Categories
мэдээ нийгэм

Ц.Сайнбаяр шатрын холбооны ерөнхийлөгчөөр сонгогдлоо

Монголын шатрын холбооны ээлжит VII их хурал энэ сарын 23-нд болж, холбооны харьяа клуб, академи, холбоодын төлөөлөгчид болон спортын мастераас дээш цолтой шатарчид, нийт 147 төлөөлөгч оролцжээ.

Хурлаар өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд хийсэн ажлынхаа тайланг хэлэлцэж, МШХ-ны дүрмийн төслийг хэлэлцэн баталсан юм. Мөн зохион байгуулалтын асуудал хэлэлцэж, сонгууль явуулсан бөгөөд ерөнхийлөгчөөр Ц.Сайнбаярыг, Удирдах зөвлөлийн гишүүнээр 15 хүнийг сонголоо.

Ц.Сайнбаяр нь 1967 онд Улаанбаатар хотод төрсөн, дипломатч мэргэжилтэй. Тэрээр 1991-1998 онуудад Гадаад харилцааны яам, Прага дахь Монгол Улсын Элчин сайдын яаманд ажиллаж, 1998-2000 онуудад Лондонгийн дипломатын Академид суралцсан. 2003 оноос “UK chess challenge” тэмцээний хамтран зохион байгуулагч, 2011 оноос “UK Chess Academy”-г үүсгэн байгуулан эдүгээ тэргүүнээр нь ажиллаж байна.

Ц.Сайнбаяр нь Олон улсын шатрын холбооны Ерөнхийлөгчийн зөвлөлийн Азийн гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, ОУШХ-ны шатрыг сургуулиудад дэлгэрүүлэх комиссын нарийн бичгийн дарга, Цол олгох комиссын гишүүн, Дасгалжуулагчийн комиссын гишүүний болон МШХ-ны ОУШХ дахь төлөөлөгчийн албыг давхар хашиж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *