Categories
мэдээ цаг-үе

Х.Алтанхуяг: Сонин дээр гарсан нийтлэлийг дагаж дэлхийн улс төр бужигнадаг биз дээ

“Оргил өөд” клубийн тэргүүн Х.Алтанхуяг Монголын хөрөнгийн биржийн дэд захирлаар ажиллаж байсан. Тэрээр цахим сүлжээ хүмүүсийн сэтгэх чадварыг бууруул­даг гэж үздэг, цахим ертөн­цөд @altankhuyag_kh нэрээр жиргэдэг юм.

-Саяхан цахим ертөнцийн тухай томоохон чуулган боллоо. Та идэвхтэй жиргээ­чийн хувьд юу ажиглав?

-Хүний нийгмийн хөгжил хурдасч байгаагийн нэг жишээ бол сошиал (нийгмийн цахим сүлжээ) ертөнц. Өнөөгийн нийгмийг түүнгүйгээр төсөөлөх аргагүй. Энэ ертөнцөд орон зай, үзэл бодол, хэл соёлоос үл хамааран хэн ч нэвтрэх эрхтэй. Бас хязгааргүй илэрхийлэх боломжтой. Урьд өмнө нийгмийн нэг гишүүн ийм том эрх хэзээ ч эдэлж байгаагүй. Үүгээрээ хүний үзэл бодлыг хил хязгааргүй илэрхийлэх боломж олгосон маш сайн зүйл.

-Нэр, зүсээ нуучихаад хүн доромжлох нь эрхээ эдэлж байгаа хэлбэр үү?

-Аливаа юм сайн, муу талтай байдаг. Ихэнх тохиолдолд сайн тал нь л үлддэг. Нэр, нүүрээ нууна гэдэг нь орчноосоо шалтгаалдаг байх. Шүүмжилсний төлөө барьж, хориод байвал олон хүн нуухаас өөр аргагүй. Бас шударга бус үйлдэл л нуугдмал байдаг байх. Гэхдээ сая болсончуулганы үеэр иймэрхүү зүйлийг засах боломж харагдсан.

-Сонин сэтгүүл цахим ертөнцөд дарагдаж байна гэсэн яриа байдаг.

-Би тэгж боддоггүй. Анх телевиз үүсч байхад, удахгүй театр устана гэсэн сэтгэлгээ үүссэн гэж ярьдаг. Гэтэл 100 жил өнгөрсөн ч театр байж л байна. Байхаар барахгүй улам л үнэ орж байна. Хүмүүс сонгодог урлагийг театрт үзэх сонирхол нэмэгдэж байна. Цахим ертөнц хамрах хүнийхээ тоогоор их ч чанар, хариуцлагын хувьд хэвлэлийг хэзээ ч гүйцэхгүй. Өнөөдөр хүмүүс Шекспирийн жүжгийг амьдаар нь үзэхийг тэмүүлж байна. Дэлхийн том сонинууд улам л хүчээ авч байна. Нийгмийг шуугиулсан хамгийн том мэдээллийг сонинууд л цацаж байна. Сонин дээр гарсан нийтлэлийг дагаж дэлхийн улс төр бужигнадаг биз дээ. Түүнээс тэр нөхөр, тэгж жиргэсэн байна гээд АНУ-ын Ерөнхийлөгч цэрэг илгээдэггүй биз дээ. Телевиз театртай, сонин цахим ертөнцтэй зэрэгцээд хөгжиж байна. Магадгүй энэ нь өрсөлдөөнийг нэмэгдүүлж, мэдээллийг улам чанаржуулж байгаа байх.

-Сонин тэгвэл чухал байр суурьтай хэвээрээ байх нь ээ?

-Хэвээрээ. Сошиалд хүн бүр мэдээлэгч байх боломжтой. Харин хариуцлага хүлээхгүй. Харин сонин бол хариуцлага хүлээнэ. Тэр утгаараа тэнд мэргэжлийн сэтгүүлчид ажилладаг. Сошиалын мэдээлэл ямар ч үнэгүй. Гэтэл сонины мэдээллийг хүмүүс мөнгө төлж авдаг. Энэ нь мэдээллийг үнэлж байгаа хэрэг. Тэр хүн өөртөө хэрэгтэй бодит мэдээллийг худалдаж авч байгаа гэсэн үг. Сошиалд хэн нэгнийг элдвээр хэлчихээд, түүнийгээ устгачихаж болно. Сонин бол хэдэн үеийн баримт болж үлдэнэ. Хожим хариуцлага хүлээх, гэмших, ичих зүйлгүйгээр сонинд мэдээлэл тавигдана. Энэ нь өөрөө хариуцлага хүлээх хэлбэр. Энэ хариуцлага нь бодит мэдээлэл биз дээ. Сонины үнэ цэн үүнд л байдаг байх.

-Сошиал муу эд үү?

-Би өөрөө тэдний нэг нь шүү дээ. Ерөөсөө муу юм биш. Ямар ч хүнийг сэтгэлгээг хязгаарлахгүй сайн талтай. Нийгэмшиж чадахгүй ганцаардмал сэтгэхүйг тодорхой хэмжээнд нийгэмд оруулаад л ирнэ. Бүрэг ичимхий нийтэд үгээ хэлж чаддаггүй хүн байдаг. Гэртээ сууж байгаад дэлхий даяар үгээ цацна гэдэг бол гайхамшиг. Буруу, зөрүү ч мэдээллийн хурд маш өндөр. Саяхан нэг орон сууцанд гал гарахад олон хүмүүс сошиалаар мэдэж гэртээ очсон байдаг.

-Хүмүүсийн ном сонин унших нь буураад байгаа юм шиг санагддаг.

-Би тэгж бодохгүй байгаа. Жишээлбэл, бидний багад ийм олон номын дэлгүүр байгаагүй. Номын тоо, төрөл цөөн байсан гэж ярьдаг. Хэрэв хүмүүс ном, сонинг сонирхохгүй байгаа бол хэн ч энэ бизнес рүү орохгүй. Ийм олон номын дэлгүүр, сонин байна гэдэг чинь зах зээл их байна гэсэн үг. Ном, сонинг цахимаар унших боломж бий. Түвэг багатай, хямдаар уншиж болно. Гэтэл шинээр сонин үүсч, номын худалдаа өргөжөөд л байна. Мэдээлэл түгээнэ гэдэг чинь урлаг болчихсон. Бодит, шуурхайгаас гадна товч, тодорхой, ойлгомжтой, баримттай гээд олон өндөр шалгуурыг давж байж сэтгүүл зүйн түвшинд хүрнэ. Мэргэжлийн сэтгүүлчид л үүнийг хийж чаддаг.

-Манайд хэвлэлийг ад үзэх үзэгдэл газар аваад байх шиг?

-Сошиалаар тийм юм харагддаг. Гэхдээ хэд нь буруутгаад хэд нь зөвтгөөд байгаа гэсэн тоо байхгүй шүү дээ. Нийгмээрээ буруутгаад байгаа бол сонин, телевиз үүдээ барина биз дээ. Гэтэл улам л олшроод байгаа биз дээ. Харин сонины менежментийг сайжруулах хэрэгтэй санагддаг.

-Яаж?

-Сонинууд өөрийн гэсэн захиалагчтай байдаг. Би нарийн, ширийнийг мэдэхгүй. Гэхдээ ажиглаж байхад “Цензургүй яриа” нэвтрүүлэг хэнээс ярилцлага авах вэ, юу асуух вэ гээд сошиалаар асуучихаж байгаа юм. Тэгээд олны хүний хүсэлт ирсэн хүнээс ярилцлага авна. Тэгэхээр нөгөө ярилцлага нь амьд болоод ирнэ биз. Түүнтэй адилхан сониныхон бас сошиалийнхан ямар мэдээг илүү сонирхож байна гэдгийг тандаж болох юм. Зарим хүмүүс сошиалынхныг мэдээллийн боол болчихоод байна гэж үздэг. Би санал нийлдэг.

-Юу гэсэн үг вэ?

-Зөвхөн тухайн ертөнцдөө авсан мэдээллээ эцсийн үнэн гэж үзэх хандлагыг хэлж байгаа юм. Тэнд хүмүүс сэтгэдэг зүйлээ бичиж байгаа гэдгийг мартах хандлагатай болдог. Өөрөө ч түүнд нэвчдэг. Хэн нэг нь худлаа бичиж байна уу, үнэн бичиж байна уу гэдгийг тунгаахаас өмнө цааш нь цацаж орхидог. Таалагдсан, эсвэл өөрийнх үзэлтэй төстэй бол хэн ч, юу ч жиргэсэн түгээж л орхино. Гэтэл зарим үзэн ядсан эсвэл зулгуйдсан мэдээний цаана хувь хүний амьдрал, бүхэл бүтэн хамт олны ажил сүйрч болно гэдгийг анзаардаггүй. Өөр эх сурвалжийг сонирхохгүй болохоор түүнийгээ эхний ээлжинд үнэн гэж итгэнэ. Сүүлдээ донтоод итгэл үнэмшил болж хувирна. Энэ чинь аюултай биз дээ. Зүй нь хүн мэдээлэл аваад үнэлж, цэгнээд боловсруулах хэрэгтэй. Дээр нь кинон дээрээс л хардаг байсан аймшгийг биет болгоод харуулж байна. Цус нөж болсон аймшгийн зургийг тэнд ийм юм боллоо гээд тавьчихаар өсвөр насныхан ердийн үзэгдэл мэт хүлээгээд авна.

-Өндөр албан тушаалтай, хөрөнгөтэй бүх хүмүүс хулгайч гэж үздэг жиргээч байх шиг харагддаг.

-Надтай бол таараагүй. Нэр нүүрээрээ жиргэдэг жиргээчид бол үзэл бодолдоо тууштай санагддаг. Гэхдээ сошиалд удаан байх нь эрүүл мэнд, сэтгэлгээнд бол сөрөг нөлөөтэй шүү дээ.

-Ямар сөрөг нөлөөтэй вэ?

-Ахмад үе маань багаасаа урт шүлэг цээжилж, том том роман, тууж уншдаг байсан. Тэр хэмжээгээрээ сэтгэдэг байсан. Том зохиолууд маш олон талын мэдээлэл өгдөг. Тэр нь цаашдаа мэдлэг болж хувирдаг юм байна. Би ч томоохон зохиол бүү хэл сонины олон нүүр уншихаас тээршааж эхэлж байна. Гэхдээ энэ байдлаасаа салахаар шийдсэн. Уншдаг зуршлаа сэргээнэ. Байнга 140 тэмдэгтээр харьцана гэдэг бол тийм жижиг хэмжээгээр сэтгэнэ гэсэн үг. Сэтгэх чадвар муудахаар нөгөө оюуны доройтол гэдэг юм болно биз дээ. Таныг сурагч байхад ангид чинь харааны шил зүүдэг хэдэн хүүхэд байсан бол.

-Ганц л байсан.

-Тэгвэл өнөөдөр нэг ангид хэд хэдэн хүүхэд байна. Энэ юунаас болж байгааг судалсан гэнэ. Хүүхдүүд багадаа зурагт ном, бодит тоглоом, хөдөлгөөнөөр цагаа өнгөрөөх ёстой. Гэтэл одоо багаасаа л компьютер, гар утсанд донтоод ном, тоглоом, хөдөлгөөнгүй торниж байна. Энэ нь эрүүл мэндэд сөргөөр нөлөөлнө. Эхний ээлжинд хараа нь муудна. Хүүхэд гэлтгүй насанд хүрэгчид цахим ертөнцөөс болж стресст ордог. Хүний тархи зурагт үзэхэд ном уншсанаас хоёр дахин их ачаалал авдаг. Тэгвэл компьютерын ард суух телевизийн өмнө суухаас бүр илүү ачаалал тархинд өгдөг. Харин гар утсаар цахим сүлжээнд ороход тархины ачаалал асар их нэмэгддэг гэсэн судалгаа байна.

-Сошиал тархинд тийм их ачаалал өгөх үү?

-Далай шиг их мэдээлэл явж байна. Сайн, муу, үнэн, худал тэр бүхнийг ямар ч шүүлтгүйгээр тархиндаа чихээд байхаар ойлгох нь бүү хэл нүд эрээлжилнэ биз дээ. Хамгийн аюултай нь хүн тархи ачаалаад ядарч байгаагаа мэддэггүй нь.

-Энэ бүхнээс зайлсхийх арга байна уу?

-Эцэг эхчүүд хичээвэл болно. Харамсалтай нь тэд хориглогч биш, уриалагч болчихоод байгаа юм. Томчууд л цахим ертөнц рүү хүүхдээ татаад оруулчиж байна. Зарим тохиолдолд хүүхдүүд нь эцэг, эхээ сошлоос аврах санаачилга гаргаж байна. Саяхан нэг охин ээждээ “Ном унших нэг сарын аян өрнүүлье” гэж гуйсан гэсэн. Үүнийг манай клубийнхэн дэмжээд тийм аян өрнүүлэх ажил зохион байгуулахаар тохирсон.

-Цахим ертөнцийнхөнд ямар зөвлөлгөө өгөх вэ?

-Би зөвлөх хэмжээний хүн биш л дээ. Гэхдээ би алтан дунджийг барьж хэмжээ хязгаартай ордог болохоор шийдсэн.

Х.Баттөгс

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *