Categories
мэдээ спорт

А.Басхүү Дэлхийн “Алдрын танхим”-д өргөмжлөгдөн заллагдсан батламжаа гардлаа

Монгол Улсын Ардын багш, Гавьяат дасгалжуулагч, Зууны манлай шүүгч, Сөүлийн Олимпийн “Алтан шүгэл” шагналт Адуучийн Басхүү Дэлхийн бөхийн алдартнуудын “Алдрын танхим”-д Монгол улсаас анх удаа өргөмжлөгдөн заларсан тухай бид өмнө мэдээлсэн билээ.

Олон улсын бөхийн төрлүүдийн нэгдсэн холбоо (FILA)-ны албан ёсны хүндэтгэлийн арга хэмжээ нь өнгөрсөн оны 9 дүгээр сард Узбекстан улсын Ташкент хотноо Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний өмнө болсон бөгөөд энэ үед таван тивийн алдартнуудад гардуулах ёстой байсан шагнал буюу батламжийг тус улсын гааль дээр саатуулж оруулаагүй учир уг шагнал нь АНУ руу буцсан байна. Харин саяхан АНУ-ын Лос Анжелос хотноо болсон чөлөөт бөхийн Дэлхийн цомын тэмцээнд оролцсон манай улсын баг тамирчдаар тус дэлхийн “Алдрын танхим”-ийн шагнал буюу батламжийг ирүүлжээ.

Монголын чөлөөт бөхийн спортын хөгжлийн төлөө тамирчин, дасгалжуулагч, шүүгч, удирдах ажилтан гэсэн дөрвөлсөн замаар цуцалтгүй хөдөлмөрлөн сэтгэл зүрхээ зориулж, үнэтэй хувь нэмэр оруулсан хүн бол яах аргагүй А.Басхүү мөнөөс мөн. Монголд төдийгүй дэлхийд танигдсан А.Басхүүгийн гавьяа, зүтгэлийг дэлхийн бөхийн холбоо дахин үнэлэн алдар цуугаа мандуулсан оддын хамтаар их хүндэтгэлийн шагналаа хүртээсэн юм.

Манай улсын алдарт дасгалжуулагч, чөлөөт бөхийн нэрт зүтгэлтэн, шилдэг шүүгч А.Басхүү нь уг шагналаа Олимпийн 3, дэлхийн 4 удаагийн аварга Артур Таймазов (Узбекстан),Олимпийн аварга, дэлхийн 4 удаагийн аварга Расул Хадем Олимпийн аварга, дэлхийн 3 удаагийн аварга Павел Пинигин (ОХУ), олон арван Олимп, дэлхийн аваргуудыг төрүүлсэн домогт дасгалжуулагч Георгий Мендашвили нарын зэрэг алдартнуудтай хамт хүртсэн билээ.

Энэхүү үйл явдал нь зөвхөн А.Басхүү төдийгүй манай чөлөөт бөхийнхний хувьд их хүндэтгэл, том шагнал агаад Монголын чөлөөт бөхийн хамт олныг үнэлж байгаа нь үнэхээр бахархалтай сайхан үйлс юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *