Categories
мэдээ цаг-үе

Б.Сэр-Од: Би олон улсын бүх тэмцээнд эх орныхоо нэр дээр гүйж байгаа

Монгол Улсын гавьяат тамирчин Б.Сэр-Одтой ярилцлаа.

-“Улаанбаатар марафон-2015” олон улсын тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд боллоо. Бүтэн марафонд түрүүлсэнд тань баяр хүргэе.

-Тав дахь жилдээ болж буй “Улаанбаатар марафон”-оос Монголын ард түмэн гүйлтийн төрлийг сонирхдог болсон, өөрсдөө гүйдэг болсныг харлаа. Нийслэлийн удирдлагууд ард түмнийхээ хүсэл сонирхлыг мэдрэн хотынхоо төвөөр марафон тэмцээн зохион байгуулж байгаад талархах хэрэгтэй. Хотоо гадаадад сурталчлах том боломж гэж харж байгаа. Өнөө жилийн тухайд 10 км-ийн тойргийг дөрөв тойрч гүйсэн. Гүйлтийн замыг цагдаагийн бие бүрэлдэхүүн бүрэн хамгаалалтад авсан нь тэмцээний давуу тал юм. Дутагдалтай зүйл бас байсан. Бүх төрөлд оролцож байгаа тамирчид нэг зам дээр гүйсэн. Энэ үед гараанаас гарч байгаа, барианд орж байгаа тамирчид давхцах асуудал гарч байлаа. Би эхнийхээ тойргийг дуусгаад хоёр дахь руугаа орох гэж байхад таван км-ийн зайд гүйсэн тамирчин барианд орохтой давхцах жишээтэй. Барианд орж байгаа тамирчид замаа хаагаад юу ч бодолгүй зогсчихдог. Цааш үргэлжлүүлэн гүйх би тэдний дундуур гарах, тойрч гарах гээд хугацаа алдах асуудал гарсан. Ер нь тэгээд олон улсын марафон тэмцээн зохиож байсан туршлага аргагүй дутаж байна лээ.

-Уралдааны зам дутуу байсан гэх яриа гарсан. Та мэдрэв үү?

-Зам дутуу байсан шүү дээ. Хагас, бүтэн марафоны замд 600 гаруй метр дутуу байсан. Дутуу зам дээр гүйж байгааг олон улсын тэмцээн гэж хэлэх хэцүү л дээ. Бүтэн марафон олон улсын жишигт 42 км 195 метр гэсэн ганцхан хэмжигдэхүүнтэй. Гэтэл бид сая 41 км 600 гаруй метр гүйсэн байгаа юм. Тэгэхээр олон улсын түвшний тэмцээн биш. Бид замаа бүрэн хийж чадахгүй болохоор олон улсын зэрэглэлтэй мундаг тамирчид ирж оролцохгүй. Яагаад гэхээр дутуу зам дээр гүйсэн амжилтыг хаана ч тооцохгүй.

-Зам дутууг яаж мэдэв?

-Уг нь тэмцээн эхлэхээс өмнө зохион байгуулагчид дээр дасгалжуулагчийн хамт очоод 10 км-ийн замыг хэмжиж өгсөн юм. Марафон гүйлтийн зам хэмждэг албан ёсны хэмжүүр байдаг. Түүгээрээ хэмжсэн. Дараа нь 42 км-ийг хамтдаа хэмжье гэсэн боловч өөрсдөө хэмжсэн байна лээ. Зам дутууг яаж мэдэв гэхээр миний цаг хэмжигчтэй. Олон улсын тэмцээнд гүйсээр байгаад тодорхой хэмжээний баримжаатай болчихдог юм. Дээрээс нь тамирчид яг хаагуур тойрохыг хэлээгүй. Намайг гүйж байхад “Наанаас эргэхээр болсон шүү” гэх мэдээ ирсэн. Гүйж байгаа болохоор наанаас гэхээр аль хавийг хэлж байгаа юм бол доо гэж бодоод өнгөрсөн. Энэ мэтчилэн дутагдалтай зүйл зөндөө байлаа.

-Гүйж байгааг тань харж байлаа. Олон хүн таныг дэмжиж байна лээ?

-Өмнөх жилүүдийг бодвол энэ жил хөгжөөн дэмжигч маш олон байсан. Эхний гурван жил Улаанбаатараас Налайх хүртэл гүйдэг байсан болохоор үзэгч байхгүй байсан гэж хэлж болно. Харин сүүлийн хоёр жил нийслэлийн төвөөр гүйлгэж байна. Энэ нь марафон гүйлтийн төрлийг олон нийтэд сурталчлах сайхан арга. Саяын тэмцээнийг зурагтаар шууд дамжуулж байсан болохоор гэртээ байсан хүн “За одоо манай гэрийн хажуугаар өнгөрөх нь” гээд гарч ирээд зам дээрээ зогсчихсон. Гүйж байхад замын хажууд байгаа хүмүүс алга ташин урам зориг өгч байсан. “Гүйгээд байгаарай. Дэмжиж байгаа шүү. Тасархай шүү” гэхчлэн орилно. Бусад төрөлд гүйж байгаа тамирчдын хажуугаар өнгөрөх үед нэг хэсэгтээ дагаж гүйх жишээтэй. “Найман шарга” захын урдуур гүйж байхад нэг ах миний биед хүрэх гээд нэлээн дагаж гүйсэн.

-Яаж байгаа юм бол оо?

-Монголчуудын сайхан уламжлал байна шүү дээ, түрүүлээд ирсэн хурдан морины хөлснөөс адис авч хийморио сэргээдэг. Тэрэнтэй л адил байхгүй юу. Яг тэмцээнд оролцоод гүйж байх үед хүн тэгж дагахаар эвгүй юм байна лээ. Гэхдээ гоё шүү дээ. Намайг дэмжиж байгаа тэр хүмүүсээс би урам зориг авч улам хурдалдаг юм. Шууд бэлэн мөнгө май гээд өгөхгүй ч гэлээ сэтгэл гэж юугаар ч үнэлшгүй сайхан юм байна.

-Германд болсон тэм­цээнээс “Рио-2016” олим­пийн наадмын эрхээ авсан. Тэр тэмцээний тухай ярихгүй юу?

-Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 26-нд Германы Хамбург хотноо болсон олон улсын тэмцээнд оролцож олимпийн наадмын эрхээ авлаа. Энэ тэмцээний бүтэн марафон буюу 42 км 195 метрийн зайд 20 мянган тамирчин оролцсон. Их тоо байгаа биз. Би 2 цаг 10 мин 15 секундын амжилтаар зургадугаар байрт шалгарч хөнгөн атлетикийн төрөлд хамгийн эхний олимпийн эрхээ авлаа.

-Олимпийн наадам ч ойр­тож байна шүү. Таны бэлтгэл хэр байгаа вэ. Бэлт­гэлээ хаана хийж байна вэ?

-Том уралдаан тэмцээний сэргээлтийн болон суурь бэлтгэлээ Монголд хийж байгаа. Яг чухал бэлтгэлээ Японд очиж хийж байна.

-“NTN” клубт харьяалаг­даж байгаа хэвээрээ юу?

-Хэвээрээ. Гэхдээ намайг тэнд бэлтгэл хийж байгааг зарим хүмүүс ташаа ойлгоод байдаг юм шиг байна лээ. Японы клубээс бүх зардал мөнгөө даалган бэлтгэлээ хийдэг. Тэмцээн уралдаанд оролцох зардлаа клубээсээ гаргуулж байна гэж ойлгодог. Үнэндээ тэмцээнд оролцох зардлаа би өөрөө гаргадаг. Заримдаа улсаас гаргаж өгч байгаа. Жижиг тэмцээнд буюу “NTN” клубийн тамирчидтай баг болон оролцох зардлыг япончууд гаргадаг. Тэр бүү хэл Японы бусад хотод очиж бэлтгэл хийхэд гарах бүх зардлаа би өөрөө төлж явна.

-Тэндээс цалин авна биз дээ?

-Цалин авахгүй ээ. Зүгээр л бэлтгэл хийх боломжоор хангаж байгаа юм. Яагаад тэд нар намайг өөрсдийн байранд аваачин бэлтгэл хийлгээд байна вэ гэхээр бүтэн марафонд 2 цаг 08 минут 50 секунд гүйсэн тамирчин Ази, Европт цөөхөн шүү дээ. Гэтэл гүйлт мэдэхгүй орны тамирчин ийм амжилт гаргаж том тэмцээнд түрүүлээд байхаар анхаарлыг нь татаж байна. Энэ хүний бэлтгэл хийх боломжийг хангаад өгвөл өшөө ямар амжилт үзүүлэх бол гэсэн сэтгэлээр дэмждэг юм.

-Яваад жил болчихсон уу?

-Яг л нэг жил болж байна. Гэтэл намайг аль хэдийнэ Японы иргэн болчихсон мэтээр ойлгоод байх шиг байдаг.

-Олон улсын тэмцээнд орохдоо хаанахаар овоглож байна вэ. “NTN” клубийн тамирчин гэж дуудуулдаг уу?

-Олон улсын ямар ч тэмцээнд очсон Монголын тамирчин гэж явдаг. Майкан дээр л “NTN” клубийн таних тэмдэг байдгаас биш Монгол Улсын тамирчин Б.Сэр-Од гэж дуудуулж байгаа.

-Шигшээ багт таны дасгалжуулагчийг авахгүй байгаад байсан. Одоо асуудал шийдэгдсэн үү?

-Одоо хүртэл шийдээгүй ээ. Он гарснаас хойш “Б.Сэр-Одын багшийг шигшээ багт авлаа” гэх мэдээлэл гарч байсан ч өнөөдрийг хүртэл албан ёсоор шигшээ багт ороогүй байгаа. Бусад спортын салбарт эхнэр, нөхөр хоёр бие биенийгээ дасгалжуулаад явах тохиолдол гардаг. Гэтэл бид хоёр дээр л ашиг, сонирхлын зөрчил гэсэн зүйл гараад байдаг юм. Тэртээ тэргүй би олимпийн эрхээ аваад ирдэг. Тэгэхээр олимпийн наадмаас жил хүрэхгүй хугацаанд миний дасгалжуулагчийг шигшээ багт авдаг. Олимп дуусахаар хасчихна. Гурав дахь олимптоо ингэж байна даа.

-Удахгүй дэлхийн аварга болно. Ямар зорилго тавьж байгаа вэ?

-Энэ жилийн ДАШТ их хариуцлагатай тэмцээн болж байгаа. Тэгэхээр Японд очиж бэлтгэл сургуулилтаа хийх гэж байна. Өнөөдөр юмуу маргааш явах бодол байна. Олимпийн өмнөх ДАШТ гэдэг бол асар өндөр хариуцлага шүү дээ.

-Японд өдөрт хэдэн цагийн, ямар бэлтгэл хийдэг юм бэ?

-Яг тогтсон зүйл байхгүй. Өдөр бүр өөр бэлтгэлд гарна. Тамирчин хүн ямар бэлтгэл хийх ёстой байдаг тэр бүхнийг хийнэ. Хурд, хүч, уян хатан, авхаалж самбаа, тэсвэр гээд цогц бэлтгэл хийдэг юм.

-Дасгалжуулагчтайгаа хамт явах уу?

-Ганцаараа явна. Багштай­гаа явъя гэхээр зардал мөнгөний асуудал хэцүү шүү дээ. Бүх зардлаа хувиасаа гаргаж байгаа болохоор хамт явах боломжгүй.

-Та одоо аль байгууллага, клубт харьяалагддаг юм бэ?

-Яг тэр гээд харьяалагдаж байгаа байгууллага алга. Чингэлтэй дүүргийн нэгдүгээр хэлтсийн хэв журмын офицер, цагдаагийн ахмад цолтой. Манай нэгдүгээр хэлтсийн дарга Батбаатар болон хамт олон маань дэмждэг юм.

-Олон улсын тэмцээн уралдаанд оролцох зардал мөнгөө яаж зохицуулж байна вэ?

-Сая өнгөрсөн нэгдүгээр сараас дөрөвдүгээр сар хүртэл бэлтгэл хийх зардлыг шигшээ багаас гаргаж өгсөн. ДАШТ-д оролцох зардал надад хэрэггүй. Тэртэй тэргүй Олон улсын хөнгөн атлетикийн холбооноос гаргаад өгчихнө. Би жирийн нэг тамирчин биш шүү дээ. Дэлхийд данстай тамирчин. Тэгэхээр ДАШТ-д оролцох бүх зардлыг олон улсын холбооноос гаргана. Надад одоо юу хэрэгтэй вэ гэхээр ДАШТ-д оролцох бэлтгэлийн зардал хэрэгтэй. ДАШТ эхлэхэд 71 хоног үлдээд байна.

-Таныг олон улсын тэм­цээнд оролцохоор очиход хэр хүлээж авдаг вэ?

-Жаахан дэгсдүүлээд хэлэхэд төрийн айлчлалын хэмжээнд хүлээж авна даа. Монголын Б.Сэр-Од ирчихсэн байна гээд шуугичихна. Тэмцээний өмнө “Та өнөөдөр ямар бэлтгэл хийх вэ. Ямар зам бэлдэх үү” гэж асуухаас л эхэлнэ дээ. Тусгай машинаар үйлчлээд эхэлдэг.

-Таны яриаг сонсож байхад монголчууд таныг дэмжихгүй байгаад гомдолтой байдаг мэт сэтгэгдэл төрөх юм?

-Тэгж хэлж болохгүй ээ. Монголын ард түмэн надад хайртай. Намайг хаана ч явсан чин сэтгэлээсээ дэмждэг. Мөнгө төгрөгний асуудал бол хэдэн дарга нартай л холбоотой шүү дээ. Миний сул тал хүнд тал засаж чаддаггүй. Хэний ч өмнө шууд хэлдэг. Тэр нь зарим нэг даргын эгдүүг хүргэдэг шиг байгаа юм.Энэнээсээ болоод жаахан хавчуулагдаад, дарагдаад байдаг тал бий.

-ДАШТ-д таны гол өрсөлдөгчид хэн байх бол?

-Бүтэн марафоны дээд амжилт 2 цаг 02 минут 57 секунд байдаг юм. Гэхдээ энэ амжилтыг зөвхөн Берлиний марафонд л эвдэх боломжтой. Өөр улсад эвдэх болон давтах боломж байхгүй. Учир нь Берлиний л цаг агаар, зам дээр энэ амжилтыг эвдэж болно. Бусад газар боломжгүй. Өрсөлдөгчийн тухайд Африкийн тамирчид байлаа. Харин сүүлийн үед Кенийн тамирчдыг өндөр хөгжилтэй улсууд худалдаж аваад өөрсдийн нэр дээр гүйлгээд байна. Тэгэхээр өрсөлдөгч чангарч байна гэсэн үг.

-Таныг манай тамирчин болооч гэсэн санал ирж байсан байх. Хаанаас санал тавьж байв?

-Ази болон Европын хоёр улсаас санал тавьж байлаа. Азийнхийг хэлээд яахав. Гэхдээ Япон бол биш. Тэр нь 2009 он. Дараа нь Англи улс манай тамирчин болооч гэсэн санал тавьж байлаа. Тухайн үед татгалзаж байсан ч гэлээ одоо харамсаж байна. Хэрэв Английн тамирчин болчихсон байсан бол өдийд зардал мөнгөн дээр санаа зовохгүй явах байлаа.

-Тамирчин болооч гэх санал тавихад юу амалдаг юм бэ?

-Тамирчин хүний насан туршийн амьдралын баталгаа өгч байсан. Ер нь их том зүйл амласан л даа. Цалин мөнгө хангалттай өгнө. Хамгийн гол нь гүйхээ болилоо гэхэд насан туршдаа хангалттай амьдрах баталгаатай. Англи улс марафон гүйлтийн сайн тамирчингүй шүү дээ. Одоо хүртэл байхгүй байгаа.

-Та хэдэн хүүхэдтэй вэ. Хүүхдүүд тань гүйлтийн тамирчин болох нь уу?

-Би хүү, охин хоёртой. Хүү маань 13-тай. Охин 6 настай. Хүү маань сая өөрийнхөө сонирхлоор “Улаанбаатар марафон”-д гүйсэн. Даанч зохион байгуулагч нарын хариуцлагагүйгээс болоод хэддүгээр байр эзэлснийг нь хэлээгүй байна лээ. Бүртгэж аваагүй гэсэн үг.

С.АЛТАН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *