Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан өнөөдөр “Хүүхдийн эрхийг дээдлэе” уриатай дугуйн парад боллоо. Шилжин явах бамбартай энэхүү өдөрлөгийг Ардчилсан хүчний залуучуудын холбооноос зохион байгуулсан юм. Сүүлийн үед хүүхдийн эрхийг зөрчсөн гэмт хэрэг нийгэмд олноор гарах болсон. Ялангуяа хүүхэд гэр бүлийн хүчирхийлэл, зам тээврийн осолд өртөх тохиолдлууд нэмэгдсэн. Иймээс олон нийтийн анхаарлыг хүүхдийн асуудалд төвлөрүүлэх зайлшгүй шаардлага тулгарсан. Тиймээс энэ амралтын өдөр нийслэлийн төв гудамжинд 500 хүүхдийн дугуй парадыг зохион байгуулжээ. Цаашид ч олон нийтийн дунд гүйлтийн парадыг явуулах тухайгаа парадыг зохион байгуулагчдын зүгээс мэдээллээ. Хүүхэд бол Монголын ирээдүй. Харин хүүхдийн ирээдүй ямар байх нь томчууд биднээс шууд хамааралтай. Иймээс нийт томчуудыг хүүхдийн эрхийг хамгаалахад дуу хоолойгоо нэгтгэхийг Ардчилсан хүчний залуучуудын холбооноос уриалж байгаа юм.