Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Модигийн Монгол Улсад хийж буй албан ёсны айлчлал өнөөдөр эхэллээ.
Түүнийг Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Чингисийн талбайд угтаж, хүндэт харуул жагссан юм. Хоёр улсын харилцаанд шашин, хүмүүнлэгийн салбар чухал байр суурь эзэлдэг. Энэ ч утгаараа Энэтхэгийн Ерөнхий сайд айлчлалынхаа хүрээнд хамгийн түрүүнд Гандантэгчинлэн хийдэд зочилж, Бодь модны суулгац бэлэглэсэн байна.
Айчлалын хүрээнд соёл, хүмүүнлэг, батлан хамгаалах, эрүүл мэнд, боловсролын чиглэлд хэд хэдэн санамж бичиг, хэлэлцээрт гарын үсэг зурсан юм. Хоёр улсын Ерөнхий сайд Монгол Энэтхэгийн стратегийн түншлэлийн тухай хамтарсан мэдэгдэл зурлаа. Мөн энэ үеэр Монгол Улсын Гадаад хэргийн яам, Бүгд найрамдах Энэтхэг улсынГадаад хэргийн яам хооронд хамтран ажиллах тухай, Ялтан шилжүүлэх тухай хоёр улсын хооронд санамж бичиг байгуулах тухай, Агаарын харилцааны тухай хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр, Соёлын салбарт 2015-2018 он хүртэл хамтран ажиллах тухай санамж бичиг, Монгол, Энэтхэгийн хамтарсан сургууль байгуулах тухай, Уламжлалт анагаах ухааны салбарт хамтран ажиллах тухай, Кибер аюулгүй байдлын сургалтын төв байгуулах тухай, Малын эрүүл мэнд, сүүний чиглэлээр хамтран ажиллах тухай, Сэргээгдэх эрчим хүчний салбарт хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичиг, Монгол Улсын ҮАБЗ, Энэтхэг улсын ҮАБЗ хоорондын хамтын ажиллагааны тухай харилцан ойлголцлын санамж бичиг, Хил хамгаалал, хилийн дэглэм сахиулах тухай, Хавдар судлалын Үндэсний төв, Энэтхэгийн Тата момера төв хоорондын хамтын ажиллагааны тухай санамж бичгүүдэд тус тус гарын үсэг зурлаа. Мөн хоёр 2016-2020 он хүртэл хамтран ажиллах Засгийн газар хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурлаа. Тэрбээр Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгтэй албан ёсны хэлэлцээ хийснийхээ дараа хэвлэл мэдээллийнхэнд мэдээлэл өгсөн юм.
Иж бүрэн түншлэлээ стратегийн түншлэл болгож ахиулна
Мэдээллийн эхэнд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Монгол Улсын гурав дахь хөрш, оюун санааны хөрш айлчилж байгаад баяртай байна. Энэ онд 60 жилийн ой тохиож байгааг их бэлэгшээж байна. Манай хоёр орны харилцааны түүхэнд анх удаа Ерөнхий сайд Монголд айлчилж байгааг онцгойлон тэмдэглэхийг хүсч байна. Өнөөдөр Энэтхэгийн Ерөнхий сайдтай хоёр орны харилцаа хамтын ажиллагаа, олон улсын бүс нутгийн хэмжээнд хамтран ажиллах боломжийн талаар яриа хэлэлцээ хийж, амжилттай боллоо. цаашдаа хоёр улсын хоорондын иж бүрэн түншлэлийг дээшлүүлж, Стратегийн түвшинд хамтран ажиллах, хамтарсан хөрөнгө оруулалтын сан байгуулах, төр хувийн хэвшлийн зарчмаар хамтран ажиллаж хөрөнгө оруулахаар боллоо. Мөн хөдөө аж ахуйн салбарт хамтарч, сүү сүүн бүтээгдэхүүнийг эрүүлжүүлэх, мэдээллийн технологийн салбарт хамтран ажиллахаар тогтлоо. Айчлалын хүрээнд Энэтхэг улсаас нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн шугам нээхээр болсон. Өнөөдөр гарын үсэг зурсан баримт бичгүүд хамтран ажиллах шинэ боломжийг нээж өгч байна. Хоёр улсын цаашдын харилцаа Монголчуудад бэлэглэсэн бурханы бодь мод шиг дэвжиж байхын ерөөлийг дэвшүүлье” гэсэн юм.
Харин Бүгд найрамдах Энэтхэг улсын Ерөнхий сайд Нарендра Моди “Энэ удаагийн айлчлал Монгол Улсын ардчилсан хувсгалын 25, хоёр орны хоородн диплоамат харилцаа тогтоосны 60 жилийн ойтой давхцаж буйгаараа онцлог. Өнөөдөр Монгол Улсын парламентын хүндэтгэлийн чуулганд үг хэлэх болсондоо баяртай байна. Минйи бие өнөө өглөө Гандантэгчинлэн хийдэд зочилж бодь мод бэлэглэсэн нь хоёр орны найрсаг харилцааг илтгэж байгаа юм. Биднийг оюун санааны гурав дахь хөрш гэж үзэж байгаад баяртай байна. Монгол Улс Зүүн Азийн бодлогын, Энэтхэгийн бодлогын нэг хэсэг болж байна. Энэтхэг, Монгол Азид нэг зорилготой. Энх тайвныг сахиулахад хоёр улс хамтран ажиллаж чадна. Би Энэтхэгийн Ерөнхий сайдын хувиар энэ бүс нутагт хүлээж байгаа үүрэг хариуцлагынхаа хүрээнд Монгол Улсад айлчилж байна. Өнөөдөр хоёр талын гарын үсэг зурсан баримт бичгүүд нь хоёр улсын харилцааны цар хүрээг харуулж байна. Бид эдийн засгийн харилцаагаа шинэ түвшинд гаргах бүрэн боломж бий. Энэ хүрээнд нэг тэрбум ам.долларын зээлийн шугам нээж байгаагаа мэдэгдэж байна. Энэ зээл Монгол Улсын дэд бүтцийн салбарын бүтээн байгуулалтад зарцуулагдах юм. Цаашдаа Энэтхэг суралцах оюутны тоог 150-200 болгож, Монгол Энэтхэгийн хамтарсан сургууль байгуулна. Мөн Аюулгүй байдлын салбарт ихээхэн ач холбогдол өгч, хилийн аюулгүй байдал,кибер аюулгүй байдлын чиглэлээр хамтран ажиллана. Батлан хамгаалахын түвшинд кибер аюулгүй байдлын төв байгуулна. Худалдаа хөрөнгө оруулалт хэвийн байгаа ч тодорхой хязгаарлалт байна. Тиймээс шинэ боломжийг нээж ажиллахаар тохиролцлоо.
Манай хоёр орон энхийн зорилгоор цөмийн энерги ашиглах чиглэлээр хамтран ажиллах өргөн боломж байна. Бид олон улсын тавцан дахь хамтын ажиллагаандаа өндөр ач холбогдол өгдөг. Энэ талаараа Ерөнхий сайдад хэлсэн. Энэ бол бидний хамтын ажиллагааны суурийг бий болгож өгч байна. Бид цаашдаа хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийн төлөө иж бүрэн түншлэлээ стратегийн түншлэл болгон ахиулж, найрсаг харилцааныхаа баримт бичгийг шинэчлэн байгуулахаар боллоо. Одоо бидний харилцаа шинэ эрин үе гарч байна гэдэг итгэлтэй байна” гэлээ.
Монгол, Энэтхэгийн хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн босгон дээр болж буй Ерөнхий сайдын түвшний анхны айлчлалд хоёр тал ихээхэн ач холбогдол өгч байна. Хэдийгээр амралтын өдөр тохиож байгаа ч өнөөдөр УИХ-ын Хүндэтгэлийн чуулган хуралдаж, Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди үг хэлнэ. Дараа нь Хавдар судлалын үндэсний төвд эмнэлгийн тоног төхөөрөмж гардуулах, ШУТИС-ийн хичлээлийн 5-р байранд Outsourcing center-ийн шав тавих ёслолын ажиллагаанд тус тус оролцоно.
Монгол Улсад анх удаагаа ирж буй Нарендра Моди Чингисийн хүрээ цогцолборт Бэсрэг наадам сонирхож, Буянт-Ухаа дахь спортын ордонд Монгол-Энэтхэгийн хамтын нийгэмлэгийнхэнтэй уулзалт хийснээр албан ёсны арга хэмжээ өндөрлөнө. Ази дахь айлчлалаа БНХАУ-аас эхэлсэн тэрбээр маргааш БНСУ-д айлчлахаар хүлгийн жолоо залах юм.