Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

П.Очирбат: Монголын эдийн засагт түлхүүр зангилаа болсон хоёр том төсөл бий, гэтэл энийг УИХ дээр саатуулаад байна…

Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат гуай социалист нийгмийн үед Тавантолгойн ордыг ашиглалтанд оруулах төс­лийг тэврээд, Эдийн Засгийн Харилцан Туслалцах Зөвлөл/ЭЗХТЗ/-ийн орнууд руу уйгагүй явдаг байжээ. Өнөөдөр Та­ван­толгойн ордод хөрөнгө оруулах асуудал ид яригдаж байгаа үед түүнтэй уулзаж санал бодлыг нь сонссон юм.

-Тавантолгойн орд газрыг ашиглах тухай асуу­дал бүр дээр үеэс яригдаж эхэлснийг бид хэвлэлээс харж байна. Тухайлбал та­ны үеийнхэн цүнхтэй том гэгч материал тэврээд “соц” орнуудаар явж, хам­тарч ашиглая гээд гуйж гувшихын дундуур ярьдаг байсан гэж сонссон?

-Тавантолгойн орд газрыг эзэмших асуудал хэзээнээс л өндөр ач холбогдолтой байсан юм. Социализмын үед, өөрөөр хэлвэл 1970-аад оноос Тавантолгойн ордоо ашиглаж эдийн засагтаа тус нэмэр болгоё гээд ЭЗХТЗ-ийн орнуудад энэ асуудлыг байнга тавьдаг болсон. Тэ­гэхэд өөдөөс “Газар хол байна, хэрэглэгч нь Европт байна, Европ руу аваачихад алтны үнэтэй шахуу их өндөр зардалтай болох нь” гээд болдоггүй байсан л даа. Ма­най­хаас шалтгаалахгүй олон хүчин зүйл нөлөөлсөөр өнөөдрийг хүрсэн. Одоо бол өөр. Хэрэглэгч хажуу хаяанд байна. БНХАУ бол том хэрэглэгч. Цаана нь Япон, Солонгос, Энэтхэг гээд коксжих нүүрсний хэрэглээ ихтэй орнууд байна. 1970, 80-аад оныг бодвол хэрэглэгч хаяанд ирлээ. Нэг талаас техник технологи, хөрөнгө оруулалт, менежмент гээд бүх асуудлуудыг нэг мөр шийдэх бололцоо нөхцөл бүрдэж байна. Нөгөө талаас Монголын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдалд энэ том орд газраа ашиглаж байж эдийн засгаа өөд нь татах зайлшгүй шаардлага нөхцөл бий болчихоод байна. Нэг талаас хэрэглээ, нөгөө талд боломж бүрдчихээд байхад ашиглахаас өөр арга зам байхгүй гэж харагдаад байгаа юм. Тийм учраас Тавантолгойн ордыг ашиглах асуудлыг чухалчилж үзэх ёстой. Аливаа юманд цаг хугацааны хүчин зүйл гэж байдаг.

-Зарим хүн үнэ унасан үед нь ашиглах хэрэг байна уу гэж асуудаг?

-Цаг хугацаа бол хоёрдмол утгатай. Нэг талаас дэлхийн зах зээл дээр нүүрсний хэрэглээ, үнэ буурах мөчлөг явагдаж байна. Харин нөгөө талаас манай эдийн засаг маш хүнд байдалд, бүр доройтолд орчихоод байна. Яаж энэ хоёрын алтан дунджийг нь олж шийдвэрлэх вэ? Магадгүй манай эдийн засаг сайжраад, дэлхийн зах зээл муудаад байх юм бол нэг их яаравчлаад байх шаардлагагүй байж болно. Гэтэл одоо тийм биш байна. Нүүрсний зах зээл уналттай байгаа энэ мөчлөг дээр хөрөнгө оруулагч өөрөө эрсдэл гаргаад хөрөнгө оруулъя, жаахан ажил амжуулаад авъя, эдийн засаг өсөх үед нь бид бүтээгдэхүүнээ гаргахад бэлэн байж байя гээд байна. Энийг л бид ашиглах ёстой шүү дээ. Наашаа хараад, эрсдлээс айхгүй, бүр эрсдлийг мэдсээр байж хөрөнгө оруулъя гэж байгаа нь хамгийн чухал. Зах зээлд гарахад ихээхэн туршлагатай оролцогч эдний дунд байж байгаа. Тухайлбал би Японыг хэлж байна. Япон бол Азийн бүс нутгийн нүүрсний зах зээлд асар их туршлага хуримтлуулсан өндөр түвшний, мэргэшсэн улс. Өөрийнхөө нүүрсний хэрэгцээг дандаа гаднаас авдаг орон. Тэд Тавантолгойн нүүрсний 30 гаруй хувийг Япон, Солонгос, Энэтхэгийн зах зээл дээр бие даан борлуулах боломжоо өөрсдөө харж, мэдэж байгаа учраас Тавантолгойн төсөлд оролцож байгаа байна. Нүүрсийг худалдан авагчдад таниулна, борлуулна, өөрийн орон зайтай болгоно гэдэг маш хэцүү ажил.

-Уул уурхайн мэргэжлийн холбоод, эдийн засагчид, хувийн хэвшлийнхэн том төслүүдээ эргэлтэд оруулах ёстой гэдэг байр сууриа илэрхийлээд эхэлсэн байна?

-Тэд зөв ярьж байгаа. Тавантолгойн орд газраа ашиглая, олон улсын хөрөнгө оруулалтыг дайчилъя. Тэгэхгүй бол бидэнд хөрөнгийн хуримтлал, технологи алга. Биднийг коксжих нүүрсний том нийлүүлэгч гэж дэлхий одоо ч сайн мэдэхгүй байгаа. Иймээс энэ бүх хүндрэлтэй зүйлээ хүнээр, хөрөнгө оруулагчаар хийлгэе гэсэн шийдвэрийг төр гаргачихсан. Нарийн техник технологи, менежментийн асуудлыг мэргэжлийн Яамд, мэргэжлийн байгууллага, Засгийн Газар нь мэдэг. Энэ хэлэлцээ чинь мэргэжлийн 20 гаруй байгууллагын оролцоотой хийгдээд явж байгаа. Ийм мэргэжлийн байгууллагуудынхаа хийж гүйцэтгэсэн ажлыг эргээд төр хянаж шийдвэр гаргах ухааны юм яриад байдаг нь буруу л байхгүй юу.

-Тавантолгойн асуудлыг ил болгосонгүй, нууцаллаа гэж улс төрчид үзэж байна. Таны бодлыг сонсьё?

-Нууц юм гэж байдаг. Ялангуяа бизнест бол бүр их чухал.Энэ компаниуд чинь бүгд зээл санхүүжилттэй, үйл ажиллагаа, арга менежментээ тэр болгон дэлгээд байдаггүй, дэлгэх ч ёсгүй. Тавантолгой төсөл дээр оржбайгаа гадаадын оролцогчид чинь явагдаж байгаа процессоо эцэслэн шийдэлд хүрэхээс өмнө нэг их дэлгэж яриад байхыг хүсэхгүй. Хагархай хэнгэрэг шиг ийм улс орон дэлхий дээр манайхаас өөр байдаг ч юм уу, үгүй ч юм уу? Ер нь байхгүй болов уу. Ил болгох цаг бий, ил болгох ч ёстой. Бүгдийг нь дэлгэхээр тэр хувьцаа эзэмшигчид хаашаагаа болох вэ? Тэд чинь өөрсдөө бас өрсөлдөгчидтэй, өрсөлдөөн дунд л явж байгаа юм чинь. Улс төрийн намууд, УИХ-ын аль нь ч тэр энэ Тавантолгойнхэлэлцээний явцыг эцэслэж батлахаасаа өмнө нэг их ил задгай болгох гээд хэрэггүй.

-УИХ Тавантолгойн асуудлыг хэлэлцэж эхлэхээр болсон. Үүнийэрхзүйн үндсийг та юу гэж харж байна вэ?

-2006 оны Ашигт малтмалын тухай хуулийн 29.4-т 100 сая америк доллараас дээш хөрөнгө оруулалтын гэрээг УИХ-аар хэлэлцэхээр заасан байлаа. 2013 оны хуулиар тэр заалтыг хүчингүй болгочихсон юм. Ингэж үзвэл Тавантолгойг Засгийн газар өөрийнхөө түвшинд шийдэх эрхзүйн үндэс бий болчихсон. Заавал УИХ-аар хэлэлцүүл гээд байх юм. Энэ бол хэрэггүй нэг дамжлага. Засгийн газар шийдчихсэн бол өдийд энэ гэрээ батлагдчихсан байх байсан. Гэрээ батлахгүй байгаагаа хөгийн юмаар үндэслээд, хувьцаа эзэмшигчдийнхээ саналыг УИХ-д оруулж ир ч гэж байх шиг. 2 сая хувьцаа эзэмшигчийн хурал гэж ямар юм байдаг юм бэ? Тийм юм түүхэнд байхгүй. Бүх ард түмний, сонгогчдын санал асуулгатай адил шахуу том ажил болно. Цаг хугацаа, зардал мөнгө… Ингэж байх ямар хэрэгтэй юм бэ? Хоёрдугаарт, тэр хувьцаа гэж юм байхгүй. Энэ хувьцаа гэдэг чинь “Эрдэнэс Тавантолгойг байгуулахдаа хувьцааг нь бирж дээр гарга, тодорхой хэсгийг нь ард түмэндээ өг” гэсэн л зарчмаар анх өгсөн эд байгаа юм. Гэтэл юун хувьцаа бирж дээр гаргах, өөрөө өөрийгөө яая гэж байгаа.

-1072 ширхэг хувьцааг 2.1 сая хүн эзэмшиж байна гэх. Ашигтай ажилласнаа зарлаад байгаа Эрдэнэс Тавантолгой компаниас бид ноогдол ашиг авах ёстой санагдах юм?

-Эрдэнэс Тавантолгой чинь юун ноогдол ашиг өгөх нь битгий хэл, өөрөө хэдэн миллиард төгрөгийн өртэй байгаа. Надад бол тэр хувьцаа байхгүй, би санал ч өгөхгүй. УИХ-ын дарга З.Энхболд “Та нарын дансан дээр ийм хувьцаа байгаа” гээд телевизээр яриад байна лээ. Тэр чинь худлаа, бодитойгоор байхгүй. Хөрөнгө оруулалтын эрхийн бичиг, хувьцаа эзэмших эрхийн бичиг гэж бодитойгоор хүн бүрт байх ёстой, одоо хэнд ч тийм юм байхгүй. Тараах юм битгий хэл, өөрөө өртэй компани юугаа тараах вэ дээ. 1072 хувьцаагаа авах уу, эсвэл сая төгрөг авах уу гээд асуусан. Азтай хэд нь сая төгрөгөө авчихсан. Сая төгрөгөө авна гээд горьдоод сууж байгаа иргэд одоо ч байна. Ийм баталгаагүй юмыг байгаа юм шиг яриад байгаа нь гайхал төрүүлж байна. Хөрөнгө мөнгөгүй, өрөнд баригдсан Эрдэнэс Тавантолгой компанийн хувьцааны ашиг гэж ярьж байхаар төрийн өмчит Эрдэнэт үйлдвэрийн хувьцааг яагаад ард түмэндээ тараах түгээх ажил ярихгүй байгаа юм? Яагаад ийм бодит боломжоо ашиглахгүй байгаа юм гэж асуумаар байна. Санхүүгийн үйл ажиллагаа чинь заавал баримт түшиж явдаг. Ядахдаа ард түмэндээ тэр хувьцааныхаа бичгийг тараагаад өгчих хэрэгтэй байхгүй юу.

-Улс орны маань эдийн засгийн нөхцөл байдал их хүнд байна гэлцэх юм?

-Консорциумын гурван оролцогч чинь Чалкогийн 150 сая ам.долларын өрийг өөртөө авах нь байна. Тэгээд 4-5 тэрбум ам долларын хөрөнгө оруулалт бас хийх нь байна. Гэтэл дээрээс нь бодитой биш хувьцааны өрийг бас даах уу? Алаагүй баавгайн арьсыг арав хуваана гэгчийн үлгэрийг л яриад байна. Ийм үл бүтэх, үл гүйцэлдэх юмаар шалтаг зааж, “УИХ-д материалаа дутуу дулимаг оруулж ирлээ” гэх ухааны юм ярьж байгаа нь маш буруу. Монголын эдийн засаг хамгийн хүнд байдалтай үедээ байна. Цалингаа хувийн хэвшлийнхэн ч, төрийн байгууллага ч өгч чадахаа байсан. Дэлгүүрээс худалдан авах чадвар байхгүй, борлуулалт маш муу болж байгаа. Зах зээл дээр байгаа жижиг бизнесийнхэн ч мөн ялгаагүй, бөөн гачаалд орсон, бараа нь борлогддоггүй. Түргэн борлох ёстой хүнсний бүтээгдэхүүнүүд хугацаа нь дуусах гээд байдаг. Энэ юмыг саатуулаад байгааг нь харахаар хариуцлага тооцох гэдэг юмыг энэ УИХ-ын даргатай тооцох ёстой гэж би бодоод байгаа юм.

-Оюутолгой, Тавантолгой гэж хоёр том төсөл яригдсаар л байна. Дахиад ч сунжрах магадлалтай байна уу?

-Эндээс гарах хамгийн түрүүчийн арга зам бол Тавантолгойнхоо төслийг хэрэгжүүлээд эхлэх. Ингэвэл хөрөнгө мөнгө ороод ирнэ. Тэр хөрөнгө оруулалт чинь Монголын газар нутаг дээр хийгдэнэ. Туслан гүйцэтгэгч Монголын компаниуд чинь ажилтай орлоготой болно, тэр их мөнгө чинь бүгдээрээ Монголын зах зээл дээр эргэлдэх мөнгө шүү дээ. Монголын эдийн засгийг сэргээхэд том түлхэц өгөх юм нь Тавантолгой. Өөр юм байхгүй ээ. Оюутолгойг мөн л Монголын төр саатуулаад байгаа. Энд нууж хаагаад байх юм ерөөсөө байхгүй.Газрын гүнийхээ уурхайн асуудлыг шийдчих юм бол боломжийн мөнгө ороод ирнэ.

Долларын ханш бараг 2000 шүргээд л байж байна. Гэтэл гадаад валютын эргэлт нэмэгдэхээр төгрөгийн ханш эргээд 1200-1300 хүрээд, өнөөх мөрөөдөл чинь биелэх нөхцөл бүрдэнэ шүү дээ. Монголын эдийн засагт түлхүүр зангилаа болсон гол хоёр том төсөл байгаа, гэтэл энийг УИХ үйл ажиллагаагаараа саатуулаад байна.

-Тавантолгойн төслөөс төмөр замын асуудлыг салгаж, төр өөртөө авах ёстой гэсэн байр суурийг илэрхийлж байгаа хүмүүс бий. Та энэ тал дээр юу гэж бодож байна вэ?

-Дарханаас Шарын голын уурхай руу 52 км төмөр зам тавьж байсан. Энэ бол зөвхөн Шарын голын уурхайн нүүрсийг Дархан, Эрдэнэтийн цахилгаан станц, тэгээд наашаа Улаанбаатар руу зөөх л зориулалттай. Багануурын төмөр зам байна. Бас л нүүрсээ зөөгөөд, нийслэлийн цахилгаан станцуудад авчирч өгдөг зориулалтын төмөр зам. Налайхын төмөр зам ч ялгаагүй, нүүрс тээдэг л зам. Тавантолгой-Гашуунсухайтын төмөр зам бол нүүрсийг Монгол-Хятадын хил хүргээд, цаашаа хар төмөрлөгийн үйлдвэрүүд, далайн боомтод хүргэх тээврийн зориулалттай л зам. Нэг их мундаг улс төрчид “Үндэсний аюулгүй байдал” энэ тэр гэж ярьсаар байгаад Тавантолгойн төмөр замыг 7 жил саатуулаад хаясан шүү дээ. Одоо эрх биш стратегийн төмөр зам гэхээсээ хэрэглэгчдэд нүүрсээ хүргэх төмөр зам юм байна гэж ойлгосон байлгүй дээ. Уул нь төмөр замаа түрүүлж барих ёстой юм. Аргаа бараад авто зам тавьсан. Гэтэл 30 сая тонн нүүрс нэвтрүүлэх чадвар авто зам дээр нь байхгүй шүү дээ. Шарын голын төмөр замыг Монголын цэргийнхэн барьсан юм. УБТЗ-ынхан энийг баръя л гэвэл барина. Төмөр зам бол Тавантолгойн үйлдвэрлэлийнх нь технологийн нэг дамжлага, салгаж ярих ямар ч утга байхгүй.

-Тавантолгойгоо дараад байя гэх хүмүүс ч бий?

-Эргэлтэнд оруулах нь өнөөдөр бидэнд хэрэгтэй байна шүү дээ. 200 жилийн дараа Тавантолгойн нүүрс хэрэггүй болчихсон ч байх юм билүү, хэн мэдлээ. Зах зээл байна, хэрэглээ байна, нөөц байна. Энийгээ ашиглаж ядаж ирээдүйнхээ хөгжлийн суурийг тавьдаг бай­гаа даа. Хуримтлалыг ядаж бий болгодог байгаа даа. Монголын улс төр гөжүүд сөргөлдөөн маягийн муу юм руу ороод байгаа байхгүй юу. Энд цөөхөн тодорхой хүн нөлөөлөөд байгаа юм.

-УИХ-ын дарга Таван­толгойн хөрөнгө оруулалтын гэ­­­рээнд гарын үсэг зурдагийн даваан дээр татаж авсан. Та энэ үйлдлийг юу гэж ха­рав?

-Яагаад УИХ-ын дарга ин­­гээд байна гэдэгт би бүр гайхаад байгаа юм. Би З.Энхболдыг мэднэ л дээ. Уул нь электроник инженерээр төгссөн, их нарийн мэргэжлийн, дав­гүй боловсролтой залуу шүү дээ. Одоогийн гаргаад байгаа ааш араншинг нь би ерөөсөө ойлгохоо байсан. Улс төрд маш буруу үйлдэл хийгээд байгаа харагдах юм. Ийм чухал асуудлыг цаг хугацааны хүчин зүйлтэй холбогдуулаад битгий улс төрийн аргаар шийдэх гээд байгаач ээ. Энэ чинь өөрөө эдийн засаг, бизнесийн асуудал. Энийг эдийн засаг, бизнесийнх нь хүрээнд шийдвэрлэх боломж олгооч.

-Ардчилсан нийгмийн тулгуур зарчим бол хувийн хэвшлийг дэмжиж, чөлөөт зах зээлийг нээсэн явдал байлаа. Гэтэл буцаад социалист нийгмийн аргаар асуудалд хандах гээд байх шиг ажиглагдах юм?

-З.Энхболд бол ардчиллын төлөө зүтгэж тэмцэж явсан залуучуудын нэг,хэдий хожуухан орж ирсэн ч гэсэн. Ардчилсан хувьсгал чинь төрийн тогтолцоогоо ардчилах, эдийн засгаа ардчилах, энэ бүх зүйлийн төлөө тэмцсэн тэмцэл. Эцсийн дүндээ Монгол орноо хөгжүүлье л гэсэн. Монгол орноо хөгжүүлэх нэг түлхүүр асуудал чинь Та­ван­толгой болчихоод байна. Чи ардчиллын төлөө гэсэн нөгөө том зорилготойгоо зөр­чилдөхөөр байр суурь яагаад эзэлчихэв ээ? Наад үйлдэл, ам ажил хоёр чинь ардчиллын төлөө байна уу, ардчиллын эсрэг байна уу? Олон албан тушаал давхар эзэмшдэгээ болиоч ээ. УИХ-ын дарга бол УИХ-ын дарга л байгаач. Намын дарга байгаад яах юм? Ю.Цэдэнбал, Ж.Батмөнхөөс чи юугаараа ялгагдаж бай­гаа юм? Ю.Цэдэнбалыг чинь хамаг албантушаалыг өөртөө төвлөрүүллээ гээд, энэ Ж.Батмөнхийг бас л Төв хороо, АИХ-ын Тэргүүлэгчдийн дарга, МАХН-ын Төв Хорооны ерөнхий нарийн бичгийн дар­га энэ тэр гээд нам, төрийг хуралтай нь бүгдийг нь зан­гидаад, болохгүй байна гээд аваад хаясан. З.Энхболд өнөө­дөр эрх барьж байгаа намын дарга, дээр нь УИХ-ын дарга. Нам руугаа харж мундагдаад л, нөгөө тийшээ харж УИХ-ын гишүүд рүү зандчаад л. Намын бүлгүүдийг ингэ, тэг гээд л. Албан ту­шаал хэт төвлөрүүлэхийн хор уршгийг социализмын 70 жилд мэдчихээд тэрнээсээ арайхийн салаад ардчилсан нийгэм тогтоосон. Тэгээд бу­цаад нөгөө социализмын загвараараа явах ямар утга байна аа?

-Хуучин нээрээ л намын шийдвэрээр бүх асуудал шийдэгддэг байсан.Хүмүүс энэ үеийг мартаагүй байгаа байх шүү?

-Социализмын үед На­мын Төв Хороо, Сайд нарын Зөвлөлийн хамтарсан тогтоо­лоор эдийн засгийн гол асууд­лыг шийдэж байсан юм. Гэхдээ шийдэж байсан нам нь өөрийгөө шүүмжилдэг байсан. “Бид нар энэ эдийн засгийн ажил руу хэт ороод байна, Засгийн газар нь энэ эдийн засгийнхаа ажлыг хийг. Нам бол өөрийнхөө улс төрийн ажлыг хийе” гэж тэр үед хүр­тэл ярьж байсан. Ярьж байсан боловч хийж чаддаггүй байсан юм. Тэгсэн одоо ямар ч ялгаа алга. Намын бүлэг тэгж шийдсэн, намын бүлгийн шийдвэрийг УИХ батал гэж байна. МАХН-ын Төв Хорооны Улс Төрийн Товчооны тогтоол гараад тэрнийг нь АИХ-ын чуулган баталдаг байсан байх­гүй юу. Энэ хоёрын хоо­ронд ялгаа байна уу? Намын шийдвэрийг баталдаг, тэрнийг нь УИХ гэнээ гэж. Тийм то­мъёолол, тодорхойлолтод орох болчихоод байна. Ингэж огт болохгүй. Төрийн ажил төрийнхөөрөө, намын ажил намынхаараа, эдийн засаг аж ахуйн ажил түүгээрээ л яваг.

-Гэрээ цуцлагдвал хийх нөхөн төлбөрийг тойрч баа­хан ярих шив?

-Монголчууд бид хүнд ит­гэх нь бүү хэл, өөрөө өөртөө итгэх итгэлээ алдсан байна. Сая Тавантолгойн гэрээнд тусгагдсан нөхөн төлбөрийн асуудлыг их шүүмжилж байна лээ, ялангуяа улс төрчид. Бид нар чинь бусдын итгэлийг алдаж гүйцэж байгаа шүү дээ. Хөрөнгө оруулагчдыг жигшээчихсэн байгаагаа хү­лээн зөвшөөрөх ёстой. Нөхөн төлбөрийн асуудлыг хийхгүй бол яагаад ч болохгүй. 200-300 лицензийг нь хүчингүй болгоод хаячихсан. Нөгөөдүүл чинь баахан хөрөнгө оруул­чихсан, нэхээд сууж байгаа. Бид нар заримыг нь төлж дийлэхгүй, хорь гучин мил­лиард доллараар хэмжигдэх өр төлбөр гараад ирсэн. Наад захын жишээ бол Хан ресурс. Бөөн мөнгө оруулаад хайгуулаа хийчихсэн, одоо “цуцаллаа” гээд бид хөөчихсөн. Ийм аймшигтай эрсдлийг бид хөрөнгө оруулагчдад уч­руулсан гашуун муу туршлага байхад том хөрөнгө оруулагчид “эд­нийх аюултай,ааш нь хөдлөөд больчихвол яах юм бэ” гэж бодох нь зүй ёсны хэрэг. Нөхөн төлбөрийн асуудлыг хийхгүй бол баларна гэдгийг бид өөрсдийнхөө араншингаар дэлхийн өмнө харуулчихсан хүмүүс. Яагаад Орос Хятадын хооронд явдаг хийн хоолой, нефтийн хоолой Монголоор дайрахгүй байгаа вэ? Ерөөсөө л бидэнд итгэхгүй байгаатай холбоотой. Нэг айхтар улстөрч ирээд “крант”-ыг нь хаачихвал яах хэрэг вэ? Бидэнд ингэтэл итгэл алдарч байгаа байхгүй юу. Тийм учраас гэрээнд нө­хөн төлбөрийн асуудлыг тусгахаас өөр аргагүй. Сайн талаас нь харвал, ингэснээрээ Монгол Улс том баталгаа гаргаж байна аа гэсэн үг. “Бид нар ийм нөхөн төлбөр хийх нөхцлөө биччихсэн юм чинь бид нар ингэж төлбөр төлөх нөхцөл бүрдүүлэхгүй ээ. Та нар бидэнд итгэж болно оо” гэсэн үг. Нөгөө тал ч гэсэн гэрээгээ цуцалж болно, бид ч бас гэрээгээ цуцалвал төлбөр нэхнэ шүү дээ. Аливаа юманд чинь харилцан ашигтай байх, харилцан хариуцлагатай байх зарчим гэж байдаг юм. Энэ болгон чинь гэрээнд тусдаг ёстой.

-Тавантолгой төслөөс Монголын нийгэм, эдийн засагт орж ирэх үр өгөөжийг та яаж харж байна вэ?

-Хөрөнгө оруулалтын гэ­рээг Засгийн газар батлаад явах ёстой, энэ бол УИХ-д хамаагүй. Уул уурхай чинь эдийн засгийн том салбар. Хөгжлийн өндөр түвшинд хүрсэн Англи, Герман, Хятад, Австрали, Канад өнөөдрийн эдийн засгийн эрх чөлөөнд хүрсэн суурь нь уул уурхай шүү дээ. Тавантолгой бол том хөтлөгч болно. Техник технологи, боловсон хүчин, бэлтгэн нийлүүлэгч, туслан гүйцэтгэгч хэдэн зуун ком­панийн ажилтнууд, хэдэн зуун мянган монгол хүн ажлын байртай болно. Ингэснээр цалин хөлс, орлого, хадгаламж энэ бүх юм чинь бий болно. Улс хөрөнгийн хуримтлал үүс­гэх хөрс суурьтай болно. Энэ улс орон яаж дандаа зээл дээр амьдрах вэ дээ? Айл хүртэл чимх давс, атга цай гуйж олон жил амьдрахгүй шүү дээ. Тэр болгоныг чинь тэтгэх суурь бол энэ том ордууд. Гэхдээ 200-300 жил зөвхөн энэ уул уурхай дээр амьдарна гэж огт бодохгүй байна. Одоо хуримтлал бий болгох суурь бол ашигт малтмал, эрдэс баялаг байгаа юм. Энийгээ идэж уугаад асгачихалгүй, хадгалж хуримтлуулах ёстой. Эдийн засгийг солонгоруулна, барина гээд байна шүү дээ. Тэр солонгын долоон өнгийг бий болгох суурь нь эрдэс баялаг байгаа юм. Эдийн засаг аятайхан өсөөд, дотоодын нийт бүтээгдэхүүн арайхийж 17 хувь хүрээд иртэл хөрөнгө оруулалтыг тараагаад хаясан. Гэтэл хуримталсан юм байхгүй, ийш тийш нь баахан цацааад, нөгөөх ашигт малтмалын үнэ буурсан чинь хадгалсан хуримтлуулсан юм байдаггүй ээ.Нэг жаахан мөнгө ороод ирэхээр есөн шидийн юманд зардаг айл байдаг шүү дээ. Энэ улс тийм л болсон. Одоо цаашид тийм байж болохгүй. Төрийн бодлого чинь улс орны­хоо эдийн засгийг хөгжүүлэх, ард түмнийхээ амьдрал ахуйг сайжруулахын төлөө үүрэг хүлээдэг, ард түмний төлөөлөл шүү дээ.

-Танд баярлалаа

Н. ГАНТӨГС

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *