Categories
мэдээ улс-төр

Ц.Нямдорж: Архивын барилга, Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэг хоёр бороонд идэгдсээр буцаад нурах нь

УИХ-ын чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, байнгын хороодоос оруулж ирсэн зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалгалаа. Тухайлбал, УИХ-ын Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцэх үеэр унаад байсан Архивын дуусаагүй барилга, Төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийг барьж дуусгахад шаардагдах хөрөнгийг шийдвэрлэх гэсэн санал чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн дэмжлэг хүлээлээ.

Санал хураахын өмнө, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж гишүүдэд хандан “Архивын дуусаагүй барилга, Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэг хоёр бороонд идэгдсээр буцаад нурах нь. Шаардаж байгаа хөрөнгө нь тийм их биш, ийм байтал Эдийн засгийн байнгын хороо яагаад саналыг дэмжихгүй гэж шийдвэр гаргасныг ойлгохгүй байна. Хэрвээ энэ хоёр барилгыг яаралтай ашиглалтад оруулахгүй бол нэгдүгээр хороололд бариад орхисон Оросын цогцолбор барилга шиг болгоод буцаагаад буулгана. Архивын барилгад Монголын 100 жилийн түүхийг хадгална. Дэмжиж өгөхийг хүсч байна” гэв.

Хуулийн төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагчаар ажилласан УИХ-ын гишүүн А.Тлейханы тайлбараар бол “Үндсэн чиглэлд энэ асуудлыг тусгахаар улсын төсөв шиг юм болж хувирна. 2015 оны төсвийн тодотгол УИХ-д орж ирэхээр хөрөнгийг тусгая” гэсэн санал гарч, Эдийн засгийн байнгын хороо дэмжээгүй гэлээ.

УИХ-ын дарга З.Энхболд “Ц.Нямдорж гишүүн энэ жил барилгыг дуусгах тухай яриад, та бүхэн ирэх жил дуусгах тухай яриад байна. 2015 оны төсвийн тодотголыг хэзээ оруулж ирэх вэ. Хорих анги бол замбараагүй хөрөнгө шаардана. Архивын барилга, эмнэлэг хоёр түүн шиг их хөрөнгө шаардахгүй” гэв.

Сангийн сайд Ж.Эрдэнэбат “2015 оны төсөвт тодотгол хийх шаардлагатай ч энэ удаагийн чуулганаар хийх боломжгүй, ирэх намар хийлгэнэ. Тодотгол хийхэд эдгээр хоёр обьекттой холбоотойгоор нэмэгдэх зардал ч бий, хасах зардал ч бий” гэсэн хариулт өгөв.

Харин УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “Архивын барилга, Төрийн албан хаагчдын эмнэлэг хоёр Монголд баригдаж байгаа сүүлийн үеийн гайгүй барилгууд. Энийг муутгаад байж болохгүй, төсвийн хөрөнгөөр энүүн шиг том барилга баригдахгүй байгаа шүү” гэж байлаа.

Эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийх шатанд байнгын хороодоос дэмжлэг хүлээсэн 40 гаруй саналын томъёоллоор санал хураалгасан бол мөн дэмжлэг хүлээж чадаагүй байсан 10 гаруй зарчмын зөрүүтэй саналаар санал хураалгаж дууссанаар эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүлээд байна.

Үргэлжлүүлээд Газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг гишүүдийн 81.8 хувийн саналаар дэмжин, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хороонд шилжүүллээ.

Улсын чанартай томоохон бүтээн байгуулалтын үйл ажиллагаа явуулах, бүс нутгийг хамарсан төсөл арга хэмжээг хэрэгжүүлэх, олон улсын нисэх онгоцны буудал, аймаг, хотыг холбосон шинэ зам, шугам сүлжээ барих, дагуул хот байгуулахад иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшил, өмчлөлд байгаа, эсхүл Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад зарим газрыг улсын тусгай хэрэгцээнд эргүүлэн авах, солих, гаргах, түүний хэмжээ, заагийг тогтоох хэрэгцээ бий болж байгаа тул энэ талын зохицуулалтыг дээрх төсөлд тусгаж өгсөн байна.

Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр “УИХ-аас маш нууц байдлаар батлан хамгаалах, аюулгүй байдлыг хангах зорилготой цэргийн ангиудад олгосон газарт орон нутаг газрын зөвшөөрөл өгөөд маргаан үүсчихсэн байдал олон байна. Ихэнх тохиолдол нь гадаадын хөрөнгө оруулалттай компанид олгосон байна, энэ бүхнийг шалгах шаардлага үүсч байна” гэв.

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт “Улсын тусгай хэрэгцээнд аваагүй газар дээр маргаан үүссэн болов уу. Улсын аюулгүй байдлыг хангахтай холбоотой газар нь УИХ-ын тогтоолоор өгөгддөг” гэсэн хариулт өгч байлаа.

Дараа нь Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд гишүүдийн олонхи дэмжин, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүлэв. Эл асуудлыг шийдвэрлэснээр чуулганы үдээс хойшхи хуралдааныг өндөрлүүллээ.

Онцлоход, УИХ энэ өдрийн чуулганаараа яаралтай горимоор хэлэлцэх шаардлагатай хоёр хуулийн төсөл хэлэлцсэн нь Газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд байсан юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *