Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас энэ сарын эхээр улсын хэмжээнд “Иргэн бүр эрсдэлгүй орчинд” аян өрнүүлж байна. Өнгөрсөн хугацаанд аймаг, нийслэлийн Мэргэжлийн хяналтын байгууллагын Байгаль орчин, геологи, уул уурхайн хяналтын газар 145 аж ахуйн нэгж, байгууллага, 2500 гаруй иргэнд хяналтын хуудсыг сурталчлан, улсын байцаагч, ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүдийг сургалтад хамруулжээ. Мөн эрсдлээс сэргийлэх чиглэлээр гаргасан 36 төрлийн гарын авлага, зөвлөмж, сэрэмжлүүлгийг хүргэсэн байна.
Аж ахуйн нэгж, иргэд Мэргэжлийн хяналтын байгууллагын шинэчлэл, эрсдэлд суурилсан хяналт шалгалт, ил тод байдал, дотоод хяналт гэж юу болох талаар мэдээлэл авч цаашдынхаа ажил, үйлчилгээнд ашиглах боломжтой болсондоо талархаж байна.
Цаашид аяны хүрээнд Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах урьдчилсан хяналт шалгалт хийх, нийслэлд үйл ажиллагаа явуулдаг мод, модон материалын захад үзүүлэх сургалт зохион байгуулах зэрэг олон арга хэмжээ авахаар төлөвлөөд байна.