Categories
мэдээ цаг-үе

Ж.Болдбаатар: Халхын Өндөр Гэгээн ер бусын авьяас билэгтэй хүн байсан. Түүний бие сэтгэл ухаанд цогцолсон авьяас дэлхийд ховор үзэгдэл

Халхын анхдугаар Богд, соён гэгээрүүлэгч, Өндөр гэгээн Занабазарын мэлмий гийсний 380 жилийн ой энэ онд тохиож байгаа. МаргаашӨндөр Гэгээн Занабазар: Амьдрал өвсэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал Төрийн ордны Хурлын их танхимд болох юм. Уг хурлын гол илтгэлийг тавих шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, түүхийн ухааны доктор, академич Ж.Болдбаатартай ярилцлаа.

Өндөр Гэгээний 380 жилийн ойг угтсан олон ажил зохиогдож байна. Маргааш болох олон улсын их хуралд та ямар илтгэл тавихаар бэлдээд байна вэ?

-“Анхдугаар Богд Өндөр гэгээн Занабазарын улс, төрийн үйл ажиллагаа” гэсэн илтгэл тавина.

Өндөр Гэгээн Занабазарыг тухай тухайн үедээ янз бүрээр л тодорхойлсоор ирсэн байдаг?

-Халхын анхдугаар Богдыг насанд хүрэх үед Түшээ хан Гомбодорж, Сэцэн хан Шолай, Ойрадын Эрдэнэбаатар хунтайж зэрэг Халх, Ойрадын улс төрийн хашир зүтгэлтнүүд хан хорвоогоос хальж, тэдний оронд цөс зориг ихтэй, баахан тавьтар муутай залуу ноёд гарч ирсэн байдаг. Тэд улс үндсээ бодохоосоо илүү, хувийнхаа эрх ашгийг дээгүүр тавьж, бие биендээ эр бяр, сүр хүчээ үзүүлэхийг илүүд үзэх болсон. Ийм үед Өндөр гэгээн Занабазар тэднийг монгол түмний язгуур эрх ашгийн үүднээс аль болохоор эвлэрүүлэн эвсүүлэх бодлого, үйл ажиллагаа явуулах болсон. Тухайлбал, Монголын бурханы шашны тэргүүний хувьд улс төрийн эл хэрэгт өөрийн эрхгүй татагдан орсон. Харийн түрэмгийлэл нүүрлэн ирсэн үед Өндөр гэгээн шашин номын дор эелэлдэн нэгдэж, найртай сайхан харилцаатай байхыг номлон, төрийн хос ёсны уламжлалыг Монгол хаадын бодлогод шингээхийг эрмэлзэн хичээж ирсэн. Их гэгээнтэн улс орны дотоод эв нэгдлийн төлөө санаа тавиад зогсоогүй хөрш зэргэлдээ улсууд, дэлхийн томоохон шашны төвтэй холбоо тогтоож, найрсаг харилцаатай байхыг эрхэмлэж байсан юм билээ.

Түүнийг лам хүн байсан гэдгээр нь хүлээж авах нь олонтаа. Гэтэл Өндөр гэгээн төрийн чухал үйл явдлуудад оролцож байсан?

-Гэгээнтний Монголын нийгмийн улс төрийн амьдралд гүнзгий оролцож эхэлсний том баримт 1686 оны улаан барс жилийн намар Загбайдрагийн Хүрэн бэлчирт болсон Халх, Ойрадын чуулганд өөрийн биеэр заларсан явдал юм.

Загбайдрагийн Хүрэн бэлчир гэдэг нь?

-Энэ нь одоогийн Баянхонгор аймгийн Заг сумын нутаг юм. Тус чуулганд оролцсон Манжийн Энх-Амгалан хааны элч төлөөлөгчөөс бурханы шашны их номын гурван орны их хүн Далай лам Банчин Богд, Халхын Богд Жэвзүндамба хутагт Занабазар гэж мэдэгдээд Өндөр гэгээнийг онцгойлон үзэж, Өндөр гэгээнд “Их хадаг долоо, хаш эрдэнэ шигтгээтэй суулга, хас эрдэнэ аяга, шүрэн эрхи, алтан эмээл, мөнгөн завъяа цай, торго тэргүүтнээр хишиг хүртээгээд Богд Жэвзүндамба хутагтыг чуулган эхэнд хүндэтгэлтэй суулгах хэрэгтэй” хэмээгээд “Чуулган халх монголын нийтээр эвсэн зохицож, эв найрыг хойш цаашдаа хэрхэн сахих тухайд их ёсны сургаалыг айлдаж, олон санаа бодолт төрийг тогтоох шашныг дэлгэрүүлэх үйлсэд чиглүүлэх” зарлиг буулгасан. Хүрэн бэлчирийн чуулган нь Манжийн төрийн хяналт заавраар хийгдсэн, цаад зорилго нь 1640 онд Монгол-Ойрадын чуулганы шийдвэрийг хүчингүй болгох, Халхын ноёдын хямралыг Манжид ашигтайгаар намжаах алхам хийх, Халхыг Зүүнгар хаант улсын эерэг тавих зорилт бүхий байсан юм гэж Монгол Улсын албан ёсны түүхэнд үздэг. Хэдий тийм боловч, Монголын язгууртан ноёд, ялангуяа Өндөр гэгээн Занабазар Манжийн эрх баригчдын цаад санааг сайн мэдэж байсан болохоор өөрийн өршөөлт эцэг Түшээт хан Гомбодоржийн эерүү зөөлөн бодлогоор Манжийн түрэмгийллийг хязгаарлах гэсэн холын санааг гүйцэлдүүлэх чиг барьж байсан. Гэтэл Галдан бошигт нэг талаас Өндөр гэгээн Занабазарыг Далай лам, Банчин Богдтой эн зэрэгцээ өргөмжилсөнд хорсч, нөгөө талаас түүнийг Манжийн эрх баригчидтай ойртон сүлбэлдэж эхэллээ гэж хардаж, шууд дайсагнах бодлогод шилжсэн гэж үздэг.

Өндөр гэгээнийг Манжийн эрх баригчидтай ойрхон байсан нь түүнийг урвагч хэмээн дуудахад нөлөөлсөн гэж үзэх нь бий?

-БНМАУ-ын нэгэн боть, гурван боть зохиолын II боть, “Монгол цэргийн түүхэн товчоон” зэрэгт Түшээт хан Чахундорж, Өндөр гэгээн Занабазар нарын урвамтгай байр сууриас болж, Монгол тусгаар тогтнол алдагдсан хэмээн голлон буруутгаж бичиж ирсэн. Тухайн үеийн түүхэн нөхцөл, оюунлагийн түвшин, гадаад, дотоод олон хүчин зүйлүүдийг сүлжилдүүлэн барилдуулж, харилцан шүтэлцээтэй авч үзэж байж үнэн зөв гаргалгаа хийх боломжтой болсон л доо. Тухайлбал, Засагт ханы ширээний төлөө тэмцэл бол Халхын дотоод асуудал байсан. Түшээт хан Чахундорж Эзэн богд Чингэс хааны буюу Халхын голомтыг сахиж байгаагийн хувьд зохицуулахыг оролцохоос өөр аргагүй байсан. Засагт ханы хан ширээний төлөө тэмцэлд Галдан бошигт оролцсон нь нэгэнт Ойрад тусгаарлаж, Зүүн гарын хаант улс болон хүчирхэгжсэн болохоор нэг улс нөгөө улсынхаа дотоод хэрэгт хөндлөнгөөс хутгалдан оролцсонтой адил хэрэг болсон. Галдан бошигт худ ураг болсныхоо хувьд Засагт ханд чин сэтгэлээсээ туслах санаа агуулсан бол Түшээт ханы цэргийг нутгаас нь шахан гаргаад, өөрийн талын хүнээ хан ширээнд залж, хэрэг зоригоо гүйцээгээд Түшээт ханы нутгийн гүн рүү өнгөлзөхгүйгээр цэргээ татан авах боломжтой байсан. Галдан бошигтын бодлого эхнээсээ явцгүй байсныг түүний цэргийн жанжин Данжилийн хэлсэн үг нотолдог. Галдан бошигт хаан Халхыг нэгтгээд монголчуудыг нэгэн хааны туган доор тусгаар байдлаа хамгаалах зорилготой байсан гэсэн дүгнэлтийг өнгөцхөн харвал зөв мэт боловч, Монголын алтан ургийн ноёд, язгууртнууд бусдыг хаан төрийн хэрэгт хошуу дүрэхийг хэзээ ч хүлээн зөвшөөрч байгаагүй түүхэн сургамжийг харгалзан үзэхгүй байх аргагүй юм.

Халх, Ойрадын дайнд Түшээт хан Чахундорж ялагдал хүлээж, төрөлх нутгийнхаа хил хязгаараас халин гарахаас аргагүйд хүрсэн. Түшээт хан Хөл хэмээх газар түр байзнаад, тэндээсээ говийг өнгөрч, Сүнидийн хилд суугаа Өндөр гэгээний хойноос хүрч очсон билээ. 1688 оны намар Галдан бошигтод хөөгдөн шахамдсан, нөгөө талаар Энх-Амгалан хааны зүгээс хяхан хавчсан хүнд бэрх нөхцөлд Сүнид аймгийн нутгийн хойд зах Ар элстэй гэдэг газар Түшээт хан, Сэцэн хан, Жибзундамба тэргүүтэй Халхын хаад хутагт, ноёдын чуулган болсон. Энэ нь 1640 оны Эл Тарвагатай, 1686 оны Хүрэн Бэлчирийн чуулганы дараах гурав дахь удаагийн чуулган байсан гэдэг.

Ер нь Оросыг түших нь тухайн түүхэн нөхцөл, улс төрийн эгзэг, газар зүйн байрлалын хувьд аль ч талаар боломжгүй болсон байдаг. Учир юу гэвэл Түшээт хан Чахундорж, Өндөр гэгээн Занабазар нарыг Манжийн аманд шахаж оруулсан Галдан бошигт их Орос улстай хэдийнээ тусламж авах хэмжээнд сайн харилцаатай болсон, түүнчлэн газар нутгийн асуудлаас болж, Түшээт хан Оросын талтай хэд хэдэн удаа мөргөлдөн дайсагналцсан явдал. Эцэст нь анхдугаар Богд гэгээний зөвлөмжөөр Манжид дагаар орох шийд гаргасан нь Орост дургүйдээ биш түүхэн нөхцөл байдал, ирээдүйг зөв ухаарсных байсан.

Урвах, дагаар орох хоёр өөр ойлголт биз?

-Сэтгэл буруулан шууд урвах, шашин, үндэс нэгтэй өрсөлдөгчдөө шахагдан харийн нутагт орж амь хорогдон, эвшээсэн нум, чичилсэн сэлэмний дор дагаар орох хоёр ойлголт хоорондоо эрс тэс өөр болох нь хэнд ч тодорхой л доо. Халхчуудын хувьд шашин төрийн хамгаалалт эрж дагаар орсон хэрэг байсан.

Өндөр Гэгээн Занабазарын тухай, түүний намтрыг тэмдэглэн үлдээсэн нь тун чиг ховор. Тэрээр чухам ямархуу хүн байсан бол оо, ааш зангийн хувьд?

-Их ламтныг нүдээрээ харж, биеэр уулзсан франц гэлэн Жан Жербиллон энэ талаар тэмдэглэн үлдээсэн байдаг. “Монголчууд нэлээд туранхай юм. Харин Өндөр гэгээн махлаг, тарган амгалан нигууртай хүн байна. Энэ хүний үг монголын төрд их үнэтэй байна” гэдгийг тэмдэглэсэн. Өндөр гэгээн маш даруухан хүн байсан. Шавь нар нь намтрыг нь бичих гэж янз бүрээр оролдсон байдаг л даа. Зая Бандид намтрыг нь яриулах гээд хэд хэдэн удаа оролдоход бултаад ерөөсөө яриагүй гэдэг. “Манжийн хааны дэргэд боов идэж, ууснаа ярихгүй юм бол өөр ярих юм байхгүй” гээд өөрийнхөө тухай хэлдэггүй байсан юм билээ. Маш их даруухан, ухаалаг хүн байсан учир өөрийнхөө намтрыг ярьдаггүй байсан гэж түүхэнд тэмдэглэсэн байдаг.

Гэгээнтэн Манжийн ЭнхАмгалан хааны итгэлийг ихэд хүлээсэн зөвлөгч нь байсан гэж түүхэнд дурдагддаг?

-Энх-Амгалан хаан Өндөр Гэгээний эрдэм номд бишрээд олон удаа ухааныг нь сорьж үзээд өөрийнхөө номын багш төдийгүй улс төрийн зөвлөх болгосон. Иймэрхүү нөхцөлд халх руу явуулах бодлогыг эерэгээр зөөллөж байсан хүн бол Өндөр гэгээн Занабазар. Түүнийг Энх-Амгалан хаантай ойр байсны хүчинд Монголыг хараат түшмэг байдалтай үзэж, өөрийн нь хуулиар захирах, их Чингэс хааны алтан ургийг хүндэтгэж, улс төрийн хүрээлэлд Монгол ноёдыг Манж нарын дараагаар оруулах, монгол хэлийг төрийн албан ёсны хэлний нэгэнд үзэж, худам монгол бичгийг бинт дусал нэмэн манж бичиг болгон авч хэрэглэх, Монголын хил хязгаарт хятад хүн үл суурьшуулах, монгол эхнэр авахыг хориглох зэрэг эерүү бодлого явуулж байсан нь Анхдугаар Богд Өндөр гэгээн Занабазарын нөлөө, шууд оролцоотой холбоотой байсан юм. Ийнхүү Анхдугаар Богд гэгээн бол монгол түмний эе эвийг ном, билгүүний увидсаар номхруулахын төлөө ухаанаа чивчрүүлж, насыг зарсан улс төрийн гарамгай зүтгэлтэн, хүнлэг, нигүүлсэнгүй эх оронч үзэл, үйлдлэгээрээ нийгмийн амар амгалан байдлыг төвшитгөхийн тул чин зүтгэл, сэтгэл зүрхээ харамгүй зориулсан аугаа их, хүмүүнлэг нигүүлсэнгүй хүн байсныг баримт сэлт нотолж байгаа юм.

Занабазар гэгээнтний урлагт оруулсан хувь нэмэр хэмжээлшгүй. Түүний бүтээлүүдийг дэлхийн сонгодгуудын тоонд оруулдаг?

-Урлаг, соёлд гарамгай үүрэг гүйцэтгэсэн хүн шүү дээ. Нэг хүний бие, сэтгэл, ухаанд ийм их авьяас цогцолно гэдэг ховор үзэгдэл. Зөвхөн Монголд төдийгүй дэлхий дахинд энэ нь маш ховор үзэгдэл юм. Тодорхой, тодорхой асуудлаар хүмүүс нээлт хийдэг. Гэтэл Занабазар ер бусын авьяас билэгтэй хүн байсан. Сүм хийдүүдийг барьж байгуулахдаа гэр маягийн уран барилгыг үндэслэсэн. Өөрөө инженерийн тооцооллыг нь хийдэг байсан. Мөн Монголд монгол уран зургийн дэг сургууль, түүн дотроо зураасан зургийн дэг сургуулийг үндэслэсэн. Энэ хүн их сэтгэгч. Монголчуудын эв нэгдлийг бэлгэдсэн Жанлавцогзол номыг бичсэн. Мөн буддын шашны гүн ухааны “Маанийг бүтээх арга” хэмээх бүтээл бичсэн. Монголчуудын үндэсний эв нэгдлийг хангах чиглэлээр сонирхолтой санаанууд дэвшүүлсэн. Бас нэг том зүйл нь соёмбо үсэг бий болгосон. Бусдаас зээлдсэн гэж зарим нь хэлдэг ч монгол хөрсөнд буулгаж сэтгэсэн хүн. Буддын шашны ёс заншил, уншлага, жаяг дэгийг Монгол хөрсөнд буулгаж, монголжуулан сэтгэсэн.

Түүнд Гэгээн гэх цолыг хэзээ олгосон байдаг юм бэ?

-Монголын Бурханы шашны тэргүүнээр 1639 онд таван настайд нь залсан. Сэцэн ханыг Гэгээн Сэцэн хан гэдэг байсан. Сэцэн хан Гэгээн цолоо Өндөр Гэгээн Занабазарт өргөсөн. Ингээд Өндөр Гэгээн гэж алдаршсан. Монголын Бурханы шашны тэргүүн байсан ийм хүн л дээ. Энэ хүний нэг онцлог нь шашин урлагийн зүтгэлтэн төдийгүй улс төр, нийгмийн зүтгэлтэн байсан гэдгийг дээр ярьсан шүү дээ.

Д.САРУУЛ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *