Жил бүрийн дөрөвдүгээр сарын 1-нээс зургадугаар сарын 15-ныг хүртэл загас агнахыг хориглосон байдаг. Хэрэв загас түрсээ шахаж байх үеэр агнавал хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэхүйц мөнгөн дүнгээр торгох учиртай. Өнгөрсөн даваа гаригт хорио тавигдаж загасчдын магнай тэнийлээ. Ангийн улирлын нээлтээ хэрхэн хийж буйг сурвалжлахаар Архангайн Өгий нуурыг зорив. Бусад гол, мөрнүүдийг бодвол зам сайтай болохоор загасчид Өгий нуур руу явах нь элбэг. Гэхдээ нуураас загас барих нь голыг бодвол амар учраас хялбар анд дуртай хүмүүс голдуу ирдэг ажээ. Өгий нуур руу Булганы Дашинчилэнгээр дайрч явах бөгөөд 317 дахь км-ээр зүүн эргээд орчихно. Булган, Архангайн нутгаар зуншлага тааруу, гандуухан маягтай байсан. Нуурын эрэг дээр очиход зүлэг нь ногоорч урин цагийн сайхныг гайхуулж байв. Жуулчны баазууд ангийн улирал эхэлж буйтай холбогдуулаад үйл ажиллагаагаа жигдрүүлчихэж. Энд дөрвөн жуулчны бааз ажилладаг юм байна. Зургадугаар сарын эхээр гэр барьж, зочдоо хүлээж авч эхлээд наймдугаар сарын 20-доор буудаг гэнэ. Нуурын зүүн эрэгт байх жуулчны баазууд гэрийнхээ орыг хоногийн 25 мянгаар үнэлжээ.
Дотроо таван ортой гэр 125 мянган төгрөг гэсэн үг. Ганцхан орон дээр нь унтвал 25 мянган төгрөг төлөхөд болно. Харин жуулчны баазын ойролцоо нутгийн айлууд илүү гэр бариад холоос ирсэн хүмүүсийг хүлээж авч байв. Дөрвөн ортой гэр 50 мянган төгрөг гэсэн. Шагайгаад үзвэл жуулчны баазаас дутахааргүй цэвэрхэн ажээ. Захиалгаар гурилтай шөл, цуйван хийж өгнө. Нэг хүнийх нь 5000 төгрөг гэлээ. Харин нуурын урдхан жижигхэн модон байшингууд байв. Архангай аймгийн Татварын газрынхан зундаа ирж амардаг уг байшинд хоногийн 30 мянган төгрөгөөр хонуулдаг юм байна. Дотроо бас л дөрвөн ортой юм.
Ням гаригийн үдээс хойш Өгий нууранд очиход хүн амьтны бараа ч харагдсангүй. Жуулчны баазад ажилладаг болон нуураа бараадаж амьдардаг хүмүүс л харагдана. Зуны аагим халуун өдрүүд эхэлж байгаа болохоор морь мал нуурын зах руу орж сэрүүцэх ажээ. Хүнгүй эрэг дээр сандал чирч очоод хэсэг суув. Нуурын ус өнгөрсөн жилийнхийг бодвол тув тунгалаг байлаа. Бодвол хүний хөл шавж эхлээгүй байгаа болохоор булингартаагүй байгаа биз. Гадаа 30 хэмийн халуун байсан ч нуураас сэрүү татаж байв. Ар нуруугаа наранд ээсэн шигээ усны мандлыг ширтэн суутал усны гутал өмссөн хүн хүрч ирэв. Хижээл насны тэрбээр Өгий нуурын байгаль хамгаалагч гэнэ. Нуурын эргээр явж буудаллаж буй хүмүүстэй танилцдаг ажээ. Загас барихгүй, амарч яваа бол хог хаяхгүй байхыг сануулахын зэрэгцээ усны гүн рүү орохгүй байхыг зөвлөдөг юм байна. 1980 оноос хойш Өгий нуурын усны харуул хийж буй түүнийг Д.Саруул гэдэг. Ус, цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнд харьяалагддаг, сард 500 мянган төгрөгийн цалин авдаг гэнэ. “Маргааш загас барих хорио тавигдахаар манай энэ хавиар заримдаа буудаллах газар олдохгүй шахам болтол улсууд шавдаг. Нуураа зориод холоос ирж байгаа хүмүүст зохих ёсны зөвшөөрөл өгдөг” гэв. Өгийгөөс загасчлахаар ирсэн хүмүүс 10 мянган төгрөгөөр зөвшөөрөл авдаг ажээ. Түүгээрээ гурав хоногийн турш загас барих боломжтой. Сүүлийн үед ирж буй залуусыг анзаараад байхад бид л зөвшөөрлөө авсан гэсэн шиг нуурын загасыг учир зүггүй алж хядахаа байжээ. Харин ч эрэг дээр ирж хоёр хонохдоо байгалийн хишиг болгон хоёроос гурван загасаар шөл хийж идчихээд бусдынх нь зургийг аваад усанд эргүүлэн тавьдаг болжээ. Хорхойгоо дарсан хойноо өөрсдийнхөө төдийгүй бусдын үлдээгээд явсан хавийн хогийг түүгээд хот руу аваад явдаг болсон гэнэ. Ингэж орчин тойрныхоо хогийг түүж байгаа залуусын ихэнх нь олон жил загасчилж байгаа, эсвэл загасчлах спорт клубийн гишүүд байдаг гэсэн. Байгаль орчинд хайртай иймэрхүү залуусын буянаар байгаль хамгаалагчдын ажил хөнгөрөх болжээ. Нуурын эрэг дээр загасчлахаар ирсэн хүмүүс дээр очоод зөвшөөрөл ав гэхээр цааргалдаггүй гэнэ. Ганц нэг хулгайн анчид байдаг ч ихэнх хүмүүс хаанаас, яаж зөвшөөрөл авахаа мэдэхгүй байдаг ажээ. Д.Саруул гуай “Байнга ирж загасчилдаг хүмүүс намайг андахгүй дээ. Өгий нуурын Саруул гэж ааштай өвгөн бий гэж ярьдаг байх. Анх удаа ирж байгаа хүмүүс загас барих зөвшөөрлийг хэнээс авахаа мэддэггүй. Түүнээс биш залуусын ухамсар бидний үеийнхээс тэс өөр болсон. Хогоо аваад яваарай гэхэд хамаад л аваад явна” гэв.
Түүнтэй хэсэг хөөрөлдлөө.
-Нуурын усны түвшин ямархуу байгаа вэ?
-Сүүлийн хоёр жилд усны түвшин нэмэгдэж байгаа. Хур бороо ихтэй жил усны түвшин ерөнхийдөө нэмэгддэг. Энэ жилийн тухайд тавдугаар сард гайгүйхэн устай хоёр ч бороо орлоо. Бусад үед бага зэргийн шиврээ бороо орж л байна. Хангай дэлхий хураа харамгүй хайрлаж байгаа.
-Нуурын дундаж гүн хэдэн метр байдаг юм бэ?
-Дундаж нь 15.7 метр. Гэхдээ энэ тоо хоёр жилийн өмнөх мэдээ. Тэрнээс хойш багажгүй болохоор гүнийг нь хэмжээгүй байгаа.
-Нэг хэсэг Өгий нуурын загасыг хэдэн солонгос шүүрдээд дуусах нь гэсэн яриа гарч байсан?
-Хүмүүс тэгж ярьдаг л юм. Би нүдээр харж, таарч байсангүй. Хулгайн анчид мэр сэр байдаг ч гэлээ нууранд тор тавиад тонн, тонноор нь шүүрдээд байгаа зүйл байхгүй. Намайг анх ажилд орж байх үед буюу 1980 онд Мах комбинатынхан их ирдэг байсан. Жил бүрийн зун ирээд 60, 70 тонн загас бэлтгэдэг байлаа. Консерв хийдэг байсан юмуу мэдэхгүй юм. Тухайн үед харьяа яамнаас зөвшөөрөл аваад улсад 12 мянган төгрөг тушаадаг байсан. Тэд ардчилсан нийгэмд шилжсэн цагаас хойш ирэхээ байсан. Гэхдээ тэр үед нуурын загас багасаад сүйд болсон зүйл байхгүй.
-Жилд агнаж болох загасны тоо байдаг уу?
-Мах комбинатынхан ирэхээ больсноос хойш загас ихдээд нуур нэг хэсэгтээ л өтгөрсөн. Тэр үед холбогдох мэргэжилтэнгүүд ирж судалгааны ажил хийж байсан юм. Уг ажлаараа Өгий нуураас нэг жилд 30 тонн загас барьж болно гэдгийг тогтоосон. Одоо хүртэл үүнийг мөрдөж байгаа. Уг нь ойрын нэг, хоёр жилд дахин судалгаа хийн нөөцийг тогтоолгомоор байгаа юм.
-Энд танаас өөр байгаль хамгаалагч бий юу?
-Нуурын ар талд Чимэдрэгзэн гэж байгаль хамгаалагч бий. Сумын төв дээр Батсайхан гэж залуу байна. Бид гурав хамжаад нуураа хамгаалж байна даа. Гэхдээ амрахаар ирсэн хүмүүсийн тус нэмэр байдаг. Жишээлбэл, ухамсартай нэг нь орчин тойрныхоо хогийг цэмбийтэл цэвэрлэчихдэг. Цэвэрхэн болсон газар дахин хог тариулахгүйн төлөө дараагийн хүмүүстэй нь очиж уулзах хэрэгтэй болдог. Уг нь нуурын эрэг дээр ирээд хог хаядаг хүн цөөхөн. Архидан согтуурч байгаа хүмүүс л юу байдгаа үлдээгээд явдаг хэмээн хөөрөлдлөө.
Загас барих хорио тавигдсанаас хойш Өгий нуураас хүн тасардаггүй гэнэ. Өдөржин хүнгүй шахам байсан эрэгт нар жаргах үеэс машинтай хүмүүс давхиж эхлэв. Аялаад сурчихсан бололтой аль хэдийнэ майхан саваа бариад тухалж байна. Яваад очтол Эрдэнэтийн хэсэг залуус ирчихэж. Загасны хорио тавигдахыг хоног тоолон хүлээжээ. “Бидний баярын өдөр шүү дээ. Жил бүрийн загасчлах улирлын нээлт, хаалтыг өөр өөр газар хийхийг зорьдог. Энэ жилийнхээ нээлтийг Өгийд хийхээр ирлээ. Хангай дэлхийн хишгийг хүртэж ганзагаа мялаана” гэв. Тэд амралтын өдөр Сэлэнгэ рүү загасчилдаг ажээ. Өгийд ирснийх загасчдын босгосон гэгддэг Алтангэрэлийн овоонд очиж мөргөөд үүр цайхыг хүлээнэ дээ гэж байна. Залуус нуурын зүүн, баруун эрэг рүү хоёр хуваагдан дэгээ шидэхээр тохиролцов. Хоёр цагийн дотор аль баг нь хамгийн олон загас барьснаа тодруулахаар боллоо. Бас шилдэг загасчнаа шалгаруулан шинэ уурга авч өгөх тухай ярьсан. Гэхдээ олон загас барилаа гээд бүгдийг нь алахгүй, гар утсаараа зургийг нь авч баталгаажуулаад буцаан тавихаар тохиролцов.
Өгий нуур далайн түвшнээс 1337 метрийн өндөрт байрладаг, цэнгэг устай нуур. Урт нь 7.9 км, өргөн нь 5 км. Нийт 25.7 кв.км талбайтай уг нууранд 14 төрлийн загас бий. Элбэг байдаг нь улаан нүдэн. Цурхай, булуу цагаан, сазани зонхилдог. Загас барих гэж байгаа хүмүүс нуурын эрэг дээрх жуулчны баазуудаас завь түрээсэлж болох юм билээ. Дөрвөн хүний суудалтай моторт завиар нуурыг бүтэн тойрох бол 40 мянга, энгийн завины нэг цагийн түрээс 20 мянга, бүтэн өдрөөр бол 70 мянга гэсэн. Обу цув буюу комбинзон шиг ус нэвтэрдэггүй хувцас өмссөн загасчдад зориулан явган хүн алхаж болох заагийг тэмдэглэжээ. Жуулчны баазууд нуур руу орж байгаа хүмүүст зориулан эргээс цааш ямар зайд явж болох вэ гэдгийг ундааны сав ашиглан тэмдэглэгээ хийсэн байдаг гэнэ.
Загасчид нар мандахаас өмнө уургаа шиддэг болохоор үүр хаяарах үеэр бослоо. Шөнө шуураад байсан салхи намжжээ. Гадаа намуухан, дулаахан байв. Эрэг рүү хартал загасчид аль хэдийнэ гарчихаж. Өчигдөрхөн амьгүй мэт байсан нууран дээр амьдрал буцалж байна гэж хэлмээр. Бүгд уурга, дэгээгээ бариад усан дунд зогсож байна. Зарим нь завьтай гарчээ. Тэд нар мандтал загасчилж байгаад эрэг дээр гарч ирэв. Эрдэнэтээс ирсэн залуус гурван цурхай барьчихаж. Бусдыг нь усанд буцаан тавьсан гэлээ. Барьсан загасаараа шөл хийж уугаад унтана гэсэн. Загасны шөл ядаргааг тайлдаг шидтэй ажээ. Шөл болох хооронд нуурын тухай яриа өрнөв. “Хангайн хишигт шунавал байгаль эх шийтгэдэг. Өгий нуур эмэгтэй лустай болохоор жилд нэг эр хүнийг авч явдаг” гэж байна. Сүүлийн хоёр жилд л гэхэд нуурын зүүн, баруун эргээс хорь гаруй насны хоёр залуу осолдож байжээ. Өгий нуурын үүссэн домгийг байгаль хамгаалагчаар яриулсан санаанд оров. “Баян айлын бүсгүй ядуу эрд дурлахад эцэг нь тэдний хайр дурлалыг үл зөвшөөрөн залууг зүүн зүг рүү цөллөгт явуулжээ. Хайртай бүсгүйгээ орхин явахдаа “Хоёулаа манан будан болж уулзъя” гэж хэлээд явсан гэнэ. Бүсгүй дурлалт эрээ санан мэлмэртэл уйлсаар Өгий нуурыг үүсгэжээ. Харин залуу түүн рүү тэмүүлэн ирж яваад Майхан уул болсон гэдэг. Ингээд Майхан уулнаас манан татаж, нуураас будан татаж хос уулздаг болсон” гэх домогтой юм билээ. Нээрээ л нуураас холгүй майхан хэлбэрийн уул байдаг ажээ.