Categories
мэдээ улс-төр

Ирэх онд цалин, тэтгэвэр нэмэхгүй

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ. Уг төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн 84.6 хувийн саналаар хэлэлцэхийг нь дэмжсэн юм.

Засгийн газар Үндсэн чиглэлийг боловсруулахдаа ирэх онд эдийн засгийн өсөлт 5 хувь, инфляци 6-7 хувьтай байхаар төсөөлсөн бол нэг хүнд ногдох ДНБ-ийн хэмжээ 4400 ам.доллартай тэнцэхээр тооцсон аж. Өөрөөр хэлбэл, макро эдийн засгийн бодлогын хүрээнд эдийн засгийн тогтвортой байдлыг хангаж, нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээг нэмэгдүүлэх, инфляцийн түвшинг 1 оронтой тоонд байлгах бодлогыг 2016 онд хэрэгжүүлэхээр төсөлд тусгажээ. Мөн ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх замаар ажилгүйдлийн түвшинг бууруулж, 7 хувьд хүргэхээр төлөвлөсөн байна.

Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн С.Бямбацогт ирэх онд цалин, тэтгэвэр нэмэх эсэх, ажлын байр шинээр бий болгоход хэрхэн анхаарах талаар тодруулахад Сангийн яамны Эдийн засгийн бодлогын газрын дарга Г.Батхүрэлийн тайлбараар ирэх онд цалин, тэтгэвэр нэмэхгүй юм байна. Энэ нь эдийн засаг хүнд байгаатай холбоотой гэсэн.

Харин УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан 2016 оны Үндсэн чиглэлийг боловсруулахдаа Засгийн газар Монголбанкнаас санал аваагүй нь голлох бодлогын баримт бичгүүд хоорондоо уялдаагүй болж мэдэх эрсдэл хүлээж байгааг сануулав. Ингэхдээ гадаадын шууд хөрөнгө оруулалт саарсаар -74 ам.долларын алдагдалтай гарсныг онцоллоо.

Тэгвэл УИХ-ын гишүүн А.Тлейхан, 2016 онд 130 бодлогын арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн юм байна. Эдгээрийг хэрэгжүүлэх мөнгө хаана байгаа юм бэ. Төлөвлөсөн зорилтууд биелсэн эсэхийг хэрхэн дүгнэх вэ. Биелээгүй тохиолдолд ямар албан тушаалтанд хэрхэн хариуцлага тооцохыг тодруулав. Үүнд Сангийн яамны Эдийн засгийн бодлогын газрын дарга Г.Батхүрэл “Манай яам 2016 оны Үндсэн чиглэлийг боловсруулахдаа салбар яамд, холбогдох байгууллагуудаас саналыг авч нэгтгэсэн. Яамд, газруудаас нийт 436 арга хэмжээг хэрэгжүүлэх санал ирүүлсэн. Тэдгээрийг хэрэгжүүлэхэд 20.3 их наяд төгрөгийн санхүүжилт шаардлагатай байсан. Ингээд яам, холбогдох газруудтай ярилцаж байгаад нийт 130 арга хэмжээг багцлан оруулж, шаардагдах хөрөнгийн хэмжээг 3.8 их наяд болгон бууруулсан. Үүний 233.9 тэрбум нь улсын төсвөөс гарах бөгөөд урсгал арга хэмжээнд зарцуулах мөнгө юм. 3.1 их наяд төгрөгийн арга хэмжээ нь концессын гэрээгээр хийгдэх ажлууд байгаа. Эдгээр нь улсын төсөвт ачаалал өгөхгүй” хэмээн хариулсан юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *