Categories
мэдээ нийгэм

“Баавгай” Батцэцэгт зориулсан “Сэтгэлийн илч” хандивын тоглолт болох нь

Залуучуудын анхдугаар олимпийн аварга, чөлөөт бөхийн олон улсын хэмжээний мастер, нэрт тамирчин Баатарзоригийн Батцэцэгт зориулсан “Сэтгэлийн илч” хандивын тоглолт энэ сарын 21-нд “UB palace”-ийн концертын их танхимд болох аж. Бөх сонирхогчдын дунд “Баавгай” хэмээн алдаршсан Б.Батцэцэг Налайх дүүргийн унаган охин агаад 1993 онд төрсөн, монгол түмний хайртай тамирчин юм. Тэрээр өсвөрийн болон залуучуудын Улсын аварга шалгаруулах тэмцээнд дөрвөнтөө аваргалж, Залуучуудын Ази тивийн АШТ, “Mongolian open” тэмцээнээс мөнган медалиар энгэрээ мялааж, Залуучуудын ДАШТ-ээс хүрэл медаль хүртэж, тив дэлхийд Монгол Улсынхаа нэрийг дуурьсган төрийн дууллаа эгшиглүүлж байсан алдартан билээ. Б.Батцэцэг 2010 онд Сингапурт болсон залуучуудын анхдугаар олимпоос алтан медаль хүртсэн нь түүнийг Монголын спортын түүхэнд нэрээ тодоор бичиглэн үлдээх томоохон үйл явдал болсон.

Харамсалтай нь Б.Батцэцэг бэлтгэлийн үеэр хөлөө гэмтээж, өвдөгнийхөө чагтан холбоосыг тасалснаас бөхийн дэвжээнээсээ хөндийрөөд байгаа юм.

Гэсэн ч түүнийг их спортдоо бу­цан ирэхэд нь туслахын тулд “Өдрийн сонин”, Налайх дүүргийн Засаг даргын Тамгын га­зар, дүүргийн Ардчилсан социалист залуучуудын хол­боо, “Улаанбаатар” тө­мөр замын депогийн хамт олон зэрэг чөлөөт бө­хийг сонирхогч спортын хор­хойтнууд сэтгэл нэгдэн орон даяар аян өрнүүлсэн нь ам­жилттай үргэлжилж байна. Аяны хүрээнд олон хүнд түү­ний хандивын дансанд боломжоороо мөнгө төгрөг шилжүүлж, гадаадад байгаа монголчууд маань ч сэтгэлийн өглөгөө өргөсөөр байгаа юм. Түүнчлэн “Сонгдо”, “Гранд мед” зэрэг эмнэлгийн хамт олон Б.Батцэцэгийг дахин дэвжээндээ гаргахад нь бү­хий л талаар туслахаа илэр­хийлцгээсэн. Батцэцэгийн бэртлийг анагаах мэс ажил­барыг Тайландын эмч нар хийх бо­ломжтой гэдгээ мэдэгдээд байгаа бөгөөд эмчилгээний зардалд дор хаяхад хорин сая төгрөг шаардлагатай байгаа юм байна.

Эдүгээ хорин нэгхэн настай нэрт тамирчны дэвжээндээ дахин гарч Монгол Улсынхаа нэрийг мандуулах хүсэл мө­­рөөдлийг биелүүлэх зо­рил­гоор “Сэтгэлийн илч” хан­дивын тоглолтыг зохион бай­­гуу­лах санаачлагыг Лон­­донгийн олимпын хүрэл медальт, гавьяат тамирчин Э.Ням-Очир, дэлхийн авар­­га, гавьяат тамирчин Г.Мандахнаран нар гаргаж, “G.B.O” энтертайнментын залуустай хамтран зохион байгуулахаар болсноо өчиг­дөр “Өдрийн сонин”-ы “Асуух эрхийн танхим”-д болсон хэв­лэлийн хурлын үеэр мэ­дэгдлээ.

Уг тоглолтод ардын жү­жиг­чин Б.Зангад, гавьяат жү­жигчин Н.Төмөрхуяг, Г.Батбаяр, Э.Бүрнээбаяр, Д.Энхзул, Э.Амартүвшин, Чу­луунхүү, Шийлэгмаа, соёлын тэргүүний ажилтан Т.Баттогтох, Д.Хишигбаяр, Р.Дэлгэрмаа, Э.Төрмандах, Д.Намсрайноров, П.Жимсээ, Я.Гэрэлчулуун, дуучин Б.Болд, Э.Чу­луунчимэг, С.Наран, Ц.Хулан, “Татар” хамтлагийн Заяа, дуучин Ч.Сэлэнгэ, Э.Агиймаа, Б.Маралжингоо, П.Баярцэнгэл, А.Хишигдалай, С.Зоригт, Т.Цогсолмаа, “Ice top”, “Madness”, “Motive”, “Sync”, “L-Guards”, “One way”, “Out law” зэрэг Монголын рок поп болон нийтийн дууны шилдэг уран бү­тээлчид хүрэлцэн ирж ая дуугаа өргөхөөр болсон байна. Ганцхан удаа болох уг тоглолтын тасалбарыг та бүхэн “UB palace”-ийн билетийн касснаас ху­дал­дан авч болох бөгөөд мөн 99399619, 96950006, 90090119, 99227679 утсаар холбогдож авч болно.

Л.ЦЭНГЭЛ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *