Categories
мэдээ нийгэм

Шинэ яармагийн эхний хэсэг 2016 онд ашиглалтад орно

Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд өнөөдөр Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 8-р хорооны нутаг дэвсгэрт хэрэгжиж байгаа “Шинэ яармаг” орон сууцны цогцолбор хороолол төслийн барилгын талбайд ажиллаж, төслийн явцтай танилцлаа.

“Шинэ яармаг” орон сууцны цогцолбор хороолол төсөл нь 3 үе шатаас бүрдэж байна. Төслийн 1 үе шат нь нийт 368,262 м.кв барилгажих талбай, 2910 айлын орон сууц, 1100 авто машины дулаан зогсоол бүхий 3 хэсэгтэй байх ба 1-р хэсэг нь нийт 1500 айлын орон сууц, 610 авто машины дулаан зогсоол, амралт спортын талбай бүхий ногоон байгууламж, худалдаа үйлчилгээний зориулалт бүхий хэсгүүд, 2-р хэсэг нь 1410 айлын орон сууц, 500 авто машины дулаан зогсоол, амралт, усан оргилуур, спортын талбай бүхий ногоон байгууламж, мөн худалдаа үйлчилгээ бүхий хэсгүүд, 3-р хэсэг нь 2000 хүүхдийн багтаамжтай ерөнхий боловсролын сургууль, 300 хүүхдийн багтаамжтай хүүхдийн цэцэрлэг, Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв болон ОУ-ын жишигт хүрсэн эмчилгээ оношилгооны төв, худалдааны төвийн барилга байгууламжаас бүрдэж байгаа юм байна.

“Шинэ яармаг” цогцолборт ирээдүйд гэр хорооллын иргэд амьдрах боломжтой бөгөөд ажил олдохгүй байгаа залуучууд болон аль ч насныхан тухайн МСҮТ-д суралцаж, шинэ яармаг төслийг хэрэгжүүлж буй барилгын компаниудаас ажлын байраар хангагдах боломжтой юм. Ажлын байртай болсон иргэд энэ хороололдоо орон сууцанд орж, ипотекийн зээл авах боломжийг бүрдүүлж өгчээ.

“Шинэ яармаг” төсөл хэрэгжүүлэгч нь БНХАУ-ын “Экспорт-Импорт банк”-тай гэрээ байгуулж, эхний ээлжинд 195 сая ам.долларын санхүүжилтын асуудлыг шийдвэрлэсэн бөгөөд төсөл хэрэгжиж эхэлснээр хоёрдугаар ээлжинд Сонгинохайрхан, Баянзүрх зэрэг гэр хороолол ихтэй дүүргүүдэд хэрэгжүүлэх дараагийн санхүүжилтийн 1.5 тэрбум ам.долларын санхүүжилтыг шийдвэрлэж өгөхөөр гэрээ байгуулсан байна.

“Шинэ яармаг” төсөлд 10000 гаруй хүн ажлын байраар хангагдах бөгөөд 100 хувь монгол ажилтнууд бүтээн байгуулалтын ажилд оролцож байна.

“Шинэ яармаг” цогцолборын зураг төслийг боловсруулахдаа монгол айл өрхүүдийн амьдралын хэв маяг, хэрэгцээ шаардлагад нийцүүлсэн төлөвлөлт, зохион байгуулалт хийсэн бөгөөд өнгөрсөн хугацаанд төслийн барилгын бэлтгэл ажил бүрэн хангагдсанаар 2015 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр барилгын ажлыг эхлүүлсэн байна. 2016 оны 2-р улиралд багтан эхний хэсгийг бүрэн ашиглалтад оруулахаар Монголын үндэсний барилга угсралтын компаниудын нийт 2500 гаруй залуус ажиллаж байгааг төсөл хэрэгжүүлэгч тал танилцууллаа.

Улсын Их Хурлын дарга энэ үеэр МСҮТ-д ажилгүй иргэдийг 45 хоног сургаснаар барилгын нарийн мэргэжлийн ажилтан болж чадах эсэхийг тодруулж байлаа. “Дельта констракшн” ХХК-ийн захирал Ж.Эрдэнэчимэг хариулахдаа, ирэгдийг сургалтад суулгаж, 3 сар дагалдуулан ажиллуулж, дахин шалгалт авсны үндсэн дээр ажлын байраар хангадаг тухай дуулгаад эхний ээлжийн суралцагч нарыг 6-р сарын 3-аас авч эхлэхээр төлөвлөж буйгаа танилцуулав.

Улсын Их Хурлын дарга мөн төр хувийн хэвшлийнхэн ажлаа хооронд нь уялдуулан хийж байгаа үлгэр жишээ төслийн нэг гэдгийг онцлоод Нийслэлийн засаг дарга Э.Бат-Үүл дэлхийн нэрд гарсан архитекторууд Улаанбаатар хотыг хараад хөгжих гэж байгаа, төлөвлөлтөө хийж байгаа газар маш олон шийдлээр төлөвлөлт хийгдэх боломжтой. Гэр хорооллыг барилгажуулах энэ ажилд оролцьё гэдэг хүсэлт тавьдаг талаар хэлж байсан. Бид бүх айлаа орон сууцанд оруулна, байшингаа өөрсдөө барина. “Буянт ухаа”-1,2 хорооллыг барьсан шиг “Шинэ яармаг” хорооллыг монголчууд өөрсдөө барихаар төлөвлөсөн байна. Нэг сумаар хоёр туулай буудна гэдэг шиг барилгаа өөрсдөө барина, хямдхан барьсан байрандаа өөрсдөө амьдрана. Цаашид Яармагийн дэнжийн 970 га талбайг бүхэлд нь барилгажуулахад нийслэлийн гэр хорооллын тодорхой асуудал шийдэгдэнэ гэж үзэж байгаа. Энэ төслийн гол онцлог бол бага хүүтэй мөнгөөр, ажиллах явцдаа сурч, сурч дуусаад цалинтай золгож байна гэлээ.

2014-2017 оны хугацаанд хэрэгжих “Шинэ яармаг” төслийн барилгын зураг төслийн гүйцэтгэгчээр “Анаграм” ХХК, “CGGC Mongolia” ХХК, барилга угсралтын гүйцэтгэгчээр “Дельта констракшн” ХХК буюу түүний туслан гүйцэтгэгч 40 гаруй монголын компаниуд ажиллаж байна.

Улсын Их Хурлын даргыг “Шинэ яармаг” орон сууцны цогцолбор хороолол төслийн явцтай танилцах үеэр Улсын Их Хурлын гишүүн Л.Эрдэнэчимэг, С.Одонтуяа, Г.Баярсайхан, Барилга, хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар, Барилга, хот байгуулалтын дэд сайд Г.Байгалмаа болон албаны бусад хүмүүс байлцав хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *