Автомашиныг хүн төрөлхтөнтэй сүүлчийн өдөр хүртэл байх гурван зүйлийн нэг гэдэг. Яагаад гэвэл автомашин гэдэг зүйл анх бий болсон цагаасаа хувьсан өөрчлөгдсөөр өнөөг хүрэхдээ хүний хамгийн хэрэгцээт эд зүйлсийн нэгд тооцогдсоор буй. Тиймдээ ч түүнийг эрдэмтэд улам боловсронгуй болгосоор байдаг.
1995 он хүртэл автомашинд дотоод шаталтын хөдөлгүүрийн тусламжтайгаар түлшийг шатааж ялгарсан энергийг ашиглах технологи голлож байсан. Харин 2000 он гарснаар дэлхийн эдийн засгийн хямрал, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах шаардлага тулгарч үүн дээр нь Ойрхи Дорнодын орнуудын улс төрийн ээдрээтэй байдал, нефтийн төрлийн түүхий эдийн нөөцийн төсөөлөгдөж буй хомсдолын нөлөөгөөр автомашинд яалтгүй шинэ төрлийн энерги үүсгэгчийг хэрэглэх ёстой болж байгаа. Олон мянган судлаач, эрдэмтэд ч үүн дээр санал нэгдэж буй.
Тухайн үед эрдэмтэд газаар ажиллах машин ирээдүйтэй гэж ярьж, энэ саналыг барууны зарим орон мөн БНСУ идэвхтэй дэмжиж, газаар ажилладаг автомашиныг их хэмжээгээр үйлдвэрлэсэн ч массыг хамарсан хэмжээнд хүрэхгүй байгаа. Газаар ажилладаг автомашиныг дэлхийн зах зээл дээр их хэмжээгээр гаргах бодлого боловсруулагдаж байх үед цахилгаан болон, цахилгаан, шатахуун хосолсон хайбрид автомашинууд гарч ирсэн нь чиглэлийг өөрчилсөн юм. АНУ-д мөн магнийн зайгаар ажилладаг авто машиныг ирээдүйн чиг хандлагыг тодорхойлно гэж үзэж байгаа бол Азийн зарим орнууд устөрөгчөөр ажилладаг машиныг хүн төрөлхтний ирээдүйн голлох сонголт болно гэж үзэж байгаа юм байна. Азийн 16 орон, барууны 55 орны дунд, ялангуяа олон жил жолоо мушгисан жолооч нарын дунд явуулсан түүвэр судалгаагаар хүн төрөлхтөн ирээдүйд автомашинаа юугаар ажиллуулбал хамгийн үр дүнтэй вэ гэдгийг лавласан байна. Жолооч нарын ихэнх нь хайбрид машинууд бүхий л талын шаардлагыг хангана. Тиймээс ийм төрлийн машинуудад одооноос анхаарлаа хандуулж, улам боловсронгуй болгох хэрэгтэй гэжээ.
Цахилгаан энерги нь бусад төрлийн энерги үүсгэгчидтэй харьцуулахад илүү хямд, аюулгүй, эдийн засгийн үр ашигтай өндөртэй нь. Хэрэв энэ төрлийн автомашиныг хэрэглэгчдийн шаардлагад нийцүүлэн үйлдвэрлэвэл 2020 онд дэлхийн нийт автомашины 10 хувийг, 2030 онд 25 хувийг, 2035 онд 50 гаруй хувийг тус тус цахилгаан машин эзлэх юм байна. Одоо буй цахилгаан автомашины гол дутагдал нь батерейн цэнэгийн агууламж хангалттай хэмжээнд хүрээгүйгээс туулах зай бага буюу нэг удаагийн бүрэн цэнэглэлтээр 150 км хүртэлх зайг туулах боломжтой. Мөн хотын түгжрэлд буюу 15-20 км цагийн хурдтай тогтмол явбал батерей нь хангалттай цэнэг хурааж чаддаггүй гэх сул тал бий.Үүн дээр үйлдвэрлэгчид анхаарлаа хандуулж, хурд, хүчин чадлыг нь нэмэгдүүлж шатахуунаар ажиллах автомашинтай адил хурд хүчтэй байх тал дээр нь анхаарч байгаа аж.
Японы SIM-Drive компани цахилгаан автомашины хамгийн үр ашигтай, тохиромжтой загварыг бүтээж, ийм төрлийн автомашиныг их хэмжээгээр үйлдвэрлэхээр төлөвлөсөн. Эхнээсээ ч үр дүнгээ өгч олон орны жолооч нар ам сайтай байгаа аж. Тус компанийн бүтээсэн цахилгаан машинууд хотуудын автозамын нөхцөлд 4.8 секунд хугацаанд 100 км/ц хүртэл хурд авч, 150 км хүртэлх хурдтайгаар, нэг удаагийн бүрэн цэнэглэлтээр 333 км зай туулах боломжтой болсон байна. Мөн нэг км зайг туулахад 77 ватт цахилгаан энерги зарцуулах бөгөөд үүнийг шатахуун явдаг машинтай харьцуулбал нэг литр шатахуунаар 70 км зам туулна гэсэн үг.
Өнөөгийн цахилгаан машинуудад зөвхөн нэг цахилгаан хөдөлгүүр угсарч, түүний үүсгэх эргэлтийн хүчийг уламжлалт араат дамжуулгын тусламжтайгаар дугуйнуудад дамжуулдаг. Тэгвэл SIM-LEI загварын автомашин дөрвөн цахилгаан хөдөлгүүрийг агуулж тэдгээрийг дугуйн дотор байрлуулах замаар хүч дамжуулах төхөөрөмжийн энергийн алдагдлыг бүрэн арилгаж чаджээ.
Ийм төрлийн цахилгаан машин 370 км/ц хүртэл хурдалж, нэг удаагийн бүрэн цэнэглэлтээр 300 км хүртэлх зай туулахдаа дөнгөж гурван долларын цахилгаан эрчим хүч зарцуулж байна. Шатахуунаар ажилладаг автомашинууд дундаас хамгийн өндөр хурдтай Formula-1 уралдааны машинууд 700 морины хүчтэй бол уг туршилтын загвар 800 морины хүчээр хөдлөх чадвартай юм. Шатахуунаар ажилладаг автомашины хөдөлгүүрт үүсгэсэн энергийн 85 хувь нь үр ашиггүй зарцуулагддаг бол шинэ төрлийн цахилгаан машинд уг үзүүлэлтийг 40 хувь болгон бууруулсан нь дурдах ёстой амжилт.
Өмнөх үеийн цахилгаан машины батерей ахуйн цахилгаан сүлжээнээс дунджаар зургаан цаг хүртэл хугацаанд бүрэн цэнэглэгддэг байсан бол одоо 10 минутад 100 хувь цэнэглэх технологи нэвтэрч АНУ, Өмнөд Солонгос, Европын орнуудад цахилгаанаар цэнэглэх станцууд олноор байгуулагдаж байгаа юм. “Хонда” компани цахилгаан машиныг нарны энергээр туршиж эхэлсэн нь мөн л үр дүнгээ өгчээ. Энэ тохиолдолд автомашины зогсоолын дээвэр дээр нарны зайг байрлуулах бөгөөд цахилгаан шугам сүлжээнд нэмэлт ачаалал өгөхгүй давуу талтай юм.
Юта их сургуулийн эрдэмтэд цахилгаан үүсгүүрийг автозам дээр байрлуулах санааг дэвшүүлсэн нь олон хүний анхаарлыг татаж байгаа. Энэ нь цахилгаан машиныг явдал дунд нь цэнэглэх боломж бүрдүүлэх бөгөөд цэнэг буюу түлш дуусах асуудлаас бүрэн ангижруулж байгаа юм. Мөн нано технологийн хөгжлийн үр дүнд нарны зайг авто зам дээр байрлуулах замаар цэнэглэх шинэ шийдлийг гаргаад байгаа юм байна.
Д.САРНАЙ