Categories
мэдээ цаг-үе

Уралынхан

Хүний амьдралд “Нэг ангийнхан” гэдэг хүрээлэл нэг биш удаа үүсэх юм. Эрхэм нандин, дурсамж дүүрэн энэ хүрээллийн ач холбогдлыг үнэлж, бүр бодлого болгон цув­ралаар нийтэлдэгт нь “Өдрийн сонин”-д талар­хал илэрхийлмээр байна гэж Соёлын гавьяат зүт­гэлтэн, сэтгүүлч Б.Галаарид ярилаа. Тэрээр оюутан цагийн он жи­лүүд хэмээх нандин дурсамжаараа хөглөгдөн нэг ангийнхан болж буй их олон хүний тухай өгүүлэх гэж буйдаа баяртай бай­гаагаа илэрхийлсэн юм.

Манайхан их олуулаа. Хэдэн мянган хүн бий.

Анх би энэ ангид 1984 оны намар элсэн орж билээ. Монголын сэтгүүлчдийн холбооны нэр дээр Уралын улсын их сургуульд сэтгүүлч мэргэжлээр суралцахаар Алтай нутгаас Улаанбаатарыг зорьсноор амьдралынхаа нэгэн шинэ үеийн түүхийг бичиж эхэлсэн гэж болно. Энэ түүх үйл явдлаар дэндүү баялаг байв. Анх удаа онгоцоор дүүлж, цахилгаан шатанд орж, галт тэргээр аялж үзэж байгаа нөхөртэр үеийн ЗХУ-ын хаалттай хот Свердловскт хөл тавив. Орос хэлний бэлтгэлгүй, арав төгсөөд шууд очиж байгаа. Хөдөөгийн дунд сургуульд гайгүй хэдэн жил нүдсэн орос хэлний минь мэдлэг галт тэргэнд суухаас л тараа таниулсан гэж болно. Амралтаараа нутаг явж байгаа Зөвлөлтийн мэргэжилтэн эхнэр нөхөр хоёр зэргэлдээ купенд суудал таарчээ. Их яриасаг улс юм. Сэтгүүлч болохоор Свердловск руу явж байгаагаа ямартай ч ойлгуулж чадлаа. Хариуд нь “Хэн даргын хүүхэд вэ?” гэсэн асуулт ирж байна аа. Ямар ч даргын хүүхэд биш гэхээр үнэмшсэнгүй. Хөдөөнөөс ирсэн гэдэгт минь бас итгэсэнгүй. ЗХУ-д, тэр тусмаа сэтгүүлч мэргэжлээр суралцахаар хэл ус муутай нөхөр явж байгаа болохоор тэр хоёр “Чи бол хэн нэг даргын хүүхэд. Улаанбаатарынх биш байж болно. Гэхдээ л аль нэг аймаг, үгүйдээ сумын даргын хүүхэд” гэсэн дүгнэлт хийв. Товчхондоо “Чи бол арын хаалганы нөхөр” гэж дүгнэлээ. “Сэтгүүлч мэргэжлээр гадаадад сурахаар жирийн ардын хүүхэд явдаггүй юм” гэж эхнэр нь дахин дахин хэлж байна. Зөвлөлтийн мэргэжилтэн хүний ёсоор гаргасан дүгнэлтдээ тэд бат итгэлтэй үлдэж билээ. Аймгийн төв дээр орос мэргэжилтэн хараад хүүхэлдэйн киноноос сурсан гадаад хэлний бүх нөөцөө ашиглан“Ну погоди” хэмээн гар занган хашгираад хүмүүст загнуулж явсан миний хувьд орос хүмүүстэй анх удаа ойртон яриа өдсөн түүх минь иймэрхүү.

Свердловскийн галт тэрэгний буудал дээр хиам, консервголдуухан чихсэн орос чемодандаа түүртэн бууснаар би Уралынхан гэдэг ангилалд хамаарах болсон юм. Тэр үед дэлхий ертөнц социалист, капиталист хэмээн хоёр хуваагдсан, хөрөнгөтөн орны төрийн тэргүүнүүд гадаадаар “доншуучилдаг”, харин социалист орныхон нь “айлчилдаг” үе байв. Энэ ялгааг нь олон түмэнд ойлгуулан мэдээлэх үүрэгтэй үзэл суртлын байлдагчид нь сэтгүүлчид. Тэдний нэгэн болохоор Болд, Эрдэнэбат гэдэг хоёр нөхөр бас иржээ. Эрдэнэбат маань Төв аймгийнх. Надтай нас чацуу. Б.Болд болохоор Эрхүүгийн хэлний бэлтгэл төгссөн, ажиллаж байгаад ирсэн, аав нь сэтгүүлч гээд бид хоёроосоо ялгарах юм ихтэй, хөл бөмбөг тоглох дуртай сүрхий эр. Нэгэн цагт Дундговийн сонины эрхлэгч байсан Батмөнх гуайн хүү Болд маань одоо ч сэтгүүлзүйдээ үнэнчээр зүтгэж, “Бизнес таймс” сонинд ажиллаж байгаа билээ.

Эрдэнэбат бид хоёр нэг өрөөнд амьдарч, хүүхэд зангаараа үймүүлж бужигнуулна. Өрөөнд ньорж худал үнэнийг өгүүлэн байж аяга хоол олж идсэнээ “Охин эргүүлэв” хэмээн бодож ихэд баясах. Болд маань хэдэн оймс элээсэн ах хүний хувьдцарайлаг охид олонтой Хөгжмийн сургуулиар гүйж байгаад анхны ханьтайгаа учирч, би гэдэг хүн гэрлэлтээ бүртгүүлэхэд нь гэрч, хүүтэй болоход нь дагуул нь болон үнэнчээр андлан нөхөрлөж байж билээ.

Бид 1984 онд 12-уулаа УрГУ буюу Уралын их сургуульд очсон юм. Зургаан эрэгтэй, зургаан эмэгтэй харийн газар, хүний нутагт анх танилцаж байсан дүр зураг сэтгэлд минь ямагт хадаатай байдаг. Учраа мэдэхгүй, зүгээ ч олохгүй хэдэн хүүхэд том ангийн Галт хэмээх ахыг даган Свердловск хоттой танилцаж, хаанаас унаанд суудаг, аль дэлгүүрээс хүнсээ цуглуулбал дээр болох, троллейбусанд ороод тасалбараа яаж цоолох, сургуулиа хэрхэн олох, вермишель хэмээх нарийн гоймонг хэрхэн түлэхгүй хайрч идэх тухай анхны мэдэгдэхүүнтэй болж байв. Дөрөв таван жил өнгөрөхөд энэ бүхнээ умартаад нэлээд архагшсан сан. Б.Болд бид хоёр нэг удаа сархад уун сагсалзаж, оюутны байрныбалкон дээр үүрээр гаран шүлэг унших юм болов оо. Болд ямар шүлэг уншсаныг санахгүй байна. Би л лав хэзээ ч билээ тэмдэглэлийн дэвтэртээ таталгаж орхисон,

Дорно өрнөгүй хөлд нь сөгдөж мөргөсөн

Дотоод гадаадгүй хүсэлд нь захирагдаж бөхөлзсөн

Догшин Чингис чиний гэгээн алдрыг

Дорой нэгэн бээр үгээр магтахыгхүснэ.

Чингис Чингис чиний нэр

Чихэнд биш зүрхэнд сонсогдоно гэж эхэлдэг шүлгэрхүү юмаа чанга дуугаар уншиж байтал нэг курсийн Майнбаяр маань эсрэг байрны цонхоор нойрмог шагайж ээж шиг минь зад загнан дуугүй болгож, миний шүлэг бичдэг хөг ч тэгсхийгээд замхарсан юмдаг. Энэ мэт хөгтэй хөгжилтэй түүх оюутан ахуйд мөн ч их бий дээ.

Дэлхийн хоёрдугаар дайны үед оросууд нийслэлээ хариугүй алдчих шахан сандарч байх үедээ гол гол үйлдвэрүүдээ Свердловк руу нүүлгэсэн учраас энд стратегийн чухал үйлдвэрүүд төвлөрсөн, түүнийгээ дагаад том том эрдэмтэд бөөгнөрсөн, ер нь л онцгой хот байсан болохоор гадаадынхныг оруулдаггүй хаалттай байв. Харин монголчууд бол он жилийн уртад олон зүйл дээр шалгуур даасан итгэлт андууд учраас хэд хэдэн сургуульд нь сурцгаана. 1984 онд намайг очиход долоо найман зуун монгол оюутан зургаан их дээд сургуульд сурч байсан юмдаг. Борис Ельцин, Николай Рыжков нарыг төрүүлсэн гээд УПИ буюу Уралын политехникийн дээдийнхэн сүрхий бахархана. Свердловскийн уул уурхайн сургуулийнхан эрчүүд голдуу харжигнасан сүрхий сургууль байлаа. Хаант Оросын үед байгуулагдсан эртний сургууль гэдгээрээ их бахархана. Уралын улсын их сургуулийнхан Зөвлөлт засаг байгуулагдаад бий болгосон анхны их сургууль гэж омогшино. Зузаан зузаан ном сугавчилсан оюутнууд уншлагын танхимд сул суудал гарахыг тэвчээртэй хүлээх нь энэ сургуулийн нэг онцлог байлаа. Оны ялгаа байхгүй, зодоон цохионгүй, ер нь огт өөр соёл төлөвшсөн сургууль байв. Свердловскийн улс ардын аж ахуйн сургууль, Багшийн сургууль аль аль нь нэр хүндтэй, бэлтгэн гаргасан боловсон хүчнүүд нь хаа ч очсон үнэлэгдэнэ. Уралын хөгжмийн дээд сургууль бас л чансаатай сургуулийн нэг. Ийм зургаан сургуульд 1980-аад оны дундуур монгол оюутнууд сурч байв. Өөр орны оюутан сурдаггүй болохоор монголчуудыг ялгаж онцгойлохгүй, яг л орос оюутнуудтай адил түвшинд авч үздэг болохоор их чанартай сургадаг байж дээ.

Сурахын зэрэгцээ наймаа арилжаа үсэргэх нь тэр үеийн нийтлэг дүр зураг. Монголоос авч очсон бүхэн сонин содон байсан гэж болно. Манай үеийнхэн тарваган малгай, Дарханы нэхий дээл, савхин хүрэм, нарийн хилэн, тарваганы арьс зэргийг аваачиж зарна. Нэг хэсэг солонгос бэлтгэлийн хувцас, хятад гар нүүрийн алчуур, шаахайг мөн ч их зөөсөн дөө. Хил гаалийн хатуу чанд шалгалтыг яаж ийж даваад л аваад очсон байдаг сан. Төмөр замын хэдэн вагоны дотор ханыг задлан тарваганы арьс нууж хил гаалиар гарсаар сарампай болгосон нүглийн нэлээд хувь нь манай хотын оюутнуудад ноогдох байх. Монгол оюутнууд хичээлдээ явах, галт тэрэг тосох, хар зах гарах, олон нийтийн ажилд оролцох, үдэшлэг цэнгүүн, дуу хуур болох, хайрлаж дурлах, гэр бүл зохиож үр хүүхэдтэй болох гээд бүхнийг амжуулдаг хөдөлгөөнтэй сэргэлэн улс. Уралын оюутнуудын зөөсөн хавтастай том толиор олон монгол айл гангарч, сунгадаг ширээ, зурагтын суурийг нь олон гэр бүл худалдан авсан даа. Ер нь тэр үед хэн овсгоотой, хөдөлмөрч нь л сайн сурч, сайхан амьдарч байсан даа. Жишээ нь, төр түшиж, сайд даргын алба хашиж, олонд нэгэнт танигдсан Ц.Цэнгэл гэхэд лнарийн хилэн өмдийг 28 минутад оёж дуусгаад 25 рублиэр зарчихдаг амьжиргаатай оюутан байсан гэдэг. Тэр үед оюутны сарын тэтгэлэг 70 рубль, тэр нь амьдралд хүрэлцдэг байсан гэхээр лут байгаа биз.

Би Уралд сурсан бүх хүмүүс нийлээд Уралын төгсөгчид гэдэг нэгэн том ангийнхан болж буйг өгүүлэхийн тулд л ийнхүү нуршиж сууна. Тэд Монгол орныхоо хөгжлийн төлөө их юм хийсэн, бахархах амжилт, тайлагнах тайлан ихтэй хүмүүс. Тиймээс сургууль болгон төгсөгчдийн холбоогоо байгуулж, тэдгээр холбоо нь нэгдэн Уралд төгсөгчдийн нэгдсэн холбоо болж, үе үеийн төгсөгчдөө эгнээндээ нэгтгэж эхлээд байгаа юм.

Уралд монголчууд сурч эхэлсэн нь одоо мэдэгдэж буйгаар 1950-иад оны дунд үе. Жил бүр очиж нэг жилийн дадлагажих сургалтад хамрагддаг байсан Орос хэлний дээдийн оюутнуудыг (стажерууд гэгддэг) оруулахгүйгээр тооцоход Уралд хоёр мянга гаруй хүн мэргэжил боловсрол эзэмшсэн тооцоо гарч байгаа юм. Хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин Ц.Пүрэвдорж, Д.Банди, О.Лувсандамдин нарын арваад дуучид хамгийн түрүүнд 1950-иад оны дундуур Уралын хөгжмийн дээд сургууль төгссөн байдаг. Уул уурхайн сургуульд тэр үед цөөхөн монгол сурсан гэх боловч нэр усыг нь одоогоор тодруулж чадаагүй байна. Эрдэнэттэй нэгэн насны амьдралаа холбосон Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Б.Мянганбаяр гэхэд л 1962 онд УПИ-гийн оюутан болж, ариун цэврийн өрөө хаана байгааг асууж мэдэхгүй болохоор хичээлийн завсарлагаагаар оюутны байр луугаа чавхаддаг, ангиа олохгүй учраас нэг орос оюутныг нүдэлж аваад салахгүй дагадаг байснаа инээдэм болгон дурсдаг.

Зандаахүүгийн Энхболд, Б.Жигжид, Ц.Цэнгэл, “Ажнай” Бат-Эрдэнэ, Ж.Отгонбаяр, До.Ганболд, Ц.Оюунгэрэл, “Хурд”-ын Чойжилсүрэн, Н.Батцэрэг, “Датаком”-ын Д.Энхбат, Багануурын гэх Х.Балсандорж, Ногоон намын Д.Басандорж, Төрийн өмчийн хорооны дарга байсан Д.Цогтбаатар, Улаанбаатар хотын дарга асан Г.Мөнхбаяр, ерөнхий менежер Б.Бадрал гээд улс төрд тод мөртэй олон хүн Уралын төгсөгчид хэмээх нэгэн том ангийн эрх тэгш гишүүд.Монголын хөгжмийн зохиолчдын холбооны ерөнхийлөгч Б.Бямбабаяр, Уул уурхайн ассоциацийн ерөнхийлөгч Н.Алгаа, Хүний эрхийг хамгаалах үндэсний холбооны ерөнхийлөгч Д.Цогтбаатар, Барилгачдын холбооны ерөнхийлөгч М.Батбаатар, МСНЭ-ийн ерөнхийлөгч миний бие гээд салбар чиглэлийн тэргүүлэх байгууллагуудын ерөнхийлөгч нар бас нэлээд хэд бий. Эрдэмтэд, үйлдвэрлэлд шинэ бүтээл нэвтрүүлэгчдийн тоо хэдэн арав зуугаар яригдана.

Уралын хөгжмийн их сургуулийг төгссөн Хөдөлмөрийн баатар Ц.Пүрэвдорж, Ардын жүжигчин Ж.Долгор, А.Энхтайван нарын дуучид, төрийн шагналт З.Хангал, Ц.Нацагдорж, Х.Билэгжаргал, Ц.Чинзориг, Б.Шарав нарын хөгжмийн зохиолчид,урлагийн гавьяат зүтгэлтэн, удирдаач Н.Туулайхүү, А.Цэдэн-Иш нарын нэрийг сонссон хэнд ч болов Уралд төгсөгчидМонголын урлагт ямархан хувь нэмэр оруулсан нь тодорхой болно. Ц.Чинзоригийн “Намрын дурсамж”, “Үүлэн цэнхэр хангай”, “Зүүдний говь”, “Ус мөрөн олон чиг” зэрэг дууг аялж өөрийн мэдэлгүй аялчихдаг хүн олон байгаа. Б.Шаравын “Сэрсэн тал”-ыг сонсон омогшиж, Х.Билэгжаргалын хөг эгшигт бүүвэйлүүлсэн хүн ч олон. Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Бямбабаярын “Эрийн сайхан хийморь”-ийг сонсоогүй монгол хүн хэд бол?

Энэ бүхнээ тайлагная, Уралд төгссөн үе үеийнхэн уулзалдаж нэгэн бүлийнхэн цуглая гэсэн санал санаачилга өнгөрсөн оноос хойш гарсан юм.

“Манай ангийнхан” энэ сарын 15-нд Соёлын төв өргөөнд хуран цуглахаар болж, сошиал ертөнцөд нэлээд чимээ шуугиантай түжигнэж буй. Энэ уулзалтаа “Уралын хавар-2015” гэж нэрлэсэн гэж байгаа.Оюутан цагийн гэгээн дурсамжаараа хөглөгдөж, он жилийн урсгалд хийсэн бүтээснээ дүгнэж, Уралын нийслэлд хуримталсан эрдмийн далайгаас шүүрдсэн бүхнээ Монголынхоо хөгжилд зориулснаар ямархан баялгийг бүтээж чадсанаа тайлагнахаар манай “Уралын төгсөгч” ангийнхан энэ уулзалтаа догдлон хүлээж байна. Тэр өдөр бас төгссөн сургуулийнхаа ромбоор бүгдээрээ гангарна гэж байгаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *