Categories
мэдээ цаг-үе

Н.Мөнхбат: Хөгжлийн банктай холбоотой буруу мэдээллийг зориудаар тараасан байна

Хөгжлийн банкинд хийсэн аудитын дүгнэлт сүүлийн үед олны анхааралд байгаа. Тус банкны гүйцэтгэх захи­рал Н.Мөнхбат өчигдөр хэв­лэлийнхэнд хандлаа. Тэрээр “Сүүлийн үед Хөгж­лийн банктай холбоотой ташаа мэдээлэл цацагдаж эхэллээ. Яагаад гэдгийг нь судалж үзлээ. Хэвлэлийнхэнд буруу материал тараажээ. Тийм учраас бид албан ёсны зөв материалуудыг нь тарааж өгч байна” гэсэн үгээр яриагаа эхэллээ. Хөгж­лийн банкнаас тараасан материалд “Самурай” бондын зарцуулалтын дэлгэрэнгүй мэдээллийг хавсаргажээ. Шуугиан дагуулаад байгаа Халзанбүргэдэй-Солонготын даваа чиглэлийн 100 км авто замын төслийн танилцуулгыг ч тараалаа. Хөгжлийн банкнаас санхүүжүүлж буй төслүүдийн товч танилцуулгыг хүртэл бэлджээ. Банкнаас хийсэн бүх гүйлгээ шилэн дансанд бий гэсэн тодруулгыг ч хийв. Хэвлэлийн хурлын үеэр өрнөсөн асуулт, хариултыг тоймлон хүргэе.

-Чингис бондын мөнгө­нөөс тендер зарлалгүйгээраж ахуйн нэгжүүдэд зээл олгосон гэсэн шүүмжлэлд та ямар тайлбар хэлэх вэ?

-Энэ бол буруу ойлголт.Чингис бондыг анх оруулж ирж байхад УИХ-аас тогтоол гаргаж салбаруудыг нь заагаад өгчихсөн шүү дээ. Үүнийх нь дагуу Засгийн газар шийдвэрээ гаргаж төслүүдэд санхүүжилт хийгээд явсан. Санхүүжүүлэгчийн хувьд тухайн төслийн хэрэг­жүүлэгчийг сонгон шалга­руулах ажлыг хариуцдаггүй. Захиалагч нь л хариуцдаг. Замын төсөл байвал Зам тээврийн яам нь, барилгын төсөл бол Барилга хот байгуу­лалтын яам нь гэх мэтээр сонгон шалгаруулалтаа хийгээд явдаг юм. Тухайн үед Өрийн удирдлагын хууль батлагдаагүй байсан учраас зарим нэг тендерийг тусгай журмаар хийсэнюм билээ. Гэхдээ дийлэнх тохиолдолд Тендерийн тухай хуулиараа явсан байдаг. Чингис бондоос гадна өөр эх үүсвэрүүд ч Хөгжлийн банкинд бий. Яг тендерийн тухай хуульд хамрагдах ёстой ажлуудыг хийж гүйцэтгэхэд бидний зүгээс захиалагчдадаа хуулиа дага гэсэн шаардлага тавьдаг. Хүмүүсийн хамгийн тод санаж байгаа жишээ гэвэл Дарханы замтай холбоотой асуудал байна. Түрүү жил Дарханы замын засварын ажлыг Хөгжлийн банк удаалаа гэсэн асуудал гарсан даа. Тендерийн материал нь дутуу байсан учраас удсан юм. Материалаа гүйцээснийх нь дараа бид санхүүжилтийг нь өгсөн. Тухайн төслийг сонгон шалгаруулах ажил УИХ, Засгийн газрын шийд­вэрээр л хийгддэг. Дахин хэлэхэд Хөгжлийн банк бод­логын шийдвэр гаргахгүй. Хөгжлийн банк УИХ, Зас­гийн газрын түвшинд нэ­гэнт шийдсэн бодлогын хүрээний хөгжлийн томоохон төслүүдийн санхүүжилтийн ажлыг хариуцаж, гардаж хэрэгжүүлдэг.

-”Самурай” бондынмөн­гөний тодорхой хувийг зуучлалын хөлсөнд өгсөн гэх мэдээлэл байна. Энэ талаар өмнө нь яагаад мэдээлээгүй юм бэ?

-“Самурай” бондыг анх орж ирж байхад Японы олон улсын хамтын ажиллагааны банкбаталгаа гаргасны шимтгэл гэж авсан. Санхүүгийн зардал л даа. Үүнийг бид өмнө нь мэдээлж байсан. Ерөнхий сайдын 30 минутын үеэр ч то­дор­хой мэдээлэл өгч байсан. Дахин сануулж мэдээлье. Хөгжлийн банк 30 тэрбум иентэй тэнцэх хэмжээний “Самурай” бонд гаргасан. “Самурай” бонд гэдэг бол зөв­хөн Японд, энэ улсын хө­рөнгө оруулагчдад иенээр гаргадаг тусгай төрлийн бонд. Хөгжлийн банк улсаа төлөөлж анх удаа бонд гаргасан. Бид Японы хөрөнгийн зах зээлийг Монголдоо тодорхой хэмжээгээр нээж өгсөн гэж үзэж байгаа. Энэ бондыг Хөгж­­лийн банк гаргасан ч гэлээ баталгааг нь Зас­гийн газар гаргасан юм.Зас­­гийн газрын баталгааг хангалтгүй гэж үзсэн учраас Японы олон улсын хамтын ажиллагааны банк давхар баталгаа гаргасан. Хоёр давхар баталгаатай байсан учраас “Самурай” бондын хүү нь 1.52 хувь болсон юм. “Чингис” бондын дундаж хүү4.8 хувь гээд бодохоор маш сайн хүү. Шимтгэлийг нь жилд хоёр хувь гэж тогтоосон юм.Японы зүгээс дотооддоо ба­римталдаг журмынхаа дагуу манайх шиг зээлжих зэрэглэл нь B рейтингтэй улсад арван жилийнхээ хоёр хувийн шимтгэлийг нэг дор авсан. Мэдээж бид үүнд нь дуртай байгаагүй. Гэхдээ хамтарч ажиллаж бай­­гаа талаа хүндэтгэх ёстой. Дотоод шаардлага нь учраас биелүүлсэн. Энэ бол ямар нэг зуучлалын хөлс биш. Манай эрсдлийг даасан сан­хүүжилтийн зардал. Хөгжлийн банк 2024 онд энэ мөнгийг төлж чадахгүй байлаа гэж муугаар төсөөлье. Засгийн газар төлж чадахгүй байлаа гэхэд Японы олон улсын хамтын ажиллагааны банк төлөх ёстой юм.Ийм эрсдэл хүлээж байгаа гэдэг утгаараа авсан төлбөр. “Самурай” бонд одоо ч гэсэн хамгийн ашигтай нөхцөлтэй санхүүгийн эх үүсвэр. Энэ бондыг Японы талтай хамтарч ажиллаад дахин гаргамаар байгаа юм. Дотоодод ийм үл ойлголцол үүсэхээр нөгөө тал хамтын ажиллагаандаа эргэлзэх вий дээ гэж санаа зовж байна. Тийм болохоор Японы талаас албан ёсоор ууч­лал хүсч байгаа. “Энэ манай албан ёсны байр суурь биш, зөвөөр ойлгоорой. Бид хам­тын ажиллагаандаа сэт­гэл хан­галуун байгаа” гэж хэлсэн.

-Хөгжлийн банк жилд хэтэрхий их зардал гаргасан гэсэн баримтыг аудитынхан онцолж байгаа. Жишээ нь, таны цалинг зургаан сая гэж ирээд мэдээлж байна. Хөгжлийн банк тийм үрэлгэн байгаа хэрэг үү?

-Манай байгууллага өргөн цар хүрээтэй үйл ажиллагаа явуулдаг. Үйл ажиллагааны зардал гэж гарч таарна.2014 онд долоо орчим тэрбум төгрөгийн зардал гарсан. 133 тэрбум төгрөгийн ашигтай ажиллахын тулд долоон тэр­бум төгрөгийн зардал гарсан. Ажил хийж байгаа улс зардал гаргахаас аргагүй. Зардал нь их, бага гэсэн асуудал ямар ч байгууллага дээр байнга яригддаг. Мэдээж ямар ч байгууллага зардлаа бага байлгахыг бодно. Бид ч тийм зарчим барьж байгаа. Хэд хэдэн мөнгөн дүн яригдаж байна л даа. Миний цалингийн хувьд Хөдөлмөрийн тухай хуулиараа ажил олгогч, эрх­лэг­чийн л асуудал. Хөгжлийн банк Засгийн газрын өмчит боловч ХХК хэлбэрээр зохион байгуулагдсан. Төс­вийн байгууллага биш. Үйл ажиллагааны зардлаа өөрийнхөө орлогоор нөхөөд явдаг. Нөхөж чадахгүй бол үйл ажил­­лагаагаа явуулж чадахгүй гэсэн үг. Улсын төсвөөс ямар ч зар­дал гаргадаггүй.Улсын төсвөөс зардал гардаггүй учраас цалинг ч гэсэн улсаас тогтоодоггүй. Манай банкны ТУЗ бидний цалинг тогтоодог. Хувийн хэвшилтэй өрсөлддөггүй юм гэхэд ойрхон очих хэмжээний цалин тогтоодог. Томилолтын зардалд тайлбар хэлье. Санкт­петербург руу өнгөрсөн жилийн тавдугаар сард Ерөн­хий сайдын айлчлалын багт багтаж томилолтоор явсан. Жил бүрийн тавдугаар сард Санкт-Петербургт ОХУ-ын Зас­­гийн газраас зохион бай­гуулдаг хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт болдог юм. Ми­ний хувьд дөрөв­дүгээр ца­хилгаан станцын санхүүжилтийг Оросын талтай тохирох гэж хойшоо явсан.Санхүүжилт нь шийдэгдээд дөрөвдүгээр станцын өргөт­гөл ашиглалтад ороод явж байна. Монгол, Оросын хооронд сүүлийн арваад жилд хийгдсэн хамгийн дорвитой арга хэмжээ болсон. Энэ томилолтоор явахад зардал нь харьцангуй өндөр гарсан тал бий. Ер нь томилолтын зардал тийм өндөр гардаггүй. Бидний зүгээс чадах хэрээрээ зардлаа хэмнээд явдаг.

-“Мон роуд” компанийг ажлаа эхлээгүй байхад мөнгийг нь шилжүүлсэн гэж байна. Яг ямар хууль эрх зүйн орчин, тендерийн хүрээнд тэр мөнгийг шилжүүлсэн бэ?

-“Мон роуд”-тай холбоотой асуудлыг өмнө нь мэдээлж байсан. Дүгнээд хэлэхэд бид дэд бүтцийн ажлыг зөв­хөн гүйцэтгэлээр нь санхүү­жүүлдэг. Хийгдээгүй ажлыг санхүүжүүлдэггүй гэсэн үг. Төсөв дээр нь буруу тоо яриад байна лээ. Анх батлагдсан төсөв нь 37.2 тэрбум төгрөг байсан. 2013 онд Зам тээврийн яам шийдвэр гаргаад 46.4 тэрбум болгосон юм билээ. Нэмэгдсэн төсвөөр нь тус компанийнажлыг санхүүжүүлээд явсан. Дахин хэлэхэд Хөгжлийн банк төсөв батлуулахадоролцдоггүй. Гүйцэтгэлээр нь санхүүжүүлээд явснаас өөр зүйлгүй. Ажлын нийт гүйцэтгэл нь 53.83 хувьтай байгаа. Санхүүжилт нь 72.9 хувьтай байна. Гүйцэтгэлээсээ давсан нь цаанаа нарийн шалтгаантай. Асфальт битум, цемент татаж авах гэжтүүхий эдийнхээ зардлыг баталгаа гаргаж урьдчилж авдаг юм. Үүнээс илүү албан ёсны мэдээлэл бидэнд алга.

-АТГ-ын шалгалтын асуу­дал юу болж байгаа вэ?

-АТГ-аас албан ёсоор мэдээлэл өгсөн шүү дээ. Шалгалт хийсэн. Шалгалт нь дууссан гэж ойлгож байгаа.

-Хөгжлийн банкинд яг одоо хэчнээн ам.долларын үлдэгдэл байгаа вэ?

-Хөгжлийн банкин дээр 1.4 их наяд төгрөгийн чөлөөт үлдэгдэл байна. Төслүүдээ санхүүжүүлээд явна.

-Бондуудаас санхүү­жүүл­сэн төслүүдийн ихэнх нь мөнгө олохгүй ашиггүй төсөл байна гэсэн шүүмж­лэлд тайлбар хэлээч?

-Хөгжлийн банкны нийт санхүүжилтийн багцыг харахад гуравны нэг нь дэд бүтцэд зарцуулагдсан байдаг. Урт хугацаандаа эдийн засагт үр өгөөжөө өгөх зүйл. Гуравны хоёр нь долларын орлого олох боломжтой, нэг бол хатуу валютын урсгалыг Монголд үлдээх төрлийн үйлдвэржилтийн төслүүд байгаа. Эхнээсээ ашиглалтад орж байна. Энэ онд ч гэсэн том төслүүд ашиглалтад орно. Хамгийн том жишээ гэхэд Таван толгойн сав газарт 600 сая гаруй сая ам.долларын хөрөнгө оруулалт хийчихсэн. Долларын орлогыг бүрдүүлэх гол төслүүдийн нэг шүү дээ. Гадуур яригдаад байгаа шиг ирээдүйд ашиг олох аргагүй төслүүдэд зарцуулсан зүйл байхгүй.

Ц.БААСАНСҮРЭН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *