Categories
мэдээ цаг-үе

Б.Инжир: Нөхөрлөлийн тухай гардаг болохоор “Миний бяцхан одой морь“ хүүхэлдэйн кинонд хүүхдүүд их дуртай

Хүүхдийн баяраар “Боловсрол суваг” телевизийн “50 бэлгийн уналт” танин мэдэхүйн шоу нэвтрүүлэгт оролцож ялагч болон хамгийн олон бэлгийн эзэн болсон Батмөнхийн Инжир хэмээх бяцхан охинтой ярилцлаа. Б.Инжир нийлслэлийн 18 дугаар сургуулийн 5в ангийн сурагч юм байна.

-Хүүхдийн баярын танин мэдэхүйн нэвтрүүлгийн асуултад бүдрэлгүй хариулж ялагч болсонд үзэгчид та хоёроор их бахархсан байх аа. Нэвтрүүлэгт хэрхэн орсон талаараа яриач?

-Намайг Батмөнхийн Инжир гэдэг. Би 18 дугаар сургуулийн 5в ангид сурдаг. Нэг өдөр “Боловсрол суваг” телевизийн хүмүүс манай сургууль дээр ирээд тавдугаар ангиудаар орсон. Анги болгоноос арав арван хүүхэд явуулаарай гэсэн байхгүй юу. Тэр багт багш намайг явуулсан. Эхлээд тест аваад тэндээсээ хоёр хүүхэд шалгаруулж авсан. Дараа нь “Боловсрол суваг” телевиз дээр ярилцлага авсан.Дөрөв, тавдугаар ангийн 250-иад хүүхдээс дөрвөн хүүхэд шалгаруулж авсан. Би нөгөө ангийн Пүрэвдоржтой хамтран оролцож амжилтад хүрсэндээ баяртай байгаа.

-Асуулт нь ямар байсан бэ?

-“Тавин саяын уналт” нэвтрүүлэг дээр найман асуулт байдаг шүү дээ. “Тавин бэлгийн уналт” дээр ч найман асуулт байсан. Асуулт нь ерөнхийдөө амархан байсан. Зарим асуултад нь жаахан эргэлзэж байсан ч бүгдэд нь зөв хариулаад 17 бэлэг авсан. Нэвтрүүлгийн хөгжим нь маш их түгшүүртэй байлаа. Бэлэгнүүд нь уначих юм бол тэмцээнд орсны хэрэг юу байна аа гэсэн түгшүүр төрүүлж байсан. Ая нь аймаар эвгүй байсан.

-Асуултуудад нь хэрхэн хариулав?

-Хамгийн эхэнд “одой морь” гэдэг сэдвийг сонгосон л доо. Яг миний үздэг хүүхэлдэйн киноны тухай амархан асуулт байсан. “Миний бяцхан одой морь” гэдэг хүүхэлдэйн киноны үнэнч шударга зантай “Эпл Жэкийн сүүл нь ямар өнгөтэй байдаг вэ” гэсэн асуулт ирсэн. Би энэ хүүхэлдэйн кинонд их дуртай л даа. Тийм болохоор “шар сүүлтэй” гэж шууд хариулсан. Эргэлзсэн асуулт бол, “Фанта, Спрайт, Миренда гэдэг гурван ундааны аль нь хамгийн түрүүнд үйлдвэрлэгдсэн бэ” гэсэн байсан. Эхлээд би “Спрайт” гэж бодож байсан болохоор бүх бэлгээ түүн дээр нь тавьчихсан. Гэтэл хөтлөгч “Хуваахгүй юмуу” гэхээр нь “Фанта” ч байж магадгүй гэж бодоод 17 бэлгээ “Фанта” дээр, 20 бэлгээ “Спрайт” дээр тавьсан байхгүй юу. Тэгтэл 20 бэлэг нь унаад 17 нь үлдсэн.

-Сүүлчийн найм дахь асуулт нь юу байв?

-Сүүлийн асуулт нь бас хүүхэлдэйн киноны тухай байсан. “Үнсгэлжин аль хөлийнхөө шаахайг орхидог вэ” гэсэн асуулт. Бодож байгаад “зүүн” гэсэн хариулт дээр тавиад 17 бэлгээ бүгдийг нь авсан.

-Ямар хичээлд дуртай вэ?

-Би дүрслэх урлагийн хичээлд их дуртай. Зураг зурж, технологиор юм хийх их дуртай. Энэ миний хобби. Зураг зураад, цаас, баримлын шавраар янз бүрийн юм хийдэг. Би нийслэлээс зарласан зургийн уралдаанд ороод мөнгөн медаль авч байсан. Бас сургуульдаа зургийн дугуйланд нь үнэ төлбөргүй явдаг байсан. Манай зургийн багш Доосүрэн бидэнд яаж зурвал амархан байх вэ, яавал гоё зурах вэ гээд бүгдийг заадаг байсан. Одоо завгүй болчихсон болохоор зургийн дугуйландаа явахаа больсон л доо. Шууд гэр рүүгээ харихгүй бол болохгүй. Бас би дөрөвдүгээр ангид байхдаа IQ–гийн аварга болж байсан. Нэг өдөр хичээлээ тараад явах гэж байтал багш намайг “Хүлээж бай, одоо IQ–гийн шалгалт авах гэж байна. Чи нэг хийгээд үз дээ” гэсэн. Би IQ–д ерөөсөө явдаггүй болохоор гайхаад өгсөн даалгаврыг нь хийгээд үзсэн байхгүй юу. Тэгсэн чинь багш “Манай Инжир IQ-д явдаггүй мөртлөө нэгдүгээр зэрэг авлаа” гээд баяр хүргэж байсан. Ер нь бүх хичээл гоё доо.

-Зуны амралтаараа яаж амрах гэж байна. Хөдөө явдаг уу?

-Зусландаа гарна. Би хоёр дүүтэй, нэг ахтай. Том дүү маань манай сургуулийн хоёрдугаар ангид сурдаг. Бага дүү маань цэцэрлэгт байгаа. Миний ах долдугаар ангид сурдаг. Манайх Гоодой гэдэг зусланд гардаг юм. Жил болгон хамаатнуудаараа олуулаа гардаг. Амралтаа олуулаа өнгөрөөх их дуртай. Бас гэр бүлээрээ “Аварга тосон” явдаг.

-Ээж, аавынхаа тухай ярьж өгөөч?

-Манай аав ШУТИС-д нягтлан бодогч хийдэг. Ээж маань англи хэлний сургалтын төвд ажилладаг. Ээж хааяа англи хэлний хичээлд, аав математик дээр тусалдаг. Сая би таван онцын эзэн болсон. Бага ангиа онц төгсөх юм бол хүрэл медаль, дунд ангиа онц төгсвөл мөнгөн медаль, ахлах ангиа онц төгсөх юм бол алтан медаль өгдөг юм билээ. Одоо би бага сургуулиа онц төгсч байгаа болохоор хүрэл медаль авахаар болсон. Би таван настайдаа уншиж, тоо бодож сурсан л даа. Цэцэрлэгт байхад багш бусад хүүхдүүд тоглож байхад надад ном унш гээд баахан ном авчраад өгчихдөг байсан. Гоё үлгэрүүд шүү энэ номуудыг уншаарай гээд уншуулаад суулгачихдаг байсан. Тийм болохоор би багаасаа уншсаар байгаад одоо адал явдалтай зузаан ном унших дуртай. Би том болоод эмч болно.

-Яагаад?

-Яагаад гэвэл, эмч бол хүмүүст тусалж өвчнийг нь эдгээж авардаг гоё мэргэжил.

-Жаахан дүүтэй байх ер нь ямар байдаг вэ?

-Хөөрхөн шүү дээ. Бүр жаахан байхдаа их хөөрхөн, бүх юмыг нь бэлдээд асрах гоё байдаг байсан. Одоо арай том болчихсон л доо. Дөрвөн настай. Дүү маань их сэргэлэн. Намайг дандаа хуурч тоглодог. Би хоёр дүүгээ багад нь асарч үзэж байсан. Одоо хоёулаа том болчихсон. Хоёрдугаар ангид сурдаг дүү маань ногоо арилгаад, хогоо цэвэрлээд гэрээ бараг цэвэрлэдэг болчихсон шүү дээ.

-Танай анги хэдэн хүүхэдтэй вэ?

-Дөчин есүүлээ. Уг нь тавин хүүхэдтэй байсан чинь нэг нь шилжээд явчихсан.

-Олуулаа нэг ангид сурах ямар байдаг вэ?

-Хааяа багшийг гараад явсан хойгуур аймаар шуугилддаг. Хичээл дээрээ бол чив чимээгүй болчихдог. Ер нь олуулаа байх хөгжилтэй байдаг л даа. Амралтаар явах, хичээлээс гадуурх үйл ажиллагаа зохиогдоход олуулаа байх хөгжилтэй гоё байдаг. Манай сургууль долоо хоногийн баасан гариг бүрт хичээлээс гадуурх үйл ажиллагаа гэж зохиодог. Түүгээр ангиараа аялдаг. Манзуширийн хийд, Найрамдал зуслан ч юм уу өөр бусад газруудаар аялдаг. Зөндөө олон газруудаар аялж байсан. Хөдөө яваад буухиа тэмцээнүүд зохиогоод анги ангиараа байдаг. Манай дүүгийн анги бараг тавин хэдэн хүүхэдтэй шүү дээ. Бараг анги болгон тийм олон хүүхэдтэй.

-Тийм олон хүүхэд нэгийгээ бүгд таньдаг уу?

-Таньдаг. Би зургийн дугуйланд явдаг байсан нөгөө ангийн хүүхдүүдийг ч таньдаг.

-Та хоёрыг 17 бэлгийг хэрхэн хувааж авсан бол гэж нэвтрүүлгийг үзсэн хүүхдүүд их сонирхож байгаа байх аа. Тэр дотроос авахыг хүссэн бэлгээ авч чадав уу?

-Хоёулаа ярилцаж байгаад авъя гэсэн бэлгээ тэнцүү хуваагаад авсан. Тэр дотор Ipod, Xbox 360 тоглоом, ширээний хөл бөмбөг, Playstation, гэрийн театр, “Тэнгис” кино театрт бүтэн жил кино үзэх эрх, хүүхдийн паркттоглох эрх, эрэгтэй ролик, волейболын бөмбөг, хөлбөмбөгийн шипи, “Kindle” ном уншигч, бөмбөр, эрэгтэй бугуйн цаг, дэмждэг хөлбөмбөгийн багийн өмсгөл, 16 Gb flash диск, глобус, хүүхдийн хувцасны дэлгүүрээс 200,000 төгрөгөөр худалдан авалт хийх эрх багтсан байсан. Бүгдээрээ гоё бэлэг байсан л даа. Нөгөө ялагч маань эрэгтэй хүүхэд болохоор Xbox 360 тоглоом авсан. Би Ipod, Playstation, глобус, ширээний хөл бөмбөг, цахилгаан бөмбөр, паркт тоглох эрхийн бичиг, 16-ийн флаш авсан. Хүүхдийн дэлгүүрээс бүтээгдэхүүн авах 200 мянган төгрөгөө хуваагаад авсан. Би Playstation-ийг ахдаа өгөхөөр, ширээний хөл бөмбөгийг эрэгтэй дүүдээ өгөхөөр авсан.Бид нар гэр бүлээрээ маш их баярласан даа.

-“Миний бяцхан одой морь” гэдэг хүүхэлдэйн киног охид, хөвгүүд бүгд маш их сонирхдог юм байна. Энэ киног үзэх дургүй хүүхэд бараг байдаггүй юм байна. Юу нь тийм их таалагддаг юм бэ?

-Нөхөрлөлийн тухай кино л доо. Бүгдээрээ өөр өөрийн гэсэн зан чанартай. Жишээ нь, Твайлайт нь ид шидтэй, нөхөрсөг зан чанартай байхад Рерити нь их гоёмсог зүйлст дуртай гэхчлэн бүгдээрээ өөр өөрийн гэсэн хүсэл сонирхолтой. Хүүхдүүд энэ киног найзуудаараа нийлж үзээд би тэр нь болно, тэр нь надтай адилхан юм байна, тэр нь гоё юм байна гээд бүгд хуваагаад авчихдаг. Хүүхдүүд их дуртай. Дүү одой морины тоглоомуудыг цуглуулдаг. Бас манай хамаатны нэг дүүбайдаг юм. Бүх цуврал комиксыг, тоглоомуудыг нь бүгдийг цуглуулчихсан. Эрэгтэй хүүхэд мөртлөө тийм их дуртай.

Н.Пагма

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *