“ТВ коктэйл” хамтлагийн жүжигчин Б.Энхбаяртай уулзлаа. Тэрээр “Хөгжилтэй гэр бүл” киноны Мянганбуугийн дүрийг бүтээсэн юм.
-“Хөгжилтэй гэр бүл” олон ангит уран сайхны кино үзэгчдийн сонирхлыг багагүй татаж байна. Ялангуяа таны бүтээсэн Мянганбуугийн дүр?
-Энэ кино “Боловсрол” суваг телевизийн уран бүтээлчид болон “Коктэйл филмс”-ийн хамтын бүтээл. Ерөнхийдөө Солонгос кинотой төстэй. Зохиол нь Солонгос. Хэдий олон ангит кино ч гэлээ анги болгон дээр өөр, өөр үйл явдал гардаг юм. Анх уран бүтээлчид уулзаад 40 ангит кино хийе гэж зорьсон. Зорьсондоо хүрээд эхний 40 ангийг амжилттай хийчихлээ. Зураг авалт өнгөрсөн арваннэгдүгээр сард эхлээд дөрөвдүгээр сард дууссан. Анзаарах юм бол кинон дээр хоол их иддэг. Бараг зуун удаа хоол идэж байгааг нь бид 20-30 удаагийнх болгосон. Яалт ч байхгүй хоолон дээр яриа өрнөдөг тийм хэсгүүдтэй. Солонгос кино зохиолыг монгол хэлбэрт оруулан гаргаж байгаа гэдгийг хүмүүс мэдэж байгаа байх.
-Таны хөтөлдөг “50 саяын уналт” нэвтрүүлгийн асуултуудыг хэн бэлддэг вэ?
-Уг нэвтрүүлгийг “Боловсрол” суваг телевиз Английн “Эндемол” гэдэг компанийн албан ёсны зөвшөөрөлтэйгээр хөтлөн явуулдаг. Дүрэм журам, хөгжим, цаанаас зохиосон минут секундийн дагуу нэвтрүүлэг явагддаг юм. 2011 онд эхлээд тав дахь жилдээ явж байгаа. Асуултыг “Боловсрол” суваг телевизийн ажилтан бэлддэг. Оролцох бүх хүмүүсээ судална. Хэнээс юу асуух вэ, эхний шатанд ямар асуулт байх вэ зэргийг тооцоолдог. Жишээ нь оролцогч маань “Beatles”-ийг сонсох дуртай гэвэл эхний асуулт “Beatles”-тэй холбоотой байх жишээтэй. Гэхдээ амархан асуулт байдаггүй. Хоёр, гурав дахь асуулт мөн иймэрхүү маягаар явна. Архангай аймагт төрсөн оролцогч байлаа гэхэд Архангай аймгийн Хөшөөт-Цайдам сумаас олдсон Түрэгийн Билгэ хааны булшнаас гарч ирсэн зүйлийн тухай асуух жишээтэй. Ингээд өөрийнх нь эргэн тойрноос эхлээд жаахан шоглодог байх нь л дээ. Цаашлаад тухайн хүний хэн гэдэг, хаана төрсөн хамаагүй болно. Энэ бол мөнгө шүү дээ гэдэг утгаараа асуултаа тавьдаг. Аль болох л тэр хүнийг унагаах гэж асуудаг юм байна даа гэж би ойлгосон. Тэрнээс биш би асуулт бэлдэх ажилд ерөөсөө оролцдоггүй. Зөвхөн хөтлөгчийн гэрээ хийсэн. Хөтлөх өдөр тэдэн цагаас бичлэгтэй гэдгийг надад урьдчилж мэдэгдэнэ.
-Нэгэн нэвтрүүлэгт таныг оролцогч хүндээ шипи өгсөн гэдэг юм билээ?
-Хариултыг нь мэдэхгүй учраас асуултаа задалсан тохиолдол гарч байсан. Би тийм асуулт гарч ирнэ гэдгийг мэддэггүй. Оролцож байгаа хүн маань энэ чинь ямар амьтан байдаг билээ гэхээр нь яагаав нэг тийм цэнхэр гээд хэлчихсэн. Тэгээд асуултаа харсан чинь эдгээр амьтдын аль нь цэнхэр өнгөтэй вэ гээд гараад ирсэн. Тухайн үед хамгийн эхний шатны асуулт байсан болохоор найруулагч за яахав гээд өнгөрсөн. Хэрэв тав, зургадугаар асуулт байсан бол зогсоох байсан байлгүй.
-Саяны хүүхдийн баяраар “Тавин бэлэгний уналт” нэртэйгээр зохиогдсон. Сүүлийн үеийн хүүхдүүдийн мэдлэг таныг хүүхэд байсан үеийнхнээс хэр өөрчлөгдсөн байна вэ?
-Үе үеийн хүмүүсийн мэдлэг өөр байна гэж байхгүй байх л даа. Жишээ нь намайг бага байх үедмаш их мэдлэгтэй, маш олон ном уншдаг хүүхэд байсан. Одоо ч гэсэн тийм мэдлэгтэй, зүсэн зүйлийн юм сонирхдог хүүхдүүд зөндөө бий.
-Гэхдээ сүүлийн үеийн хүүхдүүд шинэ техник технологитой илүү ойр, мэдээлэл ч сайн авч байгаа?
-Энэ дунд чинь бас мэдэхгүй нөхөр ч байгаа. Миний үед юм мэддэггүй, ном уншдаггүй нэг нөхөр явдаг байсан бол өнөөдөр ч бас тийм хүүхэд бий.
-ТВ коктэйль хамтлаг хэдэн жилийн өмнө “Бид хаана төрөө вэ?” нэртэй Монгол орноо тойрсон аялал хийнэ гэж ярьж байсан. Энэ юу болсон бол?
-Энэ аялал 2010 онд төсөв мөнгө нь бүтэхгүй болоод зогссон. Гэхдээ цаас хэлбэрээрээ манай хамтлагийнханд байж л байгаа. Зургийн төлөвлөгөө гаргаад хэдэн төгрөг орох, хаашаа явах гээд бүх зүйлээ төсөл болгон бичсэн. Яваандаа боломжтой болсон цагтаа хийнэ гэж боддог ажлуудын нэг.
-Ойрын үед хамтлагаараа шинэ уран бүтээл хийх үү?
-Манайхан хэд, хэдэн уран бүтээл хийсний дараа бүл нэмж байгаа. Найруулагч Сэнгэдорж, Баттүшиг, Жавхлан нарын уран бүтээлчидтэй хамтран “Sun” пикчерсийг байгууллаа.
-Хэзээ тэр вэ?
-Удаагүй байна даа. Бидний анхны уран бүтээл “Босуул” уран сайхны кино. Наймдугаар сард олны хүртээл болох юм. Түүхэн, адал явдалт, тулаант уран сайхны кино хийлээ. Одоо график, монтаж, дуу оруулалтын ажилхийгдэж байгаа.
-Зураг авалт дуусчихсан уу?
-Өвөл зургаа авсан. Энэ киног хийж эхлэхийнхээ өмнө бид пикчерс байгуулъя гэж ярьж байсан юм. Тэгээд киноны зохиол бичигдээд, зураг авалт хийгдэж байх үеэр тамга тэмдгээ авлаа. Ерөнхийдөө 2015 оны нэгдүгээр сард байгуулагдсан гэж ойлгож болно.
Ө.МАНЛАЙ