Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Х.Мандахбаяр: Сайтуудын үйл ажиллагааны зохицуулалт, хариуцлагыг тусгасан тунхаг бичиг гаргалаа

Монголын сайтуудын холбооны тэргүүн Х.Мандах­баяр­тай ярилцлаа.

-“Монголын цахим сэтгүүлзүйн анхдугаар форум”-ыг танай хол­боо­ноос санаачлан зохион байгууллаа. Цахим мэ­дээ­лэлтэй холбоотой ямар асуудал дэвшүүлэн хэлэлцэж, ямар шийдэлд хүрэв?

-Монголын сайтын холбоо санаачлан Сэтгүүлчдийн нэгд­сэн эвлэл ерөнхий зохион байгуулагчаар оролцон ца­хим сэтгүүлзүйн анхдугаар форумыг зохион байгууллаа. Цахим мэдээллийн орчин Монголд ихээхэн хурдацтай хөгжиж байна. Бүх телевиз, сонин, радио, сэтгүүл хэмээх хэвлэлийн салбарын бусад байгууллагууд ч өөрсдөө ца­хим орчинд нэвтэрч мэдээлэл контентоо илүү олон хүнд хүргэх болсон. Үүний зэрэгцээ цахим сайт, сошиал хуудсууд нэмэгдэж байна. Энэ дээрээс цахим сэтгүүлзүйн хөгжил, хариуцлагын асуудал давхар урган гарч байгаа юм. Асуудлыг ший­дэхийн тулд Сайтын хол­боо яриад эсвэл хоёр сайт хоорондоо тохиролцоод, нэг сайт хичээгээд явахгүй юм байна. Бүгдээрээ хамтдаа сууж байгаад бүх асуудлуудаа яриад нэгдсэн нэг ойлголтод хүрье гэж байгаа юм.

-Цахим сэтгүүлзүйг бусад орны жишгээр хэрхэн хөгжүүлэх юм гэдэг асуудал хамгийн түрүүнд хөндөгдөх байх. Ер нь гадаад орчинд ямар ололт давуу тал, шинэ­лэг алхам хийгдэж, манай улс ямар түвшинд байгаа юм бол?

-Улсынхаа хэмжээнд яривал Интернетийн тухай хууль гэж байхгүй. Цахим орчны зохицуулалтын тухай хууль ч алга. Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулиа одоо л өргөн бариад, батлагдах байх гэж горьдоод сууж байгаа салбар. Гадны орнуудын ту­хайд өндөр хөгжсөн хэсэг нь хол тасраад явчихсан бай­на. Жишээлбэл, Норвеги, Дани, Скандинавын орнууд гэдэг ч юм уу хэвлэлийн эрх чөлөөгөөр өндөр түвшинд хүрчихсэн Европын холбооны голлох соёлжсон улсууд ца­­хим сэтгүүлзүйн орчныг өндөр хэмжээнд хуульчлаад өгчихсөн байдаг юм билээ. Бидний өнөөдөр л ярьж эхэлж байгаа, энэ форумаар хөндөж байгаа асуудлууд аль хэдийнэ хэвшлээ олоод явчихсан гэсэн үг. Магадгүй хэвлэлийн эрх чөлөөний асуудлыг тэргүүн зэрэгт тавьж, энэ чиглэлээр олон жилийн туршлага ху­римтлуулчихсан улс орнууд цахим зах зээл рүү шилжихэд төвөг багатай байсан байх. Бидний хувьд 1990 оноос хойш л хэвлэл мэдээллийн салбарынхаа эв аяыг олох гэж яваа. Хэвлэлийн эрх чөлөөний асууд­лаа шийдэх гэж өнөөд­рийг хүртэл ноцолдсоор бай­гаа орны хувьд цахим зах зээл ороод ирсэн нь их олон зүйлийг задгай болгосон. Бид өнөөдөр үүнийхээ хумихыг нь хумьж, тэлэхийг нь тэлж шийдвэрлэх ёстой юм байна гэдэгт санал нэгдэж ажлаа эхлүүллээ. Бид энэ форум дээр албан ёсоор зарлалаа. Отгонтэнгэр сургууль дээр цахим сэтгүүлзүйн анхны тэн­химийг байгууллаа. Ирэх намраас цахим сэтгүүлч гэ­дэг мэргэжлийн кодчиллоор залуус суралцаад эхэлнэ. Хоёр жил хагасын дараа оройн ан­гийн эхний 30 сэтгүүлч төгсөх бол дөрвөн жилийн дараа өдрийн ангийнхан төгсөнө. Өнөө жил 60 оюутан авахыг зорьж байна. Дараа жил 90 болгох гэх мэтээр ойрын таван жилд цахим сэт­гүүлзүйн мэргэжилтний асуудлыг салбартаа шийдчих байх.

-Сайтын холбооны зо­хион байгуулж буй форумд сайтын ассоциацынхан ирж оролцсонгүй. Салбарын асуудалд бүгдээрээ санал нэгдэж, хамтарч чадахгүй байгаа юм биш үү?

-Монголын хэмжээнд 250 орчим сайт, хэвлэл мэ­дээл­лийн чиглэлээр 180 орчим сайт ажил­лаж байна. Монголын сайтын холбоонд 171 нь бүрт­гэлтэй байдаг. Элсч орох хүсэлтээ 22 сайт өгчихсөн байгаа. Бид юу олж харсан бэ гэвэл Монголын сайтын холбоо өөрсдийнхөө явцуу эрх ашгийг бус салбарынхаа хөгжлийг эн тэргүүнд тавих ёстой юм байна гэдгийг. Энэ явцуу эрх ашгаасаа жаахан цаашаа харж салбарынхаа идээ бээ­рийг шахаж, эрүүлжиж, хариуцлагажиж байж хөгж­лийн том нарыг харах юм байна гэсэн ийм л зорилт дэвшүүлсэн. Өнөөдөр хоёр холбоо бий. Тэргүүлэгч сайтын хол­боо гэж байдаг. Тэргүүн Саруул гэдэг залуугаас нь мэдээлэл авахад тэнд яг 10 сайт байдаг юм билээ. Мэдээллийн сайтуудын ассо­циаци гэж бий. Бидэнд ирсэн мэдээллээр тэнд таван сайт байгаа гэж ойлголоо. Тэгэхээр энэ сайтууддаа хам­гийн эхэлж урилга явуулсан. Хувь сайтууд нь форумдаа ирээд оролцчихож байгаа юм байна. Тэгээд үйл ажил­лагааг дэмжиж, хамтарч оролцъё гэсэн санаачилгаа ч гаргасан. Харин тухайн төрийн бус байгууллагууд нь ирж оролцож байгаа нь харагдсангүй. Үүнийг хоёр, гурван холбооны хоорондын өрсөлдөөн гэдэг талаас нь битгий хараасай.

-Тэгээд цахим сэт­гүүл­зүйн хөгжлийг та бүхэн яаж тодорхойлов. Өнөөгийн бай­гаа түвшинг ахиулахын тулд ямар арга хэмжээ авах юм?

-Энэ үйл ажиллагаанаас Улаанбаатарын цахим тун­хаг гэдэг эрх зүйн баримт бичиг гаргалаа. Эндээ бүх зохицуулалтуудаа бүгдийг нь хийгээд явъя гэсэн. Жишээ нь хэрвээ захиалгатай мэдээ, нийтлэл байгаа бол төлбөртэй нийт­лэв гэсэн таних тэмдгийг нийтлээд хэвшчихье. Энэ соёл нь хэрэглэгчдийг төө­рөг­дүүлэхгүй, зах зээлийг зөв хөгжүүлэхэд том ач холбогдол өгөх юм. Мөн хувь хүний фэйсбүүк хуудсыг хэвлэл мэдээлэл гэж үзэх үү үгүй юу. Үзвэл ямар нөхцөлтэй байх юм. Хувь хүн фэйсбүүк хуудсаа хэвлэл мэдээллийн хэрэгсэл гэж үзэж байгаа юм бол “Хэвлэл мэдээллийн хэрэгсэл” гэсэн толгой хийгээд өгчихдөг болъё. Тэгээд да­раа нь Улаанбаатарын ца­хим тунхагийн заалт, зо­хицуулалтыг мөрдөөд ажил­лачих гэж байгаа. Мөн цахим орчинд сэтгүүлчийн бичиж буй мэдээллийн баталгааг яаж хангах юм, буруу мэ­дээлэл нийтэлчихвэл яаж залруулах юм. Зохиогчийн эрх хөндөгдсөн бол ямар процедураар залруулж, ха­риуц­лага хүлээлгэх вэ зэргээр асуудлуудаа аль болох цог­цоор нь шийдэхийг зорилоо. Энэ тунхаг одоохондоо цахим сэтгүүлзүйн хамгийн том чиг зам, мөрдөх зарчим болж байгаа хэрэг. Тухайлбал, сай­тууд үйл ажиллагаандаа дараахь зүйл заалтыг мөр­дөнө гэсэн бүлэг 25 зүйлтэй байх жишээтэй. Мөн Сайтын холбоо нь хэмээх бүлэг 12 заалттай бол цахим орчны тодорхойлолт, төр засгаас хүсэх эрх зүйн тухай гэсэн бүлгүүд ч тунхагт багтаж бай­гаа.

-Зохиогчийн эрхийн ту­хай дурдагдлаа. Контент үйлдвэрлэгчдийн хө­дөл­мөрийг хулгайлж, хуулж нийтэлдэг асуудлыг яаж зохицуулж байгаа юм?

-Тунхаг энэ асуудлыг хам­гийн түрүүнд шийдэх учиртай. Ний нуугүй хэлэхэд сайтууд өөрсдөө контент үйлд­вэрлэх боломж тааруу байна. Хэдхэн сайт 8-12 хү­ний бүрэлдэхүүнтэй бага­хан редакц бүрдүүлээд өөрс­дийн­хөө хөрөнгөөр өөрс­дийнхөө мэргэжилтнээр контент бо­ловсруулж байна. Нийтлэг түвшиндээ 2-3 сэтгүүлчтэй байгаа нь нууц биш. Энэ байд­лыг өргөс авсан юм шиг засчихаж чадахгүй. Жишээ нь “Өдрийн сонин” шиг 100 гаруй хүнтэй редакцийг бүрдүүлэх санхүүгийн боломж сайтуудад өнөөдрийн байдлаар үүсээгүй. Энэ рүү хүрэх эхний алхам маань анхдугаар форум, ца­хим сэтгүүлч зэрэг болох байх. Ерөнхийдөө мэргэжлийн ре­дакц бүрдэх эхлэл тавигдаж байна.

-Комментийн асуудал гэж бий. Улс төрийн зорилгоор ашиглах тохиолдол ч их байдаг?

-Комментчид гээд аж­лын байр гарчихсан бай­на. Тодорхой нам дээр, санхүү­гийн байгууллага дээр зөвхөн мэдээний ард сэтгэгдэл бич­дэг баг ажиллаж байх жишээтэй. Үүнийг хоёр талаас нь харж байна. Нэгдүгээрт зах зээлийнхээ шалгуураар аль нь захиалгын коммент вэ гэдгийг хэрэглэгчид төвөггүй ялгадаг болчихож. Нөгөө тал­даа зохицуулах эрх зүйн хэм хэмжээ, шалгуур бий болчихож. Бид тунхаг бичигтээ мэдээ бүрийнхээ дор сэтгэгдэлтэй холбоотой санал хүлээн авах утсыг ре­дакцийн зүгээс байршуул.Хоёрдугаарт тэр утас тогт­мол үйл ажиллагаатай байл­га. Хэрэглэгч зүй ёсны шаардлагыг тавьсан бол анх­ны харилцаагаар тухайн сэтгэгдлийг устгаж бай. Ингээд шийдэж чадаагүй бол гомдлыг Сайтын холбооны хууль, мэргэжлийн ёс зүйн хороо нь авч хэлэлцэж байя. Сайт хүсэлтийг хүлээж авахгүй хүнд суртал гаргаад байвал Хэвлэл мэдээллийн зөвлөлд хандана. Ингээд хүн гүтгэчихсэн сэтгэгдлийг ав гээд байхад толгой сэгсрээд байвал шүүхийн хүрээндээ асуудал шийдэгддэг байх хэрэгтэй гэж үзлээ. Харин нам, бизнесийн байгууллагыг “комментчидоо боль” гэж шаардах эрх зүйн орчин би­дэнд байхгүй.

-Дэлхийн орнууд, АНУ, Канад зэрэг хөгжилтэй гүр­нүүд энэ асуудлыг яаж шийд­сэн байдаг юм?

-Дэлхий нийт шийдэж эхэлсэн. Хувь хүн коммент бичихдээ “би хэн бэ” гэдгээ мэдэгдэж байгаа юм. Ийм хэлбэрт манайх ч орох хэ­рэгтэй. Гэхдээ наана нь хууль эрх зүйн орчин бэлэн болсон байх ёстой. Бид хийх гэж үзсэн. Засгийн газар орол­цоод хүний гар утсыг, хаягийг бүртгэх зэрэг асуудалгаргаад ирсэн юм. Энэ нь хэн байна гэдгийг нь таних арга барил бус бүр хэтрээд хувийн нууцыг нь шаардаад эхэлсэн. Ингээд мухардалд орчихсон байгаа.

-Гүтгэсэн, доромжилсон тохиолдлуудад сайт, сай­тын сэтгүүлчид хариуцлага хүлээдэг байх уу. Тунхагтаа юу гэж дурдсан юм?

-Хэрвээ гүтгэлгийн чанартай контент түгээсэн нь нотлогдвол тухайн мэ­дээллийг архиваас устгана. Хоёрдугаарт өөрийнх нь бич­­сэн контент гүтгэлгийн чанартай байгааг гүтгүүлэгч нотолвол устгаад, уучлал гуйна. Гуравдугаарт энэ нь нийгэмд болоод бусдад их бага хохирол учруулсан бол залруулах зохих бүх талын арга хэмжээг тухайн сэтгүүлч, редакц авч ажиллана гэсэн гурван заалтыг орууллаа. Ер нь сайтуудын өмнө тулгарч байгаа бэрхшээл ийм байна. Тунхагаа гаргачихлаа. Одоо мөрдөөд ажиллахад бидэнд давуу тал ирнэ гэж итгэж байна.

Л.Мөнхөө

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *