Украины зүүн хязгаарт болсон хоёр том тулаанд Оросын 220 цэрэг амь үрэгдсэн хэмээн Москвагийн сөрөг хүчнийхэн мэдээлэв. Оросын 150 цэрэг өнгөрсөн наймдугаар сард Донецкийн Иловайскийн тулаанд амь үрэгдэж, дараа нь хоёрдугаар сарын Дебальцево хотын байлдаанд 70 орос цэрэг амь үрэгдсэн аж. Иловайскийн тулаанд амь үрэгдсэн цэргүүдийн ар гэрийнхэнд тус бүр нь хоёр сая рублийн нөхөн олговор өгсөн хэмээн мэдээлжээ. Оросын эдийн засагч Сергей Алексашенкогийн тооцоолсноор Украины зүүн хязгаарын бослогыг санхүүжүүлэхэд ОХУ 53 тэрбум рубль зарцуулсан гэнэ.
Оросын сөрөг хүчний лидер агсан Борис Немцовын цуглуулсан Украины зөрчлийн талаарх баримтуудыг нэгтгэсэн 64 хуудас мэдээллийг “Путин-Дайн” нэртэйгээр “Открытая Россия” сайтад нийтэлжээ.
Борис Немцов өнгөрсөн хоёрдугаар сард Кремлийн ойролцоо буудуулж амь үрэгдсэн юм. Түүнийг Украины зөрчил дэх ОХУ-ын оролцоог нотлох баримт бичгүүдийг цуглуулсан учир хөнөөсөн хэмээн дэмжигчид нь үзэж буй. Украины зөрчил, хямрал дахь ОХУ-ын оролцооны талаар Барууныхан үргэлж ярьсаар ирсэн юм.