Categories
мэдээ цаг-үе

Тусгай гэрэл ашиглан усан дотор хүнсний ногоо ургуулж байна

“Баянбүрд ногоон төгөл” ХХК-ийнхан гидропон, лед гэрэл ашиглан гурван төрлийн салатны ногоон навч тарьж байгаа ажээ. Япон, Солонгос зэрэг Азийн өндөр хөгжилтэй улсад шинээр нэвтрээд байгаа уг технологийг ашиглан өнгөрсөн нэгдүгээр сарын 9-нд анхны ургацаа авчээ. Гэрлээр хэрхэн ногоо ургуулж буйтай танилцахаар Партизаны сангийн аж ахуйн Цагаан чулуутын аман дахь тус компани дээр очив. Хоёр давхар сэндвичэн барилга дотор шинэ технологио суурилуулжээ. Байшингийн нэг давхрын хэсэг газрыг вакуумжуулан салатны навч тарьж байгаа юм байна. Тийш орохдоо хоёр хаалганы завсар зогсоод тусгай зориулалтын ариутгал хийлгээд дотогш нэвтрэх боломжтой ажээ. Хаалгануудын завсар гурван хүн багтах зайтай бөгөөд хүнгэнэсэн чимээ гарч хувцсан дээр наалдсан тоос шороог цэвэрлэв. Ариутгал хийсний дараа орох хаалга аяндаа нээгддэг ажээ. Ногоо ургаж байгаа газар дээд зэргийн ариун, цэвэр байх ёстой болохоор ийн ариутгадаг юм байна. Өрөөнд ямар ч нарны гэрэл тусахгүй байв. Гурав орчим метрийн өндөртэй тавиур дээр салатны навч ургаж байлаа. Салатны навч бүрийг жижигхэн саванд хийн эгнүүлэн өржээ. Дээрээс нь нарийхан цагаан гэрэл тусгасан байв. Тусгай зориулалтын сайжруулсан хөрс ашигладаг бөгөөд Солонгосоос захиалж авчирчээ. Одоогоор лоолоо, мульт бэйби, румён гэсэн гурван сортын салатны навч тарьж байгаа юм байна. “Баянбүрд ногоон төгөл” ХХК-ийнхан уг технологийг Солонгосоос оруулж иржээ. Монголд анх удаа оруулж ирж байгаа болохоор тэндхийн мэргэжилтнүүд хүрч ирж суурилуулаад, ажиллуулах зааврыг өгөөд буцсан гэнэ. Аливаа ургамал хөрс, ус, гэрэлтэй байж ургадаг. Харин нарны гэрэлгүй байсан ч тусгай гэрлээр орлуулан ногоо ургуулах аргыг япончууд олжээ. Салатны навчийг тарихдаа хамгийн эхлээд үрээ хөрсөнд хийдэг ажээ.Үрийг нь мульти бэйби гэх бөгөөд эрхий хуруун чинээ хэсэгхэн хөрсөнд гурав хоног таглаатай байлгахад соёолдог ажээ. Соёолсон хойно нь гэрэлд гаргаж 7-10 хоног байлгадаг байна. Энэ хугацаанд доошоо үндэс нь гараад ирдэг гэнэ. Нэгэнт үндэслэсэн бол хөрсөнд суулгаад 35-40 хоног байлгахад хурааж авахад бэлэн болдог юм байна. Ингээд нийт 45 хоногийн дараа ургацаа хурааж авдаг ажээ. Ургаж байх явцад гадны тоос шороо оруулж болдоггүй гэсэн. Эрүүл ахуйг дээд зэргээр хангаж байж нян бактеригүй, шинэхэн ногоо хурааж авдаг гэнэ. Салатны навчнуудаа тарьсан өдөр, өдрөөр нь ангилаад өрчихөж. Долоо хоногт хоёроос гурван удаа үрээ хөрсөнд хийдэг гэсэн. Тэгэхээр долоо хоногт хоёр удаа ургац хурааж авдаг ажээ. Нэг хураахдаа дунджаар 50-60 кг салатны навч хураадаг юм байна. Харин амтны хувьд тун шүүслэг. Хятадаас орж ирж байгаа салатны навчийг олон хоногоор хадгалсан байдаг болохоор шүүс гэхээр зүйл байдаггүй гэнэ. Бас навчных нь ногоон өнгийг удаан хадгалахын тулд химийн бордоо ашигладаг ажээ. Тиймээс чийгээ алдчихдаг юм байна. Харин шинээрээ байгаа салатны навч А болон С витаминаар баялаг тул дархлаа сэргээдэг. Бас төмөр фолийн хүчлийн агууламж өндөр болохоор хлостерин үүсэхээс хамгаална. Хоол хүнсэндээ тогтмол хэрэглэвэл цус багадалт, зүрх судасны өвчнөөс сэргийлэх ач холбогдолтой. Мөн кальц ихтэй учраас ясны сийрэгжилтээс сэргийлдэг юм байна. Өтгөн хатдаг хүмүүс салатны навчийг дангаар нь идвэл тустай ажээ. Учир нь ислэгийн агууламж өндөр болохоор гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулж, хоолны шингэцэд эерэгээр нөлөөлдөг гэсэн.

Салатны навч арчилгаа харьцангуй багатай гэсэн. Үрээ соёолуулаад хөрсөнд суулгасан байхад аяндаа л ургачихдаг гэнэ. Гол нь өрөөний дулааныг тогтмол 22-26 хэмд барьж байх ёстой. Бас 65-70 хувийн чийгшилтэй байлгах учиртай. Орчныг нь бүрдүүлээд өгсөн байхад хүн хүчний хэрэгцээ ч бага. Тусгай хөрстэй, хуванцар саваа устай тавцан дээр эгнүүлэн тавьдаг болохоор усалгаа хийнэ гэсэн ойлголт байхгүй. Ус нь ердийн гүний худгийнх. Гадаа дулаахан байвал нарны гэрэлд, сэрүүхэн үед тасалгааны хэмд хэд хонуулж жаврыг нь арилгаж байгаад ашигладаг гэсэн. Хүлэмжинд тарьдаг бусад төрлийн нарийн ногоог бодвол энд хоёрхон хүн ажилладаг ажээ. Салатны навч тарьж байгаа нийт талбай 425 м2 болохоор хоёр хүн ажиллахад хангалттай байдаг гэнэ. Агрономич нь Ц.Цэцэгбал гэж эмэгтэй байв. Тэрээр ХААИС-ийн Жимс, ногооны агрономичийн ангийг төгсчээ.

Эднийх тарьсан салатны навчаа “Саруул” зах, “Меркури” худалдааны төв дээр борлуулдаг юм байна. Нэг кг-ийг нь дөрвөн мянган төгрөгөөр зах зээлд нийлүүлж байгаа. Бас “Кемпински” зочид буудал, хоёр гурван кофе шоп байнга худалдан авч салат, хоёрдугаар хоолондоо хэрэглэж буй гэнэ.

“Баянбүрд ногоон төгөл” ХХК 2003 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлжээ. Одоогоор 20 га талбайд арваад төрлийн мод, жимс тарьж байгаа юм байна. Бас хүлэмжинд өргөст хэмх, улаан лооль, чинжүү зэрэг нарийн ногоо тарьж байгаа ажээ. Хүлэмжинд өргөст хэмх тарихад долоо хоногт хоёр тонн ургац хурааж авдаг гэсэн. Бас 300-400 кг улаан лооль хураадаг юм байна. Өнөө жилээс өвлийн хүлэмж барин жилийн дөрвөн улиралд нарийн ногоо тарихаар төлөвлөжээ. Тарьсан нарийн ногоогоо “Барс” зах дээр зардаг гэнэ. Өдгөө бөөрөлзгөнө, тошлой, интоор, үхрийн нүд, чацаргана зэрэг жимс тарьж байгаа ажээ. Үүнийхээ зэрэгцээ хайлаас, шар хуайс, шинэс, бургас, улиас зэрэг мод үржүүлэн суулгацыг нь зах зээл дээр борлуулж байгаа юм байна.

Биднийг очих үед Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны ерөнхий боловсролын сургуулийн аравдугаар ангийнхан ирчихсэн чацарганын мод суулгаж байлаа. Тэд амралтынхаа өдөр очиж өдрийн 10 мянган төгрөгөөр цалинжин ажилладаг юм байна. Сургуулийн хүүхдүүдийг ийн ажиллуулдаг болохоор өөрсдийн суулгацаараа хороо, сургуулийн эргэн тойронд ногоон байгууламж бий болгож өгдөг ажээ. Захирал нь Ч.Цэвээнхүү гэж эмэгтэй байв. Тэрээр өнгөрсөн жил “Чингэс бонд”-ын хөрөнгөөс Жижиг, дунд үйлдвэрлэлийн төслийн хүрээнд 400 сая төгрөг зээлж авчээ. Түүн дээрээ мөн л 400 гаруй сая төгрөг нэмэн гидропон, лед гэрлээр салатны навч тарих тоног төхөөрөмжийг оруулж ирсэн гэнэ.

Тус компани Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор болдог “Ногоон ирээдүй” нэвтрүүлэгт оролцоод 2013 онд нарийн ногоо, жимсний төрөлд тэргүүн байр эзэлж байжээ. Харин өнгөрсөн жил мод үржүүлгийн төрөлд мөн тэргүүлсэн байна. Бас Уул уурхайн яамнаас зохион байгуулсан нөхөн сэргээлтийн ажилд идэвхтэй оролцож 800 мянган мод тарьж байжээ.

С.АЛТАНЦЭЦЭГ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *