Categories
мэдээ улс-төр

Гачууртын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг өргөн барилаа

Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболдод Засгийн газрын гишүүн, Уул уурхайн сайд Р.Жигжид “Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг өнөөдөр өргөн барилаа.

Ажлын хэсгийн зүгээс төрийн эзэмшлийн хувь хэмжээг 34 хувиар тогтоох, энэ хувь хэмжээг ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрөөр орлуулах тохиолдолд алтны үнээс хамаарч ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрийн хувь, хэмжээ өөрчлөгдөх саналыг эдийн засгийн тооцоо, үндэслэлийн хүрээнд хөрөнгө оруулагч талд тавьж урьдчилсан тохиролцоонд хүрсэн тухай хууль санаачлагч танилцуулав.

Төсөл нийт 9 жил уурхайн олборлолт, 10 жил үйлдвэрлэл явагдаж, 3,361 тэрбум төгрөгийн борлуулалт хийж, татварын дараах цэвэр ашиг 340.5 тэрбум төгрөг, төр 70 орчим тэрбум төгрөгний ногдол ашиг авна. Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр батлуулсан техник, эдийн засгийн үндэслэл /ТЭЗҮ/ дээр үндэслэн алтны үнийг өнөөгийн ханш буюу ойролцоогоор 1,300ам.доллараар тооцож /долларын ханшийг 1,900 төгрөгөөр тооцсон/ үзэхэд тухайн төсөл нь оруулсан хөрөнгө оруулалтаа бүрэн нөхөж, татварын дараах ашгаас тооцон төр ноогдол ашиг авахаар байгаа аж.

“Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл нь Монгол Улсын Үндсэн хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид нийцсэн болно. Мөн Засгийн газрын хуралдаанаас Ноён уулыг хамгаалалтад авахаар шийдвэрлэсэн байна.

Иймд “Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэн дэмжээд Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 161.1-д заасны дагуу тогтоолын төслийг чуулганы хуралдаанаар нэн яаралтай хэлэлцүүлэхээр Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтжээ хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *