Categories
ардын-цолтон булангууд мэдээ

Идэрхэг их усан–Идэр мөрнөөр дэлхий их дутна…

(БОДРОЛ – ЭССЭЭ)

Үл үгүүлэн үгүүлэх нь:

Аугаа бүгд амьдралд үргэлж дутагдах нь мэдээж ч, хажуугаар нь, аугаатай тэрсэлдэж тэмцэлдэж байгаа юм шиг, дэлхийд дутагддаг “жижигхэн”, санаандгүй юм ч зөндөө олон байдаг.

Олон олноос хамгийн түрүүнийх нь, -Ариун юм! Тодотговоос, хүмүүний ариун сэтгэл, ариун зорилго, ариун үйл, монгол хээр талын агаар, салхи, гол мөрдийн нь үл тасрах ариун тунгалаг урсгал тэргүүтэн тэнгэрийн таалалд хамгаас ойр бүгд буюу!

Гагцхүү харамсах минь, хүн төрөлхтнийг амьдралд ч, дэлхий-ээжийн оршихуйд ч туйлын их дутагддаг “жижигхэн”, санаандгүй, ариун тэр юмс зуунаас зуунд, жаранаас жаранд, тэр ч бүү хэл, жилээс жилд цөөрсөөр цөөрсөөр буй нь үе үе эхэр татан уйлам бодот үнэн ажим.

“Цөөрөлтийн хурд” толгой эргэм түргэсэн түргэссээр нь газрын ахуй амьдрал, иргэншил, соёл ёсоо цаг бусаар егүүтгэх гай гамшиг зайлшгүй нүүрлүүлэх эрч хүчийг агуулж эхэлснийг өдөр бүр халуунаа халуунаа мэдрэх минь элэг сэтгэлийг минь юутай хөндүүрээр элгэнэм, Бурхан минь!..

Үгүүлэх нь:

Гол мөрдөд нэгэн нууцгайлаг, далд увьдис буй: Тэдбээр эх авсан нутаг газар, усаараа ундаалсан улс үндэстнийхээ хэлээр ярин урсана.

Монгол хангайн нуруу, цаст Очирваанаас ундарга дэвэлсэн идэрхэг их усан-Идэр тунгалаг мөрөн зөв тоолохуйяа бэрх түм буман уул нурууд, гүвээ толгод, тал хөндийгөөр нүүдлэн нүүгэлтэж, эрэг тохойгоо тэлэн цалгисаар өвгөн бөмбөрцөгийн цалин цагаан зулай-Умард туйлын анир жим мөсөн дайдыг баяраар сэрээж, элбэг урсгалаараа сэлбэн цатгахаар долгио, давалгаагаа үл таслан тууж очно.

Анхааран чагнахуйяа, Тэнгэр, Газрыг чагтлан зүмбэрлэх Очирваань Хайрханаас Умард мөсөн далай хүртэлх түм түмэн бээр зай туулах урт хол зайд монгол хэл, монгол үгсийн гүн тод утга, эгшиг хөг ялгуугсан аялгууг дэлхийн хэлтэн бүгдийн сонорт улаалан, цээжин далд руу нь нэвчээж үлдээж урсахыг нь сэтгэл дотор үл харагдаатай ургасан мянган сонорт чих юу минь үргэлж сонсоно л!..

Аяа өглөө өглөөний баярт шинэ наран тэнгэр, газрын хярхагт агахуйдаа Идэр их мөрний мандалд эмнэг эмнэг шар толио тоглуулан, ижил үгүй үзэсгэлэн шар торгон шаа нэлийлгэн мэтгэхүйдээ их л удаанаар илэн энхрийлж тэнгэрийн гүн рүү хөөрөхөө их л алгуурлан саатна.

Оройн наран Этүгэн бор газрын ууган-Сэвжидбалбар Хайрханы дүмбэгэр цагаан оройгоор алжаангуйяа улааран давахдаа долгион, давалгааны нь сэрвээг тоолох мэт их л удаан тогтознон, ув улаан инээд булхаан ханьсаж, их л удаанаар үнсэж үнсэж хоргодно.

Эрэг хөвөөнд нь анх очоод, зүлэг ногоонд нь тэрийн унаад, харгиа, цалгианы нь хэмэнд чих дэвсэхүйд их л түргэн урсгалт ардаг усан мэт санагдавч, удахуй…

Удаан удаан чагнан, бие, сэтгэлээрээ нийлэн цугтаа урсахуй, өмнө санаснаас онхи өөр хэмнэл хэм тэмтрэгдэн, өмнө бодсоноос онхи өөр бодол ивэлгэн, мөнөө ардаг цолгин урсгал өөрийн нууцлаг хэлний нууцлаг утгат үгсээр шивнэхдээ шивнэн, хүүрнэхдээ хүүрнэн, хашгирахдаа хашгиран, тэрхүү нууцлаг хэлээр үгүүлэх яриа хөөрөө цээжин далд руу нэвчин шингэнэ.

Чингэхүй дор, “Идэрхэг энэ өвөг усан цагийн эхэнд ундарсан шигээ Цагийн эцэст ч урссаар үлдэх ганц нь байж ч юунай магад даа, орчлон ертөнцөд эдүгээ хамгийн их дутагдаж эхэлсэн юм, – зөвхөн ариун юм л байлаа шүү дээ!” хэмээн өөрийн эрхгүй бодогдоно.

Чингэхүй дор, сэтгэлд ямар хүчирхэг хань болж, яаж өөриймсөж, яаж энхрийлэн эвийлж, ямар их нууцгай нууцгай үнэнийг таниулдаг гэж санана?

Гагцхүү олон олон дахиж олон он жилд сэтгэлийнхээ жолоонд дугтчуулан очиж золгох хэрэгтэй, эрэгт нь олон өглөө, өдөр, орой удаан амьсан сууж, зүлэг ногоонд нь удаан тарвалзан эрхэлж, тэртээ огторгуйд асах нар, хөвөлзөх үүлс, нисэн өнгөрөх шувууд, үдэшдээ анивчин далдах од мичидтэй нь үг ойлголцон хүүрнэж цээжин гүнээсээ нулимс хайлангуйгаар санаа алдах л хэрэгтэй байдаг, өөр юу ч хэрэггүй! Үнэн голын хайр, монгол элэг, чин үнэн сэтгэлийн шүтэн барилдлагаас өөр юу ч хэрэггүй, юу ч!!!

Идэр их усан бээр хүмүүн зоноо даарахуй дор дулаацуулж, халууцахуй дор сэрүүцүүлж, уйлахуй дор аргадаж, бухимдахуй дор бүүвэйлж урсана.

Алдахуй дор сануулга, онохуй дор уухай, зовохуй дор хатамж, жаргахуй дор ерөөл оршоон шуугина.

Хоног өдрийн хором агшин алгасалгүй эгшиг, гийгүүлэгч зохис найруу эрдэм төгс монгол хэлээр ярин харгилна. Эрэг хөвөө, тохой шугуйнхаа өвс борог, ногоо цэцэг, үр жимсийн шимээр уулсын хөндий дүүрэн идээшлэх мал сүргийнхээ дэлэнг чинээлгэн, зам гудсаар завсар холгүй багталцан бөмбийх монгол голомтот айл гэрүүдээ эзэгнэн удам угсаараа бөхлөх өтгөс, залуус, нялхас нярайсын амгалан жаргалын эгээрэл хүслийг ханган, цагийн цагт номхон амарлингуй, өлзий хэшигээ үл татан, элбэг арвинаар ариухан урсах нь хүмүүн зоны биеэр жаргах, сэтгэлээр “нисэх”-ийн шалтгаан, үрийг мөнхөд бүтээмүй.

Их усан энэ минь монгол элэгтний итгэл, сүсгийн “гүнгэрваа”-гаар урсан цалгилахуйдаа, Дорно дахины анагаах шидэт ухааны таван махбодын судлалд Гал, Ус хоёрыг харшаар оноон тогтоосныг бодтойёо няцаан сөхөөж, монгол гэрийн голд улалзах наран улаан галтай нь, гэр галын бадрангуй дөлтэй нь үл харшлан, Гал, Ус аль алинаа огтоос харшгүйгээр нөхцөн оршдоггүй сэтгэгчилэн санагдуулах нь хэн хүмүүний бие, сэтгэлийн хаа хаагүй Хайрын их түүдэг ноцоон, их усан, их гал хоёр хоёул зэрэгцэн Хайр, Сүсэг булаалцан, Ус болж цалгисандаа цалгисан, Гал болж дүрэлзэхдээ дүрэлзэнэ.

Дэлхийд нэн дутдаг “Ариун юм”-ны зүрхэн Идэр их усаа ариунаа сахиж өөсөөн ариун, тэнгэрлэг зорилгоор амьдрах, тийн амьдархуй ахархан хугацаанаа унасан үс, тайрсан хумс мэт хэргээ баран хаягдах, эс бөгөөс, бусдад хэрэг тусаа үл баран үргэлжид дутагдах нь “Энэ”, “Хойт”-ын амьдралд “Орших байх”, “Эс байх”-ын алинаар амьдрахын хатуу шийдвэрт зорилго, бодлогыг хэн хүмүүний толгойд бүхий эс эд бүгдэд асаана.

Идэр их усны мишээнгүй урсгал долгио монгол эх хэлээр минь ятган ухуулж урсах үгсийг чагнан, эрэг, зүлгэнд нь бодол билчээн-хураан ажаарахуйяа, зовлон, жаргалын алинд ч ижий мэт үргэлж дэргэд дагах, надад ч, бусдад ч амь амьсгаа мэт дутах Мөрөн юутайгаа цаг харамгүй, сэтгэл задлан хэлэлцэх минь:

Их усан асууруун:

Ай, үрс таануус минь өнөөдөр юун учирт намайг зорин саатав.

Би хариулруун:

Ай, ижий мөрөн минь, зорилго нинжин агаад аугаа байнам, Эдүүгээ, Ирээдүйд эх сайхан монгол хэлээ цагийн эцэс мухралтал эгшиглүүлсээр дуурсгахын учирт зүтгэн ирэв л!

Их усан баясан үгүүлрүүн:

Ай, сайн, сайн! Гагц, энэ их үйлийг хэрхэн бүтээхээр болгоон буй?

Би өчрүүн:

Өлзий хэшиглэгтүн, Ижил мөрөн минь! Та юуныхаа бараа, нөмөрт шим хутгийг тань хүртэн наслагч Хамба гэгээний шавь, үр сад, сүсэгтэн хойчсын нэгэн сайн хөвгүүн, эрдэмээр ачилсан Багшаа сэтгэлийн төвд залагч, өлзий буяныг нь тэнгэр лугаа чацуулан шүтэгч тэр нэгэн бээр “Монгол эх хэлний хөгжүүлгэ” хэмээх нөр дурсгалт бөгөөд түүхт уралдуулгыг зохион үйлднэм билээ. Энэхүү дуулиант уралдуулгаар шавлан, улам улмаа өрнүүлсээр ойр хэтэд зорилго, үйлээ гүйцээн бүтээх билээ!

Их усан асууруун:

Тэр “хөгжүүлгэ” хэмээх чинь юун буй?

Би өчрүүн:

Аяа, тэрбээр бөгөөс хэн хүмүүний нэгэн насанд авад үйлдэшгүй бэрх чухал үйл болой: Юун хэмээхүл, Монгол Улсын маань баруун биеэр нүүн суун аж төрөгч монголчууд бидний үрс хойчист эрдэм, гэгээрлийн шуурга давалгаат далайд төвөггүй сэлэх бат “хөлөг” бэлэглэгч “Ерөнхий боловсролын сургуулиуд”-ын сурагчид, монгол хэлний багш нугуудыг олноор нь асар цар хүрээтэй залж, судалж төгсөхүйеэ бэрх гүн ав түүхтэй монгол хэл, монгол бичиг соёлынхоо арвис мэдлэг, уран зурлагын гайхамшиг гоог хэр зиндаанд эзэмшиж чадсаныг нь тэнсэн сорих болоод хэтэд улмаар төгөлдөржүүлэх чанд шударгуу уралдуулга зохионо.

Их усан айлдруун агаад асууруун:

Ай, сайн, сайн! Монгол элгэний үр садыг, монгол нутгийг нүд чавчилгүй сахигч газар орны эзэд, тэнгэр, лус савдаг, шивдаг навдагууд элэг дурдайн баясалцана буй за! Хэн бээр ийм үйлийг санан гардана?

Би өчрүүн:

Зарлигаар шагнагдсан Номун их хаан, сайн ерөөлт, хичээнгүй дуран билигт, эрдэнэ бандида, хамба ширээт, мэргэн номч, ноён цорж Хамба хутагтын удам үе холгүй номын садан, нэрээ дурдахыг үл дурлан цааргалагч, ариун тахимдуу зүтгэлээр үйлээ гүйцэгдүүлэгч нэгэн бээр болой!

Их усан захируун:

Дурд, дурд! Нэр алдар хэн? Сонсохыг хүснэ!

Би өчрүүн:

Захирсанаар дурдсугай! Тэр бээр, эс олдсонд тачаал үл үүсгэх, буянд алга үл хумигч, билиг брамидад цаарга үгүй дагагч, боди язгуурын нэгэн буй. Миний итгэснээр, “Хүн байх”-уйн эрдэм нэн өндөр нь сэжиг үгүй буюу.

Их усан баясруун:

Ай, сайн, сайн! Тэр бээр ариун, зөв үр минь аж! Сонсохуйяа, таатай, таатай! Зам мөр нь саад тотгорт үл бүдрэн урагшлах болтугай! Ерөөе!.. Улс үндэстэн нөр бат оршихуйн үндэс наанадаж тав буй:

-Хил дээс тусгаар нутаг дэвсгэр;

-Үндэсний орь эх хэл, бичиг соёл;

-Үндэсний эш онол бүхий агааль (гүн ухааны тогтолцоо), шашин шүтлэг, уламжлалт зан заншил;

-Өтгөсөөс хатуулсан амьдрах арга буюу өөрийн ахуу, соёлдоо даруй хэрэгцээт агуурс баялагаа бүтээх чадвар, туршлага;

-Амьдралаа аль дээдээр бурханлаг аль их олон тоот ардад тус бүтээхийг чандлах ёс суртахууны зарчим, мөрдлөг;

Эцэст, зургаадугаарыг жич тусгаарласу! Учир нь, энэ бөгөөс, зөн совингийн хэл, тэртээ алс гүнээс мэдээ анги авагч далд ухамсарын харъяаллаас сэвэлзэгч удирдлага үүнийг өнөөгийн хүмүүн нүгүүд танин барих нь мөдгүй тул лавдуу харилцахыг хойшлуулсу!

Би асууруун:

Их усан минь ээ: Та бээр нэгэн эгэлгүй, түшээ эрдэмт бүхий ч эгэл бөжөргөн бор өвгөнийг танин ам уу, үгүй юу? Буй дүр нь монгол хүн хүний, шавь шавийн нь нүднээ тод сийлэгдэж, хэний хэн хэмээх нь таних хүнд ч, эс таних хүнд ч ой тойнд нь харван нутагших нэгэн буй агаад, тэрбээр нэн эртний монгол хөх талын хөлстэй боржин хүн-чулуу мэтээр ээж, ааваас барлагдсан нүнжиг цул өвгөн! Алдар, – Лутын Лхагважав! Завхан аймгийн Идэр сумын уугуул бөгөөд тус харъяа нутагт эрхэм алдартны нэр заан, өмнө өчсөн, “Эх хэлний хөгжүүлгэ”- наадмыг ёслон, монгол хэл, монгол бичгийн эрдэм, соёлын тэргүүн гавъяатны өргөмжлөлд тэнцэхүйц чадвартныг цолгоруулах бэрх шалгалт, сорилтыг тулганам билээ ч!

Их усан мэдэгдүүн:

Тийм, тийм! Мэднэ! Үзэх бүрий танина! Тэр бээр эрдэм далд, эгэл сайхан настан! Эрэгт минь ирж сөхрөөд, алгаараа сүсэглэнгүй шалин амсаад, чилгэр хөрст гэгээн магнайгаа шавшин адислаад залбиралд төвлөрч буртаг бузар яльхан ч үгүй бадар хөнөгөндөө амны болоод ундаа, идээнийхээ усаа мандлаас минь утган дүүргээд гэрийн зүг айвуу одном билээ. Тэр мөн биз?

Би хариулруун:

Мөн, мөн! Өөр хэнийг оноох буй.

Их усан айлдруун:

Ай, хөвүүн ээ, энэхүү уяхан замбуу тивийн наран доорхи гаралт юм бүхэн нь, өчүүхмэд нэгнээсээ асар аугаа нэгнээ хүртлэх юм бүхэн нь, энэ нэг нь нөгөө нэгээрээ… нөгөө нэг нь бусад бүгдээрээ дутмуй. Хамгийн авад, хамгийн азад дутагдагч ганц нь, – гагцхүү ариун юм болой. Мартахгүй санахыг ятган, давтан үгүүлсү: Дэлхийд хамгийн их дутагддаг юм нь гагцхүү ариун юм! Ариун юмны эн түрүүнийх нь, – хүмүүн хүмүүний цээжин гүнд гэршигч Бодь сэтгэл буюу. Хэнд бодь сэтгэл үүснэ, гагц тэрбээр бусдад бодь үнэн хайр, нигүүлсэл, тус буяныг хүртээх ариун үйлд, нэрлэвээс, амьдын хорвоод зовлонгийн шалтгаанд нөхцөөгч арван хар нүглийг огоот тэвчих, жаргалын шалтгаан лугаа үл хагацаах ариусал, гэгээрэлд биеэ харамгүй зарахад шамдая юу. Тийн ухаж анатугай! Ай, хөвүүд, охид оо, бүү няц! Арван хар нүглийн ерөндөг төдий чинээ буянднасан турш эрэмшвээс л Эрлэг ч Та юунаас минь дөлөн, аймшиггүй халдаж эс чадах нь магадтай шүү! Бурхан юу юунай эхэнд, зорилготой хүнд тусалдаг. Удаад нь, өөрөө өөртөө тусалдаг хүнд баярлан тусалдаг. Хүний амьдралд хамгийн үлэмж тус болдог юм нь, -амьдралын нь зорилго! Амьдралын нь эрхэм зорилго нэгэнт “Монгол эх хэл”-ээ бүрнээ өвлөн хадгалах, баяжуулах, улмаа хөгжүүлэх ариун гэгээн үйлд зүтгэх зорилго болж буй тул надад чиний сая нэр цохсон тэр хоёр зөв сайхан үйлстэнд монгол элгийн ард олон ч, уугуул нутгийн нь уул усны эзэд савдагууд ч, дээр хөхрөгч мөнх хөх Тэнгэр ч мишээн тусална. Зорилго хэдий чинээн аугаа байх тусам зорилго юуныхаа хэмжээ цараар хүн төдий чинээн аугаа, ариун, хүчирхэг болдог. Аугаа агаад ариун хүмүүс амьдралаа аль дээдээр бурханлаг, аль ихээр бүтээлч, аль чадахуйцаараа олон хүмүүст ач тусаа хүртээхийг хичээх ёс суртахууны чанд захиргаан дор амьдармой!..>>

Идэр их усан нарны туяанаа алтран мэлтэлзэнэ…

Бөмбөрцөгийн мөнгөн зулай, -Умард мөсөн далай руу элбэг их уст урсгалаа хүчирхэгээр туун, аялгуу содон монгол хэлээр ярин цалгилна.

Нэгэн харахуй, наран доогуур ч урсах шиг, нөгөө харахуй, над руу ч урсаад цутгачих шиг, тэгсэнээ, тэртээ тэртээ уул нуруудын дээгүүр цэнхэртэх тэнгэр огторгуйтай нийлээд амьд бүгдийг амьдруулан хөдөлгөгч ганц эрдэнэ -агаар болоод туначих шиг ч харагдана…

Яалт ч үгүй л тэгж санагдана.

Санаандаа би яалт ч үгүй л итгэнэ.

Цээжээ өөрийн эрхгүй дарж үзнэ.

Надаас өөр хэн ч эс үнэмшим нэгэн хий бод, зүүдний үнэн мэт, үнэн амьдралын бүдэг бөглүү цуурайн замхраа мэт, шувуудын салхи, өвс цэцгийн амьсгаа мэт барим алдам чимээ цээжин чинадад гадаад их далайн түрлэг, түрхэрээ мэт шуурайсаад өнгөрөх нь яалт ч үгүй мэдрэгдээд үлдэнэ.

Үнэнээс, үнэний цуурайнаас, Их усны алсрах бараанаас, дэргэдээс минь холдоогүй мэт санагдах урсгалын нь монголоор ярих ярианаас надад үлдсэн… надтай цуг амьдрахаар үлдсэн бүгдэд би жигтэй их баярлан, жаалхан хүүхэд мэт хөлсөнө…

Аяа, Их усан минь, монгол элэгтэн юутай их хайрладаг, хол ч яв, ойр ч яв, юутай их халуунаар санан үгүйлдэг, амьдрал, жаргалд маань юутай их дутдаг усан билээ л, Та минь!

Хүн амьдынхаа шахуу богино хоногт юу ойлгохыг хүснэ, хүссэн бүгдийг ойлгуулан айлдагч юутай шидэт, монгол ухаант усан билээ л, Идэр их мөрөн минь!…

Үл үгүүлэн үгүүлэх нь:

Идэр их Мөрөн – нэгэн их орчлон!

Орчлон-Мөрөний ундрага наанадаж хүн төрөлхтөний түүхийн эцэс хүртэл, цаанадаж орчлонгийн цаг-хүрдний эргэлтийн эцэс хүртэл үл тасрана.

Өвлийн тэсгимд ч мөсөн хучлага, хуягаа хөлөргөн, ёроолынхоо хөлдүү чулуу, замаг хигдийг ч бүлээцүүлэн урсаж, урсгал үл тасран, долгис, цалгианы нь хөгжим хөг үл замхрана.

Орчлон-Мөрөн цүл, үргэлжлэнгэ, үл татрах, үл татрах, эгшиглэнт анир чимээ нь үл замхрах рид хүчин төгс аврага урсгал бүлгээ ч нарны гэрлийн бөөмс, цахилгаан цэнэгийн долгио мэт түм түмэн тус тусдаа, салангад салангад бөн-бөн дуслуудаас нийлэн бүрднэм бөлгөө.

Дусал тус тусдаа, салангад салангад тогтвоос, бие биедээ эс үүсч нэгэн хам бүтцэд эс нэгдвээс, нэгэн цул, үргэлжлэнгэ, тасрахгүй, тогтохгүй, хорохгүй мөрөн болж нэгэн гольдролоор эс урсваас ганц үдийн нар, ганц шөнийн салхинд эгшин эгшисээр хэзээ нэгэн өдөр хатаж ширгээд тоос шороо хуйлан босгох нь огтхон ч дамжиггүй тохиол!

Дусал эс ширгэх, мөнхөд ус чанараараа орших, чингээд, аугаа их болох, цаг хугацааны уртад аугаа ихээрээ үлдэхийн арга, билигийн бэлчир нь гагцхүү хоор хоорондоо нэгдэх, цаашлан энгүй уудам хуурай газрыг гэзэглэсэн их устай нийлэн сүлэлдэх хувь тохиол буюу.

Хүмүүн бээр ч тус тусдаа бодол үүсгэн, тус тусдаа, сондгой сондгой санаа зорилгот ажилд салваас аугааг бүтээж, амгалан, жаргалангийн хүслээ гүйцэлдүүлж хэрхэн чадах агаад нэг нэгнээ эгээрэн нэгдэхийн аугааг үл ухагч хэн нэгэн бодгалаас газрын хэвгийг аядан бие бие рүүгээ урсан нийлэгч дусал усан их ухаант ажуу…

Аяа, Идэр их Мөрөн минь ээ, анх одот орчлонд Газар, Ус цугтаа үүдсэн ахул Их мөрөн Та минь наран дорхи бор газрын зооноо, монгол нутгийн хөрснөө 4.6 тэрбум жилийн тэртээгээс урсан мяралзсан, хэрэвзээ, Ус нь түрүүлж үүдсэн ахул хүн төрөлхтөн бидний хөөрхийдөө хөөрхий, аугаадаа аугаа шинжлэх ухаан, тоолж товлож эс чадах өвөг эрин галаваас цаадтай оны өдөр шөнөөс нар баясаан, нарны харамдаа харам, өгөөмөрдөө өгөөмөр инээдийг гижигдэн, дэлхий гарагийн чанх голоор монгол үгс дуурсган цалгилж эхэлсэн байж таараа!

Ижий их усан минь, алдас бодсон бол өршөөн хэлтрүүлэхийг эрмүү!…

Их усан айлдруун:

Ай, бүү ай, бүү ай! Алдаа дандаа хортой байх нь бус аа, буруугүй алдаа ч буй, бүү айгтун!

Алдаа гурван төрөл буй.

-Өөрт ч, өрөөлд ч хор үл дусаах алдаа,

-Гагц өөрт хортой алдаа;

-Нийгэм нийтэд буюу ард олонд хортой алдаа;

Өөрт хийгээд өрөөл бусдын амьдралд хорын үр үл халдаах алдаа бөгөөс буруугүй алдаа, энэ алдаагаар гэнэдэх нь муу бус, хүмүүн гэгээн тусмаа гэнэд ойр, ахуу хорвоогийн тоост амьдралд хаширыг үл эрхэмлэх тул алдаж эндэх нь амархан! Хэн аль хэцүү, зөв үйлд зорин шамдана, үйлийн нь сиймхийд алдаа тээгдэх нь хүний ёс, алдаа үл гаргагч хүмүүнд Тэнгэр тийм ч дотногүй, Тэнгэр зөвхөн гэм нүгэлт хүмүүнд л нүүргүй, үл таалмуй.

Алдаа алдаанаас гагц бусад олон гай, хор таригч алдааг л биедээ хорь, холоос зайлж тэвч, учир нь гэм нүгэл аваас хилэнцэд ороогч хорт алдаа аюу!

Үл үгүүлэн үгүүлэх нь:

Их усан Идэрт нүүдлийн шувууд жилийн жилдээ ирдэг, жилийн жилдээ буцдаг.

Шувууд намрын сэрүүнээр буцлаа ч эсэргэн жилийн хаврын уринаар зам төөрөлгүй буцан ирээд, цөнгөө түрж дуусаагүй Идэрийн дээгүүр, аргал, түлээний цэнхэрхэн утгаа бургилан суунаглах айл гэрүүдийн тоонон дээгүүр ганганан гунганан эргэхэд нь Идэрийнхэн хөгшид, залуусгүй ууж суусан цайгаа ширээнд яаран тавиад үүд үүд рүүгээ уралдана.

Үүдэн гаднаа чихэлдэн зогсоод, энгэр цээжиндээ алгаа наагаад Тэнгэр рүү саравчилна.

Зөөлнөө чийгтэх нүдээ сэмхэн арчих нь арчин, нуух нь нуун удтал саравчилна.

Хонь хурга майлахаа, үхэр тугал мөөрөхөө, адуу унага унгалдахаа мартаад, өвс ногоо руу нүд унагахаа ч болиод Тэнгэр ширтэн, адгуусан гэж итгэхийн аргагүй ухаалаг, гайхам нинж, хүний ойлголтонд багтахуйяа бэрх ээнэг сэрэхүйгээр гөлрөн удна…

Хүний сэтгэл “Газрын шувуу” болж нисдэг, “Газрын шувууд”-ын үл тайлагдах далд “жигүүр”-ээр тэнгэрийн уудмыг огтолдог. Гагц, хичнээн өндөрт дүүллээ ч, хэдүй чинээн уудмыг хумхилаа ч Ижий-усандаа, элгэн гүнээр хэрээтэй Уул, талдаа, өвс ногоондоо, хайрга сайрандаа “чагтлаастай” нисэн дүүлдэг…

Хүмүүн болбоос нутгаасаа нүүдэггүй шувуу!

Миний л хувьд, Идэрээсээ, Сэлэнгээсээ, Орхон, Туулаасаа, Онон, Хэрлэнгээсээ, Харгана, Чачирт, Монгол гэрийн үл тасрах бүслүүр голуудаасаа нүүн одож, тасран нисэж үл чадна. Нүүн одвоос, тасран нисвээс үлдэн хоцрогч уул, ус, өвс навчис, мод чулуу, хайрга элс, – Эх орон Монгол минь өнчрөн уйлна. Нүүн одсон, тасран ниссэн “Хүн-шувуу” бүгдээр дутан энэлнэ…

Би бээр үгүүлж буй үнэнээ л үнэмлэхүй үнэнд бодох бүлгээ.

Бодох минь:

Амьдрахуй,- Их мөрөн шиг хол, элбэг, хүчирхэг урсахуй;

Амьдрахуй,- Их мөрөн шиг үер, давалгааныхаа чимээ, дохио, хэл мэдээг Тэнгэрт сонсгон бөхийлгөж, аугаа хүчирхэгээр урсахуй;

Амьдрахуй,-Идэр, Сэлэнгэ, Орхон, Туул, Онон, Хэрлэн, Онги, Байдраг, Тэс, Буянт, Хараа, Ерөө, Харгана, Ча­чир­тын голууд шигээ зөв тоолохуйяа мадаг магадгүй олныг ундаалан, насан авуурьд ачлан баярлуулж, мөнхөөс үл дутах мөнхбусыг алдаршуулан үнэмшүүлж, бодтойёо батлан урсахуй;

Амьдрахуй,-Цаг цагийн ха­ныг элээн, юунд ч үл хаагдан, үл хоригдон, хөвчин хүчирхэгээр нүргэлэн урсахуй! …

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *