвөн гарьд ам авах юм бол цаана нь Ч.Санжаадамба, Б.Батмөнх, М.Өсөхбаяр, Ц.Содномдорж, Ө.Бат-Орших, Б.Пүрэвсайхан, Э.Оюунболд, Р.Пүрэвдагва энэ хэд хоорондоо халз тунах ньойлгомжтой. Энэ бол үзэгчдийн бүтэн жил хүлээсэн барилдаан юм. Тавын давааны төгсгөлд хэн хэн тунаж үлдэх нь үү гэдгээс тэр жилийн наадмын өнгө тодордог. Ухаандаа, тавын даваанд Пүрэвсайхан Пүрэвдагва хоёр тунана гэж ард түмэн ярьж байгаа. Тэгж ярихын зэрэгцээхоёр Пүрэвийн барилдаан хэрхэн өр­нөхийг тэсэн ядан хүлээж бай­­гаа. Өнөө жилПүрэвсайхан нь давах байх гэсэн таамаглал байна. Харцага, начингуудын халз барилдаанд Пүрэвсайхан давсан, ер нь сүүлийн үед даваад байгаа. Хэрвээ Пүрэвсайхан давбал тэр жилээ түрүүлэх болзлоо хангалаа гэсэн үг. Учир нь тавын даваанд хамгийн гол өрсөлдөгч Пүрэвдагвыгаа хаяна, зургаад шинээр начин болсон нэг залуугаар давчихна. Долоод А.Сүхбат аваргаар заан болно гээд барилдаан цааш үргэлжилнэ.

Долоогийн даваанд хүчит арс­ланХ.Мөнхбаатар нутгийн бөх харцагаЦ.Содномдоржийг ам­лаж заан болгоно. Гэхдээ эл яриа хөөрөө Содномдорж харцагатай холбоотой. Гол нь Содном өөр дэвжээнд бэлтгэл сургуулилт хийж, нутгийнхаа ах нарын сэт­гэлд сэв суулгахгүй бол Мөнхбаатар зоолттой авна. Өнгөрөгч жил “Хөвсгөлийн хүчтэн” дэвжээнээс тусдаа “Даян дээрхийн бөхийн дэвжээ” байгуулж, аймгийнхаа наадмыг бузарласан гэж хэн хүнгүй дургүй байдаг. Өөр аймгийн мөнгөө багтааж ядсан залуучуудыг авчирч аймгийнхаа наадмыг бузарлалаа хэмээн Ганхуяг харцагаас аваад олон хүн дургүйлхэж байсан. Өнөө жилийн хувьд тэрээр нутгийн ах Мөнхбаатараар долоо давж заан болоод үзүүр түрүүнд үлдэх боломж нээгдээд ирнэ. Долоогийн даваанд нутгийн ахаар заан болоод наймын даваанд Увс аймгийн харьяат Бат-Оршихыг тунаж давснаар түрүү үзүүрт үлдэх боломжоо нээж буй хэрэг.Зааны даваа буюу долоогийн даваанд Агваансамдангийн Сүхбат аварга Пүрэвсайхан харцагыг, Сүхбаатарын Мөнхбат аварга Увсын Ө.Бат-Орших харцагыг, Х.Мөнхбаатар арслан Ц.Содномдорж харцагыг амласнаар Б.Гончигдамба, Ч.Санжаадамба нар үлдэнэ. Санжаадамба дөрвийн даваанд Хангайтай таарахгүй бол үлдэнэ. Түрүү жил “Хоёр Дамба” долоогийн даваанд таарч Санжаадамба нь давсан. Гэвч Гончигдамба нь унаснаа зөвшөөрөөгүй. Үндсэндээ тахимаа өгөөгүй. Наадмын дараахан болсон Дамбын Хишгээгийн наадамд Гончигдамба нь Санжаадамбатай ба­рилдахаар очиж түрүүлсэн удаатай. Тэгэхээр хоёр Дамбын хувьд энэ жилийн наадамд хий гаргахгүй яс үзэх нь мэдээж. Ард түмэн Гончигдамбыг давна гэж үзэж байгаа. Ортой ч байлгүй. Энэ цаг үед тодорсонхоёр Дамбын хэн давсан нь түрүү үзүүр булаах хэмжээнд барилдана. Цагаан сараар түрүүлсэн Санжаадамба түрүүлнэ гэж л үзнэ. Хэд хэд хүчтэй сарлаг шиг туйлна. Гэвч залуу зааныг тогтоох хүн нь Гончигдамба л даа. Сүхбат аваргаар зааны давааг гаталсан Пүрэвсайханыг най­мын даваанд Гончигдамба гарьд амлана. Батзориг, Мягмарсүрэн заанууд Пүрэвсайхантай хамт барилдана. Гончигдамбыг хүчтэй шахаж татахад нь Пүрэвсайхан тогтож үлдэн дотуур тонгороод давна. Тунаж үлдсэн Содномдорж, Бат-Орших харцагуудын ба­рилдаан үзэгчдийг суудлаас нь өндөлзүүлнэ. Нэг хэсэг нь Бат-Оршихыг дэмжинэ. Ихэвчлэн Увс, Ховдынхон дэмжих нь мэдээж. Нэг хэсэг нь Содномдоржийг дэмжинэ. “Содном Содном” гэж цэн­гэлдэх дүүрэн хашгирна. Ингээд барилдааны явцад Содномдорж давахад цэнгэл­дэх тэр чигээрээ босоод ирнэ. Тэр жил Гантогтох, Өсөхөө хоёрыг үлдэн Өсөхөөг тү­рүүлэхэд төв цэнгэлдэх тэр чигээрээ босч ирж билээ. Яг түүн шиг юм болноо. Наймын да­ваа буюу их шөвгийн дөрөвт Гон­чигдамбагарьд түрүүлж ам авна. Өмнөх даваанд Сүхбат аварга Пүрэвсайханд, Мөнхбат аварга Бат-Ор­шиход, Мөнхбаатар арс­лан Содномдоржид унаж, Гончигдамба Санжаадамбыг тунаж давснаар төрийн наадмын их шөвгийн дөрөвт ам авч буй нь энэ л дээ. Гон­чигдамба Пүрэвсайханыг амлаж, Бат-Орших Сод­номдорж хоёр тунана. Ингээд ардын хувьсгалын ерэн дөрвөн жилийн ойн төрийн их баяр наадамд уран барилдаанч харцага Пүрэвсайхан тү­рүүлж, Ц.Содномдорж үзүүр­лэх магадлал тун өндөр бай­гаа. Пүрэвсайханы хувьд өн­гөрөгч наадмаас хойшихбүх барилдаанд тогтмол дээ­гүүр барилдаж, ихэвчлэн тү­рүү үзүүрт шалгарч ирсэн. Сод­номдорж мөн л бэлтгэл жигд байгаа бөгөөд болж өгвөл түрүүлчихээд байгаа юм.

Ө.МАНЛАЙ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
мэдээ цаг-үе

Өнөө жилийн наадмаар Б.Пүрэвсайхан түрүүлж, Ц.Содномдорж үзүүрлэнэ

Жил жилийн наадам дуулиан шуугианаар дүүрэн болдог. Өнөө жил ч ялгаагүй ээ, бөхийн барилдаан бүтэн жил яриад барагдахааргүй яриа хөөрөө, уйлаан майлаан, баяр хөөр, гомдол цөхрөл, харуусал, ялалтаар хослон өнгө алаглаж болох нь мэдээж. Тэртээ 2006 онд монгол бөхийн зүлэгт ногоон дэвжээнд зодог тайлж буйгаа зарлан, бөхөд хайртай олноо нус нулимстай нь хольж орхисон Сүхбат аварга дахин зодоглох нь нэгэнт тодорхой боллоо. Эндээс л өнөө жилийн наадмын бөхийн барилдаан үзэж харах юмтай, ярьж дуулгах сонинтой, олон түмний инээдэм, эгдүүцлийг хүргэсэн хошин аястай болох нь мэдрэгдээд эхэлж байгаа юм. “Чөлөөндөө суугаа хурандаа” гэдэг шиг зодгоо тайлаад удаж буй аварга нүцгэлэхээр наадам сүр дуулиантай болдог нь ямар учиртай юм бэ гэж гайхах хүмүүс байж магад. Тэгвэл өнгөрсөн жилийн хов жив, яриа хөөрөө намдаагүй байгаа шүү дээ.

Наадам ойртох тусам зарлигаар тодорсон хоёр дархан аваргын тухай хүчтэй яригдана. Түрүү жил Сүхбат нь зүүний магнайд гарна гэж орилж цамнаад, наадмын бөхийн барилдааныг эхлүүлэлгүй гацаагаад юу юу л болсон билээ. Гурвын даваанд Өсөхбаярыгаа амлаж ч байх шиг, ард түмнээ баясган цэнгүүлэх биш балмагдуулан гайхашруулж, уур бухимдлыг нь төрүүлж орхисон. Монгол бөхийн түүхэнд төрийн наадмын гурвын даваанд дархан аварга цолтой бөх дархан аваргаа амлаж байсан удаагүй. Гэвч монголчууд бид нэгэн “шинэ түүх”-ийн гэрч болцгоосон юм даг. Бөхийн холбооны гаргасан улсын цолтой бөхчүүдийн эрэмбээр Өсөхбаяр Сүхбатын өмнө босож байгаа. Үүнийг Р.Нямдорж тэргүүн баримттайгаар олон түмэнд дэлгэн үзүүлсэн. Энэ жил тэгээд Өсөхөө Сүхбат хоёрын хэн нь зүүний магнайд босох вэ. Бөхийн эрэмбэ, жудаг ёсоо дагах уу. Эс бөгөөс хэн нэгний санаа бодолд нийцүүлэх үү. Уг асуудлаас улбаалаад ардын хувьсгалын ерэн дөрвөн жилийн ойн бөхийн барилдаанаа сонин хачин эхлэх нь дамжиггүй.

Гурвын даваанд эрх биш Сүхбат нь Өсөхөөгөө эсвэл, Өсөхөө нь Сүхбатыгаа амлаж наадмын цэнгэл найрыг унагахгүй байлгүй. Зарлигаар тодорсон хоёр дархан аварга нутаг нугынхаа нас нь явж, харих тийшээгээ хандсан начингуудаас амлана. Гар зөөлөн давахаа тэд мэднэ л дээ. Харин дөрвийн давааныхаа ам бөхийг эртхэн шиг бэлдэж, “хор”-оо сайтар найруулж авахгүй бол тун чиг эвгүй. Ухаандаа дөрвийн даваанд Сүхбат аваргатай цолныхоо эрэмбээр Өвөрхангай аймгийн Уянга сумын харьяат аймгийн начин Хүрэл-Очирын Гантулга, Өсөхөө аваргатай Увс аймгийн Тэс сумын харьяат аймгийн заан Цэдэндоржийн Мөнхбаяр нар таарах магадлал өндөр. Тэд бол улсын цол цээжинд нь багтаж байгаа залуучууд. Гантулгаас Сүхбат аварга гуйж таарна. Барилдана гэвэл хэцүү юм чинь. Бахимхан биетэй, хоёрын гарын шуундаа жигтэйхэн тэнхээтэй аймгийн начин Сүхбат аваргыг маань ганцхан хүчтэй угзрахад элгээрээ харуулдаад л явчихдаг болов уу, яадаг бол. Ард түмэн шуугиж шаагиад сүйд болно. Тэгэхээр аваргад ам мэхээр аргалахаас өөр гарц байхгүй. Барилдахаар өрөхдөө жигтэйхэн инээд алдаад “Миний дүү ч өнгөтэй байх чинь. Ирэх жилээс ахынхаа Олимп дэвжээнд бэлтгэл сургуулилтаа хийнэ биз дээ” гээд гүйцээ. Өсөхөө аваргын хувьд хэрвээ Увсын Мөнхбаяртай таарвал мөн ч бэрхтэй. Тэр жил “Женко” дэвжээний Сугаржаргал гэж “хатуу самар”-тай дөрвийн даваанд учраа таараад тахимаа өгч байсан. Мөнхбаярын хувьд панаалдуулна гэж барагтай байхгүй. Яхир үзнэ. Гэхдээ Өсөхөө аварга сүүлийн зарим нэг жилд дөрвийн давааны учраагаа эхнээсээ бэлдэх болсон. Батцэнгэлийн “динозавр”-уудын нэг болох Дүгэржавын Хишигдорж заанаар гурвын даваанд залуу бөхийг амлуулаад тахимыг нь өгүүлчихэж байгаа. Хишгээ заанаар гурав давсан залуу эрэмбээрээ Өсөхөө аваргатай оноолт таарах жишээний. Энэ бол Мөөеө, Цэрэнтогтох нарын аваргуудын хийж ирсэн нарийн арга л даа. Мөөеө аварга Сосорбарам тэргүүтэй нутгийнхаа өвгөн арслангуудыг хэд хэдэн жил гүүр болгон ашигласан удаатай. Цэрэнтогтох аварга зарим жил мөн л өөрийн нутгийн Ганбаатар арсланг гүүр болгож байсан. Харин 2005 оны наадмаар байна уу даа, өнөө Ганбаатарынхаа аманд залуу бөх өгч, дөрвийн даваанд өөртэйгөө тааруулахаар төлөвлөчихсөн байтал Увсын Элбэгбаяр гэж лүд Цэрэнпунцаг гарьдаар гурав даваад Цэрэнтогтох аваргын маань хамаг төлөвлөгөөг нурааж байсан удаатай.

Гурвын даваанд залуучуудад хэвтээд өгөх хэд хэдэн “номхон тэмээ” бий. Балжаа аварга, Д.Мөнх-Эрдэнэ арслан, за тэгээд Ц.Мягмарсүрэн, Д.Бумбаяр,Ч. Батзориг, нарын заанууд, Г.Элбэг, Ховдын Т.Амартүвшин, Говь-Алтайн Ж.Амартүвшин нарын харцагууд гурвын даваанд буулт хийнэ. Мөн энэ жилээс И.Доржсамбуу гарьд гурвын даваанд тахим өгөх байх. Балжаа аварга мэдээж Увсынхаа залуучуудаас авна. Аймгийн хурц арслан О.Гантулгыг амлаж даваа ахиулах магадлал өндөртэй. Доржсамбуу гарьд Булганыхаа залуучуудаас авах байх. Тэр жил өөрийн хүргэн аймгийн арслан А.Отгонбаатарыг амлалгүй, “Ажнай” компанийн бөхийг начин болгож хүргэн дүүгээ гомдоосон тэрээр энэ жил гомдлыг нь тайлах зорилгоор гурвын даваанд амлаж таарна. Гэхдээ Ёндонсамбуу, Цогтжаргал гээд начингуудаар Отгонбаатарыгаа гар хөнгөн давуулаад өөрөө “Ажнай”-н бөх гэдэг шиг арай нааштай хандсан нэгэнд нь тахим буулгах хувилбараа хэдийнэ бодчихсон байгаа.

Мягмарсүрэн, Батзориг гээд Ховдын заанууд нутгийнхаа дүү нараас авах биз ээ. Мягаа заан өнгөрсөн жил О.Хангайгаа аваад өгч байсан. Өнөө жил дахиад амлаж шавийгаа тунаанаас гаргах бодол байж л байгаа. Батзоригийн хувьд төрсөн ахынхаа хүү энэ жилийн наадмын түрүү үзүүрт яригдаж байгаа Пүрэвсайханд бүх анхаарлаа хандуулчихсан нь тодорхой. Пүрэвсайханы даваа бүрийг нарийн тооцоолж, хэнтэй яаж барилдахыг нь нэгд нэгэнгүй бодчихсон, ёстой л Пүрэвсайханаар өвчилчихсөн байгаа. Дүүгийнхээ өмнөөс өөрөө нервтээд л. Бөөн зовлон байгаа биз дээ. Бумбаяр зааны хувьд өөрийн шавь “Алдартан” дэвжээний залуу хүчтэн цэргийн арслан Бадрахын Ганзоригийг амлаж тахимаа өгнө. Түүнд өөр гаргалгаа байхгүй. “Увс нуур” галынхан Гантулга, Ганзориг нарыг начин цолонд тааварлаад, Бат-Орших харцагыг их дээшээ зүтгүүлнэ гэсэн бодолтой байгаа нь мэдээж. Харцага цолтой бөх түрүүлүүлдэг бичигдээгүй хууль Увсынханд бий дээ. Залуу аварга Мөнхбат, арслан Батсуурь нар харцага цолноос төрийн наадмын түрүү бөхөөр тодорсон. Тиймийн учир “Увс нуур” галыг ахалж байгаа Гантогтох гарьд Бат-Орших харцгыг хараандаа авчихаад тусад нь битүүхэн нөөж байгаа байх.

Улсын харцага Д.Батболд өөрөө давчих юм бол гурав дээр нутгийн дүү Болдын Эрдэнэхүүг, Өвөрхангай нутгийн хүчтэй начингуудын нэг “Мөнхийн үсэг” группийн бөх П.Ганхүү нутгийн дүү Цэндзэсэмийн Чимэддоржийг, улсын харцага Г.Элбэг мөн л нутгийн дүү Хөвсгөл аймгийн арслан Хаш-Эрдэнийг гурав дээр авах магадлалтай. Өвөрхангайн “Их Монголын хүчтэн” дэвжээг олон жил дасгалжуулж буй Бандийн Ганбаатар арсланд бас нэг зовлон байдаг. Тэр нь өөрийн хүргэн аймгийн арслан Б.Батдорж юм. М.Жамъянпүрэв начин хоёр давчих юм бол Батдоржийгоо мундагдуулаад авахуулчихна. Жамъянпүрэв ч гэлтгүй Ганбаа арслангийн хүргэнийг гар хөнгөн гурав давуулчих цолтон Өвөрхангайнханд мундахгүй. Улсын цолны тааварт олон бичигдсэн бөхчүүдээс Сүхбаатарын Шарын Мөнгөнбаатар гэж аймгийн хурц арслан бий. Тэрээр энэ жилийн хувьд тун сайн байгаа. Бөхийн холбооны 25 жилийн ойн 1024 бөхийн барилдаанд Н.Ганбаатар гарьдаар зургаа, Увсын П.Бүрэнтөгс арслангаар долоо давж их шөвгийн наймд шалгараад Хэнтийн Э.Оюунболд харцагатай тунаж барилдаад өвдөг шороодсон. Түүнийг гурав дээр аваад гар хөнгөн давуулчих хүн байхгүй. Буянтоо аваргын зээ хүү Ц.Магалжав л барилддаггүй юм бол Сүхбаатараас өөр бөхгүй болоод байгаа. Тэгэхээр Мөнгөнбаатар өөрийн хүчээр л зүтгэнэ. Залуу начингуудын аманд очих уу, эсвэл гурвын давааны төгсгөлд Дундговийн Эрдэнэбатын Даш, Завханы Шархүүгийн Пүрэвгарьд, Баян-Өлгийн М.Эркебулан, Сэлэнгийн Б.Одгэрэл, Б.Дэлгэрсайхан, Дорнодын П.Мөнхбат, Булганы Б.Амарсайхан, Баянхонгорын Н.Золбоо, Ховдын Б.Бат-Өлзий нарын нэгтэй халз таарна. Гурвын давааны ам угтуулд Архангайн Б.Амарзаяа начин аймгийн арслан Ч.Ганзориг, М.Бадарч нарын аль нэгийг, Ховдын Н.Батзаяа мөн нутгийн дүү нар болох Мянгадын Н.Батсайхан, Дарвийн Б.Тайван, Зэрэг сумын Б.Бат-Өлзий нараас ам авах байх. Мөн өсөх идэр начин Цогтоогийн Лхагвасүрэн Ховдын залуучуудаасаа амлаж элэг бүсээ тайлна. Шоовдойхүүгийн Тогтохбаяр гэж Ш.Батсуурь аваргын нутгийн удамтай начин бий. Тэрээр гурвын даваанд өөрийн төрсөн дүү аймгийн хурц арслан Ш.Шинэбаярыг амлах нь мэдээж. Гурвын давааны төгсгөлд, дээрээ татаасгүй “бор зүрх”-ээрээ зүтгэж буй нөхөд хоорондоо яс үзэж таарна. Давсан нь улсын цолны төлөө, унасан нь дараа жилийн наадмыг хүлээх тийм л хоёр сонголт байдаг хойно.

Начны давааны наана дөрвийн даваа гэж тун өндөр босготой, эвгүйхэн даваа бий. Олон ч хүнийг бүдрүүлдэг даваа. Тэр жил зүүн, баруун жигүүрийн хоёр түүчээ болох Өсөхбаяр, Мөнхбат аваргуудыг элэг бүсийг нь тайлуулж байсан удаатай. Өсөхөө аварга Сугаржаргалд, залуу аварга С.Мөнхбат Увсын Бүрэнтөгс гэж залууд тахимаа өгч байлаа шүү дээ. Энэ жилийн хувьд Өсөхөө,Сүхбат хоёр хэн хэнтэй учраа таарах магадлалтайг дээр өгүүлсэн. Залгуулаад таамаглахад, залуу аварга Мөнхбат Завхан аймгийн арслан Пүрэвгарьдтай таарах магадлал өндөр байгаа. Түрүү жил таараад Пүрэвгарьд аваргыг хариугуй унагадгийн даваан дээр аз дутсан. Энэ жил бол айж бэргэх юм байхгүй, туранхай шазруун нөхөр чинь залуу аваргын баруун зүүн хөлд хэд хэд бусгаж дайрснаа, бултаж үзээд нэг мэдэх нь тонгороод шидчихийг байг гэхгүй. Пүрэвгарьд Мөнхбат аваргыг өвдөглүүлчих юм бол цэнгэлдэхэд багтаж ядан байгаа олон бах тав нь нэг ханасан мэт орилолдоод босоод ирнэ. Пүрэвгарьдын хувьд Мөнхбат аваргатай биш юм аа гэхэд Мөнхбаатар арслан, До.Ганхуяг хэнтэй нь ч таарсан хаяна гэж л үзнэ. Угз татаад гаргаад ирэхэд резин шиг л сунаад, улам наалдаад байдаг зовлонтой хүн л дээ.

Дөрвийн давааны нэг том дуулиан бол Санжаадамба, аймгийн арслан О.Хангай хоёр. Нэг хэсэг Харүмафүжи Бямбадоржийн ах Лхагвадорж начинг Санжаадамбын эрлэг гэж нэрлээд байлаа. Улсын наадамд ч, улс тунхагласны ой зэрэг заал танхимын барилдаанд ч дөрвийн давааны нугалаанд таараад хаядаг байсан. Тэгвэл сүүлийн үед залуу заан Санжаадамба Ховд аймгийн харьяат, Ховд нутгийн хөгжлийн сангийн бөх аймгийн арслан Хангайд хэд хэдэн удаа өвдөг шороодоод байгаа. Өст хүн өлийн даваанд гэгчээр өнөө Хангай гайхал чинь Санжаадамба заантай дөрвийн даваанд оноолт таарч баллах вий. Ээ дээ тэгвэл, Архангайн зон олны төдийгүй монгол түмний түрүүлнэ хэмээн хүлээж суугаа залуу заан, аймгийн арслан Хангайд тахимаа өгч, юун түрүүлэх манатай, тав давж шөвгөрөх ч үгүй хоцрох болно. Санжаадамба мэдээж хэд хэд хүчтэй туйлна. Гэвч Хангай арслан ирийг нь дарж, тогтоож байгаад ганцхан хавирчих талтай.

Дөрвийн давааны өөр нэг сонирхол татах барилдаан Хан Хэнтийн нутгийн хүү залуу харцага Э.Оюунболд, Сүхбаатар аймгийн арслан Шарын Мөнгөнбаатар нарын хооронд болох магадлалтай юм. Мөнгөнбааатрын хувьд Оюунболд харцагыг төвөггүйхэн мушгичих юм уу, дасгаж дасгаж байгаад ташаалдаж тонгорох дархан мэхээрээ тархиар нь газар шаачихаж чадах л хүн. Б.Бат-Эрдэнэ аваргын нутгийн хүү Э.Оюунболдыг их дээгүүр барилдана гэж олон хүн таамаглаж байгаа. Сав л хийвэл тунадаг Пүрэвдагва начин, Содномдорж харцага, Пүрэвсайхан харцагууд Оюунболдтой хэрхэн барилдахаа тооцоолж байгаа. Гэтэл дөрвийн давааны оноолтод Мөнгөнбаатарын дархан ташаанд явчихыг үнэндээ үгүйсгэхгүй юм. Сануулах, сэрэмжлүүлэх үүднээс үүнийг бичиж буй хэрэг шүү дээ.

Аймгийн цолтой бөхчүүдээс гойд сайн байгаа нь Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат Эрдэнэбатын Даш. Бие хаа, царай зүс сайхантай түүнийг Дундговь нутгийнхан Алтанхуяг, Пүрэвжав хоёроосоо илүүтэй хайрлаж, итгэл хүлээлгэх болсон дуулддаг. Дашийн хувьд өнөө жилийн наадмын дөрвийн даваанд Говь-Алтайн Э.Бат-Эрдэнэ, Н.Ганбаатар гарьдууд юм уу, Б.Соронзонболд заантай учраа таарах магадлал өндөр. “Хантайшир” дэвжээний дасгалжуулагч Доёдын Бадрах начин үүнийг анхаарах хэрэгтэй. Даш арслан Алтайн хөх харчуудын хэнийг нь ч байсан сунгаж татаад, наадамчдын уухайн дор элэг бүсийг нь тайлуулж мэднэ. Хоёр жилийнг өмнө байна уу даа, Говь-Алтайн өндөр Ганбаатар гарьдыг Увсын Төрөөгийн Баасанхүү гэж биеэр жижиг боловч элдэвтэй нөхөр салтаанд нь, хоёр хөлийнх нь хооронд хэд хэд эргэж байгаад яах ийхийн зуургүй бөгсөөр нь суулгачихаж билээ. Түүн шиг Гончигтавхай, Пүрэвгарьд, Амарсайхан, Чимэдвандан , Эрдэнэчулуун гээд элдэвтэй залуучууд цаана чинь олон бий. Тэд дөрвийн даваанд гараад ирвэл ёстой хяргана даа. Тэгэхээр дөрвийн даваа өндөр цолтой бөхчүүдэд хамгийн их халгаатай юм.

Ө.МАНЛАЙ

Үргэлжлэл бий

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *