Хагас жил үргэлжилсэн үндэсний супер лигийн тэмцээн өнгөрөгч бямба гаригт өндөрлөсөн. Лиг дуусахад сагсан бөмбөг сонирхогчид “Энэ жилийн арван нэгэн баг тун ширүүн өрсөлдсөн. Ер нь хэн нь ч аварга болж мэдэхээр эн тэнцүү тоглолоо. Энэ нь Монголд сагсан бөмбөг одоо л зөв замаар хөгжиж байгааг илтгэж байна” хэмээн дүгнэж байв. Хүрэл медалийн төлөө “SBL Хасын хүлгүүд” баг “Увс Эрдэнэдрийлинг Ригс” багтай таарч Хасын хүлгүүдийн хожлоор дууссан. Харин аваргын төлөө “Дундговь Альянс Тех Харцага” баг “Дорнод Танан гарьд”-тай тоглож Харцагууд тав дахь удаагаа лигийн аваргаар шалгарсан юм. Лигийн түүхэнд хамгийн олон удаа түрүүлж байгаа “Дундговь Альянс Тех Харцага” багийнхантай уулзлаа.
Б.МӨНХБОЛОР: МАНАЙ БАГИЙНХАН ӨНӨӨДӨР ДУНДГОВЬ АЙМГИЙН ХҮҮХЭД, ЗАЛУУСТАЙ УУЛЗАНА
Тус багийг “Альянс Тех”, “Дундговь Мөнхболор” сан хамтдаа санхүүжүүлсэн юм. “Дундговь Мөнхболор” сангийн тэргүүн Б.Мөнхболортой уулзлаа.
-Харцагын хоёр ивээн тэтгэгчийн нэг нь “Дундговь Мөнхболор” сан. Ямар үйл ажиллагаа явуулдаг вэ. Мөн Харцага багтай хэзээнээс хамтарч ажиллаж байна вэ?
-Манай сан Дундговь аймагт үйл ажиллагаагаа явуулдаг. Боловсрол, эрүүл мэнд, урлаг, спорт, байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Сангаа 2008 онд байгуулж байлаа. Хөрөнгийн эх үүсвэр нь миний хувийн бизнесээс эхтэй. Бас залуусыг дэмждэг найз нөхдийн минь дэмжлэг бий. Харцага багтайгаа өнгөрсөн есдүгээр сараас буюу лигийн улирал эхлэхийн өмнө холбогдож хамтран ажилласан. Би бага байхын сагсан бөмбөг тоглодог байлаа. Долдугаар ангид байхдаа өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцон хүрэл медаль авч байсан. Үндэсний сагсан бөмбөгийн холбооноос маш сайн менежмент явуулж багуудыг чанаржуулж байгаа болохоор дэмжиж оролцлоо. Дээрээс нь манай Дундговь аймгийн иргэд манай багийг сэтгэл зүрхээрээ маш их дэмжсэн. Маргааш (өнөөдөр) бид Дундговь руу явна. Аймгийн удирдлагууд манай багийнхныг урьсан. Тэнд очоод хүүхэд, залууст сагсан бөмбөгийн спортыг сурталчлах юм. Тамирчид маань үзүүлэх тоглолт хийнэ. Бас аймгийн шигшээ багтай нөхөрсөг тоглолт хийхээр болсон.
-Өнгөрсөн лигийн улиралд танай сангийн зүгээс багаа хэдэн төгрөгөөр санхүүжүүлэв?
-Ерөнхийдөө манай багийн хувьд өнгөрсөн лигийн улиралд 240 гаруй сая төгрөг зарцуулсан. Энэ мөнгийг манай сан “Альянс Тех” ХХК-тай хамтран гаргасан. Бид хахаж цацсан мөнгөтэй биш. Гэлээ ч чадлынхаа хэрээр залуусыгаа дэмжих хэрэгтэй. Энэ дэмжлэгийн үр дүнгээр манай улсын сагсан бөмбөгийн шигшээ багийнхан олон улсад амжилт гаргах байх.
-Дээрх мөнгө голдуу тамирчдын цалинд зарцуулагдах уу?
-Легионер тамирчин авчрахад ихэнх мөнгө явчихдаг. Браун гээд NBA-д тоглож байсан тамирчин авчирсан. Гэтэл Монголд ирээд удаагүй байхдаа эрүүгээ хугалчихсан. Тэрний эмчилгээний зардал, гадаад тамирчдын байр, хоол, замын зардал гэсээр ихэнх мөнгө нь явчихдаг. Бас манай баг лигийн эхний тойрогт гадаадаас дасгалжуулагч авчирсан. Тэр бүхэнд маш их хөрөнгө хаясан.
-Легионерууд дунджаар хэдэн төгрөгийн цалинтай вэ. Бас монгол тамирчдыгаа яаж үнэлдэг вэ?
-Монгол тамирчдын хувьд харилцан адилгүй цалин авч байгаа. Ихэнх багийн тамирчдын дундаж цалин сая гаруй төгрөг байх. Манай багийн Г.Баттөр, Б.Одбаяр нар гадаадад сурч байгаад тэмцээний дундуур ирсэн. Тэгэхээр аль болох боломжийн цалин өгөхийг хичээсэн. Ер нь манай зарим тамирчид легионеруудтай ижил хэмжээний цалин авч байгаа. Легионерууд бол сар бүр 2500-4000 ам.долларын цалинтай. Хамгийн гол нь тамирчдыгаа үнэлдэг, тамирчид маань өөрсдийн ур чадвараа үнэлүүлдэг байх ёстой.
А.АЛТАН-ОЧИР: МАНАЙ БАГИЙН ДОТООД УУР АМЬСГАЛ, ЭВ НЭГДЭЛ БИДНИЙГ ЯЛАЛТАД ХҮРГЭСЭН
“Дундговь Альянс Тех Харцага” багийн ерөнхий дасгалжуулагч А.Алтан-Очиртой уулзлаа. Тэрээр өнөө жил 26 настай.
-Тан шиг залуу дасгалжуулагчтай баг лигт байхгүй. Гэхдээ л багаа түрүүлүүлж чадлаа шүү.
-Багийнхандаа л их баярлаж байна. Бас “Альянс Тех”-ийн Баясгалан захирал, “Дундговь Мөнхболор” сангийн тэргүүн Б.Мөнхболор хоёр болон компанийн хамт олонд маш их баярлаж байгаа. Бас туслах дасгалжуулагч Ганхөлөг ахдаа талархаж байна. Миний хувьд лигийн тэмцээн эхлэх үед ерөнхий дасгалжуулагчаар ажилласан. Эхний тойрогт лигийг тэргүүлж байлаа. Харин хоёрдугаар тойрог эхлэх үед гаднаас дасгалжуулагч авчирснаар нэг хэсэг хүнд байдалд орсон. Гаднаас дасгалжуулагч авчрах саналыг би өөрөө багийн эзэддээ тавьсан юм. Би залуу хүн учраас гадны мэргэжилтнээс сурах зүйл их байсан. Хэдийгээр тэр үед гадаад дасгалжуулагчийн цоо шинэ системээр ажиллаад олон удаа дараалж хожигдсон ч гэлээ бидэнд сурсан зүйл их бий.
-Легионер болон монгол тамирчидтай нэгэн зэрэг ажиллах ямар байдаг вэ. Тэр олон эрчүүдийг зангидсан гар мэт нэгэн цул байлгана гэдэг тийм ч амар биш байх?
-Легионер, монгол тамирчинтай зэрэг ажиллана гэдэг цэвэр дасгалжуулагчийн арга барилтай холбоотой. Гэхдээ нэг үеэ бодвол манайхан легионеруудтай ажиллаад сурчихлаа. Харин олон эрчүүдийг нэгтгэх бас тийм ч амар зүйл биш ээ. Ялангуяа залуу хүний хувьд тийм амархан хийх зүйл биш. Манай багийн зарим тамирчин надаас ах. Гэсэн ч дасгалжуулагч гэдэг утгаар манайхан бүгдээрээ надад хүндэтгэлтэй ханддаг. Дээрээс нь залуу дасгалжуулагчтай байна гэдэг багийн дотоод уур амьсгалыг сайжруулдаг байж болох юм. Би багаа бусадтай харьцуулбал коллектив сайтай гэж хэлнэ. Дотоод уур амьсгал сайтай нь биднийг ялалтад хүргэсэн гэж бодож байгаа. Бас хамгаалалтын тал дээр үнэхээр хүчирхэг.
-2014-2015 оны лигийн тэмцээн дуусчихлаа. Дараагийн лиг эхэлтэл тамирчид юу хийдэг юм бэ?
-Тамирчид маань нас насны шигшээ багт хуваагдаад явчихдаг. Тэнд хуваарилагдаад бэлтгэл сургуулилт хийн тэмцээн уралдаанд оролцоод явчихдаг. Хамгийн гол үе бол зун шүү дээ. Тэмцээнгүй ч гэлээ тамирчид биеэ бэлддэг. Жин багатай нь жингээ нэмэх, залалт тааруу бол сайжруулах, шидэлтээ улам сайжруулах гээд ид бэлтгэлийн үе одоо л эхэлж байна. Харин лиг эхлэхээс хоёр сарын өмнөөс эхлэн эрчимжүүлсэн бэлтгэл эхэлдэг юм. Хараад байхад Монголын сагсан бөмбөг хөгжлийнхөө шат руу орчихлоо. Азид бол гараад ирчихлээ шүү дээ. Ер нь тамирчид маань биеийн хөгжил, ур чадвар, техникээрээ гадныхнаас дутахааргүй болчихсон. Одоо гол асуудал нурууны өндөрт л байгаа. Гэхдээ энийг шийдэж болно.
-Яаж?
-Өндөр нуруутай, төвийн легионер тоглогчийг иргэнээ болгоод авч болно. Манайд тоглож байсан Вүүдс, Лавсон зэрэг легионерууд маань Монголын иргэн болъё гэсэн хүсэлтээ гаргаж байлаа. Ер нь гадны тамирчид манай улсын иргэн болох хүсэлтээ илэрхийлдэг.
-Тэгвэл яагаад одоо болтол Монголын иргэн болсон легионер байхгүй байгаа юм бэ?
-Яг үнэндээ бид нэгэнт л Монгол Улсын иргэн болгож авах гэж байгаа бол маш өндөр зэрэглэлийн тамирчид авмаар байна. Ид өсөж яваа залуу тамирчин байх хэрэгтэй. Олон жил Монголын шигшээд тоглох өндөр ур чадвартай тамирчин хайж байгаа гэсэн үг.
П.БОЛОРТУЛГА: МАНАЙХ ХАМГААЛАЛТ САЙТАЙ
Тус багийн ахлагч П.Болортулгатай уулзав.
-Лигийн хоёрдугаар тойрогт танай баг зургаа дараалж хожигдсон. Тэр үед плэй офф-т шалгарч чадахгүй нь л гэж бодож байлаа шүү?
-Тийм хүнд үе байсан. Манай баг өнгөрсөн жилийн мөнгөн медалийн эзэн. Тэр утгаараа плэй офф-т гарч ирэхгүй бол хэцүү шүү дээ. Тиймээс сэтгэл санааны хувьд ч тэр хүнд байлаа. Олон дараалсан хожигдол гадаад дасгалжуулагчтай холбоотой байх. Яахав тэмцээн эхлэхээс өмнө ирээд бэлтгэл хийсэн бол бие биетэйгээ ойлголцох байсан болов уу.
-Ирэх жил танай багийн гол цөм болох Б.Одбаяр лигийн тэмцээнд тоглохгүй. Бас Г.Баттөр эзгүй байх шинжтэй. Тэгэхээр голдуу залуу тамирчидтай үлдэх гээд байна уу?
-Сая тэмцээн эхлэхийн өмнө манай хоёр хоёулаа эзгүй байсан шүү дээ. Тиймээс байгаа залуустайгаа тоглоно гэсэн бодолтой, бэлтгэлтэй байсан. Арав гаруй залуучууд байгаа шүү дээ. Тэгэхээр нөөц байгаа гэсэн үг. Б.Одбаяр, Г.Баттөр хоёр маань хэрэгтэй үедээ багтайгаа нийлж ялалтад хүргэсэн. Харин дараа дараагийн лигийн тэмцээнд тоглох шижигнэсэн залуус бий. Ер нь манай баг багийн тоглолт сайтай.
-Бас хамгаалалт сайтай, давж гарахад хэцүү гэдэг?
-Хамгаалалт бол үнэхээр сайн. Тэр бол манай багт суучихсан, багийн үнэт зүйл. Гэхдээ манай ихэнх тоглогчид хувийн хамгаалалт сайтай. Ерөнхийдөө багууд маань өөрсдийн гэсэн давуу талтай байдаг.
-Ер нь өнгөрсөн улиралд танай багт олон онцлог байсан юм шиг байна. Жишээлбэл, хамгийн олон залуу тоглогчтой нь Харцага байлаа?
-Гурван залуу тоглогч байсан. Угаасаа багууд хойч үеэ бэлдэж явах ёстой. Шинээр орж байгаа залуучууд маань дөрөв, таван жилийн дараа гараад л ирнэ. Ах нар байж бай гээд л пижигнүүлнэ дээ. Манайд тоглож байгаа хоёр Дөлгөөн, Мишээл гурав бол сурагчийн ширээнээсээ орж ирсэн хүүхдүүд. Одоо ямар сайн тоглож байгааг харж байгаа байх.
-Танай багийн нандин зүйл юу байдаг вэ?
-Дотоод уур амьсгал сайтай гэж хэлнэ. Нэг цөм болж чадсан. Арван хэдэн залууг атгасан гар шиг цул болгож чадсан нь манай хоёр дасгалжуулагчтай холбоотой.
-Талбайд тоглож байхад үзэгчдийн зүгээс орилох сонсогддог уу. Хөөе дамжуул, шидээч гээд янз бүрээр л хашхирдаг даа?
-Сонсогдоно шүү. Гэхдээ айхтар ач холбогдол өгөөд байхгүй. Фанатууд маань аль болох сайн тоглоосой гэж хүсдэг болохоор заримдаа хэрэгтэй зөвлөгөө ч өгнө. Гэхдээ ер нь хөгжөөн дэмжигчдийн уухай сэтгэл зүйд их нөлөөлдөг юм. Манай багийн фанатууд маш мундаг. Тэмцээн болох үед нэг газар цуглаад цуваа болж явах жишээтэй. Сая бид аварга болсныхоо дараа фанатуудтайгаа нэг оройг өнгөрөөсөн. Фанатууд маань бид нартай аваргын цомоо барьж зургаа авахуулаад, ярилцаад нэг оройг дурсамж дүүрэн өнгөрөөсөн.
-Легионер тамирчдыг анх ирж байхад хамт тоглохдоо сүрддэг байв уу?
-Легионерууд 2011 оноос эхэлж ирсэн шүү дээ. Тэр үед бас жаахан биеэ барьсан маягтай тоглодог байлаа. Одоо бол ямар ч асуудалгүй. Яг л ижилхэн түвшинд үзэж байгаа. Легионерууд ирснээр тамирчдын ур чадвар хурдтай өссөн гэж боддог.
С.АЛТАНЦЭЦЭГ