Боловсрол, соёл, шинжлэх ухааны
дэд сайд, доктор (Ph.D) Я.Төмөрбаатар
Эрхэм хүндэт төлөөлөгчид өө,
Хүндэт зочид оо,
Та бүхний энэ өдрийн амгаланг айлтгая.
Бага насны хүүхдийн хөгжлийг гэр бүлийн орчинд дэмжих асуудлаар Та бүхэнтэй санал бодлоо хуваалцах гэж байгаадаа таатай байна.
Улс орны хөгжлийн түвшинг зөвхөн эдийн засгийн өсөлтөөр хэмждэг хандлагаас хүний хүчин зүйлсийн нөлөөллийг чухалчилдаг үзэл баримтлал нийтлэг болсон өнөө үед дэлхийн улс, орнууд хүний хөгжилд онцгой анхаарал хандуулж байна. Иймээс ч хувь хүний болон улс орны хөгжлийг “өрсөлдөх чадвар” хэмээх үзүүлэлт тодорхойлох болсон билээ.
Хүний хөгжлийн асуудлыг эхийн хэвлийд үр хөврөл тогтож эхлэх үеэс анхаарах нь хүүхдийн эсэн мэнд бойжих, хөгжихөд төдийгүй насан туршийн амьдралд нь нөлөөлдөг болохыг эрдэмтэд баталж байна. Хүний хөгжлийн суурь, эрчимтэй хөгжлийн үе бол 0-6 нас бөгөөд энэ насны бүлгийг “бага насны хүүхэд” хэмээн нэрлэдгийг Та бүхэн мэдэж байгаа.
Тэгвэл бага насны хүүхдийн хөгжил гэж юу вэ? гэсэн асуулт бидний өмнө дэвшигдэн гарч байна. Бага насны хүүхдийн хөгжил гэдэг нь бие, оюун, сэтгэлийн нэгдэл буюу хөдөлгөөн, эрүүл мэнд, сэтгэхүй, хэл яриа, харилцаа, зан төлөв нийгэмших үйл явцад гарч буй дэвших хандлагатай чанарын өөрчлөлт гэж тодорхойлж болох юм.
Хүүхэд бүр төрсөн цагаасаа л эхлэн өөр өөрийнхөө орчин ахуйтайгаа харьцан, өөр өөрийнхөөрөө сурч хүмүүншиж хүн болдог. Хүүхэд өөрийн төрөн өсч буй эрүүл хийгээд аюулгүй орчин ахуйгаасаа сурч хүмүүншихүйн үр дүнд бий болдог. Энэ орчин ахуй нь бага насны хүүхдэд хамгийн ойр, анхдагч хэсэг буюу гэр бүл нь юм.
Хүний амьдралын эхний 5 жилд олж эзэмшсэн мэдлэг, чадвар төлөвшил нь тухайн хүнийг хэн болохыг бүрэн тодорхойлдоггүй ч цаг хугацаа урсан өнгөрөх тусам өөрчлөх боломжгүй чиг баримжааг олгож цаашдын хөгжлийг тодорхойлоход чухал үүрэг гүйцэтгэдэг гэдэгт эргэлзэх хүн байхгүй байх аа.
Хүүхдийн оюун ухаан, бие бялдар, нийгэмшихүйн хөгжлийн ялгаа бага насанд нь л илэрч эхэлдэг бөгөөд сургуульд элсэн орох үед улам гүнзгийрдэг бөгөөд хүүхдийн хөгжлийн энэхүү ялгаатай байдал нь нийгэм-ахуйн орчин нөхцөлөөс ихээхэн шалтгаалдаг болохыг судлаачид тогтоосон байдаг. Бага насны хүүхдийн хөгжилд өрхийн орлогын хүрэлцээ, орон сууцны нөхцөл, эцэг эх, асран хамгаалагчдын боловсролын түвшнээс илүүтэй гэр бүл, эцэг эхийн зүгээс хүүхдэд тавьж буй анхаарал халамж, хүүхдийн хөгжлийн талаарх ойлголт, мэдлэг, туршлага нэн чухал болохыг манай улс 6 настай хүүхдийг анх удаа сургуульд элсүүлэн сургаж эхэлсэнтэй холбогдуулан хийсэн судалгааны тайланд дурджээ. Судалгааны эдгээр үр дүн нь гэр бүлийн орчин хүүхдийн хөгжилд шийдвэрлэх нөлөө үзүүлдэг болохыг харуулж байна. Иймээс ч дэлхий дахинд гэр бүлд төвлөрсөн хүүхдийн хөгжлийн асуудлыг нэн тэргүүнд авч үзэж байна.
Хүүхдийн хөгжилд нөлөөлдөг чухал хүчин зүйлүүдийн нэг нь эцэг эх, асран хамгаалагч болон хүүхдийн хоорондын ээнэгшин дасах холбоо билээ. Хүүхэд ямар хүн болж төлөвших нь гэр бүлд шийдэгддэг тул эцэг, эхчүүд хүүхэдтэйгээ багаас нь яаж харилцаж, ажиллах, хүүхдээ юунд сургах, ямар чадвар дадал эзэмшүүлэхийг сайн мэддэг байх ёстой.
Эцэг эх болсон хүн бүр үр хүүхдээ эрүүл хийгээд аюулгүй байх болтугай, эрдэм номтой хүн болох болтугай, амьдрал ахуйгаа аваад явчих ажилсаг хүн болох болтугай хэмээх нь хүмүүн төрөлхтөн бидний нийтлэг нэгэн хүсэл. Энэхүү нийтлэг хүслийг хангах асуудалд гэр бүл, эцэг эх, асран хамгаалагчдаас гадна төр, олон нийт ч тодорхой үүрэг хүлээж бодлого, үйл ажиллагаагаа чиглүүлж байдаг. Тиймээс улс орнууд бага насны хүүхэд бүрийг сургуулийн өмнөх боловсролд албан ёсоор хамруулах болон албан бусаар гэр бүлийн орчинд хөгжүүлэх гэсэн хоёр арга замыг оновчтой хослуулан тэрхүү нийтлэг хүслийг хангахыг хичээж байна.
Дэлхийн улс орнууд “Боловсролыг нэгдүгээрт” санаачилгад нэгдэж, хүүхэд бүрт чанартай боловсрол эзэмшүүлэхийг зорин ажиллаж байна. “Боловсролыг нэгдүгээрт тавьснаар, бид өлсгөлөн ядуурлыг багасгаж, орхигдсон авьяас чадвар, нөөц боломжийг сэргээн, хөгжин цэцэглэсэн, сайн сайхан, хүчтэй нийгмийг бий болгох юм” гэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүүн уг санаачилгыг дэмжигчдэд хандан 2012 онд хэлсэн байдаг. Дэлхий дахинаа хүүхдийн эрхэд суурилсан боловсролын орчин, үйлчилгээг буй болгох, хөгжүүлэх замаар тэдний эрхийг хангах үзэл санааг дэмжин, бүх нийтийн боловсролын зорилтод тунхагласан “бага насны хүүхдэд зориулсан халамж, боловсролын үйлчилгээний хүртээмж, чанарыг сайжруулах” зорилтыг хэрэгжүүлэх олон шинэ санаачилга, бүтээлч ажлууд улс орнуудад өрнөж байна.
Тэгвэл манай орны хувьд бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих чиглэлээр төр, засгаас ямар бодлого баримтлан ажиллаж ирсэн болох талаар авч үзье.
Нэг. Бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих талаар баримталж буй бодлого, хэрэгжилт
Байгаль газар зүйн онцлог, эдийн засгийн боломж, нүүдлийн амьдралын хэв маягт нийцүүлэн бага насны хүүхдэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлэх тогтолцоо манай оронд хөгжиж байна.
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганаар батлагдсан “Хүүхдийн эрхийн конвенц” (1989), Мянганы хөгжлийн зорилт (2000), Боловсролын дээд хэмжээний чуулга (2000)-ны баримт бичигт хүүхдийн эрүүл мэнд, бие бялдар, сурч боловсрох болон нийгмийн хэрэгцээг төрсөн цагаас нь эхлэн бүрэн хангах асуудал тусгагдсан байдаг билээ. Эдгээр баримт бичигт тусгагдсан үзэл санааг хэрэгжүүлэх үүднээс Монгол Улсын Засгийн газраас өнгөрсөн хугацаанд хүүхэд бүрийг хөгжүүлэх, тэдний суралцах, хөгжих, адил тэгш эрхийн баталгааг хангах, хүртээмжтэй, чанартай боловсролын үйлчилгээ бий болгох суурь зарчимд тулгуурласан бодлого баримтлан хэрэгжүүлж байна. Энэхүү бодлогоо “Боловсролын тухай хууль”, “Сургуулийн өмнөх боловсролын тухай хууль (2008)”, “Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого (1995, 2015)”, “Зөв Монгол хүүхэд үндэсний хөтөлбөр (2013)” “Монгол Улсын боловсролын салбарыг 2006-2015 онд хөгжүүлэх Мастер төлөвлөгөө”, “Бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих цогц бодлого”, “Бага насны хүүхдийн хөгжилд эцэг эх, гэр бүл, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх талаар сургуулийн өмнөх боловсролын байгууллагаас баримтлах чиглэл” зэрэг бодлогын баримт бичгүүдэд тусган хэрэгжилтийг хангаж байна.
Аливаа хөгжлийг тасралтгүй явагддаг үйл явц гэж үзвэл бага насны хүүхдийг системтэй, хэрхэн хөгжүүлэх вэ?, хүүхэд бие бялдар, оюун ухаан, нийгэмшихүйн хувьд хөгжиж байна гэдгийг ямар үзүүлэлтээр хэмжих вэ? хэмээх асуудал бага насны хүүхэдтэй хүн бүхний өмнө төдийгүй төр, засгийн анхаарлын төвд байдаг.
2014 оны байдлаар манай улсын нийт хүн амын 15.8 хувь (463.0 мянга)-ийг 0-6 насны хүүхэд бүрдүүлж байх бөгөөд тэдний 34.8 хувь нь суманд, 20.4 хувь нь аймгийн төвд, 44.7 хувь нь нийслэлд тус тус амьдарч байна. Харин 5 настай нийт хүүхдийн 80.1 хувь (51.5 мянга) нь сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж байгаа бол 18.9 хувь (12.8 мянга) нь үйлчилгээний гадна байна. Мөн 2014-2015 оны хичээлийн жилд нэгдүгээр ангид шинээр элсэгчдийн 85.8 хувь нь сургуулийн өмнөх боловсролын сургалтын байгууллагаар дамжин сургуульд элссэн байна. Бид 5 настай хүүхдийг сургуульд элсэхийн өмнө сургуулийн өмнөх боловсролд бүрэн хамруулж хараахан чадахгүй байгаа болохыг дээрх тоон мэдээлэл харуулж байна.
АНУ-ын Колумбын Их сургуулийн Багшийн коллеж, Монголын боловсролын хамтын ажиллагааны нийгэмлэгээс 2008 онд хийсэн судалгаагаар хамгийн эмзэг, хүрч үйлчлэх боломж тааруу бүлгийн хүүхдүүдийн дөнгөж 15 хувь нь сургуулийн өмнөх боловсролд хамрагдсан байна. Ялангуяа малчид, шилжин суурьшсан иргэдийн хүүхдүүд, мөн ядуу өрхүүдэд амьдарч байгаа болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд бага насны хүүхдийн боловсролын үйлчилгээнд хамрагдах нь хязгаарлагдмал байна гэж судалгааны тайландаа дурджээ.
Хэдийгээр манай улсад сургуулийн өмнөх боловсрол заавал эзэмших боловсрол биш ч гэсэн энэ түвшний боловсролд төрөөс онцгой анхаарч, 2014 оны байдлаар боловсролын нийт төсвийн 18.3 хувийг сургуулийн өмнөх боловсролд зарцуулсан байна.
Хүүхдийг гаднаас нь удирдаж хөгжүүлдэг юм уу? эсвэл хүүхдэд өөрт нь хөгжих боломж байдаг юм уу? хэмээх асуултыг эрдэмтэд дэвшүүлж, “Хүнийг хөгжүүлдэг гол механизм нь суралцахуй бөгөөд хүн сурах үйл ажиллагаа явуулж байж л хөгжинө” гэж үзэж суралцахуйн онолуудыг дэвшүүлсэн байдаг. Сурах үйл ажиллагаа нь тодорхой дараалал, хөтөлбөр, төлөвлөгөөний үндсэн дээр хэрэгждэг бөгөөд манай улс сургуулийн өмнөх боловсролын агуулга, арга зүйг хөгжүүлэх ажлыг 2000 оноос тасралтгүй хийж, “Сургуулийн өмнөх боловсролын сургалтын үлгэрчилсэн цөм хөтөлбөр (2000)”, “Сургуулийн өмнөх боловсролын стандарт (2004)”, “Бага насны хүүхдийн хөгжлийн стандарт (2011)”-ыг тус тус батлан хэрэгжүүлж ирсэн байдаг. Харин 2013-2014 оны хичээлийн жилээс сургуулийн өмнөх боловсролын агуулга, арга зүйг шинэчлэх ажлыг эхлүүлж, шинэчлэн боловсруулсан цөм хөтөлбөрийг энэ хичээлийн жилд хот, хөдөөгийн 12 цэцэрлэгт туршиж, түүнийг ирэх хичээлийн жилээс Үндэсний хэмжээнд хэрэгжүүлэх юм.
Мөн цэцэрлэг бүр зөвхөн цэцэрлэгт хамрагддаг төдийгүй цэцэрлэгт хүүхэд нь хамрагддаггүй эцэг эхийн оролцоог хангах, хүүхдийнхээ хөгжлийг дэмжих чадавхийг нэмэгдүүлэхэд чиглэсэн арга хэмжээг зохион байгуулж байна. Тус яам улсын хэмжээний бүх цэцэрлэгт эцэг эхийн боловсролыг дэмжихэд чиглэсэн “Цаг гаргаж, хүүхдээ хөгжүүлье” гарын авлага, “Хүүхдийн үлгэр, дууны хос CD”, Багш, эцэг эхийн заавал унших номын катологи, “Бага насны хүүхдийн хөгжлийн стандарт”-ын зөвлөмж зэрэг гарын авлага, материалыг эцэг эхэд зориулан тус тус боловсруулж хүргүүлснээр, бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих сургалтыг 210 гаруй мянган эцэг эхийг хамруулан зохион байгуулсан байна. Сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд хамрагдаж чадахгүй байгаа малчдын хүүхдийг гэрээр сургах, эцэг эхийн сурган хүмүүжүүлэх боловсролыг дээшлүүлэх зорилгоор сургалтын багц материалуудыг бэлтгэн эцэг эх, хүүхдэд хүргэсэн нь бага насны хүүхдийг хөгжүүлэхэд дэмжлэг болж байна.
Хоёр. Бага насны хүүхдийн хөгжлийг гэр бүлийн орчинд дэмжихэд талуудын оролцоо, хамтын ажиллагаа
Хүүхдийн хүмүүншин төлөвших хамгийн чухал суурь нас бол 0-5 нас байдаг. Хүүхэд хэлд орж, бусадтай харилцаж сурах үеэс эхлэн таван нас хүрэхэд ирээдүйд ямар хувь хүн болох суурь нь тавигддаг. Энэ нь сургуулийн өмнөх нас хүний төлөвшлийн чухал үе болохыг илтгэнэ. Иймийн тул хүүхдийг аль болох бага наснаас нь асрах, хамгаалах, хүмүүжүүлэх, хөгжүүлэх асуудалд онцгой анхаарал хандуулах нь ийнхүү чухал болох нь харагдаж байна.
Монгол ардын сурган хүмүүжүүлэх ухаанд бага насны хүүхдийн бие махбод, сэтгэл санааны байдлыг нас бага, цус шингэн, яс нимгэн, ёс цөөн, судал тамир хөнгөн гэх зэргээр тодорхойлж, хан хөвгүүн мэт асарч хүмүүжүүлэхийг сургамжилсан буй. Инданзанваанжил “Гүнгийн зуугийн гэгээний алтан сургааль”-даа асралыг мэдрүүлэх тухай айлдсан нь учиртай. Хүүхдийг нялх балчир насанд нь өсгөж бойжуулахад эцэг эхийн хайр асрал үнэхээр чухал. Манай уламжлалт сурган хүмүүжүүлэх ухаанд тав хүртэлх насыг хүүхэд аав, ээж, асран хамгаалагч, насанд хүрэгчдээс энхрий хайр, асран сувилсан ачлал, зөөлөн эвлэг харилцааг хүлээж байдаг үе гэж үздэг. Иймээс энэ насны хүүхдэд үйлчилж буй хүмүүс хүүхэд бүртэй асрахуй, нигүүлсэхүйн сэтгэлээр хандаж харилцах, хөгжүүлэх нь хамгаас чухал юм.
Эцэг эхчүүд хүүхдээ хооллох, хувцаслах төдийхнөөр тэдэнд анхаарал халамж үзүүлж байна гэж боддог. Гэвч, тэдний хүсэл сонирхлыг мэдэрч, зөв удирдан залж, амьдрах чадвартай, асуудлыг шийдэх, нийгэм, хамт олны идэвхтэй гишүүн, “зөв хүн” болоход нь тусалж дэмжих нь эцэг эхчүүдийн үүрэг юм. Түүнчлэн хүүхдийн өсөлт хөгжилд гэр бүлийн гишүүдийн тэгш оролцоо чухал үүрэгтэй.
Бага насны хүүхэд өөртэйгээ хамт байгаа, өөрийнхөө хажууд байгаа орчин ахуйгаасаа сурч хүмүүнших аргад, өөрөө боловсрох үйлд сурдаг, бас хөгждөг, сургуульд ч бэлтгэгддэг. Харин энэ үед нь эцэг эх, асран хамгаалагчид хүүхдийнхээ хэлж ярьж байгаа зүйл, тоглож байгаа тоглоом, асууж байгаа асуултыг анхааралтай сонсож, хүүхдийнхээ хөгжилд гарч буй ахиц амжилтыг нь сайшаан дэмжиж, буруу гажуу зүйлсийг нь засч залруулж өгч байх нь чухал.
Бага насны хүүхдийн хөгжил нь тэдний эрүүл, эсэн мэнд төрж, бойжих, шаардлагатай хоол тэжээлээр хангагдах, эцэг эх, ойр дотны хүмүүсийн хайр халамж, хамгаалалд өсч хөгжих, сурч боловсрох зэргийг хамарсан өргөн хүрээтэй асуудал тул орчин үед бага насны хүүхдийн эрүүл мэнд, хоол тэжээл, асаргаа, халамж, хамгаалал, боловсролын үйлчилгээг цогц авч үзэж, харилцан уялдаа холбоотой үйл ажиллагааг хэрэгжүүлэх болж байна. Тиймээс орон нутгийн удирдлага, хэвлэл мэдээллийн байгууллага, хүүхдийн байгууллага, ажил олгогч албан байгууллага, төрийн бус байгууллага, багш, мэргэжилтнүүд хамтдаа эцэг эхийн сурган хүмүүжүүлэх мэдлэг, ур чадвар эзэмшихэд нь туслах, тэдний оролцоог дэмжих үйл ажиллагаа зохион байгуулах шаардлагатай байна.
Та бүхэнд бага насны хүүхдийн хөгжилд эцэг эх, насанд хүрэгчдийн дэмжлэг ямар байдаг талаар зарим судалгааны үр дүнгээс танилцуулья.
Японы эрдэмтэн Морияма Мисао¬гийн судалгаагаар эцэг эх¬чүүдийн 80 хувь нь хүүхдээ сайн ойлго¬дог гэж боддог атал хүүхдүүдийн 80 хувь нь биднийг эцэг эхчүүд ойлго¬доггүй, ойшоодоггүй гэж хариулжээ. Нэгэн цаг хугацааны дотор зэрэгцэн амьдарч буй хоёр үеийн ойлголт ийнхүү дэндүү их зөрүүтэй байгаа нь тэдний хоорон¬дын харилцаанд хол¬богдох ажээ. Харилцааны ойлголцол хамаа¬рал нь ойртох тусам итгэлцлийг бий болгож, гэр бүлийн сэтгэл зүйд эерэг өөрчлөлт гардаг байна. Үүнээс харахад хүүхдийн хөгжилд эцэг эхийн дэмжлэг оролцоо төдийлөн хангалттай биш байгаа нь харагдаж байгаа бөгөөд хэдийгээр эцэг эхчүүд ажил ихтэй, зав муутай байдаг ч хүүхдийн өсөлт хөгжилд жигд анхаарч, түүнийг хайрлаж энхрийлэх, дэмжиж туслахад цаг зарцуулах үүргээ хэрэгжүүлэх шаардлагатай гэж судлаач онцолсон байна.
Үндэсний Статистикийн Хороо, НҮБ-ын Хүүхдийн Сантай хамтран 2010 онд хийсэн “Хүүхэд хөгжил” судалгаагаар хүүхдээ хөгжүүлэх, аливаа зүйлийг танин мэдэхэд “эцэг нь дэмжлэг үзүүлдэг” гэж судалгаанд оролцсон нийт хүүхдийн 39 хувь нь үзсэн байна. Мөн хүүхэд аливаа зүйлийг танин мэдэхэд гэр бүлийн гишүүд, насанд хүрэгчдийн зүгээс анхаарал тавьж дэмжлэг үзүүлэх байдал хотод 54 хувь, хөдөөд 48 хувьтай байна.
Хүүхдийг багаас нь номтой танилцуулах нь тэдний оюун ухааныг хөгжүүлэх гол хэрэгсэл болдог. Монгол улсын хэмжээнд 0-59 сартай нийт хүүхдийн 23 хувь нь гэртээ 3 ба түүнээс олон тооны хүүхдийн номтой байна. Энэ байдал хот, хөдөөд ихээхэн ялгаатай байгааг харж болно.
Хүүхдийн хөгжилд эцэг эхийн оролцоо хэдийчинээ их байх тусам тэдний бие бялдар, оюун ухаан, нийгэмшихүйн хөгжлийн үзүүлэлт нь төдийчинээ сайн байдаг байна.
Иргэд, аж ахуйн нэгж, олон нийтийн үүсгэл санаачилгаар төрийн болон хувийн өмчийн цэцэрлэг байгуулах ажлыг дэмжих, сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд хамрагдаж чадахгүй байгаа хүүхдэд зориулсан хувилбарт сургалтыг өргөжүүлэх, чанаржуулах, шинэлэг хэлбэрийг нэвтрүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг цэцэрлэгт хамруулах зэрэг ажлыг эрчимжүүлэх хэрэгтэй байна. Цаашид ч, сургуулийн өмнөх боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэхэд төрийн болон төрийн бус байгууллагуудын оролцоо, хамтын ажиллагааг дэмжих, эцэг эх, гэр бүлд суурилсан сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээний тогтолцоо бий болгох асуудал чухал байна.
Нийгэм эцэг эхчүүдэд хүүхдийнхээ төрөлхийн болон хууль ёсны асрамжлагч байх эрхийг олгодог. Хүүхэд хүртэх эрхтэй хайр халамж, хамгаалал, хоол тэжээл, эрүүл мэндийн асаргаа, сурч боловсрох боломжийг нэн тэргүүнд бүрдүүлэх хамгийн анхдагч орон зай нь гэр бүл гарцаагүй мөн.
Эцэг эх, гэр бүл нь хүүхдэд эрүүл мэнд, нийгмийн халамж, боловсролын үйлчилгээ үзүүлэгчидтэй хамтран ажиллах, аливаа үйл ажиллагаанд оролцох эрх, үүрэгтэй байдаг билээ. Энэхүү эрхээ эдэлж, үүргээ биелүүлэхэд эцэг эх, гэр бүлд үзүүлэх тусламж, дэмжлэг хангалтгүй байгаагаас бага насны хүүхдийг хөгжүүлж, боловсрол эзэмшүүлэх байгууллагын үйл ажиллагаа гэр бүл, олон нийтээс салангид явагдаж үр дүн нь нийгмийн хөгжлийн шаардлагыг төдийлөн хангаж чадахгүй байна. Иймд сургуулийн өмнөх боловсролын байгууллагаас эцэг эх, гэр бүлийн өргөн хүрээтэй оролцоо, идэвхтэй хамтын ажиллагааг бий болгох нь бага насны хүүхдийн хөгжлийг хангах чухал хөшүүрэг болох юм. Ийм учраас сургуулийн өмнөх боловсролын байгууллага ба багш, ажиллагчид бага насны хүүхдийг хөгжүүлэх чиглэлээр явуулж буй аливаа үйл ажиллагаандаа эцэг эх, гэр бүлийн оролцох эрхийг хангах, үүргээ ухамсарлан биелүүлэх боломжийг бүрдүүлэх талаар хамтран ажиллах шаардлагатай байна.
Мөн орон нутгийн удирдлага, хүүхдийн болон хэвлэл мэдээллийн байгууллага, албан байгууллага, аж ахуйн нэгжээс эхлээд бүх түвшинд эцэг эхийн хүүхдээ хөгжүүлэх ойлголт, чадавхийг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх, ялангуяа хөдөөгийн алслагдсан малчдын хүүхдийн хөгжлийг гэр бүлийн орчинд дэмжихэд олон талт шинэ хувилбарыг туршин, нэвтрүүлэхэд анхаарах шаардлага зүй ёсоор урган гарч байна. Энэ ажилд шинэ боломжийг хайн эрэлхийлж, өнөөдөр бид бүхэнтэй төслийн хүрээнд хуримтлуулсан туршлага, сургамжаасаа хуваалцаж буй Японы Хүүхдийг Ивээх Сангийн хамт олонд талархал илэрхийлж байна.
Дийлэнх эцэг эхчүүдэд хүүхдийнхээ хөгжлийг дэмжих ур чадвар эзэмшихэд бэрхшээл тохиолддог бөгөөд тэдэнд сурган хүмүүжүүлэх мэдлэг, боловсролоо хөгжүүлэх хэрэгцээ байнга үүсч байдаг. Сүүлийн жилүүдэд дэлхий нийтийн хэмжээнд хийсэн судалгааны үр дүн бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих, тэдэнд тавих эцэг эхийн хайр, халамжийг чухалчлан үзэх, гэр бүлийн бусад гишүүний хүүхдэд тавих анхаарал халамжийг нэмэгдүүлэх нь чухал байгааг нотолж байна.
Мэдээллийн технологи хурдацтай хөгжиж буй даяаршсан өнөөгийн нийгэмд хүүхэд цагийг өнгөрөөх өөр ертөнцтэй болсон нь нууц биш ээ. Гар утас, интернет, фэйсбүүк, твиттер, компьютер, телевизийн олон суваг гээд энэ олон сонирхолтой зүйлээс давсан сонирхолтой зүйлээр хүүхдийн анхаарлыг яаж татаж, хөгжүүлэх вэ? гэдэг том сорилт боловсролын байгууллага болон эцэг эх, олон нийтийн дунд хэлэлцүүлэг өрнүүлэхэд хүргэж байна.
Сүүлийн жилүүдэд сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, чанарыг сайжруулах, бага насны хүүхдийг хөгжүүлэхэд эцэг эх, олон нийтийн оролцоог дэмжих үйл ажиллагааг зохион байгуулахад Японы Хүүхдийг Ивээх Сан, НҮБ-ын Хүүхдийн Сан, Азийн Хөгжлийн Банк, Дэлхийн Банк зэрэг олон улсын байгууллага үнэтэй хувь нэмэр оруулж байгааг дашрамд дурдаж, дээрх байгууллагуудад Монголын нийт хүүхэд багачууд, багш, сурган хүмүүжүүлэгчид, эцэг эхчүүдийн нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлье.
Эцэст нь тэмдэглэн хэлэхэд бага насны хүүхдийг хөгжүүлж, төлөвшүүлэх чиглэлээр хуримтлуулсан ололт, туршлагаа бататгах, эерэг үр дүнгээ тогтворжуулах, бага насны хүүхдийн хөгжлийг гэр бүлийн орчинд дэмжихэд багш, эцэг эх, олон нийт, төр засгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлээр идэвхтэй хамтран ажиллахыг уриалж байна.
Анхаарал хандуулсанд баярлалаа.