Categories
арын-нүүр булангууд мэдээ цаг-үе ярилцлага

Б.Мөнхдорж: Дэлхийтэй эн зэрэгцэж явъя гэвэл ганц хүний жүжигтэй хамгийн их ажиллах хэрэгтэй

Драмын урлагийн “Гэгээн Муза” наадмын шагнал гардуулах ёслол өнгөрсөн бямба гаригт боллоо. Уг наадамд нэр дэвшсэн, шалгарсан бүтээлүүдийн талаар найруулагч Б.Мөнхдоржийн байр суурийг сонирхлоо.

-“Гэгээн Муза” наадмын хөгжимт жүжгийн төрөлд Ховд аймгийн Хөгжимт драмын театрын тайзнаа таны найруулан тавьсан “Галдан бошигт хаан” жүжиг гран при шагналыг хүртлээ. Энэ нь өнгөрсөн жилийн томоохон бүтээл байсныг үзэгчид мэдэж байгаа байх. Хөгжимт жүжгийн төрөлд өрсөлдсөн бусад жүжгийн талаар та ямар бодолтой байна вэ?

-Хөгжимт жүжгийн төрөлд дөрвөн жүжиг оролцсон. Драмын театрт манай Ч.Найдандоржийн тавьсан “Чөлөөт хос”, Өвөр Монголын “Хар торгон хамжаар”, Буриадын театрын авчирсан хэлмэгдлийн сэдэвтэй жүжиг ийм дөрвөн бүтээл орж ирсэн. Буриадын театрын тэр жүжиг бол их сайн жүжиг байна лээ. Ер нь бүгдээрээ сонирхолтой жүжгүүд байсан. Манай Ц.Баясгалан Драмын театрын “Чөлөөт хос” жүжгийнхээ дүрээрээ шилдэг жүжигчний шагналыг нь авлаа. Авахаас аргагүй сайн тоглож байсан. Үнэхээр тэр бол их нямбай хийгдсэн жүжиг байхгүй юу. Маш нямбай, маш их номын дагуу их тийм цэгцтэй хийсэн жүжиг байсан. Тэнд хөгжмийн зохиолч нь жааз ансамблийг хэрхэн бий болгож байгаа, орчин ахуйг нь жааз хэлбэрээр яаж гаргах вэ гэхчлэн бүх юмнуудыг бодож гаргасан бүтээл байна лээ. Өвөр Монголын “Хар торгон хамжаар” бол сайхан дуулалт жүжиг. Ардынхаа дуугаар жүжгээ задлаад дууныхаа бадгуудаас санаа аваад сюжетээ зохиомжилсон юм байна гэж харагдсан. Гагцхүү яг жүжгийн зохиол нь мөн үү үгүй гэдэг дээр бол би дотроо бодож л байсан. Үйл явдлын өрнөл нь хаашаа юм, зөрчил нь яах юм гэдэг зарим юмнууд нь бас бүдэг юм уу гэж бодогдсон.

-Ардын харилцаа дууны хэлбэрээс хальж гараагүй юм байх л даа, тийм ээ?

-Ер нь дуунуудаараа л голлоод явчихсан байсан. Дуунуудаараа голлочихоор бас гоё л юм байна лээ. Дуу, хөгжим, бүжиг нь их сайхан пластик харагдсан. Буриадын жүжиг бол хэлмэгдлийн тухай байсан. Тавилтын хувьд тэр бол нэлээн их орчин цагийн театрын болзолт, томъёоллын гэж ярьдаг тийм аргуудыг айхтар сайн хэрэглэсэн байна лээ. Тайзны шийдэл, өрөлт, тавилтын хувьд сонирхолтой харагдсан. Манай Ховдын театрын “Галдан бошигт хаан” жүжиг бол тэр чигээрээ амьд оркестртой. Ховдын театрын жараад уран бүтээлч бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцсон том жүжиг. Өнгөрсөн намар намайг Галдан бошигт хааны мэндэлсний ойгоор очиж ажиллахад байсан бүрэлдэхүүн тэр чигээрээ орж ирсэн. Хөгжим нь амьд. Удирдаачтайгаа, оркестртойгоо, дуучидтайгаа, бүжигчид, найрал дуучидтайгаа. Манай гавьяат жүжигчин А.Даваахүүгийн тавьсан бүжиг бол тэр жүжгийн хамаг л өнгө төрх, бүх юмыг бий болгож өгсөн. Энэ жүжиг маань гран при-г нь авлаа. Ховдын театрын уран бүтээлчдийн нэлээн томоохон үзүүлэлт юм гэж би ойлгож байгаа.

-Гадаадын оролцогчдоос та шинэ юм олж харах бололцоо байв уу. Харахаар юм хэр их байв?

-Харахаар юм зөндөө байна. Гадныхан ирэхдээ арга байхгүй, бүтэн оркестроо бариад ирэлтэй биш. Буриадын театрынжүжиг бол үзүүштэй жүжиг. Тавилт нь арай өөр. Сонирхолтой шийдлүүдтэй. Театрын метафорын арга гэж байдаг. Зүйрлэлийн арга юм даа. Тэрийг маш их томоор хэрэглэж гаргаж ирсэн юм билээ. Найруулагч нь шилдэг найруулагчийн шагнал авсан. Өвөр Монголын жүжгийн дуу хөгжмийн асуудал нь аятайхан байсан. “Улаан мөчир” чуулгын жүжигчид юм байна лээ.“Улаан мөчир” чинь эдний урдаа барьдаг, нүүр царай нь болсон гол том чуулга шүү дээ.Зураач нь шилдэг зураачийн шагналыг нь авсан. Манай зураач Энхтуяа шүүгчийн нэрэмжит шагнал, Сүхдорж зохиолч маань цомнолоороо шилдэг зохиолчийнх нь шагналыг авсан. Ховдын жүжиг зохиолч, хөгжмийн зохиолч, дуулалт жүжиг гэдэг гурван номинацийг нь авсан юм байна.

-Ховдын жүжиг сэдвээрээ бас их жин дарж байна л даа, тийм ээ?

-Жин дарсан асуудал бий. Яагаад гэвэл, Галдан хаан гэдэг чинь өөрөө Монголын эв нэгдлийн төлөө, монгол үндэстний төлөө байсан болохоор энэ бол зөвхөн Баруун Монголын асуудал биш шүү дээ. Монголын төрийн тухай, монгол төр манжид эзлэгдэхгүй гэсэн бодлогын үүднээс хандсан Галдан хааны тэр тэмцэл, үзэл санаа бол асар жинтэй. Түүнийг нь түүхийн эх сурвалжаас нь маш зөв олж авч, маш зөв гаргаж ирсэн учраас энэ жүжгийн цар хүрээ нь нэлээн өргөн юм. Галдан хааны тухай янз бүрийн ойлголтууд байдаг шүү дээ. Ийм нөхцөлд түүхэн эх сурвалжийг нь их зөв гаргаж ирсэн нь үнэ цэнтэй. Ерөөсөө монголчуудын эв нэгдлийн тухай хэлсэн жүжиг л дээ. Үндэстний эв нэгдлийн тухай хэлнэ гэдэг бол сэдвийн хувьд ч, үзэл санааны хувьд ч цар хүрээ нь өргөн юм байхгүй юу. Тэр нь ч бас нөлөөлсөн болов уу гэж бодож байгаа.

-Моно жүжгүүдийн тухайд та юу үзэж харав?

-Орж ирсэн бүх жүжгийг би үзээгүй. Гэхдээ моно жүжиг ер нь хэцүү шүү дээ. Жүжигчин дээр тулгуурлаж байдаг. Олон орны жүжигчдийг энд оруулж ирж үзүүлсэнд би их талархаж байгаа. Яагаад гэвэл, бидэнд сурах юм их байгаа. Жишээ нь, Польшийн жүжиг сонирхол татаж байлаа. Өвөр монголчуудын авчирсан жүжиг, манай Дарханы театрын Төмөрбатын авчирсан жүжиг бас л сонирхолтой харагдаж байсан. Манай СУИС-ийн багш Бат-Өлзийгийн найруулсан, Питер Турриний “Ашгүй бүх юм дууслаа” гэдэг жүжиг бол уг нь маш сонин шийдэлтэй жүжиг шүү дээ. Энэ мэтээр янз янзын театрын хэллэгүүд, янз янзын дүрслэлүүдийг барьж авч байгаа нь ололт гэж бодож байгаа. Моно жүжиг бол жүжигчнийг тодруулж гаргаж ирдгээрээ их онцгой. Үүгээрээ нэлээн том өрсөлдөөн болсон. Өрсөлдөөн болсны үр дүнд ч гэсэн авах ёстой шагналуудыг нь зөв өгсөн гэж харж байлаа. Би энэ жилийн шүүгчдийг маш их зөв онож шүүсэн гэж олзуурхсан. Жилийн жилд хүмүүс янз бүрээр ойлгодог л доо. Эхийг нь эцээхгүй, тугалыг нь тураахгүй гэдэгчлэн дүгнэлээ гэх юм энэ удаа байсангүй. Яг бодитоор харж гарцаагүй байх ёстой шалгуураар нь харсан шүүгч нарын шаардлага бол өндөр байсан.

-Моно жүжиг гэж туйлшраад байна уу,драмын жүжиг энэ жил орж ирсэнгүй гэхчлэн олон янзаар хүмүүс харж байна л даа. Моно жүжгийг энэ удаа онцолж байгаагийн шалтгаан нь юу юм бэ?

-Дэлхийд моно жүжгийн төрлийг бий болгосон асуудал нь жүжигчнийг нээх гэсэн асуудал л байхгүй юу. Жүжигчин өөрийгөө бүх талаар нээж байгаа. Тоглох бүх өнгө аясыг, хөгжимтэй дуу шумтайгаа өөрийгөө зохицуулж чадах, тэр жүжгийн бүх л орчныг өөртөө авчрах чадварыг нь нээж байдгаараа онцгой юм. Энэ төрөл манайд гарч ирж байгаа нь сайн хэрэг. Магадгүй хүмүүс туйлшраад явцуурч байна гэж үзэх талтай. Гэхдээ тэгж ойлгох нь дэмий. Дэлхийтэй эн зэрэгцэж явъя гэвэл харин ганц хүний жүжигтэй хамгийн их ажиллах хэрэгтэй. Ганц хүний жүжиг дээр ажилласан найруулагч, зураач, жүжигчид бол хамгийн олон талт, хамгийн өргөн цар хүрээг өөртөө бий болгож гаргаж ирдэг. Өөрөөр хэлбэл, маш нарийн нягт ажиллагаа орно. Ур их нэхдэг төрөл. Жүжгийг тавихад ур гэж юм бий. Урыг хамгийн их бий болгож чадаж байгаа төрөл бол энэ моно жүжиг юм.

-Өнгөрсөн жил найруулагч нар драмын жүжиг огт хийгээгүй юм уу. Эсвэл Хүннү, Эзэнт гүрэн, төр гэх мэтээр түүхийн том орон зай руу нэг хэсэг хандчихаад эргээд мухардах хандлагатай болчихов уу. Драмын урлаг яг ямар нөхцөл байдалд байгааг та хэлээч?

-Драмын урлагийг мухардалд орчихлоо гэж үзэж ерөөсөө болохгүй. Бүх төрлүүдээрээ явах нь үнэн боловч үүн дээр эдийн засаг, улсын бодлого хоёр үгүйлэгдэж байгаа юм. Театр өөрийнхөө урын сан дотор бол жүжигчинд зориулж жүжиг гаргана, үзэгчид зориулж жүжиг хийнэ. Цар хүрээг нь том харах хэрэгтэй юм. Би тэр Брехтийн “Галилейн амьдрал” жүжгийг наян хэдэн онд яах гэж тавьсан бэ гэвэл, Ц.Гантөмөр гэдэг жүжигчнийг гаргаж ирэхийн тулд тавьсан юм. Нэг тийм үсэрсэн, хүнийг өөр ертөнц рүү аваачсан тийм алхам хийх хэрэгтэй байхгүй юу. Тэр алхмыг бол урын сангийн бодлогод барьж явах ёстой юм. Тэр бодлогыг дэмждэг санхүүжилт байх ёстой. Дээхнэ үед театр өөрөө уран бүтээлийн мөнгөтэй байсан болохоор зовлонгүй хийдэг байсан. Одоо бол тийм юм хийхийн тулд төсөл бичнэ хэдэн сар хөөцөлдөнө, батлах батлахгүйд хүрнэ, тэгсээр байтад жүжгийн зохиол чингь алга болоод хүлээгдчихдэг. Би гэхэд л жишээ нь, “Зуун жилийн ганцаардал” гэж ярьсаар байгаад бараг найман жил болж байна шүү дээ.

-Театр аль болох бүх төрлөөрөө дуугарч байгаасай л гэх гэсэн юм.Эсвэл дуулалт, эсвэл моно гэхчлэн хандлага, хэмжүүр, үнэлэмж явцуурах вий гэх болгоомжлол төрөх ньзайлшгүй л дээ?

-Үгүй. Энэ хэмжүүр рүү орно гэж байхгүй. Дуулалт жүжиг бол гарцаагүй хийгдэх ёстой. Энд чинь найрал дуу, гоцлол гэхчлэн бүх юм ордог болохоор драмын жүжигчний өөрийнх нь хөгжилд асар том хувь нэмэр болдог. Энэ жил драмын жүжгийн төрөлд өрсөлдөх театруудын бүтээл байгаагүй. Байхгүй болохоор ганцхан УДЭТ өөрсдийн жүжгийг оруулж болохгүй болчихож байгаа юм л даа. Орон нутагт драмын жүжиг тавигдаагүй.

-Долоон найруулагчийн бэсрэг жүжгүүдийн тухайд та юу хэлэх вэ?

-Тэр яах вэ. Энэ бол бидэнд олдсон боломж юм. Театр өөрөө орон зайн урлаг. Тэр орон зайд бид нар хэн ямар сэдвээр, ямар зохиолоор өөрийнхөө орон зайг тэнд тавьж өгч хүмүүст тэр жүжгийг хүргэхвэ гэсэн эрэл хайгуул, туршилтын алхам юм. Хамгийн сонирхолтой нь долоон өөр өнцгөөс харсан жүжгүүд орж ирсэн шүү дээ. Дандаа бэсрэг жүжгүүд. Гурван хүнтэй, хоёр хүнтэй, нэг хүнтэй, таван хүнтэй гэхчлэн. Гэхдээ хүнийхээ тоонд гол нь биш юм. Тэр талбарыг бид юугаар туршиж, юуг эрж хайж байна вэ гэдэг тэр эрэл хайгуулыг олоход, эрэл хайгуулаа үргэлжлүүлэхэд, шинийг санахад тус болсон алхам юм. Би бол тэр долоон жүжгийг ингэж үздэг.

-Тэр долоо тогтмол тоглуулаад явах жүжгүүд мөн үү?

-Тогтмол тоглуулах жүжгүүд биш гэж хэлэхгүй. Яг тогтмол тоглуулж болно. Гэхдээ бид үзэгчдээсээ түрүүлж явахаас биш дагаж явахгүй учраас зарим жүжиг нь нь хүлээж авахад бэлэн биш байж болох талтай. Миний хувьд тэгж харсан жүжгүүд бол бий. Жишээ нь, Н.Наранбаатарын тавьсан жүжиг бол нэлээн хүнд. Манайхан бас бэлэн юм хүлээж аваад байдаг, дандаа тийм байгаад байж бас болохгүй шүү дээ. Тийм учраас бид аль болох түрүүлж харуулахын тулд хийгээд байгаа эрэл хайгуулууд юм шүү дээ.

Н.Пагма

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *