Categories
нийгэм энтертаймент-ертөнц

“Монгол тулгатан”-ы П.Анужин өөрийн загваруудаа дэлгэнэ

“Монгол тулгатан” нэвтрүүлгийн
хөтлөгч П.Анужин ихэнх нэвтрүүлэгтээ монгол үндэсний дээл хувцас өмсч, шинэ залуу
үеийнхэнд үндэсний хувцсаа түгээн дэлгэрүүлэхэд томоохон үүрэг гүйцэтгэх болсон
билээ. Охид бүсгүйчүүд ч “Хөтлөгч П.Анужингийн оёдолчин хаана байдаг юм. Түүнийх
шиг загварын дээл хийлгэмээр байна” гэцгээн зургийг нь авч оёдолч, урлаач нарыг
ээрүүлдэх болсон гэдэг. Харин тэрбээр хэвлэлд өгсөн ярилцлагадаа нэвтрүүлэгтээ өмсдөг
дээл хувцасныхаа загварыг өөрөө гаргадаг талаараа дурдсан нь олон хүнийг гайхшруулж
байлаа. Тэгвэл маргааш тэрбээр “Монгол хувцас XXI зуун” үзэсгэлэнгээ нээх гэж байгаа
ажээ. “Central tower”-т нээгдэх уг үзэсгэлэнг “LV” брэндтэй хамтран зохион байгуулах
юм. “Монгол тулгатан” нэвтрүүлгийн санаачлагч, хөтлөгч П.Анужин чамин уран нарийн
хийцтэй атлаа өдөр тутмын хэрэглээнд өмсч болох үндэсний дээл хувцсыг түгээн дэлгэрүүлэхэд
өөрийн оюун санаагаа зориулахаар шийджээ. Тэрбээр “ANU couture” гэсэн брэндийг гаргах
болсон бөгөөд үндэсний хувцасны элемент агуулсан шинэлэг содон шийдэл бүхий хувцаснуудыг
бүтээж гаргах аж.

Манайхан Цагаан сараар үндэсний хувцсаараа гоёхоос бусад үед өдөр
тутамдаа монгол дээлээрээ гоёод байх нь ховор байдаг. Хатуу торго, нүсэр дээл хувцас
тэр бүрийд өмсөхөөр сонгох хувцас биш. Энэ нь үндэсний хувцсанд материал, эсгүүрийн
өөрчлөлт хэрэгцээтэй болсныг илтгэж байсан ч байж магадгүй юм. Харин П.Анужин үүнийг
олж харжээ. “Монгол хувцас XXI зуун” үзэсгэлэнд хэд хэдэн коллекц хувцас байх бөгөөд
Агула, “Black and gold” гээд өөр өөрийн онцлогийг шингээсэн нэртэй байх гэнэ. Дэлхийд
нэртэй “LV” брэндийн хувьд тухайн улс орны соёлыг сурталчлан дэмжих нийгмийн хариуцлага
хүлээдэг компани учраас ийнхүү хамтарчээ. Монгол үндэсний хувцасны онцлог хэв шинжийг
агуулсан атлаа цаг наргүй, зав чөлөөгүй яарч явдаг шинэ зууны хүмүүст тохирсон ямар
шинэлэг хэв загвартай байвал тохиромжтой болж буйг “Монгол хувцас XXI зуун” үзэсгэлэнгээс
сонирхоцгооё.

Ч.БҮЖИН


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *