Categories
мэдээ цаг-үе

Н.Оюунчимэг: Банк бус санхүүгийн байгууллагуудад эрх зүйн шинэ орчин дутагдаж байна

Санхүүгийн зохицуулах хорооны Бичил санхүүгийн зохицуулалтын газрын дарга Н.Оюунчимэгтэй ярилцлаа.

Сүүлийн үед банк бус санхүүгийн байгууллагууд нэлээд ихээр нэмэгдэж байгаа гэсэн. Энэ талаар тодруулъя?

-Банк бус санхүүгийн байгууллага (ББСБ) нь 2008 оноос 2014 оны хоорондох хугацаанд 132-өөс 378 болж, ажиллагсдын тоо 2008 онд 657 байсан бол 2014 оны эцсийн байдлаар 1678 болж 2.6 дахин, харилцагчдын тоо 2008 онд 120007 байсан бол 2014 оны эцсийн байдлаар 663098 болж буюу 5.5 дахин өсөөд байна. Түүнчлэн нийт актив 78.5 тэрбум төгрөгөөс 507.9 тэрбум төгрөг болж буюу 7.3 дахин, нийт зээл 46.4 тэрбум төгрөгөөс 303.1 тэрбум төгрөг болж буюу 10.1 дахин, татварын дараах цэвэр ашиг 3.9 тэрбум төгрөгөөс 36.6 тэрбум төгрөг болж буюу 28.1 дахин тус тус өссөн байна.

-Эдгээр байгууллагууд ямар хууль эрх зүйн хүрээнд үйл ажиллагаагаа явуулж байна вэ?

-ББСБ-ны тухай хууль нь 2002 онд батлагдан гарснаас хойш ББСБ-ууд Монгол Улсын санхүүгийн зах зээлд өөрийн орон зайг бүрдүүлж чадсан бөгөөд бичил, жижиг, дунд үйлдвэрлэлийн бизнесийг дэмжих, өрхийн болон иргэдийн орлогыг нэмэгдүүлэхэд тодорхой хувь нэмрээ оруулж ирсэн.

Гэвч энэ хуулийн хүрээнд ББСБ-ууд хуульд зааснаас өөр үйл ажиллагааг эрхлэх боломжгүй, үйл ажиллагаа нэмж эрхлэх бүртээ тусгай зөвшөөрөл авдаг нь үйл ажиллагаа өргөжүүлэхэд саад болж байдаг. Мөн өөрийн хөрөнгөөр үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагад тавигдах зохистой харьцаа, нөхцөл шаардлага бусдаас хөрөнгө татсан болон эрсдэл ихтэй үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагатай адил тогтоодог, өөр өөр үйл ажиллагаа эрхэлж байгаа боловч бүгд адил зохицуулалт, хяналтад хамрагддаг, тусгай зөвшөөрөл олгохоос татгалзах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох, санхүүгийн нэгдэлд хийх хяналт шалгалтын асуудал огт зохицуулагдаагүй гэх зэрэг асуудлууд байна.

-Энэ хууль батлагдсанаас хойш өөрчлөлт ороогүй юм уу?

-Зарчмын томоохон өөрчлөлт ороогүй. Зарим хууль шинээр батлагдах, нэмэлт өөрчлөлт орсонтой холбоотойгоор нэмэлт өөрчлөлт орж байсан. Тухайлбал, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хууль 2005 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр батлагдсанаар банк бус санхүүгийн үйл ажиллагааны зохицуулалт Санхүүгийн зохицуулах хорооны зохицуулалтын үйлчилгээний хүрээнд хамрагдахаар болсон, Санхүүгийн түрээс (лизинг)-ийн тухай хууль 2006 оны зургадугаар сарын 22-ны өдөр батлагдсанаар банк бус санхүүгийн үйл ажиллагааны нэр төрлөөс санхүүгийн түрээсийн үйлчилгээг хүчингүй болгож, хассан, Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хууль 2009 оны долдугаар сарын 09-ний өдөр батлагдсанаар банк бус санхүүгийн үйл ажиллагааны нэр төрөлд “үл хөдлөх хөрөнгө барьцаалахтай холбоотой санхүүгийн зуучлалын үйл ажиллагаа”-г нэмсэн, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсантай холбогдуулан 2010 оны зургадугаар сарын 24-ний өдөр Хороо нь ББСБ-ын өөрийн хөрөнгийг санхүү, бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран баталсан нягтлан бодох бүртгэлийн журмаар тодорхойлохоор өөрчлөлт оруулсан, Компаний тухай хуулийн шинэчлэн найруулсан хууль 2011 оны 10 дугаар 06-ны өдөр батлагдсанаар “хувь нийлүүлэгч”-ийг “хувьцаа эзэмшигч” болгон өөрчилсөн зэрэг нэмэлт өөрчлөлтүүд орсон байдаг.

-Хууль эрх зүйн орчин өөрчлөгдөнө гэсэн үг үү?

-Тийм ээ. Санхүүгийн зохицуулах хорооноос Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийг шинэчлэн найруулж, Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн 2013 оны 10 дугаар сарын хуралдаанд танилцуулж, улмаар уг хуралдаанаар хуулийн төслийг Сангийн яамаар дамжуулан Монгол Улсын Их Хуралд өргөн бариулах шийдвэр гарснаар Засгийн газрын 2014 оны зургадугаар сарын хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэж, санхүүгийн түрээс, ломбард, валютын арилжааны талаарх олон улсын судалгааг ирүүлэхийг үүрэг болгосны дагуу холбогдох судалгааг хийж хүргүүлсэн боловч дахин Засгийн газрын хуралд орж амжаагүй, шинэ Засгийн газар гарсан. Иймээс Хуулийн үзэл баримтлалыг дахин батлуулах, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж УИХ-д өргөн барих ажил хийгдэнэ.

-Хуульд ямар гол өөрчлөлт оруулахаар төсөл хийж байгаа вэ?

-Эрх зүйн болон практик шаардлагаас үндэслэн зарчмын олон өөрчлөлт хуулийн төсөлд тусгагдаж байгаа. Тухайлбал, одоогийн хуулиар үйл ажиллагаа бүрт тусгай зөвшөөрөл авахаар зохицуулагдаж байгааг нэг удаагийн тусгай зөвшөөрлөөр нэр бүхий12 үйлчилгээ эрхлэх боломжтой болох, үйл ажиллагааны төрлөөс шалтгаалан санхүүгийн үйл ажиллагаа эрхэлж буй байгуууллагыг гурав ангилж, хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээ, тавигдах нөхцөл шаардлага, шалгуур үзүүлэлт, зохистой харьцааг Хорооноос өөр өөрөөр тогтоож, үйл ажиллагааны төрлүүдийг бүртгэдэг байдлаар зохицуулах, тусгай зөвшөөрөл хүссэн этгээдийн бүрдүүлэх баримтбичиг, тусгай зөвшөөрөл олгох, олгохоос татгалзах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох үндэслэлийг хуульчилж, ил тод болгох, санхүүгийн үйлчилгээний төрлийг нэмэгдүүлэх, нэгдсэн хяналт, шалгалтыг тогтолцоог шинээр бүрдүүлэх, төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллагад шилжүүлэх зэрэг олон асуудлыг тусгасан.

-Үйл ажиллагаанаас шалтгаалан гурав ангилна гэсэн байна. Яаж ангилахаар төсөл явж байгаа вэ?

-Эрхлэх үйл ажиллагааны нэр төрлүүдээс хамааруулан “Валют солих цэг”, “Зээлийн байгууллага”, “Санхүүгийн байгууллага” гэж ангилан оноосон нэртэй хамт дэлгэрэнгүй тэмдэглэгээг хэрэглэж байхаар тусгасан. Үндсэндээ үйл ажиллагааны эрсдэлтэй нь холбон зохицуулалт, хяналтын арга хэмжээг авч хэрэгжүүлэх юм.

-Ярилцсанд баярлалаа.

Б.БАТ-ЭРДЭНЭ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *