Categories
мэдээ нийгэм

Хараа голын гүүр нурахад ойрхон байна

guur

Дархан-Уул аймгийн Мэргэжлийн хяналтын газраас эрхлэн Дархан сумын гуравдугаар багийн нутаг дэвсгэрт дэх Хараа голын төмөр бетон гүүрэнд шалгалт хийжээ. Шалгалтаар уг гүүрний зорчих хэсгийн асфальт бетон хучилтад хагарал үүсч, хучилт хуйларсан, конусын хамгаалалтын бетон бүтэц хөдөлгөөнд орсныг тогтоосон байна.

Мөн гүүрний хэв гажилтын заадас зарим хэсэгтээ цоорч хагарсан, заадсын төвшин зөрсөн, ус тусгаарлагч ажилладаггүй, ус зайлуулах хоолойг цэвэрлээгүй, зорчих хэсгийн гадаргуугийн ус доош нэвчин дам нуруу болон залгаасаар шүлт үүссэн, завсрын тулгуурын суурийн их бие эвдэрсэн, далан, конусын бэхэлгээг засварлаагүй, хайс хазайсан нь тогтоогджээ.

Мөн уг гүүрний зарим дам нурууны гадаргуунд бетон ховхорч арматур нь ил гарсан, консолон дам нуруу, тулах хэсэг хөдөлгөөнд орсон, төгсгөлийн хавирганы хэсэг, ган тулах хэсгийн засвар арчлалт хийгдээгүйгээс хамгаалалтын бетон эвдэрчээ. Энэ бүхэн нь сүүлийн жилүүдэд гүүрэнд урсгал засвар хийгээгүйтэй холбоотой. Үүнээс болж гүүрний насжилт, ашиглалтад сөрөг нөлөө үзүүлж, улмаар авто тээврийн хэрэгсэл хэвийн зорчих нөхцөл алдагдахад хүргэхээр байгаа аж. Цаашид гүүрний ашиглалтын байдалд тооцоо судалгаа хийж их засвар, шинэчлэлтийн зураг төсөл боловсруулж хөрөнгийн асуудлыг шийдвэрлэж засварлах саналаа Зам, тээврийн яаманд тавихаар болжээ.

Өнгөрсөн онд ч мэргэжлийн хяналтын байгууллагаас шалгалт хийж, зөрчил дутагдал илэрснийг засах үүрэг даалгавар өгч байсан нь биелэлээ олоогүй байна. Тодруулбал, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга, улсын ерөнхий байцаагчийн 2014 оны 01/02 тоот албан даалгаврын дагуу Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэр дэх авто зам, замын байгууламж, гүүрийн төлөв байдалд 2014 оны дөрөвдүгээр сарын 8, 9-ний өдрүүдэд Тээвэр, авто замын газрын мэргэжилтэн Д.Золбаяр, Авто замын хяналтын улсын байцаагч Д.Баярсайхан нар төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийжээ. Шалгалтаар:

1. Дархан сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт дэх Хараа голын төмөр бетон гүүрний арчлалт, хамгаалалт хийдэггүй, Дархан сум талаасаа 7 дахь тулгуурын голын дам нуруу байрлах гулсах тулгуур бүхий бетонон дэрүүд бяцарсан, гүүрний дам нурууны ажлын арматур ил гарсан, хашлагын хаалт төмрүүд алга болсон.

2. Дархан-Шарын гол сумын чиглэлийн авто зам дахь Аргалын гармын модон гүүрний Шарын гол талаасаа 2 дахь багана 25-30 см орчим суулттай.

3. Шарын гол-Дархан чиглэлийн авто зам дахь Бууртын модон гүүрнээс дээш 1 км орчимд авто замын хөвөө дагаж шар усны үерийн ус урссанаас гүн ангал үүсч эвдэрсэн зэрэг зөрчлүүд илэрчээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *