Гуравдугаар улирлын амралт эхэлж хөдөө гэртээ хариад хийх ажил ч үгүй, хэдэн гэрийн хооронд гүйгээд л, амттай шимттэй юм олж үмхээд л, ер нь нилээн хүндлэгдсэн амьтан хэд хонолоо. Нэг өглөө их гэрт, эмээ ээжтэйгээ энэ тэрийг ярьсан шиг хэвлүүтэн байтал шонгийн тэнд “Дамираан чи хаана байна аа” гэх чимээ гарав. Аавын дууг сонссон би дороосоо юм хатгуулсан мэт огло үсрэн бослоо. Аав морио эмээллэчихсэн юманд явах гэж байгаа шинжтэй харагдана. Шогшоод очтол аав,
-Би адуунд явлаа. Хоёр гурав хоног бараагий нь харсангүй. Юу болж байдаг юм бол. Тэнгэрийн янз ч олиггүй болох нь. Чи гэр сахинаа. Тэр хул үрээгээрээ мордоорой. Хамгийн гол нь үхэр… Хоёр ч тумай гунж тугаллах дөхчихсөн байгаа. Сарман гунж бол өнөө маргаашгүй болж билээ. Түүний эх нь шилэрдэг гэмтэй юм. Үр нь дуурайсан байхаа ядахгүй. Чи түүнээс битгий нүд салгаарай. Хэрэв чи түүнийг шилэргэчихвэл шууд л зуслангаад очоорой. Тэнд буханд гарсан юм. Тийшээ л явна… Мэдэв үү гэснээ үгийн хариу сонсолгүй нэг муухай харчихаад эргээд явчихлаа.
Би дуугүй л хойноос нь хараад зогсож байтал аав мордоод явснаа эргэж хараад “Юугаа хийгээд эргүүтээд байгаа юм бэ. Үхэр рүүгээ мордооч” гэж ташуураа занган хашгираад хойт толгой дээгүүр даваад явчихав. Би ч айсандаа, гэрт ч буцаж оролгүй, үхэр рүү явав. Үхэр маань тэрүүхэн булан дэрсэнд харагдана. Олонх нь хэвтэж байна. Аавын захиснаар нөгөө гунжийг нь харвал, хэвтэж байснаа намайг үзмэгц босон харайгаад сармайтал харж байна. Би морио тушчихаад, бөөн дэрсний нөмөрт суугаад тамхиа татаж эхлэв. Би л томчуулын маягаар хэлж байгаа болохоос өнөөх нь жинхэнэ тамхи биш, туулайн баас юм. Нагац ах өхөөрдөөд пийсүү ногоон соруултай жижигхэн ганс бэлдээд, эгч хоргойны өөдсөөр хавтага оёод өгчихсөн болохоор туулайн баас татахдаа би томчуулаас дутуугүй гэж л бодно. Харин ааваас тас нууж, үхтлээ айна. Ээж аль цагийн мэдээд аавд хэлснийг нь би мэдэхгүй л айгаад байсан юм билээ. Аав намайг сургуульд орохын урьд жил нэг өдөр худаг дээр хонь усалж байснаа “Аав нь гансаа гэрт орхичихож. Алий миний хүү ганс тамхиа өгөөч” гэж пал хийтэл асууж билээ. Би ухаан алдталаа айгаад “Бай… байх… гүй” гэсэнд, аав “За битгий золиг оргиод бай. Ламсүрэн та хоёр хуйвалдаад туулайн баас татдагийг чинь аль цагийн мэднэ. Аав нь багадаа татаж байсаан. Айхтар ходоодоор дамжчихсан, угаасаа өвсний үндэс юм болоод биед зүв зүгээр юм билээ. Харин би цэрэгт очоод туулайн баас олж чадахгүй, улаан тамхинд орж буруудсан. Харин миний хүү тамхи битгий татаарай, шал дэмий шүү. За алий тамхиа” гээд гараа сарвайв. Би хулчганасаар гансаа гаргаж өгвөл аав, энэ чинь тамхи татсан болохгүй л дээ гэж голсоор авч билээ.
Энэ бүхнийг бодоод туулайн баас татаж хөлсөө гаргаж суухдаа, хааяа нэг нөгөө гунжийг харна. Нэг харахад босчихсон байснаа, төдхөн хэвтчихсэн байна. Тэгснээ босоод дэрсний сор хэл ороон сөрмөж байснаа дорхноо хэвтсэн байна. Тэр л босож, хэвтэж байхаас бусад үхэр налайтал хэвтээд тавтайяа хивж байхыг харахад дэрсний нөмөрт жаахан унтмаар санагдана. Сайхан зүүрмэглэх аядаж байтал манай зүүн хар толгой дээр нэг морьтой хүн гарч ирээд, буусан ч үгүй тэрхэндээ жаахан эргэцэж байснаа, над руу ирэх янзтай наашаа чиглэн явж байгаад гэнэтхэн, манайх руу давхичихав.
Би, энэ хүний байдал ч мань Хөх л байхаа даа. Манайханд буучихаад, намайг үхэр дээр яваа гэхээр хүрээд ирэх байх. Эндээ хүлээж л байя гэж бодсон хэр нь очмоор хорхой хүрээд болдоггүй. Сарман гунж руу нэг харлаа. Хээвнэг, хивээд л хэвтэж байна. Харьчихаад ирэх хооронд энэ муу хаачаа л гэж бодоод гэр рүүгээ давхичихлаа. Гэрийнхээ урд толгой дээр гараад очвол, мань Хөх мордох гээд шонгоос морио тайлж байснаа, намайг хараад болив бололтой, нэг харахнаа, манайхаад явж байна. Би улам яарав. Энэ Хөх гэдэг бол үеийнхнийх нь өгсөн хоч. Нэр нь Дашдэндэв гэдэг, надаас гурав дөрвөн насаар ах. Багийн даргын дүү эдний эмээ ээжийн хуурай хүү учраас түүний тусаар сургуульд суугаагүй юм гэж томчуул ярихыг сонссон л юм. Үнэн худлыг мэдэхгүй. Юу ч гэсэн сургуульд суугаагүй, том хүний маяг үзүүлэн тамхи татаж, тогооны нэрмэл балгаж суудагсан. Энэ мэтийг бодмоглон яарч хариад, морио хальт мөлт уясан болоод гэртээ яаран орвол мань эр, манай баруун хойморт завилан суучихсан, тамхи нэрж харагдана. Намайг харуут хэлхгэр өврөө суйлаад, даавуунд боодолтой юм гаргаж надад өгөхдөө “Ажаа, ээж хоёр өгч байна лээ. Яах гэсэн юм бол доо. Шалавхан сургуулиасаа гарч ирээд хэдэн хонио маллаг гэхгүй л байгаа юм даа” гээд тамхинд шарлачихсан хэдэн тагжгар шүдээ шазайлган хөхрөв. Би хэзээнээс айл аймаг байж дассан Цэвээн, Тогтох гэдэг хоёр эмгэн гараа гаргаж хийсэн тос даасан сайхан шар хурууднаас элтэж идээд найз хархүүгийнхээ аманд орчих шахан байтал ээж “Миний хүү, өнөөх үнээгээ мартаагүй биз” гэж сануулав. Би ч огло үсрэн босов. Мань Хөх ч “Цугтаа мордъё” гэв.
Бид хоёр энэ тэрийг ярьсаар манай үхэр байсан газар хүрч очвол бараа туруу ч алга. Би сандрахдаа “Өнөө муусайн мялан чинь алга” гэсэнд найз маань “Тэр хаачдаг юм. Урд хонхор руу л ороо биз” гэж хээвнэг хэлж байна. Давхиад урд дэл дээр гарвал, түүний хэлснээр манай үхэр харагдаж байна. Хамгийн түрүүнд сарман гунж санаанд ороод харвал алга шиг санагдав. Би мориод авиран, найзаасаа түрүүлээд үхэр дээрээ очвол нөгөө муу гунж чинь нээрэнгээсээ алга. Үхрээ хэд тойрч үзээд байдаггүй.
-Өнөөх чинь алга. Шилэрчихжээ дээ.
-Зун хаана байлаа танайх.
-Урсагын баруун дэнж дээр.
-Тэгвэл тэр чинь буханд гарсан газар руугаа явсан хэрэг. Шалавхан тийшээ явъя. Хоёул тугаллачихаас нь өмнө хөөгөөд ирье.
Ингэж хэлээд Дашдэндэв маань морио баруун тийш эргүүлэв. Би ч дагалаа. Тэнгэр нилээн янзгүй бүүдгэр саарал үүл нүүгээд хөх салхи үлээнэ. Бид хоёр Урсага руу яаран давхив. Усны зүүн толгой дээр гараад ийш тийш харвал, манайхны зуслангийн дэнж дээр ганц мал бөртийж харагдана. Дашдэндэв, надаас түрүүнд түүнийг харсан янзтай “Муу хог чинь, тэнд байна. Яасан бухсаг хог вэ. Тугаллахдаа хүртэл түүнээс анадаг байна” гээд түрүүлээд давхив. Бид яаран яаран очиход, үнээ маань тугаллачихсан, чөчийсөн хар тугал босож ядан шургачиж, эх нь нялх үрийнхээ хальсыг долоолж харагдана. Найз маань “Бадиагийн хар бух таалчихаж” гээд буун харайсаар дөхөж очвол сарман гунж улаан нүдээ эргэлдүүлэн хамраараа хуухиран дайрч шов хэврээ сүвээнд нь шигтгээд шидэхэд бэлэн байна. Найз маань “За яахав. Энэ ингэж байг. Хоёул адсага шир, эсгий навтас ч бол хайя. Уг нь морин дээр дүүрээд явчихаар юм. Чи бид хоёрын хэнийх нь ч морь дүүрүүлэхгүй. Муусайн адсага шир олж дээр нь тавиад дамжлаад, үгүй бол чирээд явахыг бодъё” гэв. Хоёул энүүгээр тэрүүгээр, хонхор хотгороор нилээд хайж байж, нэг тэмээний хатсан хөм оллоо. Өнөөхөө авчраад харвал, нөгөө муу тугал чинь чичрээд хариугүй осгох янзтай байна. Харах нь ээ нимгэн хөвөнтэй дээлтэй найз маань ч тугалаас дээрдэх юмгүй даарч холчгонож байх юм. Намайг үхэрт явахад ээж “Миний хүү хувцсаа зузаал” гээд эргэхэд нь би хавар болчихоод байхад үстэй дээл өмсгөх нь гэсэн шиг дүргүйлхэж байтал ээж минь эгчийн зузаан хүрмийг бариад гарч ирж билээ. Миний царайг харсан найз “Ээ мөн сайхан эд байна. Өмс өмс” гэж билээ. Дотроо дургүй өмссөн энэ хүрэм намайг дулаан явуулснаар барахгүй нялх тугалын аминд орох учиртай байж.
Би хөвөнтэй хүрмээ тайлаад, тугалаа хучаад, цулбуураар даруултал найз минь чирээд явав. Хоёр морио хөтлөөд би дагалаа. Харин нэг гайхалтай нь, өнөө сарман үнээ чинь, тугалыг нь юманд боогоод явахад яах ч үгүй, хааяа нэг хамраа дуугаргачихаад л, улаан нүдээ эргэлдүүлэн дагаад явж билээ.
Бид хоёр тугалаа ээлжилж, заримдаа хоёул нийлж чирсээр, одоогийн хэмжээгээр арав гаруй хилоомээтр газар яваад манай гэрийн барааг харж билээ. Нохой боргох чимээгээр эгч гарч харснаа буцаад орчихлоо. Төдөлгүй ээж эгч хоёр минь, хормойгоо өшигчин гүйсээр бид хоёрыг тосон ирэв.
Гэрт оруулсан хойно нялх тугал чичрээд байхаар нь ээж, нэрмэл архинд шар тос хийж халаагаад цутгаад өгчихөв. Тугал гэрийн хаяанд бэгцийн зогсож байснаа, дулаацсан янзтай халуун зуухнаас эхлээд, гэр доторхийг том алаг нүдээ эргэлдүүлэн хараад сулхан мөөрөв. Бодвол, “Би амьд шүү” гэж эхдээ дуулгаж байгаа бололтой.
Тугалтай цуг, шар тос нь хайлмагтсан нэрмэл уусан Дашдэндэвийн маань дуу бас наашилж “Энэ мөн ачтай сайхан идээ шүү” гэсэнд бидний бараанаар манайд цугласан айл хунарын хүүхэн чавганц нар хөхрөлдөв. Халуун зуухны хойно хонины азарган нэхий дээлэнд хучаатай хэвтэж байгаа миний ч инээд хүрч, хүмүүсийг дагаад хөхөрч байлаа. Дашдэндэв зэвүүрхсэн янзтай
-Та нар инээж хөхөрч байна. Уйлж урвайхад амархан байсан шүү. Би үнээ тугаллачихсаныг хараад айчихсан. Энэ хүйтэнд тугалыг нь осгоочихгүй юмсан гэж аргаа барсан шүү. Хэрэв энэ тугалыг осгоосон бол юу болох вэ. Энэ айлын буяныг ёстой бузарлах байсан даа… гэсэнд ээж
-За юун ч сүрхий юм гэв. Мань эр
-Хөөе та юу гэж байгаа юм. Танайх шиг үхэртээ хайртай айл энэ Хорин, Зуутын хонхорт өөр байхгүй. Айл малдаа хайртай л байдаг. Тэр дундаас танайх гойд. Танайх өвөл нэг үхэр идшинд хэрэглэдэг. Тэгсэн хэр нь өөрийнхөө зэлнээс барьдаггүй. Хэрэв өөрийн үхрээс хэрэглэх бол айлтай солих юмуу, хүнээс худалдаж авдаг. Ерөөсөө танайх үхрийнхээ зэлний дэргэд цус гаргадаггүй. Нэг удаа Сүрэн гуай “Сүргийнх нь дэргэд мал нядлах муу, мал өсдөггүй” гэж байсан. Тэр их учиртай үг гэж би бодоод л байдаг юм гэв.
-За за магтаал чинь болно. Аягүй бол амнаас ам дамжаад хар цагаан хэл ам хүрнэ, яршиг цаашаа… гэж ээжийг хэлсэнд Дашдэндэв,
-Үнэн юм чинь хичнээнхэн хэл ам хүрдэг юм бэ бурхан өршөөтүгэй гээд тооноор тэнгэр харснаа, би чинь тэмээ хураах ёстой. Орой болж байна явъя… гээд зүүн ор руу харсанд, миний өмсөж байгаад, тугал хучсан хүрэм нүдэнд нь туссанд Дуламжавынхүрэм ч өнөөдөр хүн, мал хоёрт ач тусаа үзүүллээ… гэсэнд ээж,
-ЭнэДашдэндэв чинь нүцгэн шахуу яваа юм байна шүү дээ. Тэр охины хүрмийг зад татчихнаа. Алив яваад Бадиагийнхаа шинэ хүрмийг аваад ир… гэсэнд эгч шурхийв. Төдөлгүй эгч маань, өнгийг нь утаж борлуулаад, шар өнгийн зосоор ланз хээ тавьчихсан нэхий хүрэм бариад орж иртэл, ээж “Дашдэндэвт өг” гэв. Мань эр, өөртөө жаахан элбэгдсэн хүрмийг хэдэрч үзсэнээ,
-Энэ буян үүний чинь хүчинд хэдэн тэмээгээ олж аваад харья… гээд өндөлзсөнд эмээ ээж,
-Тэгж үз хүү минь, оройтчихно шүү. Мэдээтэй яваарай гэж захив.
Мань хүн, над руу нэг хяламхийснээ “За баяртай. Сургуульдаа сайн яваарай” гэчихээд гарав.
Би нэхий дээлээр хучаатай унтаж байснаа, духан дээр хүйтэн гар хүрэхэд нь сэрлээ. Аав, миний толгойг дарж үзээд “Энэ мааньдаарчихаа юу” гэсэнд ээж “Өнөө сарман гунж чинь хөдөө тугаллачихаад, ашгүй муу Хөх таарч авчиралцаад” гэхчилэн товчхон хэлэв. Аав орж ирээд анзаараагүй байсан юм байлгүй. Баруун урд хаяанд хэвтэж байгаа тугал хараад ухасхийн босож хоншоор, магнайг нь ханцуйгаараа зөөлхөн илсэнээ, сүүлийг нь сөхөж хараад “Манайүхэр өсөх нь ээ” гээд инээснээ, над руу ирж, дахин толгойг минь дарж үзээд “Энэ маань салхи авчихаа шив дээ. Халуурч байна. Алив жаахан архи халаагаатах. Ороолт хийхээс” гэж ээжид хэлээд миний бүх биеийг барьж, дарж илж үзээд,
-Энэ маань, хоёр гурван жил сууринд сууж, халуун байранд пэгнэж байгаад бүр хүүршчихээ шив дээ. Уг нь ч Урсгын хойт дэнж дээр хөл нүцгэн таваргаж өссөн л хүүхэд юмсан. За одоо яая гэхэв. Ийм болох цаг нь ирсэн юм байгаа биз… гэтэл ээж “Энэ болох уу?” гээд шанагатай халаасан архиа өмнө нь барив. Аав хуруугаа дүрж үзээд “Болноо. Хар даавуу аваад ир” гэв. Ээж төө илүүхэн өргөн, хоёр тохой хэрийн урт байх гэмээр хар далимба аваад ирэв. Аав архинд даалимбыг дүрж нэвтлээд, халуун чигээр нь миний цээжийг ороогоод “Эгчийнхээ орон дээр цаагуур нь унт” гэв.
Нойрон дунд эгч “Битгий тийчлээд байгаач” гээд хэд сүрхий ёворсныг л муухан мэдэж билээ. Их хөлөрсөн хэрэг. Нэг мэдэхнээ, өглөө болчихсон, үхэр тугал мөөрөлдөж, хүүхэн чавганц нар, хүүе хайя болж байв. Хуучин шигээ босон харайгаад л нүцгэн гадаа гарах гэсэнд “Юм нөмрөхгүй юү” гэж аав зандрав. Айхдаа, би унинд хатаах гээд өлгөсөн дээл байх шиг болохоор нь шүүрч авч нөмрөөд гарч шээж байвал ээж минь, сарман гунжийг саагаад тугалыг нь тавьж өгч байгаа харагдана. Хар тугал сүүлээ моодгонуулан халуун сүүгээ хөхөж байхад эх нь над руу хараад эвшээж байна. Мал эвшээхэд монгол хүн бэлгэшээдэг л юм чинь, би ч бас энэ амьтан, алаг үрээс минь салгаж амьдын хагацал болгосонгүй гэж бидэнд баярлаж байгаа ч юм бил үү гэж бодлоо. Гэрт орж ирсэнд аав мушилзаад “Энэ чинь нойрмоглоод хээгээ алдах нь ээ. Тэнд өлгөөтэй байсан муу таар нөмөрчихсөнийг нь хараач” гэснээ хуруу даран нэг юм тоолж эхлэв. Тэгж байснаа “Юу вэ энэ чинь. Миний хүү чинь хоёрхон хоноод явах нь байна шүү дээ. Цөөхөн хоног гэртээ байсан ч гэсэн миний хүү, тугалын гарзгүй амарлаа. Энэ ч миний хүүгийн амралтын олз мөөн”… гэтэл ээж тэндээс “Чи бидхүүгээ юугаар гийгүүлэв дээ” гээд инээсэнд аав “Арав хоног ч гэсэн сургуулийн дотуур байранд тэмээний булуу мэрүүлээгүйдээ” гээд, айхтар үг хэлж мадаллаа гэсэн янзтай нүдээ ирмэсэнд ээж,
-Энэ ямар тэнд ганцаараа байгаа биш.Олон аавын хүүхэд тэндбулуугаа хэмэлнэ үү, боорцогоо иднэ үү, хамаа байхав даа гээд аавыг хэлэх үггүй болгов. Аав тамхиа нэрж сууснаа “За байз, энэ хоёр хүүхдэд чинь ямар морь унуулдаг юм билээ” гэсэнд тэндээс эгч “Хөнгөн хөлтэй л юм унана. Бөөн сүүлт хээр энэ тэрийг унахгүй, олны газар хашин морьтой явахад ичмээр байдаг юм” гэж тэрхэндээ намжирдав. Аав охиноо нэг хяламхийснээ, охиныгоо энэ хооронд явгалчихгүй юм унуулнаа гэж аргадсан өнгөөр хэлэв.
Би гэгч хөөрцөг амьтан, сургуульдаа явна гээд хэдэн гэрийн дундхарайлгаж байтал явах өглөө болов. Аав зулбан зээрдийг, наадамд уядаг хүрэн морины хамт авчраад эмээллэчихсэн байна. Эгч маань, хэрдээ л гоёж гоодож байгаа бололтой, үс гэзгээ угааж самнаад л, үнэртэн цацаад л байна. Ээж, үсийг нь самнаж суухдаа ам нь хөдлөөд л байна. Бодвол, сумын төвд очоод биеэ яаж авч явахыг захиж байгаа биз гэж бодогдоно. Надад л олон таван юм хэлж үглэхгүй нь шиг байна. Ам лангайвал үглэж яншдаг юм чинь энэ удаа нэг өнжихөөр дөө гэсэн шиг бодож байтал нохой боргож хоёр талаас морьтой хүн ирж явна гэж гадаа хүмүүс ярих сонсогдоно. Би дотроо ашгүй, ингээд л мордоод явчихъя гэж бодож байлаа. Тэгтэл нэг танихгүй хүн ороод ирэв. Түүнийг аяганы амсар зуугаагүй байтал зүүн хотны нэг хүн орж ирэв. Хол ойрын хоёр эрэлчин мал сураглаж яваа бололтой. Аавыг эдэнтэй ярих хооронд гараад явчихъя гэж бодож байтал аав гаръя гэж над руу нүд ирмэв. Аав босох зуураа ирсэн хүмүүст “Та нар цай цүү ууж бай. Манай хоёр хүүхэд юманд явж байгаа юм. Би гаргаж өгчихөөд ирье” гэв. Аавыг түрүүлээд алхаж байхад нь би, сайн яваарай гээд хацар дээр үнсэхээс хэтрэхгүй нь дээ гэсэн шиг бодож явлаа. Аав шон дээрээс миний морийг хөтөлж ирээд
-За миний хүү номоо сайн үзээрэй. Тэгээд алив юман дээр үеийнхнээсээ илүү гардаггүй юмаа гэхэд, дутдаггүй юм шүү гээд баруун хацрыг минь үнсээд зүүн хацрыг нь ирэхээр нь үнсэнээ гэнгүүт морины цулбуурыг атгуулчихаад гэр рүүгээ алхав. Ээж минь нэг гартаа шанагатай сүү барьчихсан, охиноо дагуулчихсан өөдөөс нь гараад ирэв. Эгч нялуун зантай юм чинь гүйж очоод ааваар үнсүүлж л харагдана. Би ээжийгээ хүрээд ирэхээр нэг муу алиалахчаа болж “Ээж минь та, хүний, өөрийн яасан олон амьтны хойноос сүү өргөж байнаа” гэсэнд ээж инээмсэглээд,
-Миний өргөсөн цай, сүүний дээж хүүгийн минь өмнө цагаан зам татуулдаг л гэж боддог шүү. Алив нааш ир, үнсье гээд ханцуйгаараа амаа арчаад дөхөв. Би ч яахав, ээждээ хааяа хэгжүүрхэвч хэрэг дээрээ эрх хурга л юм чинь ухасхийгээд л элгэнд нь шигдэв. Ээж минь “Сайн яваад, сайн эргээд ирээрэй” гээд бидний явах зүгт дээжээ өргөж л байна. Намайг ээжид хоргодоод байхаар эгч “Хөөе явъя” гэж яарууллаа. Миний зэвүү хүрсэн шиг, энэ сум руу их яардаг юм шүү дээ. Суман дээр яаж явахыг нь ээж сайн захисан л байгаадаа гэсэн шиг бодогдоно. Тэгтэл ээж над руу хараад “За миний хүү аавынхаа захисныг хичээж яваарай” гэж сануулаад дээжээ бас л өргөв. Тэрүүхэн хооронд би, юу захилаа гэсэн шиг эргүүттэл аавын “Алив талаар миний хүү, үеийнхнээсээ түрүүлэхгүй ч гэсэн битгий хоцор” гэсэн үг нь нүдний өмнө дурайгаад ирлээ.
Х.ЗАНДРААБАЙДИЙ
2014 он