Categories
мэдээ цаг-үе

Чинзориг начинтай “а”, жүжигчин Ариунбямбатай “б”-гийнхэн

“Содура”-гийн Мажыр, “Ану хатан”-ы Данжила баатар, “Ларьдма”-гийн архичин нөхөр, “Ар хударга”-ын мафийн толгойлогч гээд тоглосон кино бүртээ тэс өөр төрхийг харуулж чаддаг С.Ариунбямбатай хамт наймдугаар анги төгссөн охид, хөвгүүд өнөөдөр уулзана. Найм төгссөний 20 жилийнх нь ой гэнэ. Тэд одоогоос 23 жилийн өмнө Дундговийн гуравдугаар арван жилийн тавдугаар ангид анх удаа уулзжээ. Тэр жил аймагт нь гуравдугаар арван жил гэж анх байгуулагдаж, аймгийн төв хэсгийн орон сууцны, “Боржигон” гэр хорооллын эхний таван гудамжны хүүхдүүдийг автоматаар энэ сургууль руу шилжүүлсэн гэнэ. Биенээ танихгүй жаалууд “а” , “б” бүлэгт хуваагдаж ороод сүүлд арваа нэг анги болж төгсчээ.Тэгээд л “а”, “б”-гээрээ уулзъя гэцгээж. Ингэж уулзах санааг “б”-гийн Цэрэнжаргал, Уянгаа хоёр гаргажээ.

ТООС БУЖИГНАСАН ТАНХИМ, “ВЕСНА”-ТАЙ ДИСКО

“А”-гийнхан ч улсдаа танигдсан алдартантай. Улсын начин Чинзориг эдний ангийнх. Чинзориг начин багадаа зүггүй нь дэндсэн хүү байжээ. Ер нь “а”-гийнхан зүггүй дэггүйгээрээ, “б”-гийнхэн даруу төлөвөөрөө ялгардаг байж. Ямар сайндаа л “А”-г зургадугаар ангиас нь дааж авсан Ч.Багабайгаль багш “Би тэр үед дөнгөж төгссөн шинэхэн багш байлаа. Сургуулийн удирдлага хэцүү анги өглөө шүү л гэж байна. Завсарлагаанаар сэмхэн ажигласан чинь манай хэд жинхэнэ баллаж байна аа. Хөвгүүд нь ширээн дээгүүр сармагчин шиг харайлдаад. Анги бөөн тоос” гэж ярихав.

Ширээ дамждагуудын нэг нь Чинзориг Багабайгаль багш шавиа “Манай Чинзориг их шооч, хөгжилтэй, цагаахан, сахилгагүй хүү байсан юм. Хэзээний л спортод дуртай. Хөдөөний малчин айлын бие бялдар сайтай хүү байлаа. Одоо эх орондоо нэртэй, олноо баясгасан сайхан бөх болсон. Даруу төлөв, архи дарс уудаггүй их мундаг хүн болсонд нь шавиараа бахархдаг” гэж магтаж байна. Байгаль багш нэг удаа начинтай уулзаад бахархаж байгаагаа хэлэхэд “Намайг гуравхан зүйл хүмүүжүүлсэн. Нэг нь та, хоёр дахь нь цэрэг, гурав дахь нь спорт” гээд хөгжилтэй инээжээ.

Багабайгаль багш ан­гийнхаа хэн нэгийг алдаа гаргахад бүгдийг нь сандал өргүүлээд зогсоочихдог байж. “Яг тэр үедээ бол хэрэг тарьсан хүүхдүүддээ уурладаг байсан л даа. Гэхдээ тэрний хүчинд л бид нийтэч, биенээ гэсэн сэтгэлтэй болсон байх” гэж ангийн дарга Алтанцэцэг багшийнхаа шийтгэлийг зөвтгөв. Ангийнхан хоорондоо амь гэдэг нь ярианаас нь л илт. “А”-гийнхан гэр гэрээсээ хоол унд авчирч ширээ засаад Баярбаатарын авчирсан улаан өнгийн “Весна” гэдэг кассетны хөгжмийг тавьж байгаад дискоддог байж. Монголоосоо “Хар сарнай”, гадаадаас “Доктор Албан”, “Эм си Хамер”-ыг тавьж байгаад авч өгдөг байсныг нь Багабайгаль багш сонсоод нүдээ том болгож байна.

Хичээл тарсан хойгуур сургуулийн жижүүрээ “панаалдаж” ороод бу­жиг­нуулдаг албан бус “арга хэмжээ”-нийх нь нэг байсан бололтой. Зарим дискон дээр охид нь хөвгүүддээ заавал сурах арван бүжиг заана. Задгай цагаан, Хүмүүн төрөлхтөн, Гурван тамир, полько гээд ангидаа тоос таттал бүжиглэдэг байснаа их л хөгжилтэйгөөр ярьцгаана. “А”-гийнхан байсгээд л оройхон ангидаа цуглаж сүнс дууддаг байснаа ярьж инээлдэв. Чингис хаанаас эхлээд Нацагдорж хүртэл бүх л мундагуудын “сүнсийг дууддаг” байж. Шалгалт дөхөхөөр нөгөө “сүнс”-нүүдээсээ ямар билет таарахыг асуугаад суучихдаг гэж байгаа. Багабайгаль багш тэднийг долдугаар ангид байхад нь хот руу шилжиж, С.Нэргүй гэдэг багш дааж авч байжээ. Өнөөдөр болох уулзалтад хоёр багш нь хамт ирнэ гэсэн. Ч.Багабайгаль багш өдгөө гоц авьяастны 93-т газар зүй заадаг. Харин Ө.Түвшинтөгс багш 51 дүгээр сургуульд математикийн хичээл ордог юм байна. “Б”-гийн Түвшинтөгс багш “Тэр үед их залуу байжээ. Хичээл тарахаар суулгаж хичээлийг нь давтуулна. Өглөө эрт ирж давтлага өгнө. Манай ангийнханд тоглож наадах цаг зав гардаггүй байсан байхаа” гэж хэлээд инээмсэглэв.

“ХАР САРНАЙ”-ГААС ДУТАХГҮЙ “ХАР СҮҮДЭР”

“Б”-гийн Ө.Түвшинтөгс багш сүүлд “а”, “б”-гийнхныг нэг анги болж арав төгсөхөд нь анги даасан багш нь байжээ. С.Ариунбямба жүжигчнийг “Авьяаслаг хүү байсан. Урлагийн үзлэг болохоор гол ажлыг Ариунбямба л хийнэ. Аав нь гавьяат жүжигчин Сүхээ гэж мундаг хүн байсан юм. Театрт ажиллана. Ээж нь хөгжимчин. Урлагийн ямар ч арга хэмжээнд манай ангийнхан нүүр улайхгүй. Театраас хувцас хэрэглэл авчирчихна. Баримал барихдаа уран гэж яана. Хуруун чинээ хүнийг урласан байсныг нь мартдаггүй юм. Тийм жаахан баримлын гутал нь ямар жижиг байх билээ. Тэгээд бас 32 угалзтай монгол гутал. Хээ бүр нь нарийн харагдахаар хийснийг нь хараад толгой сэгсэрч байсан шүү” гэж ирээд ярьж байна. Нөгөө бүлгийнх нь Ч.Байгаль багш ч дуугүй суусангүй. “Дүрслэх урлагийн хичээл дээр баримлынх нь үзэсгэлэн гарахад үнэхээр би­­­­ширсэн. Чингисийн морьтон баат­руудыг баримлыг шавраар урласан байсан юм. Шар үнэгэн малгайных нь хар сор ялгарч харагдаад, үнэхээр гайхалтай. Одоо бодоод байх нь ээ гоц авьяастай хүү байж. Тэр үед авьяасыг нь хөгжүүлээд явсан бол мундаг уран барималч болох байж дээ гэж боддог юм” гэж дурсамж сөхлөө. “А”-гийн Алтанцэцэг хажуунаас “Ариунбямба баримлаа сэргээгээд эхэлсэн. Саяхан фэйсбүүктээ сүүлд хийсэн баримлынхаа зургийг оруулсан харагдсан. Хүмүүс их гоё болж гэж үнэлсэн байна лээ” гэж сонирхуулав. Бүр баримлынх нь зургийг харууллаа. Авьяаслаг ба­рималч байсныг нь илтгэхээр сүртэй бүтээл санагдав. “А”, “Б”-гийнхныг долоо, наймд сурч байхад “Хар сарнай” хамтлаг ид шуугиулж байж. Ариунбямба ч аймагтаа “Хар сарнай”-гаас дутахгүй шуугиулж явсныг ангийнхнаас нь сонсов. Амараа, Маадай хоёрын стилээр дуулж бүжиглэдэг “Хар сүүдэр” хамтлаг” бай­гуулж, аймагтаа хүүхдийн анхны тайлан тоглолт хийж мандаж явжээ.

Сониноос аймгийн сур­­­­гуулиудыг хамарсан жүжгийн тэмцээнд “а”, “б”-гээрээ нийлээд орж байж. С.Буяннэмэхийн “Харанхуй засаг” жүжгийг тоглож байжээ. Гэхдээ гол дүрд нь Ариунбямба биш Түмэнжаргал тоглосон гэнэ. Одоо “ТОМ консалтинг” компанийн гүйцэтгэх за­хирлаар ажилладаг Түмээ “Би Ариунбямбатай хааяа уулзахаараа тэр жүжигт яагаад чи биш би тоглосон юм бол гэж хошигнодог юм” гээд хөгжилтэй инээв. “Харанхуй засаг” жүжигт Баярбаатар аавын дүрийг бүтээсэн бол Өнөрөө ээжийн дүрийг бүтээжээ. Ямартай ч хоёр анги амь нэгтэйгээр жүжигт тоглож, аймагтаа тэргүүлж байж.

Алтанцэцэг “Тэр үед чинь хот хөдөөгийн хүүхдүүдийн ялгаа их байсан юм. Манай ангид хотоос нэг хүү шилжиж ирлээ. Орос формтой цав цагаан хүү. Яг тэр үед хойд Солонгосын кино их гардаг байлаа. “Тушаал номер 27”, “Эхийн сэтгэл” гээд. Баярааг анх хараад, хөөх солонгос кинонд гардаг хүүхдүүдтэй ямар адилхан юм бэ гэж бодсоноо мартдаггүй юм” гэж бөөн инээдэм болов. Тэдний чөлөөт цагаараа хийдэг зүйлсийн нэг нь спорт зааланд болдог нийтийн бүжиг. Аймгийн бүх л ахлах ангийнхан нийлж байгаад бүжиглэдэг байж.

Тэр үед намар хичээл эхлэнгүүт спартакиад гэж болдог байсныг “а”, “б”-гийнхэн дурсацгаав. 100, 400 метрийн гүйлт, уртын харайлт, бөөрөнцөг, зээрэнцэг шидэх гэсэн спортын төрлүүдтэй энэ арга хэмжээнд анги ангиараа хичээж бэлдээд ордог байжээ. “А”-гаас гэхэд л спортоор Баттунгалаг, Төгс, Золзаяа нар мундаг нь байсан гэнэ.

ХРОМЫГ КОВБОЙ БОЛГОСОН ХӨВГҮҮД, ХЯТАД ШААХАЙГААР ГАНГАРСАН ОХИД

Тэр үеийнхний гоёо ямар байсныг “а”, “б”-гийнхэн ам булаалдан ярьцгаав. “А”-гийн Ариунбямба, Алтаншагай, Нямка, Содко нар гэхэд л моодонд орж байсан ковбойгоор гангардаг байж. Гэхдээ жинхэнийг нь биш. Хромон гутлыг хоёр хажуугаас нь дарж махийлгаад яг ковбой хэлбэрийн болгоод өмсчихдөг байж. Бас болоогүй ээ, урдаа төмөр тоноглолтой. “Төмөр тоноглолоо молоконы лаазаар л хийсэн байх” гэж Алтанцэцэг таамаглав. Тэр үед хичээл дээр формоос өөр хувцас өмсдөггүй байсан болохоор охид гутлаараа гангарах л боломжтой. Хятад хамба хилэн шаахайтай охин бол хамгийн ганган нь байж. Эхлээд өмсч ирсэн охин нь Өнөрөө гэнэ. Ангийнх нь Отгонбаяр бүр сүүлд “Өнөрөө шиг гуталтай охин тэр үед байгаагүй л юмдаг. Бараг өөрт нь биш гутланд нь дурласан байх аа” гэж ангийнхнаа хөгжөөж байжээ.

Хөвгүүдийн бас нэг гоёо нь пирамид гэсэн нэртэй өргөн жинс. Өргөн өмд олоогүй нь өмдөө задалж байгаад албаар өргөн болгож өмсдөг байж. Охид хөвгүүд чөлөөт цагаараа “Талын туяа” театрт гурван цагаас гардаг кинонуудыг үзнэ. Хойд Солонгосын киноноос гадна Энэтхэг кино их гардаг байжээ. Тэр үеийн охидын хобби нь чихэр, шоколадны цаас цуглуулах. Мөнгөлөг цаасыг тусад нь цуглуулж байгаад сүлжиж элдэв гоёл хийдэг байснаа ярьцгаав. За тэгээд марк, ил захидал, “дональд” бохьны наадаг зураг гээд өчнөөн юм цуглуулж хадгалдаг байжээ. “А”-гийн Энхээ “Тэр үед хадгалж байсан марк, доналд бохьны цуврал зураг одоо ч байгаа” гэж ярианд оролцов. Дурсамжийн дэвтэр аялуулдаг байснаа баахан ярив. Сониноос ихэнх охидын дурсгалын дэвтэрт хөвгүүдийн нэр байдаггүй гэнэ. “Ичимхий байжээ” гэж охид өөрсдийгөө тодорхойлно лээ.

“А”-гийн Багабайгаль багш “Манай ангийн хөвгүүд бараг бүгдээрээ удирдах зохион байгуулах авьяастай мундаг хүмүүс болжээ. Данзанноров хуулийн фирмтэй. Баярбаатар гэхэд “Өдрийн сонин”-ы албаны дарга, Эрдэнэбат “Скайтель” компанийн гол инженер, Чинзориг, Цолмон,Содномжамц гээд бүгдээрээ мундаг амьдарч байна. Зүтгэл сэтгэл байвал мундаг амьдардгийн л тод жишээ юм даа“ гэж байна. Сүүлийн үеийн хүүхдүүд компанийн захирал, дарга болно гэж мөрөөдөх болсонд эмзэглэж явдгаа ч нуусангүй. Хүүхдүүд баялаг бүтээх мэргэжил сонирхвол улс хөгжинө гэсэн санаа нь содон дуулдав. Багабайгаль багшийгаа газар зүйн хи­чээлийг хачин гоё заадаг гээд шавь нар нь ам сайтай юм. “А”-гийн Өнөрөө гэхэд л багшийнхаа заадаг гоё хичээлийн амтанд орж аялал жуулчлалын ангид элсчээ. Одоо аяллын компани, ресторантай мундаг бизнесмэн гэнэ. Ноднин багштайгаа уулзаж баярласнаа хэлжээ.

Манай сонины редакцид цугласан Түмээ, Алтанцэцэг, Энхээ гурав хоёр багштайгаа нийлж байгаад ангийнхныхаа тухай баахан ярив. “Б”-гийн С.Буджав Дундговь аймгийн ИТХ-ын дарга болсон гэнэ. Жижигхэн биетэй, хөдөлмөрч, хөдөлгөөнтэй гэж жигтэйхэн хүү байж. Түвшинтөгс багш нь “Барьж авах гэхээр үсрээд алга болчихно. Одоо бол өндөр сайхан залуу болсон” гэж байна. Түмээ нэг онигоо ярилаа. “Б”-гийн ангийн дарга Батбаатар өндөр болохоороо том ангийн ах нар шиг харагддаг байж.

Ангийнхан дундаа “аав” гэсэн хочтой. Нэг жилийн цагаан сараар Батбаатар, Буджав хоёр ангийнхаа Есөнчимэгийнд очиж л дээ. Ангийн охиных нь ээж Батбаатарт архи өгч тамхи бэлэглээд Буджавыг ундаагаар дайлж, амны алчуур бэлэглэжээ. Сүүлд охиноосоо учрыг нь мэдээд гайхсныг бодоход эрс тэс ялгаатай нөхөд л орсон бололтой юм. Аймагт болсон анхны реп бүжгийн тэмцээнд урлагаараа манлайлдаг “а”-гийн Цолмон орж тэргүүн байр эзэлж байж. Алтанцэцэг, Энхээ хоёрыг ангийнх нь багш онц сурлагатай мундаг охид байсан гэж магтав. “А”-гийн Нарантуяа Англид олон жил ажиллаж байгаад иржээ. “А”-гийн бас нэг мундаг залуу нь хурандаа Нямбат. Нямбат Алтанцэцэг, Энхээ хоёртой их найз байж. Аав нь эмэгтэйчүүдийн эмч болохоор нөгөө хоёртоо эмэгтэй хүн ийм тийм байх ёстой гэж ирээд “том хүний” сэдвээр хачин сонирхолтой зүйл ярьдаг байсан гэнэ.

“А”-гийн ардын дууг хан­гинатал дуулдаг Мөнхбатыг багш нь “Их хөөрхөн хүү байсан. Алиалагч Батсүхтэй адилхан гэж яана. Урлагийн үзлэгийн гол хүн” хэмээн магтав. “Б”-гийн Түвшинтөгс багш хажуунаас “Манайд бол Хонгороо урлагтаа мундаг байлаа. Хэд хэдэн хөгжим тоглодог авьяастай охин байсан” гэж байна.

ВАЛЬС ЭРГЭЖ, ШОГШОО ХИЙСЭН ХОНХНЫ БАЯР

“А”, “б”-гийнхэн багш олонтой юм. Баттунгалаг, Мөнхбат гэж ирээд өчнөөн нэр хэллээ. Тэр үед хонхны баяр гэж одоогийнх шиг сүйд болдоггүй байж. Хонхоо зүүж, дурсамж хичээлдээ сууж, зургаа татуулаад аймгийнхаа Хар овоон дээр алхаж очно. Орой тийшээ спорт зааландаа вальс эргэж, шогшоо хийгээд л хонхны баярын арга хэм­жээ гүйцээ. Харин төгссөн жилийнхээ өвөл нь “Сургууль төгсөгчдийн уламжлалт сүлд модны наадам” гэж хийдэг байжээ.

Бас болоогүй ээ, тэр ар­га хэмжээгээ СТУСМН гэж товчлоод нэрлэчихсэн. Энэ үедээ л зад баярладаг байж. Зад баярлана гэдэг нь чимж гоёсон зааланд дуулж, хуурдаж, өвлийн өвөөгөөс бэлэг авах. “А”, “б”-гийнхэн гэж ялгахгүй нийлж дүрсгүйтсэн тухайгаа ярьцгааж байна. Хонгороо Уянгаа Ундармаа Мөнхжаргал Баярцэнгэл дөрөв бол “Б”-гийн ХУУМБ. Нэрнийх нь товчлолоор ингэж дууддаг байж. Өнөө дөрвөө “а”-гийн дөрвөн хүүтэй үерхэх ёстой гээд найзлуулж хөглөж байснаа ярьж инээлдэв. “А”-гийн дөрвийг бас товчилсон үсгээр дууддаг байсан гэнэ. “А”, “б”-гийхний уулзахдаа ярихгүй өнгөрч чаддаггүй дүрсгүйтлийнх нь нэг аж.

Наймдугаар анги төгс­сөний хорин жилийн ойн уулзалтад “А”-гийн гурван хүүхэд албан ёсоор чөлөө хүсчээ. Багшийн мэргэжилтэй Энхцэцэг элсэлтийн ерөнхий шалгалтын үе таарсан тул Хэнтий аймаг руу томилолтоор явжээ. Цэцэрлэгийн багш Мөнхдэлгэр Орос руу бай­гууллагаараа аялалд яв­сан гэнэ. Дундговийн онцгой байдлын хэлтэст ажилладаг Одбаяр Таван толгойд бэлт­гэлд гарчээ.

Энхийг сахиулахаар явах гэж байгаа аж. Найм төгссөнөөс хойш уул­заагүй, хөдөө амьдардаг Сайхантуяа, Чулуунсүрэн, Энхтунгалагт урилга өгсөн ч ирж амжихгүйгээ дуулгажээ. Харин Уламбаатарыгаа иргэний бүртгэлийн шугамаар хайлгаад ч олоогүй гэнэ. Алтанцэцэг “Овгийг чинь мэдэхгүй болохоор олоход хэцүү байна. Сонин уншвал холбогдоорой” гэсэн үгийг ангийнхаа хүүд дайсан.

Ц.БААСАНСҮРЭН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *