Categories
мэдээ цаг-үе

Ц.Мөнхжин зураачийнд өнжив

Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, зураач Цүлтэмийн Мөнхжин гуайнд өнжлөө. Бямба гаригийн үдийн алдад бид Баянгол дүүргийн дөрөвдүгээр хороололд байх гэрт нь очив. Мөнхжин гуай урьд өдөр нь Санзай яваад бидний яг өмнөхөн гэртээ иржээ. Ямар ч юм бэ нэгэн намын хурал уулзалт яриа хөөрөө болсон юм байх аа. Тэр тухайгаа сонин болгож дуулгасаар биднийг угтсан ч намын явдлыг сайн ойлгосонгүй тул ингээд орхиё. Гэргий Ганчимэг нь унд хоол бэлдээд гал тогоондоо байж таарав. Намсрайн Ганчимэг гэж Хөгжим бүжгийн коллежид багшаас эхлээд уран сайхны удирдагч, дэд захирал хүртэл нь олон жил ажиллаж тус сургуулийг өнөөдөр чанар чансаагаар консерваторийн зэрэгт хүртэл нь урагшлуулахад амьдралаа зориулж яваа, төгөлдөр хуурч мэргэжилтэй хүн байдаг. Хуучны Намын төв хорооны Намсрай, ардын жүжигчин, хөдөлмөрийн баатар Цогзолмаа хоёрын охин, ардын жүжигчин Сувдын дүү гэхээр хүмүүс андахгүй. Алба ажлынх нь хүрээнд Ганчимэг гуайг эчнээ сайн мэдэх ч өмнө нь нүүр тулж уулзаж ярилцаж байгаагүй бид дотроо нэлээн сүрдэнгүй. Тийн суух зуур гялалзуур хурдан хөдөлгөөнтэй, инээмсэглэсэн дугуй цагаан царайтай тэр эмэгтэй орж ирэн гар барьж мэндлээд тавтай үдлэхийг урилаа.

Мөнхжин гуайнх их л амгалан тайван агаар амьсгал ноёрхсон, энгийн мөртлөө тийм нэг сонгодог хэв маягийн ч юм шиг, элдэв яриа дэлгэн өнжин суухад таатайхан айл юм. Эднийх ганц охинтой, охин нь далайн чанадын Япон оронд олон жил суралцаж байгаа учир гэртээ хоёулхнаа амьдардаг аж. Элдэв дээдийн хогшил овоолоогүй энгийн тэнүүнорчин сэтгэлд өег дулаахан санагдах бөгөөд зочны өрөөний нэг буланд шаргал өнгө нь гялалзсан, сүүлийн үеийн гэхээргүй ч бас хуучных ч гэмээргүй төгөлдөр хуур байна. Ноотны дэвтрүүд, хөгжмийн зохиолын партитурууд ч юм уу өрөөстэй эл төгөлдөр хуурын дээр Людвиг ван Бетховены цээж баримал их л содон харагдана. Цав цагаан, цээж баримал гэхэд арай жижигхэн, суутны толгойн баримал юм. Мөнхжин гуайн ярианаас энэ баримлыг ардын зураач Н.Цүлтэм гуай бэрдээ дурсгасан гэдгийг мэдэв. Н.Ганчимэг гуай Армянд хөгжмийн энд дунд сургуулийг нь төгсөөд улмаар Консерваторт нь сурч төгсөөд эргэж ирэн Хөгжим бүжгийн дунд сургууль одоогийн ХБК-д багшаар ирэхэд энэ хоёр танилцаж гэр бүл болсон байна. Мөнхжин гуайн ихэр ах Энхжингийн гэргий Алтанцэцэг, хийлч Чулууны Чинбат, Дуламсүрэн, Сарантуяа гэхчлэн Армянд хамт суралцсан найзууд Хөгжим бүжгийн дунд сургуульд ажиллаж байж. Тэр үед Энхжин нь гэргий Алтанцэцэгтэйгээ танилцаад удаагүй үерхэж байх зуур Ганчимэг төгөлдөр хуурч төгсч ирснээр ахынхаа ойрын хөгжимчдийн тэр хүрээлэлд Мөнхжин зураач гэргий болох бүсгүйтэйгээ учирсан аж. Аль алиных нь аав, ээжүүд ч бие биенээ сайн мэдэх, Монголын орчин цагийн урлагийн үндэс суурийг тавилцаж явсан нэгэн үеийн лидерүүд. “Манай хадам ээж бүр багадаа арван хэдтэйдээ Ленин клубт дуулдаг, манай аав баян хуур тоглодог байсан юм байна лээ. Тэр үеэс бие биенээ мэддэг улс” гэж Мөнхжин гуай ярив. Н.Цүлтэм гуай удирдан Монголын урлагийнхан анх удаа Азийн орнуудаар аялан тоглож, уран зургийн үзэсгэлэн гаргаж, аав ээжүүд нь залуудаа Монголоо гадаадад сурталчилж явсан тэр үйл явдлын гэрэл зургууд хүртэл түүх болон эдний гэр бүлийн зургийн цомогт үлджээ.Манай урлаг Азид гарсан анхны тэр багт Л.Цогзолмаа гуай, хөгжмийн зохиолч Билэгийн Дамдинсүрэн, нугараач Мажигсүрэн, ёочинч Дашдаваа гэхлэн хожмын алтан үеийхэн цуг явцгааж, тэр үйл явдлыг мөн хожмын нэрт кино найруулагч Жигжид гуай гэрэл зургийн хальснаа буулган үлдээжээ. Ер нь Н.Цүлтэм гуай ихэр хөвгүүддээ бүр бага балчраас нь урлагийн түүх их ярьж өгдөг, гэр орноор нь ч манай урлагийн алтан үеийхэн байнга орж гардаг байж. Хавар болохоор ихрүүдээ дагуулаад талбайгаар зугаалдаг, нэг удаа хоёр хүүдээ улаан, саарал хоёр гутал өнгө солбин өмсгөчихөөд явж байж. Ихрүүд улааныг нь өмсөх гээд булаацалдаад байхаар нь хоёуланд нь улаан саарал, улаан саарлаар тэнцүүлж өмсгөчихөөд явж тааралдсанаас хойш одоо хүртэл Энхжин Мөнхжин зураачдын бага насны хөгжилтэй амьдралыг дамжуулан ярьж хөгжилддөг гэнэ.

Мөнхжин Ганчимэг хоёр Гэрлэх ёслолын ордныг ашиглалтад ороод удаагүй байхад тэнд хуримаа хийжээ. Тэндээсээ ДСНК буюу одоогийн Оросын соёл, шинжлэх ухааны төвийн нэгдүгээр давхарт байрлах ресторанд хуримын цайллага хийж байснаа дурсан ярив. ХБК-ийн урдах 64 дүгээр дэлгүүртэй байранд, айлын байранд залуу хосын амьдрал эхэлж. “Охин Анар маань төрлөө. Гурвуулаа тэнд нэг жил болсон. Тэгж байтал Шүр эгчийн нөхөр Балдорж Коммунист намын сургуульд явав. Шүрээ эгч хүүхэдтэйгээ хоёулхнаа байрандаа үлдэхэд нь бид гурав тэднийд нэг жил амьдарсан. Бас ээжийнд ч нэг жил байл уу даа. Тэгж байтал аав хоёр өрөө байр авч өгсөн юм. Би сургуульд багшлаад, байрны хувиараа бичүүлчихсэн байсан чөгөхгүй л байж л дээ. Тэгээд аав маань Лениний музейн хажууд хоёр өрөө байр авч өгөв. Түүнээ гурван өрөө болгон сольж томсгоод энэ байраа авсан юм. Зургаа зурахад зай талбай хэрэгтэй гэж л арай жаахан томсгож байгаа юм. Тэр бол 1986 он. Дөрөвдүгээр хороолол ашиглалтад ороод нэг жил болж байсан үе” хэмээн Мөнхжин гуай гал голомтоо анх хэрхэн бадраасан нандин дурсамжаа сөхөж байна. Энэ зуур Ганчимэг гуай хэдийнэ дэргэд ирж “Тэр үед энэ их зэлүүд газар байсан юм. Одоо л шавааралдчихаад байгаа болохоос. Би ч заримдаа байршлаа сольё гэдэг байсан ч сүүлдээ эндээсээ бүр хөдлөх дургүй болсон доо” гэв. Ер нь Монгол хүний ухамсар бол амьдралыг үргэлж ажиглаж амьдардаг, тэр нь бараг шинжлэх ухаан маягтай болчихсон. Тэнгэрийнхээ байдлыг ажиглаж амьдардаг, түүхийнхээ уламжлалыг дагаж амьдардаг, хүний зан байдлыг ажиглаж зохицож амьдардаг. Монгол хүний амьдрал бүхэлдээ тийм.Энэ жишгээр ажиглаад байхад голомтоо байр байшингаа зараад байсан хүн ер нь л алдаад байдаг. Энэ чинь аавын маань авч өгсөн байшин. Би тэр элдэв хаус, таун маунаар яах юм гэж Мөнхжин зураач тайлбар нэмлээ.Үүнээс үүдэн, хувь хүний мөн чанар хувийн амьдралаа байтугай улс үндэстэн, хүн төрөлхтний түүхийг үеийн үед нуруун дээрээ тээж байдаг гэсэн сонирхолтой “онол”-ыг Ганчимэг гуай дэвшүүллээ. Тэрбээр “Нас ахиад амьдралын мөн чанарыг мэдээд ирэхийн үед хүний ноён нуруу, тууштай чанарыг их тод мэдэрч хардаг юм байна. Хүмүүс ер нь их хувирч өөрчлөгддөг шүү дээ. Харин суурь сайтай, тэр нь өөрчлөгддөггүй хүмүүс их ховор юм. Амьдралын мөн чанарыг барьсан хүн өөрчлөгддөггүй бөгөөд тийм хүмүүс маш ховор юм байна. Хүн төрөлхтний, улс үндэстний хөгжил дэвшил гээд үлдээд үнэт зүйлс нь үргэлжлээд байдгийн учир нь нөгөө л өөрчлөгддөггүй хүмүүсийн нуруун дээр түүх явж ирдэгийнх юм байна л даа. Яг л амьдралын мөн чанарыг таньж мэдсэн, алсыг харсан, гол мөн чанараа барьж чаддаг тийм хүмүүс өнөөдрийн хөгжил дэвшлийг тээж ирсэнбайна. Ийм хөдөлшгүй содон хүмүүсийг “цагаан хэрээ” гэж оросууд ярьдаг. Хэтэрхий нэг талаа барьдаг, фанат гэж буруутгаж ярьдаг л даа. Гэтэл тийм биш. Ийм хүмүүс байхгүй байсан бол амьдрал балрах байсан. Түүхийн явцад хөгжлийг тэр хөдөлшгүй тууштай хүмүүс л нуруун дээрээ үүрч үлддэг. Хүн бүхэн цаг үеэ дагаад хэд дахин хувираад байсан бол өнөөдрийн энэ хөгжил дэвшил байхгүй байсан шүү дээ. Бетховен гэхэд ямар хүнд хэцүү амьдрал туулж агуу бүтээлүүдээ хийлээ дээ. Эд нар байгаагүй бол хүн төрөлхтний өнөөдрийн түүх бүтээгдэх үү” гэж ярьсан юм. Тиймэрхүү хөдөлшгүй занчанарыг эр нөхрөөсөө их тод мэдэрдэг нь түүний ярианаас илт. Тэгээд лийм “онолын” яриа руу хазайчихсан хэрэг л дээ. Хажууд нь хэлбэл онгирчихгүй байгаа хэмээн тэрбээр тас тас хөхөрч сууна. Манай аав, ээжийн үед “суурь хүмүүжил” гэж их ярьдаг байсан юм. Одоо энэ үг сонсогдохгүй болчихож. Суурь хүмүүжилгүй, суурь боловсролгүй хүн гараад яаж олигтой хүн болж, яаж боловсролтой хүн болох вэ. Суурь нь байхгүй юм чинь. Өнөөдөр Монголд маань энэ “суурь” л дутагдаж байна. Тийм учраас амьдарч чадахгүй дээгүүр нь хий хоосон хөвсөлзөөд байна шүү дээ” гэсэн Мөнхжин гуайн яриагаар энэ сэдвийг бид өндөрлөв. Эднийх ганц охинтой гэж дээр хэлсэн. Ганц охин нь философич болж байгаа юм байна. Аав нь зураач, ээж нь төгөлдөр хуурч, эмээ, өвөө нь нэртэй зураач, жүжигчин гээд урлагийн “сонгодог” түвшний гэр бүлд төрж өссөн охин яахаараа философи сонирхдог байна вэ. Бүр гайхмаар. Тэгээд ч философи чинь сүүлийн жилүүдэд олон нийтийн дунд “хүнд”, “хэрэгцээгүй мэргэжил” гэх мэтийн олон тодотгол зүүгээд байгаа шүү дээ.Нарийн учир шалтгаан гэгч юм бүхэнд байдаг бололтой юм аа. Ганчимэг гуайн ярьж байгаагаар, охиных нь өсч өндийсөн энэ “шилжилтийн” гэх он жилүүд нийгмийн үзэгдлийг сонирхох асар их сонирхлыг охинд төрүүлсэн юм болов уу. Хэн хэнийх нь найз нөхөд бүгдээрээ уран бүтээлчид, эднийхээр байнга ирж очицгоодог тэдний яриа хөөрөөн дунд өссөн хүүхэд гэнэ. Тэгээд охиныг нь жаахан байхад нь нийгэм солигдож байсан үе болохоор аав ээж нь найзуудтайгаа нийгмийн амьдралын болох болохгүйг ихэд шүүмжлэн ярилцдаг, урлаг уран бүтээл ярихаасаа илүү нийгмийн амьдрал, зөрчилтэй үеийн тухай их ярьдаг байсан нь охинд нь нөлөөлсөн байх гэж байв. Тэгээд л миний охинд нийгмийн үзэгдэл, нийгмийн амьдрал их сонирхолтой болж, философийн мэргэжил сонгож дээ гэж би бүр сүүлд ойлгосон гэж байв. Анар охин нь аравдугаар ангиа алтан медальтай төгсчээ.Тэр хүртлээ философийн талаар юу ч ярьдаггүй байснаа яг мэргэжлээ сонгох болсон чинь тун товчхоноор “Би философич болно” гэсэн гэнэ.

Олон улсын харилцаа гэхчлэн орчин цагийн “мөрөөдлийн” хуваарь бэлэн байхад хэн ч тоохоо байчихаад байсан Их сургуулийн фитлософийн ангийг багш нар, ах дүүсийнхээ зөвлөгөөг үл хайхран зөрсөөр байгаад авсан байна. Ганчимэг гуайн аавынх нь талын хамаатнуудаас философийн анги төгссөн гурав дөрвөн ч хүн байдаг гэнэ. Ерээд онд бүх юм задрахад тэд энд тэндэхийн лаборантын ажил хийх болж л дээ. тэгээд “нөгөө мундаг философичид чинь бүгд лаборант болчихсон, дахиж нэмж лаборант гаргаж яах гэсэн юм, болиул” гэж ах дүүс нь ятгасан ч Анар охиныг аав ээж хоёр нь дэмжжээ. Охин нь их сургуулиа төгсөөд Япон руу магистрантурт явжээ. Дараа нь үргэлжлүүлэн докторантуртнийт найман жил тэнд сурч байгаа юм байна. Ирэх долдугаар сард докторын зэргээ хамгаалаад ирэх гэж байгаа гэж байв. “Философи сонирхсон хүн юмыг их олон талаас нь харж дүгнэдэг болчихдог юм байна лээ.Миний охин одоо надаас илүү юмыг дүгнэнэ шүү” гэж Ганчимэг гуай охиноо магтаж байсан. Нөхрийнхөө уран бүтээлд хэрхэн ханддаг тухай нь сонирхвол “Манай Мөнхжин их модерн хүн шүү дээ. Агуулгаараа уламжлалаа хадгалсан хэрнээ маш модерн хэллэгтэй. Би Мөнхжингийн өнгүүдэд их дуртай” гэж товчхон хариулсан юм. Үнэхээр ч Мөнхжин зураачийн бүтээл өнгөнөөсөө гадна дотоод өгүүлэмж нь маш хүчтэй билээ. Нөхөр нь ихэр гэдгийг мэдээд гэргий нь эхэндээ ихэд гайхсан гэнэ. Монгол ёсонд, ихэр хүүхдийн аль түрүүлж төрснийг нь ахынхаа ертөнцөд ирэх үүдийг нээж өгсөн гэж үзээд дүү нь гэдэг юм байна. Энэ ёсоор Мөнхжин дүү нь Энхжин ах нь гэж тайлбарлаж өгөв. Мөнхжин гуайн хадам ээж Цогзолмаа гуайг дөрөв таван настайд аав ээжнь насан өөд болцгоож, Манзуширийн хийдийн ойролцоо хүргэн ахындаа өссөн гэдэг. Тэр ах нь бас Намсрай гэдэг хүн байж. Тэр хүн Москвад элчингээр суух болж, Цогзолмаа гуай Москвад бага сургуульд орсон гэдэг.Гэтэл 1939 оны их баривчлагааны үедНамсрай ахыг нь Москвагаас баривчлан Монголд авчирчээ. “Тэгэхэд ээж минь жаахан ч байж. Ахыг нь баривчлаад гарыг нь гавлаад явахад тэр хүмүүсийн араас жаахан охин шороо цацаад үлдэж байсан гэж ээж минь ярьдаг юм” гэж Ганчимэг гуай ярилаа. Тэгж баривчилж аваачаад шоронд хорьж, цаазын ял оноосон хэрнээ арван жил шоронд суулгаад тавин хэдэн онд цагаатган сулласан гэнэ. Гарч ирснээсээ хойш төхөөрөх гэж байгаа уяатай хонь харж чаддаггүй байсан гэж ээж ярьдаг юм.Шоронд арван жил хоригдож байхдаа хаалга торхийх тоолонд одоо л алах гэж байна боддог байснаа хэлдэг юм. Үнэхээр аймшигтай цаг үе хэмээн ээжийнхээ амьдралтай холбогдуулан өр өвдмөөр түүх сөхсөн юм. Гэтэл аав Намсрайнх нь амьдралыг ч бас хэлмэгдлийн хар сүүдэр дайран өнгөрсөн байх юм. Намсрай гуай эхээс наймуулаа байж. Хамгийн том ах нь гэгээрлийн сайд Баттөмөр гэж хүн байсан нь бас хэлмэгдэж цаазлуулжээ. Намсрай гуайг тавтай жаахан хүүхэд байхад монгол бичигт сургаад хот руу ах руу нь явуулж. Ахынхаа дэргэд амьдарч байгаад Орос руу сургуульд явжээ. Тэр хооронд нь ахыг нь баривчлан цаазалсан юм билээ. 1937 оны анхны 14 хэлмэгдэгсдийн нэг, гэгээрлийн сайд Баттөмөр гэдэг хүн. Монголын томоохон сэхээтэн 14 хүнийг цаазалсан түүхийн хуудас энэ зуур ийнхүү сөхөгдөв. Тэднийг дөчөөд жилийн дараа цагаатгаж нэр төрийг нь сэргээсэн байна. Тэр бүү хэл улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн бүх ах дүү хамаатан саднуудыг гэр бүлээс нь хүчээр салгадаг байсан гэнэ. Намсрай гуайн эгчийг хүүхдүүд нь эмээ гэдэг аж. Тэр эмээ нь залуудаа дээрх хэлмэгдүүллээр нөхрөөсөө хүчээр салжээ. “Эмээ маань(аавынх нь эгч) хэлэхдээ, гэрийн хамаг унь ханыг буулгаад бид хоёрыг салгаж байсан юм гээд уйлаад ярьдаг байсан. Эмээгийн маань хүү олон жил дууны найруулагч хийсэн ная гарсан настай хүн байгаа. Тэгж залуугаараа улстөрийн хэлмэгдүүллээр гэр бүлээ салгуулаад аав дээр ирсэн эгчийгээ бид эмээ гэдэг юм. Эмээ маань аав ээжид дэм болж бид нарыг бүгдийг нь өсгөсөн дөө” гэж Ганчимэг гуай ярив. Монголын анхны улстөрийн хэлмэгдэгсэд болох 14 хүний шүүх хурлыг хийхдээ Сүхбаатарын талбай руу цагаан хоолойгоор шууд дамжуулж, “цаазын ял оноосугай” гээд л шууд уншиж байсан, тэр үед эзэнгүй хоосон хашаануудын хаалга савчаад нийслэлд амьдрал нэг их зовиуртай байдаг байсан тухай, жаран оны эхээр зарим айлд цагаатгалын хуудсууд ирж, ар гэрийнхэн нь хэрхэн хүлээж авч байсан тухай сэтгэл шимшрэм түүхийг эргэн дурсав. Аав нь сургуулиа төгсч ирэн, гэгээрлийн сайд болоод хэлмэгдсэн ахынхаа өрөөнд ирэхэд их хэцүү байсан гэж ярьдаг байсныг мөн ярьсан юм. “Ахынхаа сууж байсан ажлынх нь өрөөнд, ширээнийх нь ард суухад их эвгүй байсан” гэж Намсрай гуай хүүхдүүддээ ярьдаг байжээ. Ажилчны сургууль Рабфакт хамт явж суралцсан аавынхаа унаган найз Ю. Цэдэнбал дарга, Б.Ширэндэв академич нарыг ч дурсан ярьсан юм.

Мөнхжин зураачийнд ороход төгөлдөр хууран дээр байх Бетховены шаазан баримал ихэд содон харагдсаныг хэлсэн.Ардын зураач Н.Цүлтэм төрийн шагнал авчихаад шагналынхаа мөнгөөр ч юм уу хөвгүүддээ хөгжмийн боловсролтой болгохоор нэг төгөлдөр хуур авч өгчээ. Тэгээд төгөлдөр хуур дээрээ нөгөө Бетховены хөргөө ихэд бэлгэшээн тавьчихсан байдаг байж. Гэвч ихрүүд хөгжим тоглож сураагүй гэнэ. Цүлтэм зураачийн шүтэж сонсдог хөгжмийн зохиолч нь Бетховен байж.Сүүлд Мөнхжин нь гэрлэхэдөнөө Бетховены баримлаа бэр Ганчимэгтээ өгсөн нь энэ ажээ. Харин Ганчимэг гуайн төгөлдөр хуур Германы Циммерман брэндийн хуур юм.Циммерманы хуурыг анх 1963 онд Монголд орж ирэхэд аав нь авч өгчээ. Одоо бол маш ховор төгөлдөр хуур. 2011 онд анх манайд болсон Шопены нэрэмжит төгөлдөр хуурын олон улсын уралдааныг Ганчимэг гуай санаачилж хийжээ. Гэргийнхээ тухай Мөнхжин зураач ингэж сонирхуулан ярьсан юм. “Ганаагийн Хөгжим бүжгийн коллежид хийсэн нэг чухал ажил бол хүүхдүүдээ олон улсын уралдаануудад оролцуулах зам мөрийг засч нөхцөл бололцоог нь бүрдүүлж өгсөн явдал. Өмнө ХБК-ийн хүүхдүүд гадаадын олон улсын тэмцээн уралдаанд орж байгаагүй. АнхГанчимэг олон улсын уралдаануудыг сураглаж, холбоо тогтоож, том том тоглогчдын тэмцээнүүдэд бэлтгэхийн тулд хүүхдийг багаас нь хүүхдийн уралдаануудад бэлдье гэсэн бодлогыг дэд захирал байхдаа барьж эхэлсэн л дээ. Түүнээс хойш эдний хүүхдүүд өнөөдөр олон улсын уралдаанд оролцсон, медаль авчирсан нь тоогоо алдсан. Өнөөдөр Карнеги холлд хүртэл тоглож байна. Одоо Монголын хүүхдүүд олон улсын уралдаануудаас дандаа медаль авч байна. Энэ бол Ганаагийн хийсэн том ажил” гэж гэргийгээ магтав.Анх олон улсын тэмцээнд хүүхдүүдээ оруулахаар болоод замын зардал олох гээд хүн бүхнээс гуйгаад явж байснаа гэргий нь ярьсан. Гүйж гүйж нэг зуун доллар олчихоод хөл газар хүрэхгүй баярлаж байсан гэнэ. Тэр зуун долларыг Циркийн дарга Батмөнх 1995 онд өгч байж. Энэ нь ХБК-ийн хүүхдүүд олон улсын уралдаанд оролцсон анхны алхам байжээ. Харин Ганчимэг гуай “Би 1979 онд төгсч ирээд л арван жил хүрэхгүй ажиллаад хичээлийн эрхлэгч болчихсон болохоор гарын шавь олныг бэлдээгүй. Миний шавь нараас дуучин Оюунтүлхүүр маань гавьяат болсон байна. Ганчимэг ХБК-д тэнхмийн эрхлэгч хийж байна. Хэдэн хүүхэд төгсгөсөөн. Эхнийх нь Оюунбадрах гэдэг хүү доктор болчихлоо. Гүнсмаа гээд сайн багш байна. Энэчлэн миний гарын шавь цөөхөн боловч бий” гэв. Анх сурвалжлагаа бэлтгэхээр эднийх рүү ирж явахдаа аавыбнх нь өөрийнх нь ахынх нь бүтээлүүд гээд ханаар нь дүүрэн уран зураг өлгөөтэй байх юм шиг төсөөлсөн минь эсрэгээр байв. Хананд нь нэг ч уран зураг байхгүйд гайхаж л байлаа. Гэвч гэр бүлийн хоёр хоёулаа ихэд энгийн бөгөөд “классик” хүмүүс юм.Ардын зураач, хөдөлмөрийн баатар Цүлтэмийн “Талын айл” гэж алдартай бүтээл байдгийг хүмүүс мэднэ. Ядаж тэр зургийн хуулбар бол лав байгаа даа гэж бодсон минь ч оносонгүй. Дашрамд хэлэхэд, Цүлтэм гуайн тэр бүтээл болертөнцийн тухай монголчуудын төсөөлөл, түүнийг үзэх үзэл, түүн дотор хэрхэн амьдрах тухай монголчуудын зохиронгуйн ухааныг өөртөө агуулсан урлагийн нэгэн сод бүтээлюм. “Талын айл” уран зургийн үнэ цэн нь, байгалиас тасран холдох бус байгальтай найрсан зохирох, нэгдэн зохилдох зарчмаар амьдардаг монгол хүний философийг өгүүлсэнд байдаг бөгөөд энэ философийн уран сайхны илэрхийлэл болсныхоо хувьд “Талын айл” нь Монголын уран зургийн сонгодог бүтээл билээ. Ийнхүү бид Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, орчин цагийн Монголын дүрслэх урлагийн нэгэн тод фигур болох Цүлтэмийн Мөнхжингийнд өнжин сууж ярилцлаа.Бидний яриа гэр бүлийнх нь хүрээнд өрнөхөд л Монгол Улс орчин цагийн соёл иргэншилт улс болон төвхнөсөн өнгөрсөн нэгэн жарны түүхэн амьдрал, түүнийг бүтээсэн эрхэм хүмүүсийн тухай, нэн шинэ цагийн Монголын урлагийн ертөнц гээд дахиад дараагийн энэ жарны амьдралыг хамарч байв, Хэтэрхий гэмээр өргөн хүрээтэй, үе удмаараа улс үндэстнийхээ соёл иргэншлийн түүхийг нэр төртэй бүтээлцэж яваа энэ гэр бүлийн амьдралын өнгө төрхийг тоочин өгүүлэхэд ганц энэхэн сурвалжлага хаана нь ч хүрэлцэхгүй байлаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *