Categories
мэдээ улс-төр цаг-үе

“Хар юмнаасаа” болж төрхөмдөө гүйсэн хүүхэн шиг Хаянхярваад шаралхсан эмэгтэй гишүүд хурлаа хаялаа

Монголын хөдөөд зун бүр л залуу хосууд битгий хэл нас тогтож намба суусан эхнэр нөхрийн дунд тохиолддог нэг явдал бий. Ид ажлын үеэр хосууд муудалцаж эхнэр нь авчирсан инжээ чирэн төрхөм рүүгээ гүйдэг дээ. Ингээд хот айл эзэнгүй шахам үлдэж эл хуль оргин зуны дэлгэр цагт тэднийх л хэд хоногийг дүнсгэрээс дүнсгэр өнгөрүүлдэг. Хавь ойрын ахан дүүс бууж мордоход аяга цай, тавагтай идээ дөхүүлэх хүнгүй, ээзгий, ааруул нь шувууны сангастай холилдож, охь нэрмэлийн сав хоосорч, айраг цэгээний бүлэлт муудаад амны зугаа болдог тал бий. Хот нь, хонины унгасаар дүүрч, үнээ тугал нь нийлж, сүү нь ихэдсэн хурга, ишиг чацга алдаж ажил цалгардаад таван ханатад багтаад байсан амьдрал талын нэг тардгийг хүн бүр мэдэх.

Хонхорын хөгшид “Яагаад явчихаав дээ, юунаас болж салж сарнихдаа тулаа вэ. Хөөрхий” гэж хаа нэг асууж лавлана. Явахаас ч аргагүй байдалд орсон яриа энэ үеэр сонстдог. Нөхөр нь гэж нэг панзчин хар юм гадуур гавихгүй наймаа хөөж гөлөгний чив шиг чулуун соруултай мод толгой олж ирчихээд түүнийгээ “Гаанс авчихлаа” гэж орсон, гарсанд гайхуулж сайрхан, салбагнасан байдаг. Наймаанд одгүй шигээ морь уяна. Уяад хурдалдаггүй нь гаажтай. Наадам болгон руу морио хөтөлж хүүгээ дагуулна. Ингээд л эх, үр хоёрын нулимсыг барна. “Эр хүн хө” гэж хүүгээ хөөргөж байгаад эмнэг шахам адгуусны нуруун дээр дарцаглуулж хатаана. Хүүгээ амьд ирээсэй гэсэн эхийн сэтгэл гансарч шар махтайгаа хатна. Шөнө нойргүй хоносон эх хүүгээ уралдаад түрүүлснийг сонсвол амьдралаа бүр ч үзэн ядна. Хүү нь түрүүлсэн бол морь нь хурдан гэсэн үг. Үүнд урамшсан эр тэр зундаа л гэрийн бараа харна гэж байхгүй. Тэр хэрээрээ хүүгийн амь хүлгийн нуруун дээр дэнжигнэнэ. Тэгээд болоогүй уяад хурдалдаггүй адсагаа авсан гаансныхаа өрөнд өгөлгүй амьжиргаа залгуулдаг сүүний ганц үнээгээ зүсэлж гэргийгээ давчдуулна. Энэ бүхнийг тэвчиж чадаагүй эхнэр хүн хөнжил, гудас, хэдэн тэрлэгээ морин тэрэг дээрээ ачаалаад төрхөмдөө очдог нь тэр. Жилийн жилд нөхөр нь ийнхүү савсагнаж эхнэр нь сурсан зангаараа хамаг ажлаа хаяад харьж, туньдаг нь энэ.

Монголын хөдөөд биш Монголын парламентад энэ үзэгдэл тавигдаж асуудал хурцадлаа. Сонгууль дөхөөд ч тэр үү эрэгтэй гишүүд дээрэлхэж бялхалзаад эмэгтэйчүүд нь харин гомдож туниад Төрийн ордонд сүйд болцгоож байна. Манай хэдэн эмэгтэй гишүүд амины ганц үнээгээ арчлах лугаа “Хүүхэд асрах үйлчилгээний тухай хуулийг батална. Эх, хүүхдийн ирээдүйн сайн сайхны баталгааг хангана” хэмээн ам тангаргаа өгсөөр энэ парламентийг элээж байгаа. Тэдний сүүлийн гурван жил ярьсан, араас нь хөөцөлдсөн ганц ажил болох энэ чухал хуулийг УИХ-аар хэлэлцэж эхэлсэн юм, уг нь. Гэтэл тэд чуулганы хуралдаанд суухаа больжээ.

Ийм эгзэгтэй үед эмэгтэй гишүүд яагаад төрхөмөө санагалзаж, чуулганыг орхив гэдгийг лавлахад гол нь “муусайн” эрэгтэй гишүүд “Бид хуулийг чинь дэмжихгүй. Та нар дураараа бол” гэсэн байна. Бүр завсарлага авч савсагнасан байх юм, МАН. Дээр дурдсанчлан өрөндөө морио өгөхгүй үнээгээ өгнө гэгчээр Д.Хаянхярваа гишүүн “Хүүхэд харах үйлчилгээнд өгөх 60 тэрбум төгрөг чинь хаа байна. Төсөв бүрдэхгүй хүнд, эдийн засаг эргэлтгүй муу байна. Улс орноо боддоггүй яачихсан улс вэ” гэж хүүхдийн асуудлыг хойш тавьж зад загнан өрхийн тэргүүний зангараг заажээ.Ийнхүү “Хар юмнаасаа” болж төрхөмдөө гүйсэн хүүхэн шиг Хаянхярваа гишүүнд шаралхсан эмэгтэй гишүүд хурлаа хаялаа. “Ширээн дээр тавихаар шороон дээр унав” гэдэг шиг асуудал үүсчихээд байхад эмэгтэй гишүүдийн тэвчээр алдарч чуулганы хурлыг орхих нь бүү хэл тойрог хэмээх төрхөмдөө гүйж очин гоморхсон ч багадах биз. Ингэж л хөдөө айлын эхнэр хөнжил, гудсаа баглаад явчихсан юм шиг Их хурлын чуулганы хуралдаан эл хуль хэд хонох янзтай байна.

Уг нь асуудлыг нарийн ярих дээрээ тулбал 60 тэрбум төгрөг гэдэг наадмын үеэр урьж авчрах гээд байгаа гадны, хэлийг нь мэдэхгүй нүцгэн шахам дуучны хоногт олдог мөнгөнд ч дүйхээ больсон цаг. Энэ зэргийн мөнгө Монголын төрд байж л байгаа. Ийм хэмжээний мөнгийг босгоё гэвэл босгож чаддагийг Их хурлын ги­шүү­дийн гаргасан олон ч шийдвэрээс харж бол­но. Уг мөнгийг өөр зүйлд зар­цуулахаар болж хэрхэн хуваах вэ гэдгийг ярьсан бол эрэгтэй гишүүд жинхэнэ панзчины араншингаа гаргаж яаравчлан хэлэлцээд эхэлдгийг олон түмэн өдөр бүр л харж байдаг.

Харин эмэгтэй гишүүд шийд­сэн чигтээ хатуу байж, аргадахад нь чуулганы танхим руу эргээд орчихгүй л бол хүлээлт үүсгээд байгаа асуудал нэг тийш болох юм гэсэн. Хууль батлагдсанаар гэртээ ганцаараа цоожлогддог 56 мянган хүүхдийн асуудал шийдэгдэх гэнэ билээ. Эмэгтэйчүүд ч хүүхдээ тө­рүүлчихээд гэртээ сууж байхдаа нэг гэр барьчихаад сардаа 250-350 мянган төгрөгийн цалин авч нөх­рийнхөө гарыг харахгүй, “саа­лийн үнээгээ өгөх гэлээ” гэж хэрэлдэхгүй байх хэмжээнд хүрч асуудал шийдэгдэнэ гэж тооцоолсон юм байна. Гудамж бүрт хүүхэд харах төвүүд байгуулагдаж бүтэн өдрийн турш эцэг эх нь таван ханатад багтдаг амьдралаа талын энгээр тараачихгүй ажил, хөдөлмөрөө эрхлээд явах боломж бүрдэх аж. Төрийн зүгээс ч шахалт дарамт учруулахгүй, хянахгүй, стандарт тогтоохгүй гэсэн заалтууд уг хуульд байгаа нь авууштай гэдгийг УИХ-ын эмэгтэй гишүүд уйлах шахам ярьж байгаа. Гэтэл үр дүнд УИХ дүнсийж орхилоо.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *