Categories
мэдээ цаг-үе

Уулын дугуйн бартаат замын анхны тэмцээнд Н.Алтансүх түрүүллээ

Уулын дугуйн бартаат замын тэмцээн өнгөрсөн амралтын өдөр Төв аймгийн Баянгийн даваанд боллоо. Дугуйн спортынхон тэмцээн уралдаан зохиодог хэдий ч уулнаас бартаат замаар буудгийг урьд өмнө зохиож байгаагүй гэнэ. Тиймээс Монголын хамгийн анхны “Downhill” төрлийн уулын дугуйн уралдаан боллоо гэж зохион байгуулагчид ярьж байв. Тэмцээн даунхилл, эндюро, хардтэйл гэсэн гурван ангиллаар болж нийт 25 тамирчин хурд, хүчээ сорьсон юм. Тамирчид 3.5 км бартаат замаар хурдалж, хоёр гарааны нийлбэр дүнгээр аваргуудыг шалгаруулав. Уралдааны гарааны цэг дээр эмнэлгийн машин байрлаж тамирчдад анхан шатны үзлэг хийж байлаа. Зориулалтын хамгаалалтын малгай, бээлий, хүзүүвч, өвдөг тохойн хамгаалалттай тамирчдыг уралдааны замд гаргах болзол тавьсан байв. Тамирчид эмнэлгийн анхан шатны үзлэгт хамрагдаад уралдаж эхлэв. 3.5 км замд хурд гаргах, харайлт хийх, ханаар явах, шавар туулах, хад тойрох зэрэг олон бартаа бий. Эхний цэг уулын орой дээр байрлаж байсан болохоор тамирчид хоёрдугаар цэг хүртэл дээд хурдаа гаргах боломжтой байв. Харин хоёрдугаар цэг дээр тусгай зассан тавцан дээрээс харайх ёстой. Гурав дахь цэгт мөн харайх тавцан бий бөгөөд энэ хэсгийг хамгийн хэцүү нь гэж тамирчид ярьж байлаа.

Уулын дугуйн бартаат замын тэмцээнд уралдаж байгаа даунхилл, эндюро, төрлийн дугуйнуудыг тоноглолоос нь хамаарч ангилдаг ажээ. Тухайлбал, даунхилл төрлийн дугуй нөгөө хоёрыгоо бодвол өндөр ачаалал авах чадвартай, мэргэжлийн түвшинд дөхсөнийг хэлэх бол нөгөө хоёрыг сонирхогчийн түвшинд унадаг юм байна. Уралдаанд оролцогчдын дийлэнх даунхилл төрлөөр өрсөлдсөн юм. Тамирчдын дундаж нас 21 гэсэн. Энэ төрлийн спорт манайд хөгжөөд хоёр жил болж байгаа ажээ. Албан ёсны тэмцээн, уралдаан зохион байгуулж байх холбоотой болохоор хөөцөлдөж байгаа гэсэн. Анх Э.Азбаяр гэх залуу ийм төрлийн спортыг Монголд хөгжүүлье хэмээн “Downhill Mongolia” гэсэн фэйсбүүк хуудас нээн ажлуулахад залуучууд хүсэл сонирхлоороо нэгдэж эхэлжээ. Одоогоор тус холбоо албан ёсны 26 гишүүнтэй гэсэн. Тэд ажлын өдөр хот дотор, амралтын өдөр ууланд бэлтгэл хийдэг юм байна. Удахгүй холбооныхоо анхны тэмцээнийг хийж уулын бартаат дугуйн спорт хөгжиж эхэлснийг албан ёсоор танилцуулахаар төлөвлөжээ. Бас гадаадаас экстрим спорт сонирхдог хүмүүс холбогдон хамтарсан бэлтгэл хийх хүсэлтэйгээ буйгаа илэрхийлж байгаа гэсэн. Өнгөрсөн хавраас хойш л гэхэд Непал, Франц, АНУ зэрэг улсаас найман жуулчин Монголд ирэх хүсэлтээ гаргаад байгаа юм байна. Тэд хад, чулуу ихтэй ууланд уралдахаар ирэх сард Улаанбаатарт ирэх ажээ. Уг спортыг хөгжүүлж байгаа Э.Азбаяр “Гадныхан экстрим спортыг их сонирхдог. Тэгэхээр манайх уг спортыг түшиглээд аялал жуулчлалын тусгай хөтөлбөр гарган жуулчдыг татах боломжтой” гэж байлаа.

Уралдаанд оролцогчид нэг, нэг минутын зайтай уралдаж байв. Зам шавар шавхай ихтэй учраас барианд орж ирэхдээ танигдахын аргагүй болж байсан. Эхний гарааны дараа тамирчдыг дугуйн хамт дахин дээш гаргаж уралдуулав. Хоёр дахь гараа эхлэх үед бороо орж, манан татсан нь уралдааны замыг улам сонирхолтой болгов. Ингээд хоёр удаагийн нийлбэр дүнгээр даунхилл ангилалд Н.Алтансүх түрүүлжээ. Тэрээр “Манайд ийм төрлийн спорт хөгжөөд удаагүй байна. Монголд хөгжиж байгаа хамгийн залуу спортуудын нэг байх. Тиймээс багш, дасгалжуулагч байдаггүй. Энд уралдаж байгаа тамирчид өөрсдийн хүсэл, сонирхлоор хичээллэдэг хүмүүс шүү дээ. Миний хувьд ч гэсэн би “Трек” дугуйн дэлгүүрийн механикаар ажилладаг. Өмнө нь ийм төрлийн тэмцээн зохиогдож байгаагүй болохоор уралдаж байсангүй. Өнөөдрийн уралдааны зам бартаа ихтэй байсан болохоор тун сонирхолтой байлаа” гэв. Тэрээр 3.5 км замыг 5 минут 11 секундэд туулсан бөгөөд дээд хурд нь 61 км/цаг байв. Удаахь байруудад Баярхүү, Баттуул нар орлоо. Эндюро төрөлд Ариунболд, Азбаяр, Энхболд нар худалсан бол хардтэйл ангилалд Тэмүүжин, Лоди, Итгэл нар эхний гурван байрыг эзэлжээ.

Уг спортоор хичээллэж байгаа хүмүүс эндюро, даунхилл төрлийн дугуйтай байх хэрэгтэй. Ийм төрлийн дугуй хамгийн доод тал нь зургаан сая төгрөгийн үнэтэй гэсэн. Худалдаад авчихсан байхад нэмэлт тоноглолоор сайжруулаад байх боломжтой ажээ. Одоогоор мэргэжлийн багш, дасгалжуулагч байхгүй учраас сонирхогчид бартаа, саад ихтэй газруудад бие даан бэлтгэл хийдэг юм байна.

Тэмцээний үеэр уг уралдааныг санаачлан зохион байгуулсан Жастинтай уулзлаа.

-Намайг Жастин гэдэг, АНУ-аас ирсэн. Монголд ирээд таван жил болж байна. Энд геологийн компанид ажилладаг юм. Би Америкт байхдаа экстрим төрлийн спортоор хичээллэдэг байсан. Тэр дундаа уулын дугуйгаар хичээллэх дуртай. Монголд уулын дугуйн спортоор хичээллэдэг залуус байгаа гэдгийг мэдээд маш их баярласан. Тэмцээн зохиоход оролцохоор олон залуу байгаа гэдгийг мэдсэн болохоор энэ тэмцээнийг зохиож байгаа юм. Монголд анх удаа ийм төрлийн уралдаан зохион байгууулсандаа баяртай байна.

-Цаашид жил бүр уламжлал болгон зохиох уу. Зардал мөнгийг хаанаас гаргаж байгаа вэ?

-Монголд уул элбэг. Хоттой ойрхон ууланд гарч уралдах боломжтой учраас жил бүр уг тэмцээнийг улам хөгжүүлээд зохион байгуулж болно. Би Монголд хайртай болохоор өөр бусад газар руу явах шалтгаан байхгүй. Тиймээс дараа, дараагийн тэмцээнийг зохион байгуулахыг бодож байгаа. Анхны тэмцээний тухайд ивээн тэтгэх албан байгууллага байсангүй. Тиймээс өөрийнхөө цуглуулсан мөнгөнөөс тэмцээний зардлыг гаргасан байгаа. Нийт гурван сая орчим төгрөг болсон.

-Уралдааны замыг хэрхэн сонгосон бэ?

-Би амралтынхаа өдөр “Нислэг” төв дээр ирж шүхрээр буудаг юм. Заримдаа машинтайгаа явж байгаад холоос нисдэг. Тэр үед энэ уулыг харсан юм. Уулнаас уруудаж байгаа зам нь боломжийн урт үргэлжилж байсан. Тиймээс энд ирээд зарим нэг бартаа саадыг хийгээд тэмцээнээ зохион байгууллаа.

С.АЛТАН

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *