Categories
мэдээ улс-төр

УИХ Эдийн засгийн өршөөлийн хуулийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс хойших хуралдаан эхэллээ. Хуралдаанаар УИХ-ын гишүүн С.Бямбацогтоос Эдийн засгийн ил тод байдлыг хангах тухай болон Эдийн засгийн өршөөлийн тухай хуулийн талаар Хууль зүйн сайдад тавьсан асуулгын хариуг сонсож байна. Гишүүд уг асуудалтай холбогдуулан нэгэнт эдийн засгийн өршөөлийн тухай хуулийг батлах гэж байгаа бол хурдан батлах ёстой гэдгийг онцолж байна. Мөн хуулийг батлахгүй удсантай холбоотойгоор аж ахуйн нэгжүүдийн дунд хүлээлт үүсч, татварын орлого буурсан гэх асуудлыг хөндлөө. Хууль зүйн сайд Д.Дорлигжав Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих, Эдийн засгийн өршөөлийн тухай хуулийн төсөл хэлэлцэхэд зарим аж ахуйн нэгжүүдийн нэр дурдагдах тул хаалттай хэлэлцүүлнэ үү гэсэн горимын санал гаргасан.

Хуралдааныг хаалттай явуулах талаар санал хураахад дэмжлэг авсангүй. Чуулганы хуралдаан нээлттэй үргэлжилж байна.

Татварын асуудалтай холбоотойгоор сүүлийн жилүүдэд 82 хүн ял шийтгүүлжээ. Торгох ял эдэлж байгаа нэг хүн байгаа аж. Цагдаагийн байгууллагын эрх бүхий ажилтан 2015 он гарснаар 4950 хүн, 58 аж ахуйн нэгжид торгох шийтгэл ногдуулжээ.

Татварын ерөнхий газрын дарга Б.Ариунсангийн хэлснээр цагдаа хүчний байгууллага дээр сүүлийн гурван жилд 11 мянга 260 аж ахуй нэгжид эрүүгийн хэрэг үүссэн байна. Нэг эрүүгийн хэрэг дээр 300-400 аж ахуй нэгж байх жишээтэй. Харин НӨАТ-ын хуурамч падаан үйлдсэн 3600 аж ахуй нэгж цагдаа дээр шалгагдаж байгаа аж. Тэдэнд хуулиар захиргааны хариуцлага байгаа учраас өнөөдрийг хүртэл шалгагдаад өмч хөрөнгүүд нь барьцаанд байгаа аж. Харин прокурорын байгууллагаас өгсөн мэдээллээр Эрүүгийн хуулийн 166-р зүйлд заасан 194 хүнд холбогдох 60 хэрэг хуулийн байгууллагад шалгагдаж байгаа юм байна. Өнгөрсөн онд 700 гаруй хүн шалгаж байсан бол эдгээрээс зарим нь татвараа төлснөөр энэ тоо 194 болж багасчээ.

Уг асуудлын дараа Ерөнхий сайд Ч.Сайханбилэг чуулганы хуралдаанд Оюутолгойн асуудлаар мэдээлэл хийнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *