-НАЛАЙХЫН СОНГУУЛИЙН САНАЛЫН ХУУДСЫГ ГАР АРГААР ТООЛНО-
Налайх хотын захирагчийг сонгох сонгууль өнөөдөр 7 цагт эхэллээ. Өмнө нь буюу Налайх хот байгуулах санал асуулга нэгдүгээр сарын 22-ны өдөр болж дүүргийн иргэдийн 96.8 хувийн саналаар Налайх хот байгуулахыг дэмжсэн билээ. Нийслэлийн ИТХ-ын ээлжит 25 дугаар хуралдаанаар нийслэлийн эдийн засгийн дэд бүтцийг тэнцвэртэй хөгжүүлэх, хүн амын хэт төвлөрөл болон хотын хангамж, үйлчилгээ, аж ахуйн үйл ажиллагааг зохицуулах, оршин суугчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, байгаль орчны зохистой харьцааг хадгалах зорилгоор нийслэлийн дагуул Налайх хотыг Налайх дүүрэгт байгуулах тухай хэлэлцэн баталжсан. Энэ хүрээнд НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаанаар нийслэлийн дагуул Налайх хотын сонгуулийг зургадугаар сарын 14-ний өдөр зохион байгуулахаар болсон. Налайх хотын захирагчийн анхдугаар сонгуулийг зургаан хэсэгт хуваан явуулж байна. Налайх дүүрэг жилдээ зургаан тэрбум төгрөгийн татварыг улсын төсөвт төвлөрүүлдэг бол хот болсноор эл мөнгөө өөрсдөө захиран зарцуулах эрх нь нээгдэх юм. Энэ удаагийн сонгуульд Налайх дүүргийн ИТХ-аас нэр дэвшсэн Шаравхааны Хаан, долдугаар хорооны иргэдийн нийтийн хурлаас Бүдүүний Баяндэлгэр, 500 сонгогчийн дэмжлэг авч бие даан нэр дэвшиж буй Дааданхүүгийн Батбаатар, Дэшзэвэгийн Цогоо, Нацагийн Мандуул, Ганхуягийн Болдбаатар, Батхуягийн Ганболд, Цэдэнбалжирын Минжинхүү нар тавдугаар сарын 30-ны өдөр сонгуулийн Нэгдсэн хорооноос нэр дэвшигчийн үнэмлэхээ гардан авч өрсөлдөж байлаа. Налайх хотын захирагчийн сонгуульд 9150 өрхийн 20135 иргэн санал өгөхөөр нэрийн жагсаалтад бүртгүүлсэн аж. Уг захирагчийн сонгууль нь анх удаа хотын захирагчийг иргэд шууд сонгож байгаагаарай онцлог болж байгаа хэмээн Налайх дүүргийн иргэд хэлж байв. Тус дүүргийн иргэдийн сонгуулийн ирц тааруу байсан бөгөөд үдийн 12 цаг 15 гаруй хувь нь хамрагдаж байсан бол 14 цагийн байдлаар 23.3 хувь буюу 4751 сонгогч саналаа өгсөн байлаа. Налайх дүүрэгт хот байгуулснаар өрхийн аж ахуй, тээвэр ложистик, бөөний худалдаа, хүнсний үйлдвэрлэл, барилгын материалын үйлдвэрлэл, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, шинэ технологи нутагшуулах парк бүхий хот болон хөгжиж, 2030 он гэхэд 65000 орчим хүн амтай хот болох урьдчилсан тооцоог гаргаад байгаа юм билээ. Сонгуулийн гурван хэсгийн хороогоор ороход иргэдийн сонгууль өгөх ирц тааруу байгаад санаа зовж байгаа ч 22 цаг гэхэд 50 хувьдаа хүрчих байх гэцгээж байлаа. Сонгуульд ахмад настнууд идэвхтэй оролцож байсан бол УИХ болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг бодоход залуучууд илүү идэвхтэй байгааг сонгуулийн хорооноос хэлж байлаа. Иргэдийн зүгээс машинаар хүн авч ирж сонгууль өгүүлж байна гэж байсан ч ирц хүрэхгүй байгаа тул машинаар ч хамаагүй авч ирээд сонгууль өгүүлж ирцийг бүрдүүлэх хэрэгтэй хэмээн зарим иргэд хэлж байсан юм. Учир нь Налайх дүүргийн сонгуулийн хэсэгт ирц бүрдээгүй тохиолдол гарч байжээ. Дүүргийн төвийн буюу Уурхайчин соёлын ордон дахь сонгуулийн нэгдүгээр хорооны санал авах байр хамгийн олон иргэдтэй сонгуулийн зургаан хайрцаг ажиллаж байсан бол бусад сонгуулийн хороод 2-3 хайрцгаар санал авч байлаа. Хэвтэрт байгаа болон хөгжлийн бэрхшээтэй иргэдийн саналыг зургадугаар сарын 13-ны өдөр нэр дэвшигчдийн хяналтын гишүүдийн хамтаар хуулийн хүрээнд саналыг нь аваад битүүмжилсэн гэлээ. Оройн 22 цагт санал хураалт дуусахад тэдгээр саналыг нэгтгэн тоолох аж. Өмнөх УИХ болон Ерөнхийлөгчийн сонгуулийн саналын хуудсыг хар машинаар тоолуулж байсан. Тэгвэл Налайх дүүргийн саналыг гар аргаар тоолох юм байна. Налайх хотын захирагчийн сонгуульд нэр дэвшигчид дүүргийн иргэд голдуу байсан бөгөөд Төрийн албан хаагч тул аль нэг намын харьяаных биш гэж байлаа. Гэсэн ч уг гарвалыг нь хөөгөөд үзэхээр Ардчилсан намаас нэг, МАН-аас хоёр, МАХН-аас хоёр, гурван бие даагч өрсөлдөж байгаа гэсэн юм.
Э.ЭНХ
Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН