Categories
мэдээ нийгэм

16 дугаар байрныхан гэртээ орохыг хоног тоолон хүлээж сууна

Баянгол дүүргийн 16 дугаар байрны оршин суугчдыг нүүлгэн шилжүүлээд 20 гаруй хонож байна. Одоогоор мэргэжлийн хяналтын байцаагчийн гаргасан дүгнэлтийн дагуу 16 дугаар байрны суурийн хүчитгэлийн ажил хийгдэж байна. Өнгөрсөн сарын 22-ны орой тус байрны оршин суугчидНийслэлийн онцгой байдлын газарт“БИ ЖИ БИ ЖИ” компани барилга барихаар суурь нүх ухах үед 16 дугаар байрны хундааманд тулсан. Байранд доргилт өгч, газар хөдөлж байгаа юм шиг чичирхийлэл мэдрэгдлээ” гэж дуудлага өгсөн байна. 16 дугаар байрны оршин суугчдаас ирсэн “Нурах аюулд орж, цууралт өглөө” гэх мэдээллийн дагуу онцгой байдал, цагдаагийн албан хаагчид байрыг хамгаалалтад авсан билээ. Мөн Нийслэлийн онцгой комисс хуралдаж тус байрны оршин суугчдыг яаралтайнүүлгэн шилжүүлэх арга хэмжээ авсан. МХЕГ-ын газраас тус байранд хяналт шалгалт хийж “Барилгын оройн хэсгийг суурийн хэсэгтэй харьцуулж үзэхэд дөрвөн смхазайлттай, шинээр баригдах барилгын эсрэг тал руу хазайсан байсан. Тодруулбал,барилга дөрвөн см хазайсан нь“БИ ЖИ БИ ЖИ” компанийн ухсансуурийн нүхтэй холбоогүй гэнэ. 16 дугаар байрыг анх барихдаа дөрвөн см хазайлгаж барьсан ч байж магадгүй гэгдэж буй. Мөн барилга байгууламжийн төлөв байдалд ямар нэгэн эвдрэл гэмтэл, хэв гажилт үүсээгүй. Гэхдээ тус байрны хөрсөнд бэхэлгээ, хүчитгэлийг яаралтай хийсний дараа оршин суугчдыг гэрт нь оруулах боломжтой болно” гэх дүгнэлт гаргасан билээ.

“ЭНЭ САРЫН 20 ГЭХЭД ХҮЧИТГЭЛИЙН АЖИЛ ДУУСАХ БАЙХ”

Биднийг 16 дугаар байранд очих үедбарилгыг цагдаагийн хамгаалалтад авсанхэвээр байв. Мөн барилгын суурийн хөрсийг хүчитгэх ажил ид хийгдэж байв. “Бумбод” гэх компанийн ажилтнууд дээрх ажлыг хийж гүйцэтгэж байв. Тус компанийн ажилчдын хэлж буйгаар 16 дугаар байрны хөрсний бэхэлгээ хүчитгэлийн ажил 50 гаруй хувьтай явж байгаа гэнэ. Энэ сарын 25-нд хүчитгэх ажил бүрэн дуусах аж. Гэхдээ төлөвлөгөөний дагуу энэ эрчээрээ ажиллах юм бол энэ сарын 20 гэхэд дуусахаар байгаа гэсэн. “Бумбод”компанийн ажилчид 24 цагаар хоёр ээлжээр ажиллаж байгаа юм байна. Барилгын ил гарсан суурийн хэсгийг дахин бэхэлж, хөрсний гулгалтаас урьдчилан сэргийлж дахин арматурын төмрөөр каркас зангидаж, бетондох аж. Каркас зангидах ажил дуусах гэж байна лээ. Хоёр хоногийн дараа бетон цутгалт эхлэх аж. Оршин суугчид болон мэргэжлийн хяналтын байцаагч нар барилгын суурийн хүчитгэлийн ажлыг өдөр болгон хянаж байна. Зочид буудалд байрлаж байгаа 16 дугаар байрны оршин суугчид ээлж ээлжээр жижүүрлэж, барилгын ажилд хяналт тавьдаг ажээ. Биднийг очих үед ч оршин суугдын төлөөлөл ирсэн байлаа. Тэд “Бид нар зураг төслийн дагуу хүчитгэх ажил хийгдэж байгааг байнга хянаж байна. Одоогоор ажилд ямар нэгэн асуудал болоодхүндрэлтэй зүйл алга байна. Бүх ажил зураг төслийн дагуу явагдаж байна. Хурдхан л гэртээ орох юмсан. Зочид буудалд олон хонохоор тайван ч байж болохгүй. Хийх ажил олдохгүй хэцүү юм. Байранд суулт өгч, хана нь цуурч хүн амьдрах боломжгүйболчихоогүйд баярлаж байна” гэв.

16 дугаар байрны 240 гаруй оршин суугчид “Байшин нурах гэж байна. Нурчихаагүй байгаа дээр нь эсэн мэнд гарах минь” гээд өмссөн хувцастайгаа гарснаас хойш өнөөг хүртэл зочид буудалд амьдарч байна.Оршин суугчид зочид буудалд хэрхэн амьдарч байгааг сурвалжлахаар 16 дугаар байрныойролцоох “Эрхэс” зочид буудал руу орлоо. Буудлын хоёр, гуравдугаар давхрын бүх өрөөнд оршин суугчдын олонх амьдарч байгаа. Цөөн тооны хүмүүс ах, дүү хамаатныдаа амьдрахаар явсан гэнэ. “Эрхэс” зочид буудлын эзэд оршин суугчид байрлах болсноос хойш үйлчлүүлэгч авахгүй байгаа аж. Зочид буудлын зүгээс оршин суугчдад өдөрт гурван удаа хоол хийж өгдөг байна. Өглөөний цайнд талх, чанамал, элгэний нухаш, цайны боов. Харин өдрийн болон оройн хоолонд нэг, хоёрдугаар хоол өгдөг гэнэ. Зочид буудалд хоносон, идсэн хоол ундны бүх зардлыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас гаргах юм. Харин өндөр настай хүмүүс зочид буудлын жижиг өрөөнд орноос өөр тавилга байхгүй, тохижилт муутай газарт тав тухгүй байгаагаа учирлаж байсан юм. Анх байр нь нурах гэж байна гээд зочид буудалд ирж байснаа бодвол сэтгэл санааны хувьд ч тайван болжээ. Гэрээсээ гарсны дараа мэргэжлийн хяналтын дүгнэлт гартал “Орох оронгүй болчихлоо. Байшин нурчихвал хаана очиж амьдрах вэ. Бидний хохирлыг хэн барагдуулах вэ” гээд л байсхийгээд зочид буудлынхаа зааланд бүгдээрээ хуралдаж, ямар ч шийдэлд хүрч чадалгүй өрөө өрөөндөө орцгоодог байжээ. Зарим нь “Нурна гэдгийг мэдсэн бол байраа эртхэн зарчихдаг байсан юм” гэж ярилцаж байсан аж. Харин мэргэжлийн хяналтын дүгнэлт гарсны дараа “Ямар ч байсан эргээд гэртээ орж болох юм байна” гээд бага зэрэг тайвширчээ. Оршин суугчид эхлээдбайр нь шууд нурах юм байна гэсэн ойлголттой явсан болохоор мэргэжлийн хяналтын гаргасан дүгнэлтэд огт итгээгүй гэнэ. “Гэртээ ороод байж байтал дээрээс пархийтэл нураад ирэхюм биш байгаа” гэсэн айдас хүн бүрт байжээ. Одоо харин эргээд гэртээ орох хүсэлтэй хүмүүс сууж байна.

“Эрхэс” зочид буудлын замын эсрэг талын байрны хүүхдийн тоглоомын талбайд 16 дугаар байрны өндөр настнууд нарлаж байв. Харин бага насны хүүхдүүд цэцэрлэгтээ явжээ. Бага ангийн хүүхдүүд хичээлдээ явахаар зочид буудлын өрөөнөөс өвөө, эмээ, аав, ээжийгээ даган гарч явахтай таарав. Харин залуучууд нь бүгд ажилдаа явцгаажээ. Иргэдийн гол бэрхшээлтэй асуудал нь хувцсаа угаах, усанд орох гэсэн. Хувцас угаах газар байхгүй болохоор ах дүү, хамаатан садангийнхаа гэрт амралтын өдрүүдээр хувцсаа угаажиндүүдээд ирдэг байна. Хүүхдүүдээ тоглуулахдаа жижүүрлэж, сургууль цэцэрлэгт нь хамт хүргэж өгдөг гэнэ. Мөн бие биенээ ямар ажил төрөл хийдэг, орой хэдэн цагт ажлаа тараад ирдэг болохыг андахгүй мэддэг болжээ.

“ЗОЧИД БУУДАЛД ОЛОН ХОНОГ БАЙХ ХЭЦҮҮ БАЙНА”

16 дугаар байрны оршин суугч болох өндөр настан Н.Сүхбаттай ярилцлаа.

Зочид буудалд гурав хоног байлгана гэж хэлснээс хойш 20 гаруй хоночихлоо. Байрандаа орж болно гэсэн бэ?

-Анх шинжилгээ дүгнэлт гаргах гурван хоног л зочид буудалд байчихгэж хэлсэн. Одоо болтол байхгүй. Хурдхан байрандаа ормоор байна. 80 гарчихсан хөгшчүүл бид чинь зочид буудалд байхаар хамаг бие хавагнаад, даралт ихсээд хэцүү байна. Дээрээс нь хэрэглээний хамаг юмууд гэрт байгаа болохоор бие өвдөөд сандраад “алив” гээд ухасхийхээр гар доор байдаг юмнууд ч байхгүй. Би бие муутай, таягтай болохоор хооллодог газар луу нь энэ таягаа тулаад явж очиж ч чадахгүй юм. Хурдхан байрандаа ормоор байна. Суурийг нь янзалж дууссаны дараа л оруулах юм гэсэн. Гэхдээ шинжилгээ энэ тэр авч байж шийдвэр гарна гэсэн байх шүү. Энэ байр чинь уг нь бидэнд байгаа цор ганц өмч шүү дээ. Энийг ингээд алдчихвал, эсвэл ямар ч үнэ цэнэгүй болчихвол бид насаараа хураасан юмаа усанд алдчихтай л адилхан болно шүү дээ.

Зочид буудалд олон хонох хэцүү юм байна. Биеэ бариад нэг л эвгүй оргиод байх юм. Хоол унд уг нь сайтай. Гэхдээ өөрийнхөө гараар цай чанаж ууж чадахгүй байна.

-Танай байрныхан тэнд газар ухуулахгүй гэж олон сар тэмцсэн гэсэн үү. “БИ ЖИ БИ ЖИ” компанийн захирал та бүхэнтэй уулзсан уу?

-Барилга барих гэж байгаа компанитай манай байрны залуус олон удаа тэмцэлдсэн. Иргэдийн тэмцлийг огт тоолгүй шөнө оройгоор ухаад байсан. Компанийн захирал удирдах албан тушаалтнууд нь бидэнтэй огт уулзаагүй. Төрийн байгууллага худлаа хэлнэ гэж байхгүй гэж итгээд л үр хүүхэд, ач, зээ нараа дагуулаад гэртээ орно гэж бодож байгаа. Харин нурах гэж байгаа барилга гээд хүмүүс худалдаж авахгүй болчихлоо гэсэн хүмүүс энүүгээр байна. Сонин хэвлэл, зурагтаар манай байрны тухай гарахаар бүгд үзэж байна. Муу мэдээлэл гарахаар сэтгэл сонин болчих юм гэв.

ОРШИН СУУГчДЫГ ГУРВАН УДАА ГЭРТ НЬ ОРУУЛЖЭЭ

16 дугаар байрны дөрвөн ч айл байраа зараад шинэ байранд орох гэж байжээ. Тэгсэн нурах аюултай байр гээд улс даяар зарлачихсан болохоор авах гэж байсан хүмүүс нь ч дахиж утсаар холбоо бариагүй аж. Уг нь гал тогооны өрөө нь тусдаа хоёр өрөө байр 100 сая төгрөг хүрдэг байсан бол одоо худалдаж авах нэг ч хүнгүй болжээ. Оршин суугч н.Ганбатбайрандаа эргэж оронгуутаа байраа зарах гэнэ. Гэхдээ хэдэн төгрөгөөр худалдах ньтодорхойгүй байгаа аж. Оршин суугчдыг цөөн цөөнөөр нь өнгөрсөн сарын 22-ноос хойш гурван удаа гэрт нь оруулан хувцас, эд зүйлсийг нь авахуулжээ. СӨХ-ны дарга нь байр, цахилгаан, дулаан, усны мөнгийг дараа сард нь шилжүүлж бодохоор болсон талаар хэлээд явсан байна. Зочид буудалд амьдарч байгаа иргэд иймэрхүү байдалтай аж төрж байв. Бүгд гэртээ эргэж орохыг хоног тоолон хүлээж сууна.

Э.БААТАР

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *