Categories
мэдээ улс-төр

Хөшигийн хөндийд казино байгуулах санал гаргажээ

АН-ын өнөөдрийн бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар бүлгийн дарга Б.Гарамгайбаатар, дэд дарга С.Одонтуяа, Ж.Батзандан нар мэдээлэл хийлээ.

АН-ын бүлэг өнөөдрийн хуралдаанаараа Ерөнхий сайд, УИХ-ын даргын мэдээллийг сонссон байна.

Ерөнхий сайд өнгөрсөн долоо хоногт Арабын нэгдсэн Эмират улсын Дубайд ажлын айлчлал хийх үеэрээ Оюутолгойн хэлэлцээрээс гадна амжуулсан ажлаа танилцуулжээ. Тодруулбал, нэг тэрбум ам.долларын Хөрөнгө оруулалтын сан байгуулах санамж бичиг байгуулсан талаар мэдээлэл хийсэн байна.

Ерөнхий сайдын Дубайн айлчлалын хүрээнд Монголоос махан бүтээгдэхүүн экспортод гаргахаар болжээ. Энэ чиглэлээр манайд үйлдвэр байгуулах боломжтой талаар мэдээллийн үеэр дурдсан байна. Үүнтэй уялдуулан махны экспортын стандартыг нэг түвшинд авчрах талаар санал хэлсэн байна.

Харин УИХ-ын дарга АН-ын бүлгийн хуралдаанд өнгөрсөн долоо хоногийн амралтын өдөрХөшигийн хөндийн нисэх онгоцны буудалтай танилцсан талаараа мэдээлэл хийсэн байна.

Олон улсын нисэх онгоцны буудлыг тойруулан казино, чөлөөт бүс байгуулах талаар УИХ-ын дарга өөрийн байр суурийг бүлгийн хуралдаанд хэлжээ. Энэ асуудлаар бүлгийн гишүүд харилцан санал солилцож, Дубайгийн нисэх буудал дээр байрлах чөлөөт бүсийн загвараар Монгол Улсад чөлөөт бүс хөгжүүлэх боломж байна гэж үзжээ.

Дубайн чөлөөт бүс дэх жуулчдын 60-70 хувь нь Хятадууд байдаг аж. Тиймээс 6-7 цагийн нислэгтэй Дубайг зорьж буй Хятадууд 1-2 цаг нисээд Монголд ирэх давуу талтай. Тиймээс казино байгуулах нэг компанид санал тавих нь оновчтой гэж УИХ-ын дарга саналдаа тусгажээ.

Мөн өнөөдрийн хуралдаанаар АН-ын бүлэг гурван дэд ажлын хэсгийн мэдээллийг сонссон байна. Тус намын бүлгээс ажилгүйдэл, хот төлөвлөлт, шинэ хөдөө гэсэн гурван дэд ажлын хэсэг байгуулжээ.

Хот төлөвлөлт, шинэ хөдөө ажлын дэд хэсгийн ахлагч С.Одонтуяа “Энэ долоо хоногт анхаарал тавьж ажиллах зүйл бол Шинэ яармаг төсөл. Яармагийг иргэд тэндээ сургалт үйлдвэрлэлийн төвд сураад ажлын байр, орон байраар хангагдах чухал төсөл дээр АН-ын бүлэг ажлын хэсэгт хуваагдаад ажиллаж байна” гэсэн юм.

Ажилгүйдлийн дэд ажлын хэсгийг Ж.Батзандан гишүүн ахалж байгаа юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *