Эх орны дайны ялалтын 70 жилийн ойд зориулсан цэргийн жагсаалд оролцсон монгол цэргийн бие бүрэлдэхүүнийг ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажав болон ЗХЖШ-ын даргын зөвлөлийн гишүүд хүлээн авч хүндэтгэл үзүүлжээ. Бусад улс орон ялалтын баярын ёслолын жагсаалд ихэвчлэн хүндэт харуулын ангийнхаа бие бүрэлдэхүүнийг оролцуулсан байсан бол манай улсын хувьд Зэвсэгт хүчний анги, ангийн төлөөлөл оролцсоноороо онцлог байсан юм.
Монгол Улсын Зэвсэгт хүчин, Хилийн цэргийн офицер, ахлагч, хугацаат цэргийн алба хаагчдаас бүрдсэн салбарт нийт 45 офицер, 25 ахлагч, 5 хугацаат цэргийн албан хаагч багтсан бөгөөд захирагчаар Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн захирагч, хурандаа Л.Батболд, салааны захирагчаар ЗХЖШ-ын ХНХ-ийн ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Б.Хаш-Эрдэнэ, Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн ар талын даргын орлогч, хошууч Н.Батсүрэн, тугчаар Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн салааны захирагч, ахлах дэслэгч Ж.Баярцогт, тугийн хамгаалагчаар Зэвсэгт хүчний 167 дугаар ангийн батальоны захирагч, ахмад А.Төгс-Эрдэнэ, 350 дугаар ангийн ротын ажиллагааны офицер, дэслэгч А.Алтөнтүлхүүр нар алхсан юм. Тэд энэ сарын 23-ны өдөр Чингисийн талбайд жагсана.