Categories
мэдээ цаг-үе

Аварга О.Балжинням: Өнөө жилийн наадмаар цолоо дуудуулдаг юм билүү гэж бодож байгаа

Манай сонин жил бүрийн наадмын өмнө алдар цуутай эрхмүүдээс ярилцлага авдаг. Өнөө жилийн наадмын өмнө Самбо бөхийн дэлхийн аварга, жүдо бөхийн ДАШТ-ий мөнгөн медальт, Монгол Улсын аварга, гавьяат тамирчин, жүдо бөхийн Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч О.Бал­жин­нямын ярилцлага гарч байсныг нийтэлж байна.

-Та сайхан зусч байна уу?

-Сайхаан, сайхан зусч байна.

-Энд нийт хичнээн хүний бүрэлдэхүүнтэй баг гарчихаад байна вэ?

-Гран при тэмцээнд зохион байгуулж байгаа орон нь жин тус бүрт дөрвөн тамирчин оролцуулах эрхтэй байдаг. Эрэгтэй, эмэгтэй 56 тамирчин. Дээр нь багш дасгалжуулагч, эмч нар гээд нийт 62 хүн байна. Өнөө, маргаашгүй Өмнөд Монголын жүдогийн багийнхан энд ирж хамтарсан бэлтгэл хийх юм. Тэндээс долоо, найман хүн ирэх байх.

-Жүдочдын бэлтгэл хэр байна вэ?

-Энэ удаагийн тэмцээнд маш олон орон оролцохоор болоод байгаа. Яагаад гэхээр манай Гра-при маань олимпийн зуун онооны тэмцээн. Гол оноо өгөх тэмцээн учраас гадаадынхан их ирж байна. Тэрийг дагаад маш өрсөлдөөнтэй тэмцээн болно. Манай тамирчдын хувьд өөрийн эх оронд болж байгаа тэмцээнд оролцоод олимпийнхоо оноог нэмэх зорилготой байгаа. Бэлтгэл төлөвлөгөөний дагуу сайн явж байна.

-Жүдогийн бүхий л шилдгүүд байгаа харагдана?

-М.Уранцэцэг, Д.Сумъяа нар энэ тэмцээнд орохгүй. Тэд оюутны универсиад тэмцээнд явж байгаа. Универсиадыг оюутнуудын олимп гэдэг утгаар нь тэнд ач холбогдол өгч хоёр тамирчнаа оруулах шийдвэр гаргасан. Олимпийн аварга Н.Түвшинбаяр энэ удаагийн тэмцээнд оролцохгүй. Бусад бүх тамирчин маань Гран при тэмцээндээ оролцоно доо.

-Наадмын зүлэг ногоон дэвжээнээ барилддаг бөх, аварга хүний хувьд наадам дөхөхөөр битүүхэндээ сэтгэл хөдөлж, догдлох нь мэдээж. Танд ер нь хэзээнээс эхэлж наадмын сэтгэгдэл төрж, яардаг вэ?

-Ид барилдаж байх үед наадмыг бүтэн жил бодож явдаг шүү дээ. Наадмын бэлтгэлд гараад наадам ойртох тусам л сэтгэл хөдөл­дөг, ид барилдаж байхад. Дараа нь дасгалжуулагч болоод үндэсний бөхчүүдээ дасгалжуулахад бас л сайхан. Наадмыг хүлээгээд, дасгалжуулсан галаас бөх түрүүлэх бүр ч сайхан. Наадам бол Монголын ард түмний хувьд хүсэн хүлээдэг, бэлгэдэл болсон сайхан баяр. Тэгэхээр хүн бүхний л сэтгэл хөдөлдөг. Тэрэнтэй адил миний сэтгэл хөдлөөд л байж байна.

-Увсын бөхчүүд хаагуур галд гарсан бэ?

-Нэг л гал байгаа. Харзтайд. Жил болгон л тэнд гардаг.

-Та очиж байна уу?

-Очиж байгаа. Шигшээгийн дасгалжуулагч болохоос өмнө гурван жил Увсынхаа галд бөхчүүдийг дасгалжуулж гурван түрүү авсан. Шигшээ багт ирээд тамирчдаа ДАШТ, олимпод бэлтгэх хариуцлагатай ажилтай болсон болохоор нутгийнхаа галд хүссэн цагтаа очиж чадахгүй байгаа. Хүн чинь нэг л зорилготой байх ёстой.

-Нэгэн үе үндэсний бөхчүүдийн жингийн асуудал анхаарал татаж, уран барилдаантай бөхчүүд гарахгүй байна гэж наадамчид халаглаж байв. Бас сэргээшийн асуудал ч хөндөгдөж үндэсний бөхийн нэр хүнд муудсан. Харин сүүлийн жилүүдэд энэ спорт жаахан сэргэж, нэгэн үеийн шижигнэсэн сайхан залуу бөхчүүд гарч ирж байна уу даа гэж харагдаж байна?

-Тийм л дээ. Нэг хэсэг тийм байсан. Энэ бол дүрэмтэй л холбоотой асуудал байхгүй юу. Нөгөө барьц сонгуулдаг дүрэм гарснаас хойш бөхчүүд жингээ нэмэхээс өөр аргагүй болсон. Бөхчүүд уураг уугаад л хэвтэж байдаг болоод тэрнээс нь улбаалаад монгол бөхийн уран гоё барилдаанууд маш их ховордсон. Монгол бөх гэдэг чинь уран мэхийг уралдуулж, жин харгалзахгүйгээр барилдаан гаргадаг. Энэ тал нь нэлээд алдагдаж байсан. Одоо залуучууд маань тэрнийг ойлгоод, ивээн тэтгэгчид бөхийн галуудыг ивээн тэтгээд жилийн дөрвөн улирлын туршид бэлтгэл сургуулилттай болгосон. Энэ утгаараа үндэсний бөхөд шинэ залуучууд, залуу үе түрж гарч ирж байна л даа.

-Таны арслан цолтой барилддаг байсан үе их санагддаг юм. Та арслан цолтой хэдэн жил барилдсан юм бэ?

-Нэлээд удаан барилдсан даа. Дөрвөн жил барилдсан юм байна.

-Хэдэн оны үе гэсэн үг вэ?

-1991 онд түрүүлээд 1995 онд аварга болсон.

-Та өнөө жил барилдах уу. Зодоглоно гэсэн бодол байна уу?

-Үгүй ээ, яахав. Тамирчидтайгаа бэлтгэл хийж байна. Тэмцээн уралдаан дуусаад бие сайн байвал гарч цолоо дуудуулдаг юм билүү гэсэн бодолтой байна.

Гран при тэмцээн долдугаар сарын 6-ныг хүртэл үргэлжилнэ. Тэрний дараа Жүдо бөхийн олон улсын холбооноос гурав хоногийн албан ёсны хамтарсан бэлтгэл зарласан. Тэр бэлтгэлийг удирдана. Тэгж байтал долдугаар сарын есөн болчихно. Бэлтгэл сургууль ямар байх нь уу, биеийн байдлаа харж байгаад л гарна даа.

-Таны сэтгэлд наадамтай холбоотой олон дурсамж бий. Яг энэ агшинд хэдэн оны наадам сэтгэлд тань бууж байна вэ?

-Олон наадам байна л даа. Наадам болгон өөр өөрийн гэсэн онцлог, өөр өөрийн өнгө төрхтэй. Олон ч явдлууд болно. 1989 оны наадам сэтгэлд дурсамжтай наадам даа.

Улсын наадамд үзүүрлэчихээд арслан цолны үнэмлэхээ авчихаад байж байтал буцаагаад авчихаж билээ. Наадмын талбай дээрээс эргүүлээд аваад явчихсан. Тэр үед аав маань амьд сэрүүн, наадам үзээд сууж байсан юм. Хөдөөнөөс орж ирсэн хүн чинь гайхна шүү дээ. Дараа жил нь аав минь бурхан болсон л доо. Тэгээд би 1991 онд түрүүлээд арслан цол авч байсан. 1989 онд арслан цолны үнэмлэхээ гардаж авчихаад үнэхээр их баярлаж билээ. Тэгэхэд аав минь байсан юм шүү дээ. Тэр л их дурсамжтай наадам болсон доо.

-Яагаад өгсөн цолоо буцаагаад авчихсан юм бол?

-Мэдэхгүй. Б.Бат-Эрдэнэ аварга арслан цолтой түрүүлээд, би заан цолтой үзүүрлэсэн. Арслан цолныхоо үнэмлэхийг гардаж авчихаад сууж байлаа. Цолны үнэмлэхийг найз маань уншаад л их хөөр баяртай сууцгааж билээ. Тэгтэл Мөнхсайхан гэдэг Биеийн тамир, спорт хорооны хэлтсийн дарга байсан залуу ирээд “Маргааш хуралдаж байж өгөхөөр боллоо” гээд үнэмлэхийг минь аваад явчихсан. Тэгээд хуралдсан юм уу, яасан юм мэдэхгүй. “Өгөхөө больчихлоо” л гэцгээсэн дээ. Тэр нэг дурсамж юм уу даа.

-Наадмаар барилдаж байгаа бөх болгон л түрүүлчих юмсан, үзүүрлэчихвэл сайхан даа гэсэн бодолтой. Гэхдээ нэг, хоёрын даваанаас буцаж байгаа бөхчүүдийг харахаар ямар их бэлтгэл, хөлс хүч, урам зориг нь талаар болж, дотроо харамсч байгаа бол оо гэсэн бодол төрөөд болдоггүй юм?

-Надад нэг тийм тохиолдол байдаг юм. 1980 онд улсын наадамд аймгийн заан цолтой ирлээ. Улсын наадамд барилдаад хоёр давлаа. Тэр үед чинь давсан бөх нь очоод үнэмлэх дээрээ давсан гэсэн улаан тамга даруулдаг байсан юм. Би ч яахав хоёр давчихаад хоёр давсан гэдэг тамгаа даруулчихлаа. Гурвын даваа эхэллээ. Би суугаад л байлаа. Аймгийн цолтнууд хоорондоо оноолтоор барилдаж байна. Тэгтэл гэнэт л сүүлийн хоёр бөх гарлаа гэдэг юм байна. Би байдаггүй. Нэрийг минь хэн ч дуудсангүй. Би давсан гэсэн тамгатай үнэмлэхээ бариад хөлийн цэц дээр очдог юм байна. “Би давчихсан. Гэтэл энэ юу болоод байна вэ” гэлээ. Хөлийн цэцийнхэн “Бөх дуусчихлаа шүү дээ” гээд л бөөн юм боллоо. Тэд бөхчүүдийн нэрийг эхнээс нь шүүгээд үзтэл миний нэр байхгүй байна гэнэ. Тэгээд бүгдийг нь тулгаад үзтэл даваагүй нэг цэргийг давсан болгоод тэрнийг Эрдэнэтийн Б.Батхуяг начин амлаад барилдаад давчихсан байдаг. Ингээд бөөн юм болов. Б.Батхуяг начныг дуудаад “Ийм юм болжээ. Чи энэ хүнтэй барилд” гэсэн чинь нөгөөх чинь “Барилдахгүй” гээд бөөн юм болоод бүр уйлахын наагуур юм болж “Би мэдээгүй шүү дээ. Хүн амлаад л тэгээд хаячихсан” гээд. Тэр үе чинь социализмын үе болохоор наадам сондгойруулж болохгүй. Тэгээд бөхийн комисс хуралдаад надад гурвын давааны бай өгөөд хасчихаж билээ. Тийм тохиолдол гарч байсан юм шүү, 1980 онд. Тэр үед би заалны барилдаанд дөрөвт үлддэг, үзүүрлэдэг, заримд нь эв нь таарвал түрүүлдэг болчихсон байсан л даа. Хөдөөнөөс орж ирээд хоёр жил болчихсон байсан юм. Начины тааварт явдаг байлаа. Тэр жил 1980 оны олимп гээд Д.Цэрэнтогтох аварга гээд хэд хэдэн хүн барилдаагүй юм. Тавын даваанд Ж.Ганболд, Ө.Тулгаа хоёр тунаад Ө.Тулгаа начин болж байсан байхгүй юу. Тэр үед би тэр хоёрыг хоёуланг нь хаячихдаг болсон байсан. Харамсалтай. Хэргээр тэгж будлиан хийсэн юм уу, эсвэл тэгж андуурна гэж байх уу. Тэгж нэг хасагдаж байлаа даа.

-Хэрэв одоо тийм үйл явдал болсон бол бөхчүүд заргалдаад сүйд хийнэ дээ?

-Одоогийн энэ чөлөөт нийгэмд заргалдахаас гадна хэн тэгсэн, хэргээр тийм юм хийсэн бол хариуцлага хүлээлгэнэ. Аягүй бол давсан хүний гарт өгөөд дахиж барилдуулж мэднэ. Тэр үед тийм юм байхгүй. Дээд дарга нар мэдчихвэл бөөн юм болно гээд л тэрүүхэн тэндээ шийдээд л гурвын давааны бай өгөөд л явуулчихсан. Би чинь тэр нарийн ширийнийг сайн мэдэхгүй, гомдоод л гараад явсан. Одоо тийм юм болвол бөөн юм болно шүү дээ, тэглээ, ингэлээ гээд л фэйсбүүкээр бичээд. Ер нь чөлөөтэй болж дээ.

-Монголчууд маань зүлэг ногоон дэвжээнд учраагаа хүндэтгэдэг гүндүүгүй бөхчүүдийг их хүндэлдэг. Бас уран гоё барилдаантай бөхчүүдээ нүдээ баясган байж магтдаг шүү?

-Үндэсний бөх гэдэг чинь уран мэхийг уралдуулж хийдэг. Бага жинтэй ч гэсэн олон гоё мэх хийж давах, ард түмнээ цэнгүүлэх л асуудал. Хэтэрхий их өрсөлдөөн болгоод, давж л байвал боллоо, яаж давсан нь хамаагүй гээд бүдүүлэг байж болохгүй. Засуултайгаа ч бүдүүлэг харьцаж болохгүй. Учраа бөхчүүд хоорондоо эвгүй харьцаад. Тиймэрхүү юмнууд ажиглагдаж л байдаг. Ер нь даваа, нэр хүндийн төлөө л гэсэн үзэл рүү хазайгаад байна уу даа. Дээр үеийн бөхчүүд уран барилдаантай байлаа. Хайнцаж уначихаад л “Би түрүүлж хүрсэн байх аа”, “Чи дав” гээд л нэгнээ хүндэтгэдэг байлаа.

-Та сумогийн ДАШТ-ээс мөнгө, хоёр хүрэл медаль хүртэж байсан. Японд сумоч хүн өлсөнө гэж хэзээ ч байдаггүй. Гудмаар явж байхад л захын айл гэртээ урьдаг гэдэг. Манайд ч ялгаагүй бөхчүүдээ ихэд дээдэлдэг?

-Үндэсний спорт гэдгээр нь үнэхээр хүндэлдэг. Улсын ямар нэгэн цолтой, тэр дундаа аварга болчихвол бүр илүү. Улсын цол авчихаад аль ч аймаг, суманд очсон “Начин дээшээ суу”, “Заан дээшил”, “Аварга дээш ээ” гэдэг юм. Үнэхээр их хүндэлдэг. Япончууд сумочдоо хүндэлдэг гэдэгтэй адил байхгүй юу. Үндэсний өв соёлоо хадгалж явдаг болохоор үндэсний спортоо ихэд хүндэлдэг. Манай үндэсний бөх маш олон ёс уламжлалыг хадгалан ирсэн. Ах захаа хүндэтгэдэг, цолны эрэмбээ дээдэлдэг гээд олон сайхан чанартай.

-Тухайн жилийн наадмын гоёлыг бөхчүүд тодорхойлоод байдаг юм. Та өнөө жил ямар дээлээр гангарахаар төлөвлөв?

-Миний зодог, шуудаг, дээлийг гэргий маань л урладаг. Бие нь жаахан муудаад хэвтэрт байгаа. Тийм учраас өнөө жил яах юм байгаа юм.

-Бөх байхдаа өөрийнхөө л амжилтын төлөө гүйдэг байсан бол одоо Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч болсон болохоор олон хүний өмнөөс хариуцлага хүлээх болсон шүү?

-Тамирчин байхдаа өөрийнхөө л төлөө явдаг байлаа. Багшийн заасан юмыг хийчихээд л амжилт гаргавал баясчихаад л өөрт нэг их ачаа байхгүй. Дараа нь багш болчихоод маш том хариуцлага ирж байгааг ойлгосон. Сайн баг хамт олон бүрдэж байж амжилт гаргах нөхцөл нь бүрдэнэ. Дээр нь бэлтгэл сургууль хийж, тамирчин тус бүр дээрээ ажиллана. Тэр болгоныг л багш хүн харж байж л амжилт гаргана шүү дээ.

-Таныг жүдогийн шигшээ багийн тамирчид маань ямар ааш зантай багш гэж байна вэ. Өөрийг нь ер нь юу гэж тодорхойлох юм. Юм дуулав уу?

-Би хатуудаа хатуу. Энгийн үед бол зөөлөн шүү дээ. Намайг юу гэж дүгнэдгийг нь сайн мэдэхгүй (инээв). Хатуу талдаа л гэж ойлгодог. Жаахан айдаг байх. Багш, ахмад хүн гэдэг талаас минь эмээдэг. Тамирчин хүн гэдэг чинь хагас цэрэгжилтийн байдалтай л байдаг. Тийм байж л амжилт гаргана. Түүнээс биш дур дураараа давхиад байвал амжилт гаргахгүй. Тэрийг нь багш хүн зөв талаас нь ойлгуулах хэрэгтэй л дээ. Тэнд л багшийн ур чадвар орох байх даа.

-Хэдэн жилийн өмнө жүдогийн шигшээгийн Х.Цагаанбаатар тэргүүтэй тамирчид бөөнөөрөө энд тэндхийн наадамд зодоглоод дараа нь ДАШТ-ээс бүтэн багаараа хоосон ирж билээ. Өнөө жил жүдочдоос наадамд хэн хэн барилдах вэ?

-Зарим нь барилдана аа, барилдана. Н.Түвшинбаяр барилдана. Х.Цагаанбаатар эд нар яахав аймгуудын наадам энэ тэрд очно оо, очно. ДАШТ арай холхон байгаа. Х.Цагаанбаатар нэг, хоёрын даваанд гарч магадгүй ээ. Наадмын дараа 15-нд Тумений “Их дуулга”-д хэсэг тамирчид явна. Нэлээд өндөр оноотой тэмцээн юм.

Баяр наадам дөхөж байна. Монголын ард түмэн маань жил жилийн наадмаараа сайхан баярладаг. Энэ жилийн наадмаар Монголын ард түмэн минь сайхан баярлаж, наадам маань хур бороо тэгширсэн сайхан болоосой. Наадмын өнгө сайхан байвал ард түмний минь аж амьдрал, бүх юм нь сайжирдаг. Монголчууд цагаан сар, наадам гэсэн хоёр том баяраа ихэд хүндэтгэж, сэтгэлээ засч явдаг. Наадам сайхан болох байх аа. Монголын нийт ард түмэндээ сайхан наадаарай гэж ерөөе.

Д.ГАНСАРУУЛ

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *